Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/242

 

                                               

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, 

            нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            улсын яллагч Ш.Насанжаргал

            Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа,

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Төгс нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Дг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Эрүүгийн 201725020876 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:               

            Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 21-нд Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны нягтлан бодогч ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Анд овогт Дашнямын Д.Д /регистрийн дугаар ДЖ91092100/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр” Холбооны нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ шунахай сэдэлтээр 2016 оны 09 дүгээр 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл холбооны тэргүүн Б.Наранцогтын гарын үсэг бүхий баримтуудыг ашиглан, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр нийт 9.150.000 төгрөгийг хувьдаа завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Эхний 2.000.000 төгрөг бичиг хэргийн зардалд бүгд хэрэглэгдсэн. Сүүлд авсан мөнгийг мөн бичиг хэргийн зардалд хэрэглэсэн. Гэхдээ үлдсэн мөнгийг тооцоонд оруулаагүй байсан. Наранцогт захирлын гарын үсэгтэй баримтаар зарлага гаргасан нь үнэн. Би хувьдаа энэ мөнгийг хэрэглэсэн...” гэв,

түүний хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “…Би Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоонд 2019 оны 9 дүгээр сарын 1-нд нягтлан бодогчоор ажилд орсон. Тэрнээс хойш 9 дүгээр сарын 17-ны өдөр Холбооны тэргүүн Наранцогтын гарын үсэгтэй банкны гүйлгээний баримтаар 1.600.000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөгийн зарлага гаргасан. Дараа нь дээрх аргаар 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, дараа нь 12 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг. 12 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг. 12 дугаар сарын 22-ны өдөр 800.000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 1.750.000 төгрөгийн зарлага гаргасан Ингээд нийтдээ 9.150 000 төгрөг хувьдаа авсан. 9.150.000 төгрөгийн хохирол учруулсан Би ганцаараа дээрх мөнгийг авсан.

Тэргүүн Наранцогт нь тухайн үедээ биеийн байдал нь муу, гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай байсан. Энэ үед нь яаралтай гүйлгээ хийх шаардлагатай үед хэрэглэнэ гээд Голомт банк болон Хаан банкны баримтан дээр гарын үсэг зуруулсан байсан. Хэдэн баримтад тэргүүн гарын үсэг зурсныг мэдэхгүй байна. Их олон баримтан дээр гарын үсэг зуруулсан. Би уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ ашигласан. Би удахгүй төлж дуусгана. Би ажилгүй байгаа. Дээрх хаяган дээрээ оршин сууж байгаа…” гэх мэдүүлэг /хх-28/,

 

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа шүүх хуралдаанд “…Би 2016 оны 11 дүгээр сарын 1-ны өдрөөс “Монголын бичил уурхайн нэгдсэн тээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал болсон. Д.Д 2016 оны 09 дүгээр сард ажилд орсон шинэ ажилтан байсан. Тэр үед холбооны 1 дүгээр гарын үсгийг Холбооны захирал Наранцогт, 2 дугаар гарын үсгийг Д.Д зурдаг байсан. Надад гарын үсэг шилжүүлээгүй тул он гаргаад би шилжүүлж авъя гэж бодсон. Миний зүгээс Д.Дд хандан мөнгө зарцуулсан баримтаа аваад ир гэхээр шалтаг хэлээд огт өгдөггүй байсан. Гэтэл он гараад эхний сарын цалин өгөөд дараагийн сарын цалин өгөөгүй. Юу болсныг асуухад банкинд гүйлгээ хийх гэж байна гэж хэлсэн. 7-8 удаагийн үйлдлээр 9.150.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүний улмаас манай холбоо өрөнд орсон. Хэрэг гарснаас хойш Д.Д огт холбогдоогүй бөгөөд хохирлоо төлөх сэтгэл гаргаагүй. 2017 оны 02 дугаар сарын эхээр бид Д.Дг ажлаас халах тушаал гаргасан бөгөөд тушаалаа ирээд авчихсан байсан ч ажлаа хариуцуулж өгөөгүй. Санхүүгийн тайлангаа огт өгөөгүй ба ажиллах хугацаандаа ажилчдын нийгмийн даатгалыг ч төлөөгүй. Мөн Амарсанаа гэх найз залуу нь ажил дээр ирж уулздаг байсан. Бид Д.Дгийн гэрт нь очиж уулзахад ч Амараа чиний мөнгийг авсан биз дээ гэж аав, ээж нь Д.Дд хэлж байсан. Мөн “Капитрон” банкнаас ирүүлсэн албан бичиг бүгд хуурамч бөгөөд Д.Дгийн хувьд хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинж огт байхгүй байна. Манай байгууллагын нэр хүндийг Д.Д унагаасан. Холбооны тэргүүн Наранцогт Д.Дд итгэсэн боловч Наранцогт захирлын эрүүл мэндийн байдал хүнд байгааг нь ашиглан итгэлийг нь алдаж, хуурамч үйл ажиллагаа явуулсан…” гэв.

Түүний мөрдөн байцаалтад өгсөн “…Би 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд гүйцэтгэх захирлын ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Би нягтлан бодогч Д.Дгээс санхүүгийн баримтууд, гүйлгээний хуулгыг удаа дараа үзье гэж хэлж байсан надад хоёр удаа оны өмнө нэг, оны дараа нэг удаа дансны хуулга үзүүлж байсан Тэр үзүүлж байсан хуулгууд нь хуурамч байсныг сүүлд нь мэдсэн. Манай холбооны тэргүүн болон хяналтын зөвлөлийнхэнд хуурамч хуулга үзүүлж байснаа Д.Д өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Д.Д нь ямар нэгэн арга саам хэрэглэж надад үзүүлдэггүй байсан. Энэ байдал нь явсаар байгаад 2017 оны 1 дүгээр сарын урьдчилгаа цалин олгосон тэрнээс хойш Д.Д нь 7 хоног эмнэлэгт хэвтсэн гээд явсан. Явж ирээд акт авчирч өгөөгүй. Би “актаа авчрахгүй яасан юм бэ” гэсэн чинь “би акт аваагүй шдээ” гэсэн. Тэгээд 1 сарын 18, 19 нд цалин бодуулаад банк руу явуулсан. Гэтэл Д.Д нь “таны гарын үсэг шилжээгүй байна” гэсэн шалтаг хэлсэн. Би холбооны тэргүүн лүү ярьж “гарын үсгээ шилжүүлээгүй юмуу” гэсэн чинь “би шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь надад сэжиг төрж эхэлсэн Тэгээд Д.Дгээс “цалин яагаад орж ирэхгүй байна” гэсэн чинь “банк хаачихсан байна” гэж хэлсэн. 1 дүгээр сарын 20-ны өглөө цалингаа хийчхээд хуралд ирээрэй гэсэн чинь Д.Д “за” гээд гараад явсан. Тэрнээс хойш утсаа авахгүй нэг хэсэг хугацаанд алга болсон. Үдээс хойш нь залгахад “би голомт банкин дээр явж байна” гэж хэлж байсан. Ахиад залгахад “Хаан банкин дээр явж байна, одоо Голомт орж баримтаа аваад очно” гэж хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш сураггүй болсон. Маргааш нь энэ байдлыг холбооны тэргүүн Наранцогтод хэлж холбооны дансны хуулгыг авсан чинь дансны үлдэгдэл 145.000 төгрөг болсон байсан. Тэгээд Д.Дг холбооны мөнгийг завшиж байсныг мэдсэн.

Д.Д нь манай холбоонд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ажилд нягтлан бодогчоор ажилд орсон байсан. Анхны мөнгө завшсан нь 2016 оны 9 дүгээр сарын 17-нд 2 сая төгрөгийг бичиг хэргийн зардал гэсэн нэрийдлээр данснаас гаргаад 400.000 орчим төгрөгөөр нь бичиг хэргийн хэрэгсэл авч үлдсэн мөнгийг нь хувьдаа авсан байсан Энэ мөнгийг 87116076 дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Дараа нь 1.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэн нэгний 5037108778 дугаарын дансанд шилжүүлж авсан байсан. 500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бас хэн нэгний 50571 12758 дугаарын дансанд шилжүүлж авсан байсан. Дараа нь 1.000.000 төгрөг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр бас хэн нэгний 5032376764 дугаарын данс руу шилжүүлсэн байсан. 12 дугаар сарын 5-ны өдөр 500,000 төгрөгийг бас нэг 5495220572 дугаарын дансанд шилжүүлж авсан байсан. 12 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийг сургалт томилолтын мөнгө гэж өөр нэг 5087116076 дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Дараа нь 12 дугаар сарын 22-нд 800.000 төгрөгийг сургалт томилолтын мөнгө гэж бас нэг 5087116076 дугаарын дансанд шилжүүлсэн байсан. 12 дугаар сарын 26-ны өдөр 1.750.000 төгрөгийг орлого гээд ахиад 5019646389 дугаарын дансанд шилжүүлж авсан байсан. Ингээд 9.150 000 төгрөгийн хувьдаа завшсан болох нь холбооны дансны хуулгаар тогтоогдоод байна. Мөн холбооны ажилчдаас нийт 1.010.000 төгрөг зээлж авчхаад одоог хүртэл өгөөгүй байна. Д.Дгийн энэ үйлдлээс болоод манай холбоо эхний хоёр сарын цалингаа өгч чадаагүй, татвараа төлж чадаагүй, нийгмийн даатгалаа төлж чадаагүй, бүгд торгууль алдангид орсон байгаа. Мөн олон улсын байгууллагуудын өмнө холбооны нэр хүнд унасан хөрөнгө оруулалт нь зогссон. Их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж үү?…” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Гэрч Б.Наранцогтын “…Манай холбооны 2017 оны 1 дүгээр сарын цалин тавигдаагүй, хойшлогдсон учраас Холбооны дансаа шалгасан. Манай холбооны Хаан банкин дахь дансыг шалгахад данс хоосорсон байсан. Эцсийн үлдэгдэл нь 100.000 гаруй төгрөг үлдсэн байсан. 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдээд 1 дүгээр сарын 29-ний өдөр нягтлан бодогч Д.Дгийн гэрт очсон. Ингээд Д.Дтэй уулзахад “би авчихсан юмаа” гэж хүлээн зөвшөөрсөн. Данс нь хуулга дээр бидний мэдэхгүй гүйлгээний учрыг асуухад “би авсан” гэж хэлж байсан Тэгээд Д.Д нь 2 дугаар сарын 4-ний өдөр гэхэд хохиролгүй болгоноо гэдэг ам өгсөн. Энэ явдлаас болж манай байгууллагын 1, 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны зардал тэр чигтээ байхгүй болсон. Нэр хүндийн хувьд асуудал болоод байгаа. Олон улсын байгууллагууд санхүүжилт зогсчихсон байгаа. Цаашдаа манай холбоог санхүүжүүлэх үү гэдэг асуудал маш хүнд болоод байна. 2016 оны 12 дугаар сард Хяналтын зөвлөлөөс санхүүгийн шалгалт хийгдсэн. Энэ үед ямар ч зөрчил гараагүй. Тухайн үед Д.Д нь интернэт банкны хуулга үзүүлсэн юм 8 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй хуулга үзүүлсэн. Би 10 сая төгрөг байх ёстой гэж Д.Дд хэлэхэд “9 сарын бичиг хэргийн зардлын зөрүү мөнгө болох 1.600.000 төгрөг орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэрэнд итгэж 10 аад сая төгрөг байгаа юм байна гэж бодож тайвширсан. Данснаас гүйлгээ хийх нэгдүгээр гарын үсэг бол минийх байдаг. Хоёрдугаар гарын үсэг нь Д.Дгийн гарын үсэг байдаг. Тухайн үед буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цус харвалт өгч эмнэлэгт хэвтсэн. Улмаар цаашаа Хөх хот руу эмчилгээнд явсан. Холбооны үйл ажиллагааг зогсоохгүйн тулд нэгдүгээр гарын үсгийг гүйлгээний хоосон баримтууд дээр зурж Д.Дд итгэж үлдээсэн. Үүнийг Д.Д нь буруугаар ашиглаж манай холбооны мөнгийг завшсан байсан. Манай холбооны данснаас Хаан банкны өөр өөр дансанд шилжүүлж авч байсан нь дансны хуулгаар харагдаж байсан. Хичнээн баримтан дээр гарын үсэг зурснаа би сайн санахгүй байна. холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Бие муудахаас өмнө манай холбоо гүйцэтгэх захиралгүй болсон учраас би өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байсан. Харин 11 сүүлд Баярмаа гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан.

Миний мэдсэнээр 9.150.000 төгрөгийн хохирол учраад байгаа.…” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Д.Чимэддолгорын “…Миний төрсөн дүү болох Д.Д нь Говь алтай аймгийн Жаргалант суманд 1991 онд айлын 7 дах хүүхэд болж төрсөн. Улаанбаатар хотод 81 дүгээр сургуулийг 10 дугаар анги төгссөн Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ганц бие одоо аав ээж ахын хамт амьдардаг. 5019646389 дугаарын данс миний Хаан банкны данс юм.

Д.Д нь миний Хаан банкны виза картыг 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр мөнгө орж гарсныг мэдэхгүй байна. Миний виза карт одоог хүртэл Д.Дд байгаа. Би Ганбатын Ганчимэг, Ядмаагийн Амарсанаа, Гомбо-Ичингийн Энхтуул, Лхагвасүрэнгийн Хаш-Эрдэнэ гэдэг хүмүүсийг танихгүй…” гэсэн мэдүүлэг /хх-56/,

Гэрч Я.Амарсанаагийн “…Д.Д нь манай эмээ Чанцалын хүүхэд юм. Д.Дг багаас нь мэддэг 5057112758 дугаарын данс миний Хаан банкны данс юм. Миний картыг хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын дундуур авч байсан. “эгч нь картыг чинь хэрэглэчхээд өгье” гэж авч байсан. Өмнө нь олон удаа надаас авч байсан. Миний виза карт одоо хүртэл Д.Дд байгаа. Надад нээх их хэрэг болоод байдаггүй юм. Тэгээд ч ойрд уулзаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-57/,

 

Гэрч Р.Түмэндэмбэрэлийн “…2016 оны 11 дүгээр сарын эхээр надтай хамт ажиллаж байсан Д.Д нь “мөнгө зээлэх боломж байна уу мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь өөрт байсан 60.000 төгрөгөө зээлүүлсэн. Тэр мөнгөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Манай холбооны тэргүүн Наранцогтоос 200.000 төгрөг, Очирсүрэнгээс 500.000 төрөг Мөнхцэцэгээс 250.000 төгрөг зээлж аваад буцааж өгөөгүй. Намайг Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргана гэсэн чинь манай дээр дурьдсан ажилтан нар надад хандаж өргөдөл дээр хамт бичүүлсэн юм. Д.Дг манай холбооны мөнгийг завшсан хэрэгт холбогдож шалгагдаж байгааг мэдсэн 2017 оны 1 дүгээр сарын цалингаа тавьж өгч чадахгүй болсон юм.

Д.Д нь ажил даалгахаар их түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг хүүхэд байсан Манай холбооныхон түүнд бүгд итгэж сайн ханддаг байсан. Харилцааны тал дээр ямар нэгэн доголдол үүсч байгаагүй. Энэ болсон хэрэгтэй холбогдуулан Холбооны тэргүүн болон гүйцэтгэх захирал Баярмаа нартай хамт гэрт нь очиж байсан. Гэрт нь очиж Д.Дгийн аав ээжтэй нь уулзаж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-58/,

 

Шүүгдэгч Д.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-33/, Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-16-20, 63-109/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-31/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-109-110/, гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д нь “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн” Дээвэр Холбооны нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ шунахай сэдэлтээр 2016 оны 09 дүгээр 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл холбооны тэргүүн Б.Наранцогтын гарын үсэг бүхий баримтуудыг ашиглан, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр нийт 9.150.000 төгрөгийг хувьдаа завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Баярмаа, гэрч Б.Наранцогт нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Дгийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Д.Дгийн бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.

 

Шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, уг гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн хооронд үйлдэгдсэн, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байх тул Д.Дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Дгийн дээрх үйлдлийн улмаас “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн” Дээвэр Холбоонд 9.150.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Д.Дгээс 9.150.000 төгрөгийг гаргуулж “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн” Дээвэр Холбоонд олгох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Анд овогт Дашнямын Д.Дг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний  улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Дхолбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Дг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Дгээс 9.150.000 төгрөгийг гаргуулж, “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн” Дээвэр Холбоонд олгосугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Дурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

 6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР