| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0408/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/337 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Хохирогч Б.Хувьтөгөлдөр, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуун овогт Байгалмаагийн Мад холбогдох эрүүгийн 1709000840001 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч:
- 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “TOUSLES JOURS” бейкери дотор Б.Хувьтөгөлдөртэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Хувьтөгөлдөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Менежер Ж.Оюунсайханаас хойд хаалганы түлхүүр аваад тагт руу гарч амрангаа салхилаад сууж байтал араас гэнэт хаалга саваад М гэх манай ажлын залуу гарч ирээд “ Чи надтай яаж харьцаад байгаа юм бэ. Би чиний нүдэнд багтаж байна уу “ гэж хэлээд уурлаж эхэлсэн. Харин би бодохдоо түүнийг тоглож байна гэж бодсон. Тэгээд уурлаад байхаар нь инээгээд тоглож байна гэж бодоод байж байтал шууд намайг гэнэдүүлж байгаад миний баруун нүд хэсэг рүү 1-3 удаа гараараа цохьсон. Мөн намайг дээрээс дэвсэж зодсон. Би өөрөө нүдний шил зүүдэг бөгөөд Мад цохиулах үед нүдний шил эвдэрсэн. Мөн би тухайн үед ухаан балартсан учир яг миний биеийн аль хэсэг рүү юугаар хэдэн удаа цохиж зодсон гэдгийг мэдэхгүй байна гэжээ. / хх 3-4, 36 /
Гэрч М.Очирбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Хойд талд байрлах тагт руу гарахад ямар ч хүн байхгүй шалан дээр цус болчихсон байхаар нь юу болсныг тодруулах гэж менежер Ж.Оюунсайханы өрөө рүү очсон. Тэгтэл Б.М, Б.Хувьтөгөлдөр хоёр маргалдсан ба Б.Хувьтөгөлдөрөөс цус гарсан байна гэж Ж.Оюунсайхан хэлсэн гэжээ. / хх 5-6 /
Гэрч Ж.Оюунсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Б.Хувьтөгөлдөрийг харахад нүдний дээд, доод талд нь шалбарсан, задарсан, нүд нь хавдсан цус гарчихсан сальфеткаар дараад зогсож байхаар нь би түүний нүдийг боож өгөөд тэр хоёрыг, гэмтэл рүү таксигаар явуулсан. Ер нь бол Б.М, Б.Хувьтөгөлдөр хоёр маргалдаад нэг нь нөгөөгөө зодсон гэдэг нь ойлгомжтой байсан. Б.М, Б.Хувьтөгөлдөр хоёр урьд өмнө нь ерөөсөө зодолдож байгаагүй гэжээ. / хх 7-8 /
Гэрч Б.Долгормаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэгдээ: ...Гэмтлийн эмнэлэг рүү очиход Б.Хувьтөгөлдөр нүүрээ бинтээр дарчихсан цамц нь цус болчихсон хажууд нь Б.М гэх залуу зогсож байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад юу ч дуугараагүй. Манай дүү надад юу болсон талаар ярихдаа Б.М бид 2 өмнө муудалцаж байгаагүй. Тухайн хэрэг учрал болсон өдөр ажлын газрын хойд талын тагтан дээр тамхи татаад сууж байтал араас Б.М гарч ирээд “ Чиний нүдэнд би багтаад байна уу “ гэж хэл амаар доромжилж байгаад гэнэт цохьчихсон гэж хэлсэн гэжээ. / xx 10 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8273 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Хувьтөгөлдөрийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын … 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. / xx 18 /
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 922 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:
1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг 8273 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Б.Хувьтөгөлдөрийн биед тухайн үед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын далд цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины шарх бүхий гэмтэл учирчээ.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын … 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / xx 33-34 /
Шүүгдэгч Б.Мыг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 34-36 /, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 8 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр тагтан дээр тамхи татахаар гартал Б.Хувьтөгөлдөр тамхи татаж байсан. Тэр надтай басамжилсан байдалтай харьцдаг болохоор түүнээс асуухад өөдөөс инээхээр нь нүүрэнд нь цохьсон. Би түүнд анхны тусламж үзүүлсэн. 2017 оны 06 сарын 23-наас 07 сарын 17 хүртлэх хугацаанд эмнэлгээр хамт явж үзүүлээд эмчилгээний болон бусад зардлыг бүгдийг өөрийн зүгээс төлсөн. Эмнэлгээс гаргаж өгсөн. Маргааш нь эгчийнд нь очиход надыг “ 5 сая төгрөг өг. Эсвэл шийддэг газраар нь шийдүүлнэ “ гэсэн. Би 5 сая төгрөг өгөх боломжгүй, ажилгүй хугацааны цалинг өгье гэсэн. Ингээд ЦБ-с намайг дуудсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон төлбөрийг нөхөн төлнө гэв.
Хохирогч Б.Хувьтөгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажлын байрныхаа тагтан дээр салхилаад амарч байтал Б.М гарч ирээд шууд ууртайгаар дайраад эхэлсэн. Би инээгээд “ Яасан юм бэ “ гэхэд “ Надтай яаж харьцаад байгаа юм бэ “ гээд шууд нүд рүү нэг цохьсон. Би нүдний шилтэй байсан. Миний нүднээс цус гараад би доошоо суутал хэд хэд цохьсон. Би маш их гомдолтой байна. Гэмтлийн эмнэлэгт өвчин намдаагчгүй оёж, би маш их өвдөлт, айдсыг мэдэрсэн.Түүнд цохиулсны улмаас нүдний хагалгаанд орсон.
Энэ хугацааны зардлуудыг Б.М төлсөн нь үнэн боловч миний тооцоогоор 1.800.000 төгрөгийг Б.М төлсөн. 2.300.000 төгрөг төлсөн гэдэг худлаа. Би өөрөө хувиасаа зардал гаргасан боловч надад баримт байхгүй.
Б.Маас 2017 оны 06 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 05-ныг хүртлэх хугацааны цалин 2.400.000 төгрөгийг нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэх шаардлагатай учир зардлаа нэхэмжилнэ. Миний биеийн байдал муу, ачаалал даах чадваргүй болсон учир одоо хүртэл ажил хийж чадахгүй байгаа. Цаашдаа нүүр толгойн зүгээс ямар нэгэн асуудал гарвал энэ хүнтэй хариуцлага тооцно. Надад шүүхэд гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Маш их гомдолтой байна гэв.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “TOUSLES JOURS” бейкери дотор Б.Хувьтөгөлдөртэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Тагт руу гарч амраад явган сууж байтал араас гэнэт хаалга саваад Б.М гарч ирээд “ Чи надтай яаж харьцаад байгаа юм бэ. Би чиний нүдэнд багтаж байна уу “гэж хэлээд уурласан. Би инээтэл тэр миний баруун нүд рүү гараараа цохьсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Хувьтөгөлдөрийн мэдүүлэг / хх 3-4, 36 / ...Б.М, Б.Хувьтөгөлдөр хоёр маргалдсан ба Б.Хувьтөгөлдөрөөс цус гарсан байна гэж Ж.Оюунсайхан хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч М.Очирбатын мэдүүлэг / хх 5-6 / ... Б.Хувьтөгөлдөрийг харахад нүдний дээд, доод талд нь шалбарсан, задарсан, нүд нь хавдсан цус гарчихсан сальфеткаар дараад зогсож байхаар нь би түүний нүдийг боож өгөөд тэр хоёрыг, гэмтэл рүү таксигаар явуулсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Оюунсайханы мэдүүлэг / хх 7-8 / ...Гэмтлийн эмнэлэг рүү очиход Б.Хувьтөгөлдөр нүүрээ бинтээр дарчихсан цамц нь цус болчихсон байсан. …Хойд талын тагтан дээр тамхи татаад сууж байтал араас Б.М гарч ирээд чиний нүдэнд чинь би багтаад байна уу гэж хэл амаар доромжилж байгаад гэнэт цохьсон гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг / xx 10 /, ... Б.Хувьтөгөлдөрийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 922 дугаар дүгнэлт / хх 33-34 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.М нь хохирогчийн эмчилгээ болон бусад зардлыг төлж 2.310.410 төгрөг төлсөн гэж холбогдох баримтуудаа хэрэгт өгсөн / хх 46-60 / бөгөөд эдгээр баримтуудаас зарим нь юуны баримт болох, хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байгаа боловч, хохирогч Б.Хувьтөгөлдөр нь дээрх баримтуудыг шүүгдэгч өгснийг хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардалд 1.800.000 төгрөгийг төлсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, өөрийн зүгээс төлсөн гэх баримт шүүхэд өгөөгүй тул хохирлыг бүрэн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан хуулинд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Хувьтөгөлдөр нь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 05-ныг хүртлэх хугацааны цалин 2.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний өмгөөлөгч 1.200.000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөн нэхэмжилсэн болно. Дээрх ажилгүй байсан хугацааны цалинг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдэх боломжгүй байна. Учир нь хохирогч болон түүний өмгөөлөгч нар нь дээрх хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Б.Хувьтөгөлдөрийн ажиллаж байсан байгууллагаас гаргаж өгсөн тодорхойлолтыг / хх 73 / үндэслэн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хохирогч нь ажилгүй хугацааны цалин болон эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ........ овогт ..........-ийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ...........-гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 / есөн зуун / нэгжээр буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ