Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 81

 

“Зүүс бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхуяг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0018 дугаар магадлалтай, “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0018 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “... хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/108 дугаар захирамжийн улмаас “Зүүн бүсийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн байх тул хууль зүйн үндэслэлгүй.

Хэргийн материалд нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдох бөгөөд энэ хугацаанд тус маргаан бүхий газар олгож байсан нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/839 дүгээр захирамж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/994 дүгээр захирамж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/108 дугаар захирамж нь тус тус Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газарт нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчиж олгосон нь маш тодорхой байх бөгөөд шүүх энэхүү үйл баримтыг бодитоор авч үзэлгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0018 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 627 сая төгрөгийн хохирол гаргуулах тухай “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/994 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн баруун хойд хэсэгт Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд эмнэлэгийн зориулалтаар 8.0 га газрыг эзэмшүүлжээ.

Газар эзэмшигч Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн оноосон нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын  2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжаар дээрх 2013 оны А/994 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль”, газар эзэмших зориулалтыг “эмнэлэг, сургалтын цогцолбор” гэж тус тус өөрчилсөнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу ногоон байгууламж, амралт зугаалгын газрыг төлөвлөж, эзэмшүүлнэ..., ... УИХ-ын 2013  оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” тогтоолд ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг ногоон бүсээр тогтоосон байхад газар эзэмшүүлсэн нь буруу ...” хэмээн  тодорхойлжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл  Засгийн газрын 2013 оны 346 дугаар тогтоолоор Эмнэлэгийн барилга барих газрыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн эзэмшилд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосны дагуу өмнө нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байхаар шийдвэрлэсэн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшиж буй 34.9 га газрын хэмжээг мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 87 дугаар тогтоолоор 22.9 га болгож багасган, Анагаах ухааны үндэсний их сургуульд 8.0 га газар эзэмшүүлсэн байна.   

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” гэсэн шаардлагыг зөрчөөгүй, Засаг дарга мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.  

Тодруулбал, Анагаах ухааны үндэсний их сургуульд эзэмшүүлсэн газар нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газраас тусдаа байна.

Мөн маргаан бүхий 2016 оны А/108 дугаар захирамжаар газар шинээр эзэмшүүлээгүй, зөвхөн газар эзэмшигчийн нэр, газрын зориулалтыг өөрчилсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4-т заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, 627 сая төгрөгийн хохирол учирсан  гэж үзэхээргүй юм.

Үүнээс гадна тухайн байршилд нэхэмжлэгчийн актаар хүлээн авсан гэх хүүхдийн тоглоом байрлаж байгааг шүүхийн шийдвэрт дүгнэсэн, харин ийнхүү тоглоом байрлаж байгаа нь  түүнийг хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх үндэслэл биш болох талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

  Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “...хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг шүүх буруу дүгнэсэн, ...захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж гарсан байгаа нь тодорхой байхад үйл баримтыг бодитойгоор үнэлээгүй...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ