Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Иргэний нэхэмжлэгч Н.Т********,

Шүүгдэгч Б.Х******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********ийн Х********т холбогдох Эрүүгийн ********тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Х******** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 31- ний орой Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг "Тахилт" нэртэй газар тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а дахь хэсэгт зааснаар "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.С********ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч Б.Х******** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 31- ний орой Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг "Тахилт" нэртэй газар тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а дахь хэсэгт зааснаар "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.С********ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Х********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 28-нд Тосонцэнгэл суманд ахынхаа хадлан өвс авч дууссан. Хадлан өвсөө авч дуусаад сумын төв орсон. Сумын төв явахад аймаг явах машинааас хоцорсон байсан. Тэгээд би багийн найз Мөнхбаяраасаа мотоциклыг нь авч ахындаа буцаж очсон. Тэгээд буцаж сумын төв орж сагс тоглож байхад баярын талбай дээр хэдэн залуучууд орилолдоод байсан. Тэр залуучууд өөрсдийнхөө ууж байсан пивоноосоо уу гээд байсан. Би тэд нарын ууж байсан пивоноос уусан. Тэгээд ууж байхад Сэргэлэн гэдэг залуу намайг хоёулаа Мөрөн орчоод ирье гээд байсан. Тэгэхээр нь би үгүй үгүй согтуу хүн дэмий байх гэж хэлэхэд зүгээр ах би мотоциклд чинь бензин хийчихье гэж байсан.Бид хоёр сагсны талбайгаас хөдлөөд шатахуун түгээх станц орж мотоциклдоо бензин хийсэн. Бензиний мөнгийг Сэргэлэн өгсөн. Тэгээд би хоёр Тосонцэнгэл сумаас хөдлөөд явсан тухайн үед мотоциклыг би барьж явсан. Бид хоёр Тосонцэнгэлээс хөдлөөд Их тахилтын тушаа явж байхад дээрээс хоёр машин ирж яваа харагдсан. Тэр хоёр машины ард талын машин нь урд талын машинаа гүйцэт түрүүлж цагаан зураас давж орж ирсэн. Тэгээд би замаа дагаад явж байхад нөгөө гүйцэт түрүүлсэн Тоёота спринтир машин нь миний өөдөөс орж ирээд шууд мөргөсөн. Тухайн үед тэр машины урд талын дугуй нь хагараад миний мотоциклын зүүн тал руу мөргөчихсөн. Тэгээд шууд би мотоциклтойгоо онхолдож унасан. Тэгж унасанаасаа хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 110-112, 114-115-р хуудас/,

Хохирогч Б.С********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд Хадаа өөрийнхөө мотоциклыг бариад харин би араар нь суугаад явсан. Бид хоёрыг Мөрөн рүү хөдлөхөд гадаа харанхуй болчихсон байсан. Хадаа мотоциклынхоо гэрлийг асаагаад явж байсан. Би мотоциклын араар суугаад явж байхдаа цамцныхаа малгайг өмсөөд зүүн гараараа малгайнаасаа барьж баруун гараараа Хадаагаас тэврээд түүнийг налаад явж байсан. Тэгээд хэсэг явж байхад гэнэт хүүе хүүе гэх чимээ гарсан. Тэгэхээр нь би цочоод харахад урдаас хурц гэрэл тусаж байсан. Тэгээд гэнэт машинтай мөргөлдөөд би дээшээгээ хөөрөөд явчихсан. Тэр үед би толгойгоо гараараа хамгаалсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг нь санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь аймагт эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн хөлөнд маань гипс тавьж байсан. Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Н********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 10 цагийн үед Тариалан сумаас Мөрөн сум руу явах замын унаанд суугаад Тариалан сум руу буцаж явсан. Тосонцэнгэл сумын Их тахилтын гүүрний тэнд явж байтал машинд маань сууж явсан хүмүүс хүүе хаая гээд орилсон. Тэр үед би толгойныхоо зүүн талаар юм мөргөчих шиг болсон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Тэгээд Тосонцэнгэл сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. Намайг Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтээд байж байхад ар гэрийнхэн маань ирээд Мөрөн сум руу эмнэлэгийн машинаар зөөж авчирсан. Би эмнэлэгт нийт 4 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа дух хэсгээрээ хагалгаанд орсон. Мөн Улаанбаатар хот руу дахин эмчилгээ хийлгэхээр явсан. Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж хэвтэлгүйгээр хувиараа 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Миний бие одоо хүнд байгаа. Хол явж чадахгүй, удаан зогсож чадахгүй байгаа. Мөн тархи толгой маань байнга өвдөж байгаа. Би гомдолтой байна. одоогоор эмчилгээнд гарсан зардал болох 2 сая 500 мянга төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Т********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад Мөрөн сумаас өөрийн эзэмшлийн Тоёото Спринтер маркийн ХӨА 9128 дугаартай машинаар Тариалан сум руу гарсан. Мөрөнгөөс гараад Тосонцэнгэл орох гэж явтал урдаас мотоцикльтой хүн явж байснаа гэнэт дараад миний урдаас ирж мөргөлдсөн. Мөргөлдөх үед би түр зуур ухаан алдсан байсан. Зүүн зүг явж байсан миний машин асфальдан замаас гараад замынхаа хойд талд зогссон байсан. Тэгээд сэргэтэл манай машинд сууж явсан хүмүүс түргэн тусламж Тосонцэнгэл сум руу оруулсан. Би Машиныхаа эвдрэл гэмтлийг засуулж, янзлуулж авмаар байна. Эсхүл үнийг нь төлүүлж авмаар байна. 1,910.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Л.Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тосонцэнгэл сум орох гээд гүүр гараад явж байхад бид нарын өөдөөс мотоцикилтой хүн согтуу бололтой дайвалзаад яваад байсан. Тэгээд бид нар тэр мотоциклтой хүний хажуугаар явж байхад тэр мотоциклтой хүн шууд хажуунаас ирээд зөв талын урд хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь замаас гараад газарт буугаад зогсчихсон байсан. Тэгээд би ухаан ороод сэрэхэд машинаас маань цагаан манан гарчихсан байсан. Тэгээд машинд байсан хүмүүс бүгдээрээ бууцгаагаад байж байхад ард талд сууж явсан нэг эмэгтэй ёолоод унасан гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 Гэрч Д.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн үед Мөрөн сумаас Тариалан сум руу явах замын унаанд суусан. Тухайн үед машинд жолоочоос гадна 7 хүн сууж явсан. Хоёр нь хүүхэд бусдууд нь том хүмүүс байсан. Би тухайн үед жолоочийн ард талын суудал дээр хоёр хүүхдийн хажуу талд сууж явсан. Би Мөрөнгөөс гараад унтчихсан байсан. Намайг унтаад явж байхад машин дотор сууж явсан хүмүүс хашгиралдсан. Тэр үед би цочоод сэрэхэд машин маань замын хажуу тал руу гараад унаад зогсчихсон. Тухайн үед миний хажууд явсан Н******** гэдэг эмэгтэй ухаан алдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Уранбайгалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: унтаад явж байхад гэнэт нэг хүн "ээжээ" гэж орилох шиг болсон. Тэр үед цочоод харахад манай манай машины урд талаас мотоцикльтой хүн ирээд мөргөчихсөн тэр үед манай машин явсаар байгаад замын хажуу тал руу гараад уначихсан. Тэгээд машин зогссоны дараа машинаас буугаад харахад машины маань дугуй салаад уначихсан урд талын шил хагарчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Урансарнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ээж Н********, эгч Уранбайгаль нарынхаа хамт Мөрөнгөөс Тариалан сум руу гэр лүүгээ замын унаанд суугаад явж байсан. Тухайн үед би явахдаа унтаад явж байсан. Намайг нэг сэрэхэд машин онхолдчихсон байсан. Машин онхолдсоны дараа машинаас гарахад ээж маань машин дотор ухаангүй байдалтай байсан. Тухайн үед би аймаар айсан байсан болохоор өөр юу болсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 9-10-р хуудас/,

Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-р хуудас/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 49,62-р хуудас/,

 Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 27-28-р хуудас/, Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 29-р хуудас/, Автомашины хохирол үнэлсэн тайлан /хх-ийн 98 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 539 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.С********ийн биед зүүн хөлийн тавхай ясны 1,2,3-р хурууны шивлүүр ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 539 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Отгондоржийн Н********ийн биед духанд цус хуралт бүхий гэмтэл бүхий гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Дээрх осол гарахад Тоёота спринтер маркийн 91-28 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Т******** хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчөөгүй. Улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан жолооч Б.Х******** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-ийн а, 2.3-ийн в, 2.7-ийн а, 8.2-д заасан "мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх , "замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх. тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх", "жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол нь эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд эсрэг урсгал сөрснөөс болж гарсан. Тиймээс Б.Х********ын буруутай ажиллагаанаас болж осол гарсан. /хх[1]ийн 73-р хуудас/ дүгнэлт зэргээр Шүүгдэгч Б.Х********ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а дахь хэсэгт зааснаар "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.С********ийн бие махбодид хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч О.Н********т хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Х******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Эрүүгийн 201622000563 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 Хохирогч Б.Сэргэлэн нь шүүгдэгч Б.Х********тай эвлэрсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирогч Б.Сэргэлэнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Х********аас 976.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Т********т олгох нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч О.Н******** нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд өөрт учирсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цогнууд овогт Б********ийн Х******** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Б.Х********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Х********аас 976.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Т********т олгож, Иргэний нэхэмжлэгч О.Н******** нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х********т урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН