| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0378/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/392 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0378/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт С.Ад холбогдох эрүүгийн 2018004180425 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт С.А /РД: /, Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “...............” ХХК-нд цехийн дарга ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь “...............” ХК-ийн цехийн дарга, дулааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “...зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “...............” ХХК-ийн цехийн дарга, дулааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын үндсэн чиг үүрэг хэсэгт заасан “Компанийн нийт ажилтан, ажилчдаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврын чанд мөрдүүлэх, Аюулгүй ажиллагааны дүрмээр сургалт явуулах, өдөр, сарын зааварчилгаагаар хангах”, “...............” ХХК-ийн цехийн дарга, дулааны инженерийн хөдөлмөрийн гэрээний Ажилтны эрх, үүрэг хэсгийн 3.1-д заасан “...ажил олгогчоос тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой журам заавар, тушаал шийдвэрийг чанд сахиж биелүүлэх”, 3.2-т заасан “...ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргүүдийг бүрэн хийж гүйцэтгэн хариуцсан ажилдаа ямар нэгэн дутагдал доголдол гаргалгүй ажиллах” гэсэн заалтуудыг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус компанийн автоклавын туслах оператор ажилтай Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа автоклавын төмөр хаалгыг онгойлгох явцад хийн даралтад хүчтэй цохигдож эрүүл мэндэд нь ходоодны урагдалт, хэвлийд хоолны хэсгүүд тархсан гялтангийн хурц үрэвсэл, дэлүүний тасрал, элэг урагдалт, хурц цус алдалт, дагзанд шарх, бүсэлхий, нуруу, хэвлий, аймхай мөгөөрс, зүүн тохойнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болох нь:
Хэрэгт авагдсан:
-...17 цагийн үед автоклавыг даралтыг үзэхэд нэгдүгээр автоклавын даралт өсөөгүй тэгийг заасан байхаар нь намайг ахалж ажилладаг ***** ахаас “одоо яах вэ?” гэж асуухад “хаалганы жийргийн уурыг гаргая” гэсэн. Тэгээд нэгдүгээр автоклавын хаалганы 2 талын жийргийн уурыг гаргасан чинь уур гарахгүй байхаар нь ***** ахаас “онгойлгох уу?” гэж асуухад “онгойлго” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг онгойлгох гээд мануулыг эргүүлсэн чинь урдаас хаалга буудаад би хажуу талын хана руу шидэгдээд газарт унасан. Тухайн өдөр би ажилдаа 8 цаг 30 минутад очиход цаг бүртгэдэг байгаагүй болохоор би цагаа бүртгүүлээгүй. Бид нарыг ажилд гарахад аюулгүй ажиллагаа гэж өгдөггүй. Сард нэг удаа хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. Тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сарын сүүлээр А инженер аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан... гэх хохирогч Д.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/,
- ...намайг очиход Бгийн толгойноос цус гарсан, цээж хэсгээ 2 гараараа дарсан байдалтай эмнэлгийн түргэн тусламжийн автомашин руу эмч нар оруулж байсан. Манай байгууллагын цехийн дарга, инженер А хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилга танилцуулж гарын үзэг зуруулдаг... гэх гэрч Д.Чын мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/,
- ...нэгдүгээр автоклавын даралт тэгийг зааж байхаар нь Б бид 2 хаалганы хоёр талынх нь хий гаргагчийг зэрэг хамтдаа онгойлготол хий гарахгүй байсан. Тэгэхээр нь би Бд “хаалгаа онгойлгоё” гэж үүрэг өгсөн. Б хаалганы түгжээг эргүүлж нээхэд автоклавын төмөр хаалга хүчтэй савж нээгдээд Бг хүчтэй цохиж унагаасан... гэх гэрч Г.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 14-15/,
- ... манай байгууллагын дотоод журмаараа цехийн дарга Аы хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр нь байгууллагын ажилтнуудын өдөр, сарын зааварчилгаагаар хангах гэсэн хэсгийг оруулж тусгаж өгсөн юм. Энэ хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолттойгоо А нь танилцаж гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. А нь ажил үүргийн хуваарийн дагуу Бд зааварчилга өгөх ёстой байсан... гэх гэрч Ц.Сийн мэдүүлэг /1-р хх-ийн 175-176/,
- ...ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбоотой анхаарвал зохих зүйлсийг бичгээр танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан бол аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих журмын дагуу өгсөн гэж үздэг... гэх шинжээч С.Энхжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/,
- ...Би Бд аюулгүй ажиллагааны зааварчилга, тухайн өдөр хийж гүйцэтгэх ажлыг амаар хэлээд “манай өрөөнд очиж гарын үсэг зураарай” гэж хэлсэн. Тухайн өдөр Б нь ажилдаа хоцорч ирсэн учраас гарын үсгийг нь зуруулаагүй юм... гэх шүүгдэгч С.Аы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 189-190/,
- ...блокийн хатаалгын савнуудын ертөнцийн зүгээр зүүн захын савны хаалганд Б цохигдсоныг Г.*****аар заалгуулав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-6/,
- Хохирогч Д.Бг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлж, автоклавын туслах операторын үүрэг ажилд томилсон тухай “...............” ХК-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/39 дугаартай тушаал, “...............” ХК-ийн автоклавын операторчны ажлын байрны тодорхойлолт, Д.Бгийн хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 18-21/,
- Хохирогч Д.Бд шүүгдэгч С.А нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн тухай хяналтын хуудас /1-р хх-ийн 22/,
- “...............” ХК-ийн ажилчдын ажлын наряд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн тухай хүснэгт, зааварчилгааны дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 23-29/,
- “...............” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм /1-р хх-ийн 30-36/,
- “...............” ХК-ийн 2020 оны 6 дугаар сард зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын материал /1-р хх-ийн 38-55/,
- Компанийн ХХААБЭА-ын дүрмийн 5.2 дугаар зүйлийн 2.6, 2.11, 2.12-т заасныг, өдөр тутмын ХХАА-ны зааварчилгааны 8, 13, 14 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс шалтгаалсан осол гэж үзлээ... гэх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хх-ийн 61-62/,
- Шүүгдэгч С.Аыг цехийн дарга, дулаан сангийн инженерийн ажилд томилсон тухай “...............” ХК-ийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/02 дугаартай тушаал, “...............” ХК-ийн цехийн дарга, дулааны инженерийн ажлын байрны тодорхойлолт, С.Аы хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 63-64, 86-87/,
- “...............” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар /1-р хх-ийн 67-75/,
- ...ослын шалтгаан нь компанийн ХХААБЭА-ын дүрмийн 5.2 дугаар зүйлийн 2.6, 2.11, 2.12-т заасныг, өдөр тутмын ХХАА-ны зааварчилгааны 8, 13, 14 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс үүссэн... гэх “...............” ХК-ийн техникийн комиссын хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 79/,
- “...............” ХК-ийн Автоклавын технологийн заавар, аюулгүй ажиллагааны дүрэм /1-р хх-ийн 125-132/,
- Д.Бгийн дагз хэсгээр 2.5 сантиметр шархтай, цээж, хэвлий, нуруугаар зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 140-141/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 640 дугаартай “Д.Бгийн биед ходоодны урагдалт, хэвлийд хоолны хэсгүүд тархсан гялтангийн хурц үрэвсэл, дэлүүний тасрал, элэг урагдалт, хурц цус алдалт, дагзанд шарх, бүсэлхий, нуруу, хэвлий, аймхай мөгөөрс, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 143/,
- Шинжээч С.Энхжингийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 19/2020/05 дугаартай “...Осол болох үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт зөрчигдсөн. С.А нь “...............” ХК-ийн цехийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “Аюулгүй ажиллагааны дүрмээр сургалт явуулах, өдөр сарын зааварчилгаагаар хангах” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд өртсөн тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 147-148/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн биед ходоодны урагдалт, хэвлийд хоолны хэсгүүд тархсан гялтангийн хурц үрэвсэл, дэлүүний тасрал, элэг урагдалт, хурц цус алдалт, дагзанд шарх, бүсэлхий, нуруу, хэвлий, аймхай мөгөөрс, зүүн тохойнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч С.А, хохирогч Д.Б нарын эвлэрсэн тухай баталгаа /1-р хх-ийн 226-227/, “...............” ХК-ийн захирал Ц.Содбилэг болон хохирогч Д.Б нарын эвлэрлийн гэрээ /1-р хх-ийн 228-229/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч С.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “...зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “...............” ХХК-ийн цехийн дарга, дулааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын үндсэн чиг үүрэг хэсэгт заасан “Компанийн нийт ажилтан, ажилчдаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврын чанд мөрдүүлэх, Аюулгүй ажиллагааны дүрмээр сургалт явуулах, өдөр, сарын зааварчилгаагаар хангах”, “...............” ХХК-ийн цехийн дарга, дулааны инженерийн хөдөлмөрийн гэрээний Ажилтны эрх, үүрэг хэсгийн 3.1-д заасан “...ажил олгогчоос тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой журам заавар, тушаал шийдвэрийг чанд сахиж биелүүлэх”, 3.2-т заасан “...ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргүүдийг бүрэн хийж гүйцэтгэн хариуцсан ажилдаа ямар нэгэн дутагдал доголдол гаргалгүй ажиллах” гэсэн заалтуудыг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус компанийн автоклавын туслах оператор ажилтай Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа автоклавын төмөр хаалгыг онгойлгох явцад хийн даралтад хүчтэй цохигдож эрүүл мэндэд нь ходоодны урагдалт, хэвлийд хоолны хэсгүүд тархсан гялтангийн хурц үрэвсэл, дэлүүний тасрал, элэг урагдалт, хурц цус алдалт, дагзанд шарх, бүсэлхий, нуруу, хэвлий, аймхай мөгөөрс, зүүн тохойнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.А нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 2, өндөр насны тэтгэвэрт гарсан боловч “...............” ХК-нд цехийн дарга ажилтай зэрэг хувийн байдал нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1892 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 192/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 196/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 199-204/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 218/, гэрлэгсдийн баталгаа /1-р хх-ийн 219/ зэргээр нотлогдож байх ба түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Ад 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрхэлсэн ажилтан, инженерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Аы тэтгэврийн хэмжээ, цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 900.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрхэлсэн ажилтан, инженерээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ад оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлсэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР