| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00690/и |
| Дугаар | 732 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 732
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00732 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг 2 дугаар хороо 2-147 тоотод оршин суух чонос овгийн Дашийн Бямбаа /НФ61010219/ -ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бямбаа, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа... Миний бие нь Тээврийн яамны харъяа Зорчигч тээврийн үйлчилгээний төвийн Эрдэнэсант дах Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 1983 оноос 1996 он хүртэл үйлчлэгч, диспетчерээр ажиллаж байсан. Миний бие бөөрний дутагдал өвчний улмаас хөдөлмөр эрхлэлтийн чадвар алдалтын 60 хувиар группт орсон, одоо 80 хувийн группт байдаг. Долоо хоногт 3 удаа аппаратанд ордог. Дээрх хугацаанд ажиллаж байсныг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.
Д.Бямбаагийн Тээврийн яамны харьяа Зорчгч тэээврийн үйлчилгээний төвийн Төв аймгийн Эрдэнэсант суман дахь Авто тээврийн хянан шалгах товчоонд 1983 оноос 1996 он хүртэл диспечирээр ажиллаж байсныг нотлох тухайн үеийн холбогдох тушаал буюу ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд мөн цалингийн баримтууд өөрт нь болон Архивын газарт хадгалагдаагүй, олдохгүй байгаа болох нь Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 03-2/1064 тоот лавлагаа, Нийслэлийн авхивын газрын 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 04-129 тоот лавлагаа, Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 657 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа боловч түүний ажиллаж байсан байдлыг дараах нотлох баримтуудаар тогтоох нь зүйтэй байна.
Дашийн Бямбаа нь Тээврийн яамны харьяа Зорчгч тээврийн үйлчилгээний төвийн Төв аймгийн Эрдэнэсант суман дахь Авто тээврийн хянан шалгах товчоонд 1983 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 02 сарын 09 хүртэл үйлчлэгчээр,
Тээврийн биржийн харъяа Эрдэнэсант дахь тээвэрчдэд үйлчлэх төвд 1993 оны 02 сарын 09-ноос 1993 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд диспетчерээр тус тус ажиллаж байсан болох нь Тээврийн яамны харьяа Зорчигч тээврийн үйлчилгээний төвийн даргын 1983 оны 10 сарын 10-ны өдрийн 84 тоот ажилд түр авах, шилжүүлэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 3 дугаарт ...мөн сумын харъяат Д.Бямбааг ууг товчоонд үйлчлэгчээр 10 сарын 01-нээс тус тус ажиллуулсугай,
Тээврийн биржийн захирлын 1993 оны 02 сарын 09-ний өдрийн 12 тоот шагнал, тэтгэмж, сэлбэг материал үнийг олгох тухай тушаал, тушаалын хавсралтын 5 дугаарт...Д.Бямбаа, диспетчер, 500 төгрөг гэж тус тус бичигдсэнээр,
Зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс 1985 оны 07 сарын 17-ны өдөр Д.Бямбаад олгосон Баярын бичиг, Төв аймгийн Эрдэнэсант сумын үйлдвэрчиний эвлэлийн зөвлөлөөс 1976 оны 12 сарын 31-ний өдөр олгосон Талархал, Засвар үйлчилгээний станцаас 1990 оны 04 сарын 22-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх,Тээврийн биржийн захиргаанаас 1993 оны 02 сарын 16-ны өдөр Д.Бямбаад олгосон Баярын бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чонос овгийн Дашийн Бямбаа /НФ61010219/-ийн
Тээврийн яамны харьяа Зорчигч тээврийн үйлчилгээний төвийн Төв аймгийн Эрдэнэсант суман дахь Авто тээврийн хянан шалгах товчоонд 1983 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 02 сарын 09 хүртэл үйлчлэгчээр,
Тээврийн биржийн харъяа Эрдэнэсант дахь тээвэрчдэд үйлчлэх төвд 1993 оны 02 сарын 09-ноос 1993 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд диспетчерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН