Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

 

улсын яллагч Б.Чимгээ,

 

шүүгдэгч М.О, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 02222 0229 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “ХХХ” компанид тээврийн менежер ажилтай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт М-ын О.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, “ХХ” компанид кемпийн ажилтан ажилтай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 2-24 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Г-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.О, Г.Б нар нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, шалган нэвтрүүлэх товчооны орчим “40-79 УНК” улсын дугаартай “Лексус 470” загварын автомашинд зорчиж явахдаа жолооч О.М-ыг машинаараа шахаж урсгал сөрлөө гэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар бүлэглэн О.М-, М.Б- нарыг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.М-ын мэдүүлэг /хх-8-9/, хохирогч М.Б-ийн мэдүүлэг /хх-10-11/, шинжээчийн 11848, 11849 дугаартай

 

2

 

дүгнэлтүүд /хх-29, 33/, хохирол хүлээн авсан баримт /хх-36/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38, 40/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39, 41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О, Г.Б нар нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, шалган нэвтрүүлэх товчооны орчим “40-79 УНК” улсын дугаартай “Лексус-470” загварын автомашинд зорчиж явахдаа жолооч О.М-ыг машинаараа шахаж урсгал сөрлөө гэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар бүлэглэн О.М-, М.Б- нарыг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.М-ын өгсөн: “Би гэрийнхэнтэйгээ “Ээж хад” ороод гэртээ ирэх гээд Баянзүрхийн товчоо орох гээд түгжрээд 2 эгнээ болчихсон явсан байсан юм. Тэгээд зөөлөн явж байтал хажууд явж байсан 470 маркийн автомашинаас 2 залуу бууж ирээд “чи яаж яваад байгаан пизда минь урсгал сөрөөд, буугаад ир хоёулаа сайхан зодолдьё чи эр хүн мөн үү” гээд заамдаад цонхоор намайг гадагш татаад байсан. Тэгсэн чинь манай хүү М.Б- бууж ирээд “ахаа боль” гээд салгах гээд цааш нь түлхсэн чинь машинаас 3-4 залуу буугаад ирсэн байсан. Тэдний нэг нь манай хүүхдийг цохиод авсан. Тэгэхээр нь манай эхнэр буугаад “боль” гэж хэлсэн. Тэгээд би буугаад бүдүүн залууг нь нэг цохисон чинь тэр залуучууд “наадахаа алчихаач” гээд дайраад хүү бид хоёрыг зодоод байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” /хх-8-9/, гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Б-ийн өгсөн: “…Сэрсэн чинь манай аавыг хоёр хүн заамдаад гаргаж цохиод байсан. Тэгэхээр нь би буугаад нөгөө хоёрыг нь салгаад тэврээд зогсож байсан юм. Тэгсэн чинь өөр нэг хажуунаас цохиод авахаар нь тэр гурван залууг бариад зогсож байсан чинь бөөн залуучууд ирээд аав бид хоёрыг зодоод байсан. Тэгээд салсан чинь дахин нөгөө залуучуудын махлаг нөхөр нь аав дээр ирээд зодолдоод байсан. Тэгээд дахин бүгдээрээ ирээд зодоод байсан. Тэгээд хойд талд явж байсан ах эгч хоёр цагдаа дуудсан чинь зодохоо болисон.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11848 дугаартай дүгнэлтэнд:

 

“1. О.М-ын биед тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-29/ гэх дүгнэлт,
 

3

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11849 дугаартай дүгнэлтэнд:

 

“1. М.Б-ийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, хүзүүнд цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

  1. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-33/ гэх дүгнэлт,

 

Хохирол хүлээн авсан баримт /хх-36/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38, 40/, Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-39, 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, Г.Б нар нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, шалган нэвтрүүлэх товчооны орчим “40-79 УНК” улсын дугаартай “Лексус-470” загварын автомашинд зорчиж явахдаа жолооч О.М-ыг машинаараа шахаж урсгал сөрлөө гэж хэрүүл маргаан үүсгэн, улмаар бүлэглэн О.М-, М.Б- нарыг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.О, Г.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.О, Г.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч М.О, Г.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.О, Г.Б нар нь хохирогч нарт учирсан 2.800.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.О, Г.Б нарт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.О, Г.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар М.О-ыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Г.Б-г 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.О-ыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Г.Б-г 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус тус төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.О, Г.Б нарыг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурьдсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.О, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.О, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

5

 

  1. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС