Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                      Д.Соёлзул

                        Улсын яллагч                                    Б.Энхбаяр

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа

                        Шүүгдэгч                                      ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ид холбогдох 2132000690050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, """""""""" тоотод түр оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3, 153 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* Бүтэмж /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2-р баг Ширхэнцэгийн 102 тоотод байх гэрийнхээ гадна “пиво хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн ******* толгой хэсэгт төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2132000690050 тоот хавтаст хэргээс:

Хохирогч П.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед манай найз Дорж манай гэрт ирээд сууж байхад ******* ах манай найзаас гар утас худалдаж авмаар байна гэж манай гэрт орж ирсэн. ******* ах манай найз *******оос 30000 төгрөгөөр гар утас худалдаж авах гээд би найз *******ийн хамт найзынхаа гэрт очиж гар утас авчрах гэхэд уг зарах гэж байсан утас нь байхгүй байсан. Тэгээд *******, ******* ахад 30000 төгрөгийг буцааж өгөх гэхэд мөнгө авахгүй архи аваад ир гэсэн тэгэхээр нь манай найз ******* бид хоёр явж 0.75 литрийн ногоон шилтэй нэрийг нь мэдэхгүй архи, 1.5 литрийн Сэрүүн пиво /шар айраг/ авчирч ******* ах, манай найз *******, ******* гээд *******ийн эгч орж ирж хамт уугаад сууж байхад ******* ах та нар миний мөнгөөр ууж байна гэж хэлээд агсан тавьсан. Тэгэхээр нь ******* эгч, ******* бид гурав ******* ахыг гэрт нь оруулчхаад буцаад явж байх үед ******* ах араас намайг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би эргэж хараад та унтаж амар гэхэд төмрөөр миний толгой гар хэсэгт цохисон. Миний толгой хагарч, баруун мөр зүүн гар хөхөрсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 10-р тал/,

               Гэрч *******таяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн үед Найз *******д очиж П.Болормаагаар гэрийнхээ ажилд туслуулах гэж байсан. Тэгээд найз ******* гэрт орох үед ******* эгч *******, П.Болормаа 3 байсан. ******* ах надаас 30000 төгрөгөөр гар утас авъя гэж хэлэхээр нь би өөрт байсан илүү нэг гар утсаа зарах гэж гэртээ утсаа үзтэл миний илүү байсан гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь найз ******* гэрт очиж ******* ахад мөнгийг нь өгөх гэхэд мөнгө авахгүй яваад архи аваад ир гэж хэлээд дэлгүүр зааж өгөөд П.Болормаа бид хоёрыг архинд явуулсан. П.Болормаа бид хоёр 11 цагийн үед дэлгүүр орж ногоон шилтэй 0.75 литрийн архи, 1.5 литрийн Сэнгүр гэх пиво авчирч П.Болормаа, ******* ах, ******* эгч бид 4 хувааж уугаад сууж байтал ******* ах надаа пиво хийж өгөхгүй байна гэж хэлээд уурлаж агсан тавиад байсан. Тэгэхээр нь би та одоо болчихсон байна гэж хэлээд гэрт нь оруулж өгөхөд ******* ах буцаж ******* гэрт орж ирээд байсан. Тэгээд намайг ******* эгчтэй юм яриад сууж байхад П.Болормаа ******* ахыг оруулж өгөх гэж гараад удаагүй байхад П.Болормаа орилоод унахаар нь ******* эгч бид хоёр гайхаад гарахад ******* толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би *******ийг салгаж П.Болормааг гэрт нь оруулаад байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн, ******* ах ******* толгой хэсэгт нь цохисон гэж П.Болормаа надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

                Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би ******* гэрт орох үед ******* найз гэх нэг залуу байсан нэрийн мэдэхгүй. Тэр найз нь надад 30000 төгрөгөөр гар утас зарна гэхээр нь ******* эгчээс мөнгө зээлж гар утсыг нь авах гэхэд нөгөө залуу гар утсаа олохгүй байна танд дараа ирэхдээ аваад ирье гэсэн. Тэгэхээр нь ******* найзад өгсөн 30000 төгрөгөөр 1 шил архи, 1.5 литрийн пиво аваад П.Болормаа, ******* эгч, ******* найз гэх залуу бид дөрөв хувааж уусан. Би нэлээн согтоод гэртэй орох гэж байх үедээ П.Болормаатай маргалдаж /толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Надад пиво хийж өгөхгүй байсан болохоор маргалдсан. Би ******* толгой хэсэгт нарийн төмрөөр 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 20- ны өдрийн 105 дугаартай “...******* биед хуйханд шарх, баруун мөр, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 43-47 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2-р баг Ширхэнцэгийн 102 тоотод байх гэрийнхээ гадна “пиво хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн ******* толгой хэсэгт төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар тал/, гэрч Г.Доржтаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээчийн №105 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч П.Болормаа нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2-р баг Ширхэнцэгийн 102 тоотод байх гэрийнхээ гадна “пиво хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн ******* толгой хэсэгт төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг найман сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* Бүтэмжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ