Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1444

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00896 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Грандлайн” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний дагуу 6 858 000 төгрөг гаргуулах, Р.Дуламсүрэнгийн өмчлөлийн газрын нөхөн төлбөрийг харилцан тохиролцсон гэрээ байгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ганбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Грандлайн” ХХК-тай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 87 тоот гэрээ”, мөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Түр оршин суух хугацаан дахь ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай ГХ/12 гэрээ”, уг өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт ГХДТ 2013/7/015 гэрээ”-г тус тус байгуулж, үүргийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 10-ны дотор хаяг бүхий өмчлөлийн газар, амьдарч байсан байшингаа чөлөөлж холбогдох бичиг баримтыг эх хувиар нь хүлээлгэн өгсөн. ГХ/12 тоот гэрээнд зааснаар “Грандлайн” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 10-наас 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлж, үүнээс хойш өнөөг хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй. Миний бие өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөрийг өөрийн цалингаас төлсөн. “Грандлайн” ХХК түрээсийн төлбөрийг өгнө гэдэг ч төлөөгүй, цаашид би түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон тул 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 6 858 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Дээрх компанитай гэрээ байгуулах явцад Баянзүрх дүүргийн 12 хороо, Жанжины 21-414а тоот хаягтай, №000281313 дугаарын гэрчилгээтэй, Г-2204022084 улсын бүртгэлийн дугаарт газар өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул газар дээрх барилгыг үнэлэн тохирч гэрээнд тусгасан бөгөөд харин 458 м.кв газрын тухай дурдаагүй. Энэ газрын гэрчилгээг 2014 оны 06 дугаар сарын 20-нд Засаг даргаас зохих журмаар гаргуулан авч гэрээ байгуулах саналыг “Грандлайн” ХХК-д удаа дараа илэрхийлсэн ч өнөөг хүртэл гэрээ байгуулаагүй. Энэ байдлаар гэр бүлийн хүний газар өмчлөх эрх, түүний халдашгүй байх эрх зөрчигдөж байх тул хариуцагчид иргэн Р.Дуламсүрэнгийн өмчлөлийн газрын нөхөн төлбөрийг харилцан тохиролцон гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнүүдийг байгуулсанд маргахгүй. ГХ/12 дугаар гэрээ нь ажлын байр түрээслэх гэрээ гэж байгаа, хэлцлийн 4.3 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь байр түрээслэж байгаа талаар баримтгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, н.Дуламсүрэнтэй гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Грандлайн” ХХК-иас гэрээний үүрэгт 6 858 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагаас Р.Дуламсүрэнгийн өмчлөлийн газрын нөхөн төлбөрийг харилцан тохиролцон гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 139 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг орлогоос гаргуулж, Б.Гантөмөрт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо “...”Түр оршин суух хугацаан дахь ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ”-ний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сраын түрээсийн төлбөр 450 000 төгрөг хүртэл байхаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь сарын 450 000 төгрөгийн төлбөртэй орон сууц түрээслэж байгаагаа нотлохгүйгээр үндэслэлгүйгээр тус гэрээнд заасан дээд хэмжээгээр буюу сарын 450 000 төгрөгөөр нийт 12 сарын төлбөрт 5 400 000 төгрөг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь хариуцагч “Грандлайн” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 1 458 000 төгрөгийг шүүхээс хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “гэрээний үүргээ гүйцэтгээгүй хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж үзэх бөгөөд хуулийн энэхүү заалтын дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох учиртай. Гэтэл “Түр оршин суух хугацаан дахь ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ”-ний 4.3 дахь хэсэгт “Талууд дээрх үүргээ биелүүлэлгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд нөгөө тал хожимдуулсан хоног тутамд алданги төлөх ба алдангийн хэмжээ нь энэхүү гэрээнд заасан 6 сарын төлбөрийн 0.3 хувьтай тэнцүү байна” гэж алдангийг гүйцэтгээгүй үүргийн бус гэрээнд заасан 6 сарын төлбөрийн дүнгээс тооцсон нь хууль зөрчсөн байна.

Энэ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Гэрээний алданги тогтоосон уг заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул нэхэмжлэгчид уг хэлцлийн алдангийг шаардах эрх үүсээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь хариуцагч “Грандлайн” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу түрээсийн төлбөрт 4 050 000 төгрөг гаргуулах, Р.Дуламсүрэнгийн өмчлөлийн газрын нөхөн төлбөрийг харилцан тохиролцон гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 6 858 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ГХ/12 гэрээний дагуу түрээсийн төлбөр 5 400 000 төгрөг, 6 сарын хугацааны 0.3 хувийн алданги 1 458 000 төгрөг, нийт 6 858 000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь гэрээ нь ажлын байр түрээслэх гэж байгаа, хэлцлийн 4.3 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, байр түрээсэлж байгаа талаар баримтгүй, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, Р.Дуламсүрэнтэй гэрээний харилцаа үүсээгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 87 тоот гэрээ”, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Түр оршин суух хугацаан дахь ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай” ГХ/12 гэрээ болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт ГХДТ 2013/7/015 гэрээг тус тус байгуулж, газар, байшинг чөлөөлж холбогдох бичиг баримтыг эх хувиар нь хүлээлгэн өгсөн, энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх 2-5, 9-10, 11-14/

           

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үндсэн шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл түрээсийн зүйлээс үр шим хүртэх, ашиг орлого олох, аж ахуйн зорилгоор ашиглах гэсэн үндсэн шинжүүд нь дээрх хэлцлийн агуулгад хамаарахгүй байх тул уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

            Талуудын хооронд байгуулагдсан ГХ/12 тоот гэрээний 2-т нэг сарын төлбөрийг 450 000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохирч, компани нь түрээсийн 6 сарын төлбөр болох 2 700 000 төгрөгийг олгох, эхний 6 сарын хугацаа дууссан даруйд дараагийн 6 сарын төлбөрийг олгохоор тохиролцсон, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг биелүүлж байсан үйл баримт тогтоогдож байх тул зохигчид дээрх хэлцлээр харилцан үүрэг хүлээсэн байна.

 

            Гэрээний нэг тал нь тодорхой хугацаанд газрыг чөлөөлж өгч, нөгөө тал нь гэрээний хугацаанд заасан төлбөрийг төлөх, төлбөрийн хэмжээг нэг сарын 450 000 төгрөгрөөр тогтоосон, уг төлбөрийг төлөх үүрэг 6 сараар тодорхойлогдож байгаа учраас 6 сарын төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын талаарх хэлцлийн агуулгад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүх 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацааны түрээсийн төлбөрт /12 х 450 000/ нийт 5 400 000 төгрөг, түрээсийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй тул энэ хугацааны алдангийг 0.3 хувиар тооцож, /2 700 000 төгрөгийн 0.3 хувь 8 100 төгрөгийг 180 хоног/ 1 458 000 төгрөг, нийт 6 858 000 төгрөгийг хариуцагч “Грандлайн” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд Р.Дуламсүрэнгээс Б.Гантөмөрт олгосон итгэмжлэлээр гэр хорооллын дахин төлөлвлөлтийн маргаан болон түрээсийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт оролцох эрхийг олгосон байх бөгөөд шүүх газрын нөхөн төлбөрийг харилцан тохиролцон гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргах эрхийг Ш.Гантөмөрт олгоогүй байна гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Грандлайн” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН