| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00433/и |
| Дугаар | 724 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 724
| 2017 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00724 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдаанаар хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Агьтийн хөндий гэх газар үйл ажиллагаа явуулдаг, Мөнх Агит ХХК /улсын бүртгэл1411003009, регистрийн дугаар 2053209/, захирал Ц.Цэдэндамба,
Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Баянбулаг Б-3 гудамж 01 тоотод оршин суух, Гэндэндарамын Болормаа /ИЖ68080269/-д холбогдох
Мөнх Агит ХХК-ийн 49 хувийг Г.Болормаа бэлэглэсэн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттогтох, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мөнх-Агит ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Бэлэглэгч Ц.Цэдэндамба, бэлэг хүлээн авагч Б.Болормаа нарын хооронд байгуулсан 2013 оны 04 сарын 30-ны өдрийн Компаний хөрөнгийн 49%-ийг балэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,
Г.Болормаа нь Мөнх Агит ХХК-ийн эзэмшлийн 345 га талбайд төмс тарьж эхэлсэн, 85,22,73 дугаар талбайд тариалалт хийхээр их хэмжээний үр буулгаж бэлтгэл ажиллагаа хийж, компаний газрыг хууль бусаар зөвхөн өөртөө ашиг олох зорилгоор дур мэдэн тариалалтын үйл ажиллагаа явуулж жинхэнэ эзэмшигч Мөнх-Агит компанийг тариалалт хийлгэхгүйгээр удаа дараа саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор шүүхээс Г.Болормааг Мөнх-Агит ХХК-ний хууль ёсны ззэмшлийн дээрх талбайнуудад тариалалт явуулахгүй байхыг даалгуулах.
Гэрээ нь: Компани бэлэглэлийн гэрээ гэж хаягласан, гэрээний 1 дүгээр зүйлд бэлэглэгч Ц.Цэдэндамба, бэлэг хүлээн авагч, Г Болормаад өөрийн өмчлөлийн....... тоот бэлэглэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ,
Улсын бүртгэлийн дугаар бүхий мкв өрөө Компаний хөрөнгийн 49%-ийг тоогоор үнэ бүхий компани хариу төлбөргүй бэлэглэж байна. Эдгээр зайнуудад бичих ёстой өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар тоо, ямар үг бүхий ямар ямар эд хөрөнгийг бэлэглэж байгаа талаар бичээгүй хоосон байна.
Компаний бүртгэлийн газраас бэлэг хүлээн авагч Г.Болормаад компаний өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчиин өмчлөх эрх үүснэ.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж байна гэсэн нөхцлөөр хийсэн гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн хууль зөрчсөн, иргэний хуулийн холбогдох заалтыг хангаагүй, зөвхөн дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна.
Тухайлбал: Иргэний хуулийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Мөн хуулийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байна.
Иймд Бэлэглэлийн гэрээ гэгч нь хийсэн үеэсээ яагаад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаагаа доорх үндэслэлээр тайлбарлаж байна.
Дээрх гэрээ нь гарчигнаасаа эхлэн буруу хийгдсэн.Тухайлбал Бүхэл бүтэн компани бэлэглэх гэж байгаа юм шиг "Компани бэлэглэлийн гэрээ" гэж гарчигдлагдсан.
Энэхүү гэрээнд өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар, Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар огт бичигдээгүй, тэдгээрийн зайг албан ёсоор бөглөөгүй, түүнд компаний чухам ямар ямар үнэтэй ямар өртөг бүхий үл хөдлөх ,хөдлөх хөрөнгийг өгсөн нь ойлгомжгүй, тодорхой бус,
Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар бэлэг хүлээн авагч Г.Болормаад компани өмчлөх эрхийн гэрчилгээг олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж гэрээнд заасан нөхцөл, болзол өнөөдрийг хүртэл биелэгдэж хэрэгжиж хангагдаагүй.
Гэрээний 5 дугаар зүйлд зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээрх гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн Иргэний хуулийн 267.1, 267.2-т заасан заалтыг баримтлаагүй тул уг гэрээг Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн гаргаж байна.
Г.Болормаад компаний ямар ч эд хөрөнгө албан ёсоор шилжиж түүний өмчлөл эзэмшилд очоогүй байхад Г.Болормаа нь эд хөрөнгийг албан ёсоор өмчлөл эзэмшилдээ авчихсан юм шиг энэхүү гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн.
Тухайлбал би настай хүний хувьд манай компанид олон жил агрономич хийсэн Г.Болормаад өөрийнх нь хүсэлтээр түүний саналыг харгалзан энэ компанийг цаашид цэцэглүүлэн хөгжүүлж илүү үр ашигтай ажиллуулж аваад явчихаж магадгүй гэж үзэж байсан.
Энэ ч утгаараа компаний дүрэмд л зөвхөн нэрийг нь бүртгүүлчихсэн байсан. Гэтэл Г.Болормаад компани нь албан ёсоор өмч хөрөнгөө энэхүү гэрээний 3-т шилжүүлэн өгч түүний эзэмшил, өмчлөлд очоогүй байхад 2016.04.25-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бэлэглэгч намайг Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Энэ гомдлын утга нь Мөнх -Агит ХХК-ний захирал Ц.Цэдэндамба нь хууль бус үйл ажиллагаа явуулж, Г.Болормаа миний эд хөрөнгийг завшиж надыг хохироож надад хохирол учруулж байна. Иймд эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хандсан байсан. Энэ үед би настай хүн учир түүнд маш их гомдож миний даралт гэнэт огцом өсөж шоконд орсон.
Г.Болормаа нь бэлэглэгч намайг олон нийтэд болон нутгийн ард түмэнд өөрийнх нь эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж, Цагдаагийн газарт өгсөн гомдолдоо Мөнх-Агит ХХК эзэмшлийн тариалан эрхлэх 500 га газрыг өөрийн эзэмшлийн болгон авах гэсэнд саад болж байна энэ нь миний хөрөнгө гэж үзэж 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Мөнх-Агит ХХК-ийн талбайд дураараа дайран орж хувьдаа тариалалт хийж эхэлсэн бөгөөд Г.Болормаагийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад хандан сумын цагдаагийн төлөөлөгчийн хамт очоод зогсоох гэсэн боловч Г.Болормаа нь би энэ талбай дээр тариалан эрхэлж болно. Би энэ компаний 49 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн байдлаар тайлбар хийгээд Ц.Цэдэндамбын хамт очсон хүмүүсийг хөөсөн, компаний эзэмшлийн талбайд тариалалтаа хийж, ургацаа бүрэн хурааж, ашигаа өөртөө аваад Мөнх-Агит ХХК-д ямар ашиг өгөөгүй, манай хууль ёсны эзэмшил газар дээр дураараа үйл ажиллагаа явуулж, миний эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлаж дураараа аашилж байна.
Эд юмсыг болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй. Бидний хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээгээр компаний хөрөнгийн 49 хувийг гэж ерөнхийлөн бичсэн болохоос компаний эд хөрөнгийн болон хувьцааны 49 хувийг гэсэн үг өгүүлбэр огт байхгүй. Би Г.Болормаад хуулийн дагуу компанийхаа ямар ч эд хөрөнгө, хувьцааг өнөөдрийг хүртэл түүний өмчлөл эзэмшилд албан ёсоор шилжүүлээгүй.
Г.Болормаа нь намайг цагдаагийн байгууллагад өгсөн үеэс би бэлэглэгч намайг гомдоосон үйлдэл хийлээ гэж үзэж энэ үеэс надад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүсэж байна.
Энэ хүн дураараа аашилж, миний өмчлөх, эзэмших эрхийг хязгаарлаж, хүчээр авах, чөлөөтэй эзэмшиж ашиглахад минь удаа дараа саад учруулж байгаа бусармаг үйлдлийг хуулийн байгууллагад хандаж таслан зогсоолгохгүй энэ хүн цаашид ч гэсэн би Мөнх-Агит компаний хууль ёсны хөрөнгө хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө ойлгож, компаний өмчлөх эзэмших эрхэд халдсаар л байх арга буюу хууль хяналтын байгууллагад өөрийнхөө зөрчигдөж байгаа эрх ашгийг хамгаалуулахаар гомдол нэхэмжлэл гаргаж байна.
Миний бие бэлэглэсэн хувьцаагаа буцааж авах тухай нэхэмжлэл гаргасан шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох хэлсэн тайлбартаа: Манай хүн хувьцаа бэлгэнд аваагүй учраас нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын бэлэглэлийн гэрээ гээд байгаа гэрээний 1 дүгээр заалт дээр "компаний хөрөнгийн 49 хувийг гэж бичсэн. Энд хувьцаа гэж дурдагдаагүй байна. Тэгэхээр энд яг ямар хөрөнгө бэлэглээд, одоо ямар хөрөнгийг буцааж авах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хувьцаа бэлэглэсэн бол заавал эрх шилжүүлэх гэрээ үндсэн гэрээг ёстой. Нэхэмжлэгч тал Мөнх Агит ХХК-ийн 49 хувийн хувьцаа гээд байгаа. Энэ нь яг ямар хөрөнгө, уг компани нь хичнээн төгрөгийн хөрөнгөтэй, 49 юу юу орсон нь одоохондоо хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байна” гэж хэлсэн нь дээрх гэрээг эрх зүйн талаас нь зөв үнэлж, угаасааа гэрээ нь хуулийн шаардлагад нийцээгүй, гэрээгээр хүлээсэн зорилт зорилгоо биелүүлээгүй байна хэлж өгсөн тайлбар боллоо гэж үзэж байна.
Хэрвээ хувьцаа бэлэглэсэн бол эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, энэ гэрээ нь бэлэглэлийн гэрээг дагалдаж хийгдэх ёстой. Мөн эд хөрөнгө бэлэглэсэн бол компани үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн мөн эрх шилжүүлэх гэрээ бүртгэгдэж түүний бүртгэлд Г.Болормаагийн хөрөнгө гэж баталгаажиж, түүнийг үндэслэн компаний 49 хувийн хөрөнгө Г.Болормаагийн өмчлөл эзэмшилд очсон байна гэдэг нь албан ёсны баримт бичгээр баталгаажсан байх ёстой. Энэ талаар бэлэглэлийн гэрээнд бэлэг хүлээн авагч Г.Болормаад компаний өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж нарийн заасан байна. Харин одоо хүртэл гэрээний энэхүү заалт нь хангагдаж хэрэгжээгүй байна.
Бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг бэлэг авагч Г.Болормаа нь энэхүү гэрээг ашиглан намайг ноцтой гомдоож гэрээний доторх агуулга зорилго биелэгдээгүй компаний хувьцаа, эд хөрөнгө төрийн өмчийн эзэмшлийн газрыг хүчээр авах гэж улайрч байгаа түүний хууль бус бусармаг үйлдлийг таслан зогсоолгохоор, өөрийнхөө зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулж, өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээ бусдаас хараат бусаар чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах бололцоотой болох зорилгоор нэхэмжлэлийн өргөдөл гаргаж шүүхэд хандаж байна. Иймд энэхүү бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ./хх1-4/
Хариуцагч Г.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Мөнх-Агит ХХК-ийн дүрмийг бүртгүүлэхэд миний зүгээс ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд тухайн компанид эзэмшиж байгаа миний 49 хувийн хувьцаа нь хууль ёсны болохыг захиргааны хэргийн шүүхүүд тогтоосон байдаг. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/ 0007 тоот шийдвэрээр.
Мөн нэхэмжлэгч тал урьд нь яг энэ нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд тус нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2016/01127 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч тал одоогийн нэхэмжлэлтэйгээ яг адил 2013 оны 04 сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дахин дахин гаргаж миний цагийг маш их үрж байна. Өмнө шийдүүлсэн хэргээ амжилт олоогүй бол дахин шүүхэд өгөөд байдаг бол энэ нь Монгол улсын бүх шүүгчээр шийдүүлж хэзээ өөрт ашигтай шийдвэр гарна тэр хүртэл нэхэмжлэлээ өгч болно гэж надад ойлгогдож байна.
Ингэж хэн хэнийхээ ажлыг нь үнэтэй цагийг үрж болохгүй байх үүнийг зохицуулсан хууль бас байгаа гэдэгт би итгэлтэй байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ./хх99/
Нэхэмжлэгч Мөнх-Агит ХХК ихэсгэсэн шаардлагадаа ... Төв аймгийн сум дундын шүүхэд урьд нь 2 шаардлага гаргасан. Үүний 2 дахь шаардлага нь Г.Болормааг Мөнх-Агит ХХК-ний хууль ёсны эзэмшлийн талбайнуудад хууль зөрчин хувьдаа тариалалт явуулахгүй байхыг даалгуулах шаардлага байсан.
Дээрх хоёр шаардлага дээрх нэмж Г.Болормаа 2017.04.20-иос компанийн тариалалтын үйл ажиллагаа явуулсанаа удаа дараа шүүхүүдэд мэдүүлсэн доорх мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг үндэслэн Г.Болормаагийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн Мөн Мөнх-Агит ХХК-ний эзэмшлийн 345,85,22,73,76,117,36,291,14 га талбайнуудад явуулсан тариалалтыг Мөнх-Агит ХХК ний тариалалтанд тооцуулах.
Төв аймгийн шүүхийн 151/Ш32017/01427 тоот захирамж гарахаас өмнө 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс төмс, тосны ургамалыг компаний тухай хуулийн 3-р зүйлийн 3.2-д зааснаар “Хувьцаа нь тухайн компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компаний эд хөрөгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” 3.3-д зааснаар “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компаний дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчиж зөвхөн өөртөө ашиг олох зорилгоор дур мэдэн тариалалт явуулж жинхэнэ эзэмшигч Мөнх-Агит компанийг тариалалт хийлгээгүй юм.
Г.Болормаагийн хувьдаа хууль бусаар тариалалт хийгээгүй компаний тариалалт гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн явуулсан үйл ажиллагааг Мөнх-Агит ХХК-ийн тариалалтанд тооцож хуульд нийцүүлэх санхүү,тайлан бүртгэл, татвар, зардал ашгийн хувиарлалт, агротехнологи, тариалангийн үйлдвэрлэлийн көхцлийг бүрдүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.
Иймд Г.Болормаагийн шүүхүүдэд өгсөн удаа дараагийн мэдүүлэг / гомдол, энэ шүүх хурлын тэмдэглэл, Захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Г.Болормаагийн 2017.04.20-ний өдрүүдэд Мөнх-Агит ХХК-ний эзэмшлийн 345,85,22,73,76,117,36,291,14 га талбайнуудад тарьсан тариалалтыг Мөнх-Агит ХХК-ийн тариалалтанд тооцуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ. /хх/
Хариуцагч Г.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Мөнх-Агит ХХК-ийн захирал Ц.Цэдэндамбын Г.Болормаад холбогдуулан үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ. /хх101-103/
Нэхэмжлэгч Мөнх-Агит ХХК нэхэмжлэлийн шаардлага багасгахдаа ... Мөнх-Агит ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Болормаа хариуцагчтай хэрэгт дараах өөрчлөлт оруулах. Үүнд: Бэлэглэгч Ц. Цэдэндамба, бэлэг хүлээн авагч Г. Болормаа нарын хооронд 2013.04.30-ны өдөр байгуулсан Компанийн хөрөнгийн 49%-ийг бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах,
Г. Болормаад Мөнх-Агит ХХК-нийн хууль ёсны эзэмшлийн талбайнуудад тариалалт явуулахгүй байхыг даалгуулах шаардлагаас татгалзаж байгааг шийдвэрлүүлэх,
Мөнх-Агит ХХК-ийн 49%-ийн хувьцаа эзэмшигч Г. Болормаагийн 2017. 05, 06 сард хууль зөрчин хувьдаа явуулсан тариалалтыг Мөнх-Агит ХХК-ийн тариалалтанд тооцуулах шаардлагаас татгалзаж байгааг шийдвэрлүүлэх.
Бэлэг хүлээн авагч Г.Болормаа нь бэлэглэгч Ц. Цэдэндамба намайг үйлдвэрлэлийн техник технологийн үйл ажиллагаа болон эдийн засаг, бизнесийн нэр хүндийг байж болох доод түвшинд хүргэн хохироосон ноцтой үйлдлээр 3 дахиа гомдоогоод байна. Үүнд:
Г. Болормаа 2016.04.25-ны өдөр Ц. Цэдэндамба хууль бус үйл ажиллагаа явуулж миний эд зүйлийг завшсан гэдэг үндэслэлээр надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Төв аймгийн сэргийлэхэд гомдол гаргасан. Төв аймгийн прокурор эрүү үүсгэхээс татгалзсан.
Миний бие Докгор, профессор Ц. Цэдэндамба тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор газар тариалангийн техник технологийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран "Тогтвортой ургацын шинэ технологи" -ийг боловсруулсан юм.
"Тогтвортой ургацын шинэ технологи"-ийг Жаргалант сум, Төв аймаг, ХХААХҮЯамаар хянуулан дэмжүүлж, тариалангийн газар эзэмших гэрээнд тусгайлан оруулж албан ёсоор баталгаажуулсан. Гэрээний шинэ заалтыг хэрэгжүүлэхээр Энсада траоторон ХХК-тай хамтран Тэг элдэншүүлгийн шинэ технологийг 2016 оноос эхлэн Мөнх-Агит ХХК-ийн 1026 га эргэлтийн талбайд жил бүр бүгдэд нь нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байсан юм.
Гэтэл Г.Болормаа би энэ компанийн нэг эзэн Төв аймгийн сэргийлэх намайг тариалалт явуулж болно гэсэн, Ц. Цэдэндамба хууль бус үйл ажиллагаа явуулж миний эд хөрөнгийг завшиж намайг хохироосон гэх мэтээр 2016 оны 4 сард сэргийлэхэд эрүү үүсгүүлэхээр өгснөө итгэл үнэмшилтэйгээр баримтлан Мөнх-Агит ХХК-ийн талбайд дайран орж хууль бус тариалалт хийсэн. Энсада компани ийм нөхцөлд бид шинэ технологийн тариалалт хийх боломжгүй гээд ажлаа зогсоогоод буцсан.
Г.Болормаагийн хууль бус ноцтой үйлдлийг бид Жаргалант сумын сэргийлэх, Засаг даргатай хамтарч тэмцээд зогсоож чадаагүй. Г.Болормаа хууль бусаар тариалсан төмсний ургацаа 2016.09 сард хувилдагчидтайгаа хамтран нууц маягаар хурааж хот руу шууд ачуулж борлуулсан, үр тариагаа Агрокомплекс ХХК-иар хураалгасан. Ингээд нийт дүнгээрээ Г.Болормаа ихээхэн орлого олж, Мөнх-Агит ХХК нэг ч төгрөгийн орлогогүй төлбөр, зардал, өр зээлэндээ баригдаад хоцорсон.
Г.Болормаа 2016.05 сараас 10 сард явуулсан ноцтой үйлдлээрээ намайг гэмт хэрэгтэн гэж үздэгээ баталж, туйлын ихээр шарх сорви мэтээр гомдоосон.
Г.Болормаа Мөнх-Агит ХХК-ийн талбайд томоохон хэмжээний тариалалт хийх, тариалангийн газрыг өөрийн Хонгор буудай ХХК-ийн эзэмшилд авах, Мөнх-Агит ХХК-ийг тариалалт хийлгэхгүй байх үйл ажиллагаа явуулахаар хуйвалдан бэлтгэж байгааг миний бие 2017 оны эхээр олж мэдсэн. Тэгээд тариалангийн талбайгаа харуул хамгаалалтын компаниар хамгаалуулаад ажиллахаар шийдвэрлэж, 2017.04.26-ны өдөр Бүрэнцэнгэл ХХК-тай гэрээ байгуулан ажилд нь оруулсан. Харин Г. Болормаа намайг тусгай харуул хамгаалалт гаргах нь гэдгийг мэдэж биднээс урьтан бүр 4 дүгээр сарын 20-иор талбайд тариалангийн бригадаа гаргасан байв.
Харуул хамгаалалтынхан томоохон бүрэлдэхүүнтэй очиж, Г.Болормаад тариалалт хийлгэхгүй, бригадаа татан буулга, үгүй бол бид хүчээр ачна гэхэд Г.Болормаа миний эзэмшил газар дээрээ тариалалт явуулах эрх, хөрөнгө, үйл ажиллагаанд халдлаа гэж 2016.04.25-ны өдрийн гомдлынхоо агуулга зарчмаар Төв аймаг болон Жаргалант сумын сэргийлэхэд хандан харуул хамгаалалтынхныг дуудуулах, асуулгах, анхааруулах зэргээр шахалт дарамт үзүүлэн тэднийг явуулсан. Тэгээд урьдаас бэлтгэсэн үгсэн хуйвалдсан хамтрагчидтайгаа хүч хавсран тариалалт хийж эхэлсэн.
Г.Болормаа энэ ноцтой үйлдлээрээ манай компаний 1026 га талбайд шинэ технологиор тариалалт хийхээр тохирсон компаниудыг ч буцаасан. Миний бие хүчтэй гомдож, сэтгэл санааны шоконд орж даралт, зүрхний цохилт ихсэн салгалж, 3 хоног эмчийн хяналтанд хэвтсэн.
Шинэ технологийн компаниудыг ятган 1026 га-д тариалалт хийхээр тохирч байснаа хэрэгжүүлэхээр тэднийг Г.Болормаагийн үйлдлийг мэдэхээс өмнө урьтаж тариалалтыг нь зогсоохоор шүүхэд хандан хөөцөлдөөд дийлээгүй.
Ингэж бэлэг хүлээн авагч Г. Болормаа нь бэлэглэгч Ц. Цэдэндамба намайг удаа дараагийн ноцтой үйлдлээрээ гомдоосон тул иргэний хуулийг 280.1.1 заалтыг үндэслэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ./хх134-137/
Хариуцагч Г.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Мөнх-Агит ХХК-ийн захирал Ц.Цэдэндамбын Г.Болормаад миний биед хамруулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ. /хх153/
Нэхэмжлэгч Мөнх Агит ХХК-ийн төлөөлөгч Ц.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Мөнх Агит ХХК-ийг өөрийн хөрөнгөөр дангаар 1993 онд байгуулсан, Энэ компани маань 1 үүсгэн байгуулагчтай тэр нь миний бие юм. Г.Болормаатай 1994 оноос 23 дахь жилдээ хамт үйл ажиллагаа явуулж байна. 2013 оны 4-р сарын 30-ны өдөр компаний хөрөнгийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэсэн. Учир нь Г:Болормаа мэргэжлийн агрономич учир энэ компанийн газар тариалангийн үйл ажиллагааг авч явах байх гэж бодож байсан. Гэтэл Г.Болормаа нь гэрээ байгуулсан өдрөөс эхлээд намайг гомдоож эхэлсэн. Компаний тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах үйл ажиллагааг шийдэх асуудалд оролцох эрхтэй, харин компаний өдөр тутамын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Гэтэл Г.Болормаа энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр 2016 оны 4-р сарын 25-ны өдөр Ц.Цэдэндамба намайг “хууль бус үйл ажиллагаа явуулж, миний эд хөрөнгийг завшсан” гэж Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаж, цагдаа шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Г.Болормаагийн цагдаагийн газарт өгсөн энэ үйлдэлд 81 настай хөгшин би үгээр хэлэхийн аргагүй гомдсон.
2 дугаарт миний бие тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор газар тариалангийн техник технологийг эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран тогтвортой ургацын шинэ технологийг боловсруулсан. Жаргалант сум, Төв аймаг, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамаар хянуулан дэмжүүлж тариалангийн газар эзэмшүүлэх гэрээнд тусгайлан оруулж албан ёсоор баталгаажуулсан. Гэрээнд шинэ заалтыг хэрэгжүүлэхээр Инсанта компанитай хамтран шинэ технологийг хэрэгжүүлэхээр 2016 оноос эхлэн Мөнх-Агит компанийн 1026 га эргэлтийн бүх талбайтай жил бүр бүгдэд нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байсан юм. Гэтэл Г.Болормаа би энэ компанийн эзэн байна. Төв аймгийн цагдаагийн газар намайг тариалалт явуул гэсэн. Ц.Цэдэндамба хууль бус үйл ажиллагаа явуулж миний эд хөрөнгийг завшиж намайг огцруулсан гэх мэтээр ярьж Мөнх Агит компанийн талбайд дайран орж хууль бус тариалалт хийсэн. Инсанта компани ийм нөхцөлд бид шинэ технологийн тариалалтыг хийх боломжгүй гээд ажлаа зогсоогоод буцсан. Г.Болормаагийн энэ хууль бус үйлдлийг Жаргалан сумын засаг дарга, цагдаагийн байгууллагатай нийлээд арга хэмжээ авч чадаагүй. Хууль бусаар тариалсан төмснийхөө ургацыг 2016 оны 9-р сард хурааж авч хот руу ачуулж борлуулсан. Үр тариагаа Агарком компаниар хураалгасан. Ингээд нийт дүнгээр Г.Болормаа ихээхэн орлого олж Мөнх Агит компани нэг ч төгрөгийн орлогогүй. Төлбөр, өр зээлэндээ дарагдаад үлдсэн. Г.Болормаа 2016 оны 5-р сараас 10-р сард явуулсан давтан үйлдлээрээ намайг гэмт хэрэгтэн гэж үзсэнээ баталж, би туйлын ихээр гомдсон.
3 дугаарт Мөнх Агит компанийн тариалан хийх газарт өөрийн “Хонгор буудай” ХХК-ийн эзэмшилд авах, Мөнх Агит компаниар тариалалт хийлгэхгүй байх үйл ажиллагаа явуулахаар хувилдан бэлтгэж байгааг миний бие 2017 оны эхээр олж мэдсэн. Тэгээд тариалангийн талбайгаа харуул хамгаалалтын компаниар хамгаалуулаад ажиллахаар шийдвэрлэж 2017 оны 4-р сарын 26-ны өдөр Бүрэн цэнгэл харуул хамгаалалтын газартай гэрээ байгуулж ажилд нь оруулж зардал мөнгө гаргасан. Харин Г.Болормаа нь намайг харуул хамгаалалт гаргах нь гэж урдаас төлөвлөж 4-р сарын 20-доор тариалалт эхлэх болоогүй байхад талбайд тариалан бригадаа гаргасан байсан. Харуул хамгаалалтынхан бүрэлдэхүүнтэй очиж Г.Болормааг тариалалт хийлгүүлэхгүй бригадаа татан буулга үгүй бол хүчээр ачна гэхэд Болормаа миний эзэмшил газар дээрээ тариалалт явуулах эрх, хөрөнгө үйл ажиллагаанд халдаа гэж 2016 оны 4-р сарын 26-ны өдөр гомдлынхоо агуулга зарчмаар Төв аймаг болон Жаргалант сумын цагдаагийн газар хандан харуул хамгаалалтыг дуудуулах, асуулгах, анхааруулах зэргээр шахалт дарамт үзүүлж тэднийг явуулсан.
Төв аймгийн болон Жаргалант сумын цагдаагийн газрынхан надтай уулзсан. Г.Болормаа энэ ноцтой үйлдлээрээ манай компанийн 1026 га талбайд шинэ техник технологиор тариалалт хийхээр тохирсон компаниудыг буцаасан. Би Г.Болормаад маш их гомдсон. Сэтгэл санааны шоконд орж даралт, зүрхний цохилт ихсэж салганан 3 хоног эмчийн хяналтад байсан. Ингэж бэлэг хүлээн авагч Г.Болормаа нь бэлэглэгч Ц.Цэдэндамба намайг удаа дараагийн ноцтой үйлдлээр гомдоосон тул 2013 оны 04 сарын 30-ны өдрийн Мөнх Агит ХХК-ин 49 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Болормаагийн өмгөөлөгч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэгч талын гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ маргааныг өмнө нь шүүх материаллаг хуулийг хэрэглээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас энэ хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 4-ний өдрийн 27 тоот шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа зохигчид хэргийн үйл баримтын талаар өөрсдөө нотлох үүрэг хүлээдэг. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргаад өөрөө нотлох шаардлагатай. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай адил байгаа бөгөөд шүүх материаллаг хууулийг хэрэглээд өмнө гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас энэ нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэв.
Хариуцагч Г.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ ... Мөнх-Агит ХХК захирал Ц.Цэдэндамбын Г.Болормаа миний биед холбогдуулан Мөнх-Агит ХХК-ийн 49 хувийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 07 сарын 19-ний өдөр гардан авлаа. Миний бие нь 2017 оны 07 сарын 15-наас эхлэн даралт огцом ихсэж хордлогонд орсоны улмаас цагийн эмчилгээ хийлгэж эмчлүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн хугацааг хүлээхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Мөн миний бие өөрийн биеэр оролцохгүй, өмгөөлөгч Н.Баттогтохыг оролцуулан шүүх хурлыг 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 15 цагт хийлгэх хүсэлттэй байна гэжээ./хх/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын гаргасан хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнх-Агит ХХК хариуцагч Г.Болормаад холбогдуулан
-2017 оны 04 сарын 24-ний өдөр “2013 оны 04 сарын 30-ны өдрийн Компаний хөрөнгийн 49 хувийг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, Г.Болормааг Мөнх Агит ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн дээрх талбайнуудад тариалалт явуулахгүй байхыг даалгуулах” тухай шаардлагыг /хх1-4/,
-2017 оны 06 сарын 21-ний өдөр дээрх шаардлагаа ихэсгэж “ Г.Болормаагийн 2017 оны 04 сарын 20-ны өдрүүдэд Мөнх Агит ХХК-ийн эзэмшлийн 345, 85, 22, 73, 76, 117, 36, 291, 14 га талбайнуудад тарьсан тариалалтыг Мөнх Агит ХХК-ийн тариалалтанд тооцуулах” тухай шаардлагыг /хх101-103/,
-2017 оны 07 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “ 2013 оны 04 сарын 30-ны өдрийн Компаний хөрөнгийн 49 хувийг бэлэглэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж,
Мөнх Агит ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн талбайд тариалалт явуулахгүй байхыг даалгуулах, Г.Болормаагийн 2017 оны 05, 06 сард хууль зөрчин хувьдаа явуулсан тариалалтыг Мөнх Агит ХХК-ийн тариалалтанд тооцуулах шаардлагаас тус тус татгалзсан” бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно. /хх134-1378 хуралдааны тэмдэглэл/
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ц.Цэдэндамба нь Мөнх Агит ХХК-ийг 1996 оны 05 сарын 10-ны өдөр үүсгэн байгуулж, Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Агьтийн хөндий гэх газарт улаан буудай, арвай тариалах эрхлэх үндсэн үйл ажиллагаатайгаар,
хүнсний ногоо, үрслэг тариалалт, малын тэжээл үйлдвэрлэх, тэжээлийн ургамал тариалах, байгалийн хадлан бэлтгэх үйл ажиллагаа, гадаад дотоод худалдаа, эрдэм шинжилгээ, туршилт, сорт, сорилтын ажил эрхлэх туслах үйл ажиллагааг эрхлэх чиглэлээр,
үүсгэн байгуулагч 1, 350, 932.3 мянган төгрөгийн хэмжээтэй, хугацаагүйгээр, улсын бүртгэлийн 1411003009 дугаарт, реристрийн 2053209 дугаартайгаар,
2007 оны 03 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх6/
Улмаар 2013 оны 04 сарын 30-ны өдөр тосны ургамал, тариалалт эрхлэх үйл ажиллагааг шинээр,
2013 оны 05 сарын 01-ний өдөр “ хувь нийлүүлэгчээр 1 нэмэгдэж, 0 хасагдаж, үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг тус тус бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлтийн агуулгад бүртгүүлсэн байна. /хх 6 ар тал/
Хуулийн этгээд нь эрх зүйн харилцаанд оролцож, өөрийн байгууллагаар дамжуулан эрх үүргээ хэрэгжүүлнэ. Компаний хувьд Иргэний хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу “хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд” болохын хувьд өөрийн байгууллагаараа дамжуулан эрх зүйн харилцаанд оролцох зайлшгүй шаардлагатай болдог.
Компаний үйл ажиллагаа түүний удирдлагын тогтолцоог хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага бүрдүүлнэ гэж зааснаар Мөнх Агит ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг нэхэмжлэгч Ц.Цэдэндамба хэрэгжүүлж байна.
Компаний хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг тухайн компаний дүрэмд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бөгөөд 2013 оны 04 сарын 30-ны өдөр Компаний бэлэглэлийн гэрээ байгуулан Мөнх Агит ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэдэндамба нь Г.Болормаад тус компанийн нийт хөрөнгийн 49 хувийг хариу төлбөргүй бэлэглэж, мөн өдөр компанийн дүрмийн
1 дэх заалтын 1.3-д үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрний 1 дүгээрт Ц.Цэдэндамба гэж, 2 дугаарт Г.Болормаа гэж оруулан,
дүрмийн 5 дугаарт компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 350932,3 төгрөг ба нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 35093,2 ширхэг энгийн хувьцаа байхаар,
5.2.1-т компаний хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан байдлаар хувьцааг эзэмшинэ,
1 дүгээрт Ц.Цэдэндамба гаргасан хувьцаанаас 1789,9, нэг бүрийн үнэ 100, бүгд 178975,4 төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 51 гэж,
2 дугаарт Г.Болормаа гаргасан хувьцаанаас 1719,5 нэг бүрийн үнэ 100, бүгд 171956,6 төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 49 гэж тус тус өөрчлөлт оруулж,
талууд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тухайн бүртгэл хүчин төгөлдөр болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, компаний бэлэглэлийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0007 дугаартай шийдвэр болон зохигч талуудын тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна. /хх6,7-15,18,40-51/
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан ба дээрх үйл баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд бэлэглэлийн гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсэж,
бэлэглэгч Мөнх Агит ХХК-ийн захирал Ц.Цэдэндамба нь бэлэг хүлээн авагч Г.Болормаагийн зөвшөөрснөөр тус компаний 49 хувийг шилжүүлж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
Харин бэлэглэгч Мөнх Агит ХХК-ийн захирал Ц.Цэдэндамба нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч Г.Болормааг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж үзэж бэлэглэлийг хүчингүй болгохыг шаардсан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй,
280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэж заасан байна.
Хуулийн дээрх зүйлээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх нь бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон байх, мөн бэлэн хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчид гомдсон байх нөхцөл байдал нь бэлэглэгч буюу нэхэмжлэгчийн хувь хүний үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт байдаг тул нэхэмжлэгч Мөнх Агит ХХК-ийн төлөөлөгч Ц.Цэдэндамбын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан “ би өндөр настай хүн, Г.Болормаа нь компаний эзэмшлийн газарт хувьдаа тариалалт тарьсан, компанид ашиг өгөөгүй, шинэ технологийг нэвтрүүлэхэд саад болсон мөн намайг цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, шалгуулснаар маш ихээр гомдсон” гэсэн тайлбараар нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Харин бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх нөхцөл байдал нь бэлэг хүлээн авагчийн үйл ажиллагаанаас болж бэлэглэгч гомдсон байхыг ойлгох бөгөөд энэ үйлдэл бэлэглэлийн гэрээтэй эсхүл бэлэглэгчид чиглэгдсэн үйлдэл байна гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах баримтуудаар хариуцагчийн үйлдэл тогтоогдож байна гэж үзлээ.
1. Мөнх Агьт ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2007 оны 02 сарын 20-ны өдрийн 36 тоот шийдвэрээр нийт 1254 талбайд үр тариа тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0109230 тоот гэрчилгээ авч улмаар 2016 оны 02 сарын 02-ны өдөр Жаргалант сумын газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газрын төлбөрт Ц.Цэдэндамба 3693413 төгрөгийг төлжээ. /хх20, 123,139/
Харин зохигч талуудын хооронд дээрх газрыг эзэмшиж, ашиглахтай холбоотой маргаан үүсэж, зохих албан тушаалтнуудаар шийдвэрлүүлсэн бөгөөд тэдгээрт Жаргалант сумын цагдаагийн ахмад 2016 оны 05 сарын 21-ний өдөр өргөдлийн хариу, Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Ганболд 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 01/240 дугаартай тоотоор хариу өгсөн байна. /хх141,142/
2. Энэ хугацаанд хариуцагч Г.Болормаа нь 2016 онд Мөнх Агит ХХК-ийн эзэмшлийн дээрх талбайд 2016 онд тариалалт хийж, ургац хураан авсан бөгөөд харин дээрх талбайд нэхэмжлэлд дурдсан Тэгш элдэншүүлэлтийн шинэ технологийг нэвтрүүлэх бэлтгэх ажил явуулах боломжгүй болгосон болох нь Агрокомплекс ХХК-ийн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 24 тоот, Энсада трактрон ХХК-ийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 24 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх143,144/
3. Төв аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 479 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд ...иргэн Г.Болормаагаас 2016 оны 04 сарын 25-ны өдөр гаргасан Мөнх Агит ХХК-иас эд хөрөнгө гаргуулж өгнө үү гэх гэмт хэргийн мэдээллийг шалгаад ...Төв аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мөнх Агит ХХК-ийн захирал Ц.Цэдэндамба нь хууль бус үйл ажиллагаа явуулж, Г.Болормаагийн эд зүйлийг завшсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу шалгахад Ц.Цэдэндамбын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулиар зохицуулагдах эд хөрөнгийн маргаан үүссэн гэж үзээд Г.Болормаагийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх16/
Дээрх прокурорын тогтоол болон хуулийн этгээдүүдийн баримт бичгүүдийн агуулгаас үзэхэд бэлэг хүлээн авагч Г.Болормаа нь бэлэглэгч Мөнх Агит ХХК, захирал Ц.Цэдэндамбад холбогдуулан ноцтой гомдоосон үйл ажиллагаа, үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ./хх28
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д “ бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заажээ.
Зохигч талуудын хооронд 2013 оны 04 сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан боловч бэлэглэгчийг гомдоосон үйлдэлд хариу өгсөн өдөр буюу Төв аймгийн прокурорын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 479 тоот тогтоол гарснаас хойш 1 жилийн хугацаанд 2017 оны 04 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шаардах эрхийн хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ. /хх16,138/
Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.3-д зааснаар Мөнх Агит ХХК-ийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэсэн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн Компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...энэ хэргийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 1127 дугаартай шийдвэрээр материаллаг хуулийн хэрэглэж нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргадаг.
Нэхэмжлэгч Мөнх Агит ХХК нь 2016 оны 07 сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн агуулга нь “хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай бөгөөд шүүх 1127 тоот шийдвэрээр “ Мөнх Агит ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ” холбоотой маргааныг шийдвэрлэсэн байна. /хх52-55/
Тодруулбал маргааны үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөр байх тул хэргийг хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хэлэлцсэн болно. /хх154/
Тэмдэгтийн хураамжийн тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан боловч компани бэлэглэлийн гэрээнд үнэ тодорхойгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-д үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь 140400 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэгчээс шаардлага тус бүрд төлсөн тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. /хх17,105/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.3-д тус тус зааснаар Мөнх Агит ХХК, Ц.Цэдэндамбын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Болормаад холбогдох “2013 оны 04 сарын 30-ны өдрийн Мөнх Агит ХХК-ийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэсэн Компани бэлэглэлийн гэрээ ”- г хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Болормаагаас 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мөнх Агит ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН