Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 88

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллаг: Н.Цогтбаяр 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал   
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзад овогт Даваагийн Нямсүрэнд холбогдох эрүүгийн 201603000193 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Өвөр Жанчивлан гэх газарт хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Халзад овогт Даваагийн Нямсүрэн /РД:ДГ94030317/

Шүүгдэгч Даваа овогтой Нямсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг, Тэрхийн хөндий гэх газарт 14-72 УНЭ улсын дугаартай Тоёота Рактис маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.1.А дахь хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгслийн жолоодно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн М.Батчимэг нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Эрүүгийн 201603000193 дугаартай хэргээс:
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбатын: “...би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би талийгаач Батчимэгийн төрсөн аав нь харин Нямсүрэнгийн хадам аав нь байгаа юм. Тиймээс төрөл садангийн холбоотой. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл ямар нэгэн зүйл байхгүй. Би охин Батчимэг, хүргэн Нямсүрэн, эхнэр Одонхүү нарын хамтаар Төв аймгаас Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат сумын нутагт 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн орчимд явж байгаад зам тээврийн осолд орсон. Бид нар 14-72 УНЭ улсын дугаартай тоёота рактикс маркийн автомашинтай асфальтан хучилттай зам дээр явж байгаад осолдсон. Тэгээд манай охин Батчимаг нас барсан, манай хүргэн Нямсүрэнгийн гар нь хугарсан. Харин манай эхнэр Одонхүү бид хоёр гэмтэж бэртээгүй. Ийм л зүйл болсон. Автомашиныг манай хүргэн Нямсүрэн жолоодож явсан. Осол болох үед жолоочийн хажуу талын суудалд би суучихсан, жолоочийн харалдаа ар талын суудалд буюу баруун хойд суудалд талийгаач охин Батчимэг маань сууж явсан. Харин зүүн хойд суудалд манай эхнэр Одонхүү сууж явсан. Миний багцаагаар 60-70 км цагийн хурдтай явж байсан. Замын эсрэг урсгал руу хүчтэй дартал дайвалзаад ирсэн. Тэгээд буцааж дараад л жолооч автомашин онхолдчихсон байсан. Тэгээд автомашинаас буугаад ирэхэд манай охин машинаас шидэгдчихсэн замын голд байсан. Намайг очиход ухаан алдчихсан, ам хамраараа маш их цус алдаж байсан. Тэгээд нэг жийп зогсохоор нь эхнэр Одонхүүгээ тухайн машинд суулгаж явуулаад Цахир сумын эмч, цагдаа нарыг авч ирүүлсэн. Энэ хугацаанд Увс аймаг явж байсан жижиг тэргийг зогсоогоод машинаа босгоод замын урд захын хөвөөн дээр нь гаргаж зам чөлөөлсөн жийп бид нарын урдаас эмч, цагдаа хоёрыг аваад ирсэн ба эмч нөгөө жижиг тэргэнд суугаад манай талийгаач охиныг үзээд анхны тусламжийг үзүүлсэн. 2 өөр тариа хийсэн ба нас барчихсан байна гэж надад хэлсэн. Том жийп байсан. Би сандраад ямар хүмүүс явж байсан эсэхийг нь анзаараагүй ба автомашиных нь дугаарыг ч анзаараагүй. Харин сүүлийн ирдэг жижиг тэрэг нь Увсын хүмүүс байсан. Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн нутаг гэсэн. Би яг газрынх нь нэрийг мэдэхгүй байна. Нямсүрэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Энэ автомашиныг манай эхнэр Одонхүү бид хоёр талийгаач Батчимэгт Бадамдорж гэх хүнээс 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр 5.000.000 төгрөгөөр авч өгсөн. Гэхдээ тухайн үедээ автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй. Учир нь автомашины эзэн нь Бээжинд байгаа гэж байсан. Би жирийн малчин хүн учраас үүнийг мэдээгүй. Үүнийг би цагдаагаас сонслоо. Дээрх автомашиныг Бадамдорж, Адилпүрэв гэх хүнээс өрөндөө авсан гэсэн. Энэ асуудлаа шийдэх байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүргэн Нямсүрэн зам тээврийн осол санаатай гаргаагүй. Бид нар бүгдээрээ цуг явж байгаад ийм асуудал болсныг харсан учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-40-41х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Отгонбаярын: “...би өөрийн уншиж танилцсан гэрчийн эрх, үүргийг ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би талийгаач Батчимэг, Мөнхбат, Нямсүрэн нарыг танигүй. Тиймээс төрөл садангийн холбоо байхгүй. Би ослын улмаас хүний амь нас эрсэдсэн талаар мэднэ. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр голын захаар малын сэг зэм цэвэрлэж яваад цагдаа нараас зам тээврийн осол болсон талаар мэдсэн. Нэг эмэгтэй хүн нас барсан гэж байсан. Жижиг саарал тэрэг осолдсон байсан. Би яг тулж очоогүй, зайнаас харсан учраас хэргийн газар ямар байсан талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн зам тээврийн осол болсон газар Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Тэрхийн хөндий гэх газар юм...” гэх мэдүүлэг /хх-43х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Жавхлантөгсийн: “...би Нямсүрэн, Мөнхбат нарыг Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутагт зам тээврийн осолд орсон гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би зам тээврийн осол гарсан талаар мэднэ. 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Цахир сумын цагдаагийн байранд 02 цаг өнгөрч байхад Ланд круйзер 200 маркийн автомашинтай 1 эмэгтэй, 1 эрэгтэй хоёр хүн ирсэн ба надад хандаж зам тээврийн осол болчихлоо хүний бие муу байна гэсэн. Би эмч Байгалмаагийнд тухайн хүмүүстэй хамт явж очсон ба Байгалмаа эмчийг гэрээс нь аваад осол болсон газар руу очиж явтал зам тээврийн осолд орсон хүмүүс урдаас Увс аймаг руу явж байсан жижиг тэргэнд суугаад хүрээд ирсэн ба Байгалмаа эмч ухаангүй байсан эмэгтэйн биеийг үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. Түүнийг нас барсан талаар нь ар гэрийнхэнд нь бигтий хэлээрэй гэж байсан. Тэгээд бид нар буцаад Цахир сумын төв орж зам тээврийн осолд орсон хүмүүсийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Би буцаад ослын газар ирсэн. Ийм л зүйл болсон. Эмэгтэй нь нас барсан эмэгтэйн төрсөн ээж байсан. Эрэгтэй нь тухайн автомашины жолооч байсан ба баруун аймаг руу л ажилтай явж байгаа гэж байсан. Би тухайн хүнийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй. Тухайн үед сандраад автомашиных нь дугаарыг харж амжаагүй. Нэг эмэгтэй хүн ухаангүй байсан ба эмч түүнийг нас барсан байна гэсэн. Машин жолоодож явсан гэх залуугийн баруун гэр нь гэмтсэн байх шиг байсан. Бусад хоёр хүн нь зүгээр байсан. Мөнхбат гуай надад хэлэхдээ манай хүргэн Нямсүрэн автомашиныг жолоодож яваад онхолдуулсан гэж байсан. Ямар ч байсан Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутагт зам тээврийн осол болсон. Яг ямар нэртэй газар гэдгийг нь мэдэхгүй. Автомашин нь 4 дугуйн дээрээ асфальтан замын урд захад зүүн хойшоо харсан байдалтай байсан. Уг автомашин нь эсрэг урсгалдаа гуйвсан байдалтай нилээн явж байгаад унасан байсан. Би Мөнхбат, Нямсүрэн нараас та нар аль зүгт явж байсан бэ гэхэд зүүнээсээ баруун тийшээ явж байсан гэж хэлсэн. Мөн автомашины шилнүүд хагарсан, дээвэр нь хонхойсон байдалтай байсан. Тухайн автомашиныг замын голд хажуу талаараа онхолдсон байсныг Увс аймаг явж байсан 3 залуу осолд орсон хүмүүстэй хамт босгож замын хажуу хөвөө рүү гаргасан талаараа ярьсан. Архи үнэртэхгүй байсан. Би Нямсүрэнг эмнэлэг дээр очих үед нь цусыг нь авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-45-46х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Хасгаагийн: “...би найз Баярхүү, Бат-Эрдэнэ нарын хамтаар 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат, Цахир сумдын дунд шөнийн 03 цагийн үед явж байтал зам дээр мөнгөлөг саарал өнгийн суудлын тэрэг онхолдчихсон байсан. Буугаад очиход 3 хүн байсан. Нэг эмэгтэй хүн ухаангүй байсан ба түүнийг аав нь гэх настай хүн түүнийг дээлээр ороогоод толгойг нь хөл дээрээ тавьчихсан сууж байсан. Мөн ухаангүй байгаа эмэгтэйн нөхөр гэх залуу байсан. Тухайн эмэгтэйн бие маш муу байсан. Бага зэрэг амьсгаатай л байсан. Харин түүний нөхөр гэх залуугийн баруун гар гэмтсэн бололтой байсан ба бид нараас тусламж хүссэн. Тэгээд бид нар онхолдсон байсан машиныг босгоод замын урд тал руу шороон хөвөөн дээр нь гаргасан. Дахин осол болохоос урьдчилан сэргийлсэн юм. Тухайн машин замын голд зүүн талаараа хажуулдаж, зүүн хойшоо хараад онхолдсон байсан. Хамаг шил цонхнууд нь хагархай байсан. Тэгээд бид нар тухайн хүмүүсийг машиндаа суулгаад хөдөлтөл урдаас нэг машин гэрлээрээ дохиод байсан ба зогстол Ланд круйзер 200 маркийн автомашин дотроос ухаангүй байсан эмэгтэйн ээж, Цахир сумын эмч, цагдаа нар бууж ирээд эмч түүнийг үзээд 2 тариа хийсэн. Нэг тариа нь лав миний санаж байгаагаар зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа гэсэн. Эмч түүний зүрхний цохилт болон амьсгалтай байгаа эсэхийг нь үзээд биеийн байдал нь хүнд хэцүү байна гэж байсан. Тэгээд түүнийг эмнэлэгт хүргэж ирчихээд бид гурав сумын цагдаагийн хамтаар хэргийн газар буцаж очиж хоносон. Төв аймгаас Увс аймаг руу явж байгаа талаараа ухаангүй байгаа эмэгтэйн аав хэлсэн. Аав нь сүүлд эмнэлэг дээр ирснийхээ дараа манай хүргэн барьж явсан гэж байсан. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх гэж бодож байна. Надад үнэртээгүй, юу ч мэдэгдээгүй. Ланд круйзер 200 маркийн автомашины жолооч цайвар царайтай, махлаг, нүдний шилтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-47-48х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Баярхүүгийн: “...Би мэдүүлэг өгнө. Би зам тээврийн осолд орсон хүмүүсийг танихгүй. Би өөрийн найз Хасгаа, Бат-Эрдэнэ нарын хамтаар 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат сумын нутагт шөнийн 03 цагийн үед явж байтал зам дээр мөнгөлөг саарал өнгийн суудлын тэрэг зүүн талаар хажуулдаж зүүн хойшоо харсан байрлалтай замын голд унасан байсан. Бид нар буугаад очтол нэг эмэгтэй хүн ухаангүй байсан ба түүнийг аав нь гэх хүн дээлэнд ороогоод тэвэрчихсэн байдалтай, нэг залуу хажууд нь зогсож байсан. Нийт 3 хүн байсан ба ухаангүй байсан эмэгтэйн ээж Цахир сум руу замын унаанд суугаад эмч дуудахаар явсан гэж байсан. Тэгээд бид гурав унасан автомашиныг босгоод замын ертөнцийн зүгээр урд зах руу нь түрж гаргачихаад тухайн хүмүүсийг суулгаад Цахир сумын эмнэлэг рүү хөдөлтөл Ланд круйзер 200 маркийн автомашин гэрлээрээ дохиод байхаар нь зогстол Цахир сумын цагдаа, эмч, ухаангүй байсан эмэгтэйн ээж зэрэг хүмүүс бууж ирсэн ба эмч ухаангүй байсан эмэгтэйг үзэхээр манай машинд суусан. Тэгээд сумын эмнэлэгт хүргэж ирчихээд буцаад Цахир сумын цагдаагийн хамтаар бид нар хэргийн газар очоод хоносон. Бид нарыг осолд орсон хүмүүстэй таарах үед ухаангүй байсан эмэгтэйн амьсгал нь маш сул муу байсан. Ер нь түүний бие маш муу байх шиг байсан. Мөн ухаангүй байсан эмэгтэйн нөхөр гэх залуугийн баруун гар нь гэмтсэн байдалтай байсан. Түүний аав, ээжийнх нь бие зүгээр байх шиг байсан. Төв аймгаас Увс аймаг руу явж байгаа талаараа манай хоёр найзад хэлсэн байсан. Ланд круйзер 200 маркийн автомашины жолооч махлаг биетэй залуу байсан. Хаашаа явж байгаа, хаана амьдардаг талаар мэдэхгүй. Би энэ талаар нь асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-49-50х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Бат-Эрдэнийн: “...надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би осолд орсон хүмүүсийн хэнийг ч танихгүй. Би найз Хасгаа, Баярхүү нарын хамтаар 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат сумын төв өнгөрөөд нилээн холдоод явж байтал зам дээр машин онхолдсон байсан. Тухайн автомашин яг замын гол хэсэгт зүүн талаар хажуулдаад зүүн хойд зүг рүү хоншоороо харуулчихсан байсан. Бид нарыг буугаад очиход 3 хүн байсан. Үүнээс нэг эмэгтэй 2 эрэгтэй хүн байсан. Нэг залуугийн баруун гар нь гэмтсэн байдалтай байсан. Харин нөгөө ахимаг насны ах нь зүгээр байсан. Нэг эмэгтэй нь ухаангүй байсан. Түүнийг ахимаг насны ах дээлээр өлгийдөөд толгойг нь өвөр дээрээ тавьчихсан байсан. Тэгээд гараа гэмтээсэн залуу бид нарт хандаж эмнэлгийн байгууллагад хүргэж өгөхийг гуйсан. Бид нар тухайн онхолдсон машиныг босгоод замын урд захын хөвөөн дээр нь түрж гаргачихаад нөгөө гурван хүнийг суулгаад хөдөлтөл нэг жийп урдаас гэрлээрээ дохихоор нь зогссон. Тухайн машин дотроос Цахир сумын цагдаа, эмч нөгөө эмэгтэйн ээж нь гэх ахимагдуу насны эгч зэрэг хүмүүс бууж ирсэн. Эмч нөгөө эмэгтэйг үзээд тариа хийгээд байсан. Амьсгал болон зүрхний цохилт нь мэдэгдэх Цахир сумын эмнэлэгт хүргэж өгчихөөд сумын цагдаатай нь хамт хэргийн газар буцаж ирж хоносон. Ийм л зүйл болсон. Зүүнээсээ баруун тийш явж байсан гэсэн. Увсын хүмүүс гэсэн. Гараа гэмтээсэн залуу  нь барьж явсан гэж байсан. Үүнийг ахимаг насны ах ярьж байсан. Жийпний жолооч махлагдуу, нүдний шилтэй залуухан хүн байсан. Ойролцоогоор 40 орчим насны хүн шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-51-52х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Байгалмаагийн: “...Би зам тээврийн осолд орсон хүмүүсийг угаасаа танихгүй. Тийм учраас төрөл садангийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд дуудлагын ээлжтэй байсан. Гэтэл 04-05-нд шилжих шөнө манай гэрт ойролцоогоор 02-03 цагийн хооронд манай сумын цагдаагийн хамтаар нэг эмэгтэй хүн, машины жолооч зэрэг 3 хүн ирсэн. Тэгээд надад хандаж автомашин онхолдлоо нэг хүний бие маш муу байна гэсний дагуу эм тариа багаж хэрэгслээ аваад машинд суусан. Гэтэл Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн баруун талд явж байтал нэг машин урдаас гараад ирэхээр нь зогсоотол бие нь муу байгаа хүнийг нэг машин аваад явж байсан ба би тухайн машинд нь буугаад даралт нь тодорхойлогдохгүй, өөрөөр хэлбэл ямар ч даралтгүй байсан. Шууны захын судсыг дарж үзэхэд судасны цохилт мэдрэгдэхгүй байсан. Нүүр ам болон хувцас нь бөөн цус болчихсон байсан. Түүнийг аав нь дээлэнд ороогоод тэврээд суучихсан байсан. Мөн баруун дагз хэсэгт дарангуут шажигнаад байсан. Цөмөрчихсөн байсан. Зүүн нүдний зовхийг нээж үзэхэд гэрэлд хариу урвал өгөхгүй байсан. Бүх бие нь маш хүйтэн байсан. Би түүнд цус тогтоох тариа болон зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа хийсэн. Зүрхийг нь массажилсан. Их биед гэмтэлгүй байсан ба толгойдоо л маш хүнд гэмтэлтэй байсан. Намайг очих үед бол бараг л нас барчихсан байсан. Би шууд энэ талаар нь ээж, аавд нь хэлээгүй. Харин маш хүнд байна, найдвар муу байна гэж хэлсэн. Хэргийн газар очих гэж явтал өөр машинтай урдаас хүрээд ирсэн. Жийп машины жолоочийг хэн гэдгийг нь би мэдэхгүй. Харин манайд ирэхдээ сумын цагдаа болон талийгаачийн ээжтэй хамт ирсэн. Тухайн хүн манай нутгийн хүн биш. Би түүнээс хэн болохыг нь асуугаагүй. Тухайн хүн явуулын хүн тус болж явна гэж байсан. Автомашин жолоодож явсан залуугийн баруун гар нь гэмтчихсэн байсан. Аав, ээж нь гэмтээгүй зүгээр байсан. Надад бэртэж гэмтлээ гэж хэлээгүй. Машины жолооч залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх гэж бодож байна. бүгдэнгээс нь үнэртэхгүй байна лээ...” гэх мэдүүлэг /хх-53-54х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Амгалангийн: “...Адилпүрэвийг танина. Бусдыг нь танихгүй. Адилпүрэвтэй гэр бүлийн харилцаатай. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өөрийн эзэмшлийн тоёота рактикс маркийн 14-72 УБЭ улсын дугаартай автомашиныг 2016 оны 02 дугаар сарын 10-дын үеэр “Та глобал финанс” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн барьцаанд 3 сарын хугацаатайгаар 7 хувийн хүүтэйгээр барьцаалсан. Би өөрийн автомашиныг тухайн байгууллагын нэр дээр нь шилжүүлж өгсөн байгаа. Би үндсэн зээлдэгчээр манай нөхөр Адилпүрэв хамтран зээлдэгчээр оролцсон. Тэгээд одоог хүртэл тухайн байгууллагад үндсэн зээл болон зээлийн хүүнд мөнгө өгөөгүй. Манай нөхөр Адилпүрэв энэ талаар мэднэ. Тухайн автомашиныг Адилпүрэв, Бадамдорж гэдэг хүнд хувийн шалтгаанаар өгсөн гэсэн. Би Бадамдоржид хэзээ шилжүүлсэн талаар мэдэхгүй. “Та Глобал Финанс” ХХК-д дээрх автомашиныг барьцаанд тавихдаа бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэхгүй гэж гэрээ байгуулсан талаар мэдээгүй. Гэрээнд тухайн заалт байсныг сүүлд мэдсэн. Миний автомашиныг Адилпүрэв гражид тавиулсан л гэж хэлсэн. Тухайн автомашин миний нэр дээр байсан ба манай гэр бүлийн дундын өмч байсан. Тийм болохоор Адилпүрэвээс автомашинаа яасан талаар нь сайн лавлаж асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-56х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Адилпүрэвийн: “...би Бадамдорж, Цогтхүү, Амгалан нарыг танина. Цогтхүүтэй намайг Бадамдорж танилцуулсан. Мөнхбат, Нямсүрэн талийгаач Батчимэг нарыг танихгүй. Дээрх хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. Амгалантай гэр бүлийн харилцаатай. Би 2016 оны 02 дугаар сарын 10-дын үеэр шиг санагдаж байна өөрийн эхнэр Амгалангийн эзэмшилд байх 14-72 УБЭ улсын дугаартай тоёота рактикс маркийн автомашиныг “Та Глобал финанс” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн барьцаанд 3 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүүтэйгээр барьцаалсан юм. Би энэхүү зээлийг авахад үндсэн зээлдэгчээр манай эхнэр Амгалан, харин хамтран зээлдэгчээр би оролцсон юм. Тухайн барьцаалан зээлдэгч байгууллага нь манай эхнэр Амгалангийн автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ бид хоёр тухайн автомашиныг унаж ашиглаж байсан. Би одоогийн байдлаар үндсэн зээл болон хүү төлөөгүй байна. Би 14-72 УБЭ улсын дугаартай автомашиныг хувийн шугамаар Бадамдоржид өгсөн. Би Бададмдоржид тухайн автомашиныг явдаг ломбарданд тавьсан байгаа, би мөнгө төгрөгөө төлөөгүй байгаа, мөнгө төгрөгөө төлж авсаны дараа чи өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав гэж хэлсэн. Бадамдорж надад хандаж би энэ автомашиныг хөдөлгөхгүй. Ажил дуустал гражид хийнэ гэж хэлсэн. Гэтэл Бадамдорж бусдад зарсан байна лээ. Би тухайн гэрээг тухайн үедээ сайн уншаж чадаагүй. Бүр сүүлд нь мэдсэн. Бадамдорж надад энэ талаараа хэлээгүй. Би сүүлд нь цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-59-60х/
    
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Бадамдоржийн: “...Би дээрх хүмүүсийг бүгдийг нь танина. Олон жилийн өмнөөс хамт нэг дор амьдарч байсан. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 14-72 УБЭ улсын дугаартай автомашиныг Адилпүрэв гэдэг хүнээс нийслэлийн прокурор Цогтхүү 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн ажлын хөлсөнд бодож авсан. Тэгээд би хэд хоног унаж ашиглаж байгаад Мөнхбат, Одонхүү нарт 550.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдсан юм. Мөнгийг нь Цогтхүүгийн данс руу хийлгэсэн. Энэ талаар би сүүлд нь мэдсэн. Үүнийг Адилпүрэв, Цогтхүү нар сайн мэдэж байгаа. Би харин тухайн автомашиныг нь Одонхүү, Мөнхбат нарт зарсан. Би Цогтүүгийн авсан автомашиныг би зуучилж дамжуулж зарсан юм. Энэ автомашин хэдийгээр өөр байгууллагын нэр дээр байгаа боловч Адилпүрэв Цогтхүүд өгсөн. Цогтхүү надаар дамжуулж 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөнд Мөнхбат, Одонхүү нарт зарсан. Тиймээс би энэ машиныг Мөнхбатын автомашин гэж үзэж байна. Би үүнийг мэдэхгүй байна. Цогтхүү бид хоёрыг Циркийн хажууд байхад Адилпүрэв ирээд Цогтхүүд тухайн машиныг ирээд хүлээлгэж өгсөн. Би түүнийг нь унаад явсан ба Цогтхүү надад хандаж наад автомашинаа хурдан зар гэсэн. Тэгээд Цогтхүү бид хоёр техникийн захаар гараад тухайн автомашиныг зарах гэтэл Банк бус санхүүгийн байгууллагад 3.000.000 /гурван сая/ төгрөгийн барьцаанд тавигдсан байна гээд ченжүүд аваагүй. Гэтэл Цогтхүү надад хандаж наад машина бичиг баримтгүй зар гэсэн. Би Цогтхүүд хандаж би бичиг баримтгүй машин яаж зарах юм бэ гэхэд Цогтхүү сарын дараа мөнгө орж ирэхээр Банк бус санхүүгийн байгууллагад нь мөнгийг нь Адилпүрэвээр төлүүлчихнэ гэж байсан. Сарын дараа Цогтхүүд хандаж нөгөө машиныхаа нэрийг шилжүүлье гэхэд Цогтхүү  эзэн нь гадаад явчихсан байна гэж байсан. Би сайн мэдэхгүй байна. Адилпүрэв, Цогтхүү нар дотно л хүмүүс шиг байсан. Би Цогтхүүтэй хамт Увс аймагт ажиллаж байсан. Цогтхүү Увс аймагт мөрдөн байцаах тасгийн дарга, би хилийн цэргийн хэрэг бүртгэгч байсан. Би Адилпүрэвтэй ямар нэгэн холбоогүй...” гэх мэдүүлэг /хх-61-62х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Одонхүүгийн: “...Талийгаач Батчимэг миний том охин байгаа юм. Харин Нямсүрэн нь талийгаач Батчимэгийн нөхөр нь юм. Тиймээс би талийгаач Батчимэг, Нямсүрэн нартай төрөл садангийн холбоотой. Би мэдүүлэг өгнө. Би нөхөр Мөнхбат, охин Батчимэг, хүргэн Нямсүрэн нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумаас Увс аймаг орж ах дүү нараараа айлчлахаар гарсан юм. Тэгээд Архангай аймгийн Их тамир суманд ойролцоогоор 22 цаг өнгөрөөд ирсэн. Тэгээд хоол идчихээд хөдөлсөн. Хөдлөх үедээ би автомашины баруун хойд талд суусан, манай нөхөр Мөнхбат зүүн урд талд суусан, харин манай талийгаач охин Батчимэг автомашинаа бариад хөдөлсөн. Тэгээд би унтсан. Нэг мэдэхэд л автомашин онхолдсон байсан. Тэгээд автомашинаас гараад талийгаач охиноо хартал түүний хажууд аав нь байсан. Аав нь намайг түүнтэй ойртуулаагүй. Миний талийгаач охин хэвтэж байсан. Тэгээд нэг мэдэхэд нэг машинд суучихсан явж байсан. Ийм л зүйл болсон. Би маш их айсан. Тийм учраас яг ямар машинд суугаад эмнэлэг дээр ирсэн, ямар эмч очиж үзсэн талаар нь санахгүй байна. Би маш их цочирдсон. Манай хүргэнл манай нөхөр бид хоёрт хандаж Батчимэг надад хандаж хайрынх нь бие ядраад байна, чи жаахан бариад явчих гээд жолоогоо шилжүүлсэн, тэгээд гэнэт л ийм зүйл боллоо гэж ярьж байсан. Тухайн үед би унтаж явсан учраас сайн мэдэхгүй байна.  Ямар хурдтай явсан, яаж явж байсныг хэлж мэдэхгүй байна. Манай талийгаач охин Батчимэгийн эзэмшлийн автомашин. Уг автомашиныг манай талийгаач охин барьдаг байсан. Миний мэдэхээр эд зүйл нь замд явахад эвдрээгүй. Зүгээр л явж байсан. Уг нь саяхан авсан. Би ямар ч байсан нэг автомашинд тусламж дуудахаар суусан. Гэхдээ яг ямар машинд сууснаа мэдэхгүй байна. надад одоогоор ил харагдах ямар нэгэн гэмтэл алга. Юм мэдэгдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-64-65х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Цогтхүүгийн: “...би Амгалан, Адилпүрэв, Нямсүрэн, Мөнхбат нарыг танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. Харин би Мөнхбат, Адилпүрэв нарыг Бадамдорж гэж нэг нутгийн хүнээр дамжуулж танилцсан. Би Адилпүрэвээс ямар ч автомашин аваагүй. Харин Бадамдорж дээрх автомашиныг над дээр авч ирж өгсөн. Би Бадамдоржоос авлагатай байсан юм. Бадамдорж надад хандаж энэ машиныг хямдхан зараад чиний мөнгийг өгье гэсэн. Тэгээд Бадамдорж тухайн автомашиныг зарчихаад надад миний хувийн дансаар 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгсөн. Тухайн автомашинаа Бадамдорж 5.000.000-6.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Бадамдорж бид хоёр энгийн л харилцаатай хүмүүс. Төрөл садангийн холбоогүй. Би түүнээс бага зэргийн авлагатай...” гэх мэдүүлэг /хх-67х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Номин-Эрдэнийн: “...Нямсүрэн, Цогтхүү, талийгаач Батчимэг, Мөнхбат нарыг танихгүй. Харин Амгалан, Адилпүрэв нар нь манай байгууллагаас 2016 оны 02 сарын 12-ны өдөр 17/ЗГ тоот зээлийн гэрээ байгуулан Тоёота рактикс маркын 14-72 УБЭ дугаартай Арал№NCP10001255564 мөнгөлөг өнгийн автомашин унахаар барьцаалж №17/ФГ тоот фидуцийн гэрээгээр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлээд ор сураггүй алга болсон. Ийм учраас Амгалан, Адилпүрэв нарыг зүс танина. Дээрх хүмүүстэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. №17/ФГ тоот фидуцийн гэрээгээр автомашин манай байгууллагын эзэмшилд шилжсэн. Тиймээс манай байгууллагын өмч гэсэн үг. Зээлдэг Боржигон овогт Төмөрбаатарын Амгалагэгийн нэр дээр байсан. Энэ талаар 2016 оны 05 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын байцаагч Бямбацогт утаслаж мэдэгдсэн. Зээл аваад ор сураггүй болсон. одоогийн байдлаах нэг ч хүүгийн төлбөр болон зээлээс төлөгдөөгүй байна. Би Адилпүрэв, Амгалан нарыг эрэн сурвалжлуулахаар 2016 оны 04 дүгээр сарын 28-нд шүүхэд хүсэлт гаргаад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхээс эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. №17/ФГ тоот фидуцийн гэрээгээр хөрөнгийг манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн эзэмшүүлж, ашиглуулахгүй, хөрөнгийг гэмт хэрэг, хууль бус ажиллагаанд ашиглах, ашиглуулахыг  хатуу хориглоно, зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна, хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна хэмээн гэрээ байгуулсан боловч гэрээгээ зөрчиж манай компанид хохирол учруулсан. Мөн манай байгууллагын дээрх автомашиныг Цогтхүү, Бадамдорж нар шилжүүлсэн байсан. Би Бадамдорж гэгчтэй холбогдоход Нийслэлийн прокурор Цогтхүү бид хоёр Адилпүрэвт ажил хөөцөлдөж өгөөд 14-72 УБЭ улсын дугаартай тоёота рактикс маркийн автомашиыг аваад дүүдээ өгсөн юм гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. Адилпүрэв, Амгалан нараас 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 12-ноос 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хүү 833.000 /найман зуун гучин гурав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56.252 /тавин зургаан мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, нотариат үйлчилгээний хөлс 8.500 /найман мянга таван зуу/ төгрөг, автомашины торгууль 46.400 /дөчин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 4.015.352 /дөрвөн сая арван таван мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг нэхэмжилж байна. Харин Нямсүрэнд гомдолтой байна. Учир нь Нямсүрэн нь ямар учраас манай байгууллагын нэр дээрх автомашиныг манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр унаж яваад осолд орсон байна. Адилпүрэв, Амгалан, Нямсүрэн нараас 4.015.352 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд манай байгууллагыг хохиролгүй болгох хэрэгтэй байна. Бадамдорж болон Нийслэлийн прокурор гэх Цогтхүү нар нь албан тушаалаа ашиглаж ажил хөөцөлдөж өгсний үндсэн дээр Адилпүрэвээс манай байгууллагын нэр дээрх автомашиныг авсан байх бөгөөд бусдад шилжүүлэхдээ биднээс асууж тодруулалгүйгээр шилжүүлсэн байх тул дээрх хоёр хүнд гомдолтой байна. Автомашины гэрчилгээ нь манай байгууллагын нэр дээр байгааг мэдэн байх ёстой. Манай байгууллагаач албан бичиг авч Авто тээврийн газар очиж нэр дээрээ шилжүүлсний дараа автомашин наймаалцах, шилжүүлэх асуудал яригдана. Би эвдэрхий, осолдсон машин авахгүй. Харин эвдэрч гэмтээгүй байсан бол автомашиныг гэрээний дагуу авах байсан. Дээрх мөнгөө л Нямсүрэн, Адилпүрэв, Амгалан нараас нэхэмжилнэ. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн. Би холбогдох бүх баримтуудыг хуулбарлан өгнө...” гэх мэдүүлэг /хх-69-70х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Д.Нямсүрэнгийн: “...Би сэжигтний эрхийг ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын нутагт асфальтан хучилттай замаар зүүнээсээ баруун тийшээ Увс аймаг орохоор 14-72 УБЭ улсын дугаартай тоёота рактикс маркийн автомашинтай эхнэр Батчимэг, хадам аав Мөнхбат, хадам ээж Одонхүү нарын хамтаар явж байгаад зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед автомашиныг жолоодож явсан. Тухайн үед ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан. Угаасаа 70 км цагаас дээш хурдтай яваагүй. Жолооны хүрдээ буруу дараад замын эсрэг урсгал руу ороод буцааж дараад тэгээд л дайвалзаж байгаад жолооч талаараа буюу зүүн талаараа хажуулдаад уначихсан. Тэгээд манай эхнэр Батчимэг намайг машинаас буугаад ирэхэд зам дээр хэвтэж байсан. Намайг гүйгээд очиход талийгаач маань ухаангүй байсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан талийгаач эхнэр маань зам дээр хэвтэж байсан. Зам тээврийн осол гаргах үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Угаасаа хэн ч архи дарс хэрэглээгүй байсан. Тухайн автомашиныг манай хадам аав, ээж хоёр манай талийгаач эхнэрт Бадамдорж гэх хүнээс 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдаж авч өгсөн. Гэхдээ нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэднэ. Тухайн үед манай эхнэр надад хандаж жоохон ядраад байна чи жоохон барьчих гэсэн юм. Тэгээд л би барьсан. Угаасаа манай эхнэр Төв аймгаас эхлээд Архангай аймгийн Ихтамир сумын баруун тал руу гараад нилээн явж байгаад жолоогоо надад шилжүүлсэн. Ямар ч байсан хар өнгөтэй Ланд круйзер 200 маркийн автомашин зогссон. Тухайн автомашин манай хадам ээжийг авч яваад Цахир сумаас цагдаа болон эмчийг авч ирсэн. Буцааж Цахир сум оруулж өгсөн. Тухайн үед яг ямар хүн жолоодож явсныг мэдэхгүй. Улсын дугаарыг нь хараагүй. Харин сүүлд нь жижиг тэрэг ирээд манай талийгаач эхнэр, хадам аав бид гурвыг аваад явсан. Тухайн хүмүүс Увс аймгийн хүмүүс байсан.
Надад ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Мөн зүйл ангийг ойлгож байна. Өмгөөлөгч сонгон аваагүй. Би байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би мэдүүлэг өгмөөргүй байна. Учир нь тухайн болсон явдлыг ярихаар надад маш их хэцүү байна. Тиймээс хуульд заасан эрхийн дагуу мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-104-105, 108х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Д.Нямсүрэнгийн цусанд спиртийн алкоголь илрээгүй...” гэх дүгнэлт /хх-72х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Талийгаач М.Батчимэгийн биед оношын 1-рт тусгагдсан хавсарсан гэмтлүүд болох гавал тархины ил хүнд гэмтэл, баруун уушигны эдийн няцрал, баруун талын 2-р хавирганы далны шугамаарх хугарал, дотор эрхиний доргилтын шинж, оношын 3 А-д тусгагдсан нүүр, биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Биеийн гадаргуугийн болон хавсарсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй, цөсний хүүдийд элсэн чулуултай байна. Үхэлд хүргэхгүй. 6. Талийгаач М.Батчимэг нь 20-22 орчим долоо хоногтой жирэмсэн байжээ...” гэх дүгнэлт /хх-76х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Д.Нямсүрэнгийн биед баруун гарын шууны гадна доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй. 5.Гэмтсэн тухайн цагт үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-82х/

*  Архангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 34 тоот дүгнэлт: “...1. Жолооч Д.Нямсүрэн нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно”, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 3. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4. Жолооч Д.Нямсүрэнгийн ДГ:94030317 регистрийн дугаараар сангаас лавлагаа авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-88х/

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5х/
* Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7х/
* Ослын газрын схем зураг /хх-9х/\
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12х/
* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16, 77-80х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111-112х/, эд мөрийн баримт зэрэг болно.   

Шүүгдэгч Д.Нямсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг, Тэрхийн хөндий гэх газарт 14-72 УБЭ улсын дугаартай Тоёота Рактикс маркийн автомашиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган М.Батчимэгийн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.Мөнхбатын “...2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн орчимд явж байгаад зам тээврийн осолд орсон. Бид нар 14-72 УНЭ улсын дугаартай тоёота рактикс маркийн автомашинтай асфальтан хучилттай зам дээр явж байгаад осолдсон. Тэгээд манай охин Батчимаг нас барсан, манай хүргэн Нямсүрэнгийн гар нь хугарсан. Харин манай эхнэр Одонхүү бид хоёр гэмтэж бэртээгүй. Ийм л зүйл болсон. Автомашиныг манай хүргэн Нямсүрэн жолоодож явсан...” гэх мэдүүлэг, гэрч  Д.Хасгаагийн “...2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат, Цахир сумдын дунд шөнийн 03 цагийн үед явж байтал зам дээр мөнгөлөг саарал өнгийн суудлын тэрэг онхолдчихсон байсан. Буугаад очиход 3 хүн байсан. Нэг эмэгтэй хүн ухаангүй байсан ба түүнийг аав нь гэх настай хүн түүнийг дээлээр ороогоод толгойг нь хөл дээрээ тавьчихсан сууж байсан. Мөн ухаангүй байгаа эмэгтэйн нөхөр гэх залуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Баярхүүгийн “...2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат сумын нутагт шөнийн 03 цагийн үед явж байтал зам дээр мөнгөлөг саарал өнгийн суудлын тэрэг зүүн талаар хажуулдаж зүүн хойшоо харсан байрлалтай замын голд унасан байсан. Бид нар буугаад очтол нэг эмэгтэй хүн ухаангүй байсан ба түүнийг аав нь гэх хүн дээлэнд ороогоод тэвэрчихсэн байдалтай, нэг залуу хажууд нь зогсож байсан. Нийт 3 хүн байсан ба ухаангүй байсан эмэгтэйн ээж Цахир сум руу замын унаанд суугаад эмч дуудахаар явсан гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бат-Эрдэнийн “...2016 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Увс аймаг орохоор Архангай аймгийн Тариат сумын төв өнгөрөөд нилээн холдоод явж байтал зам дээр машин онхолдсон байсан. Тухайн автомашин яг замын гол хэсэгт зүүн талаар хажуулдаад зүүн хойд зүг рүү хоншоороо харуулчихсан байсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 33 тоот дүгнэлт, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 34 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нямсүрэнгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, талийгаач М.Батчимэгийн амь нас хохирсон, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна. 
Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос Д.Нямсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Бид нар бүгдээрээ цуг явж байгаад ийм асуудал болсныг харсан учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-40-41х/-ээр  шүүгдэгч Д.Нямсүрэн нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Нямсүрэн нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-111-112х/ тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэснийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаа үндэслэлээр шүүх хуралд оролцохоос татгалзсан, улсын яллагч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ тус тус татгалзсан тул энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, түүнийг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №01147385 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д заасны дагуу хууль ёсны эзэмшигч “Та Глобал Финанс” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна. 
 
Шүүгдэгч Д.Нямсүрэн энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзад овогт Даваагийн Нямсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар шүүгдэгч Д.Нямсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Нямсүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Нямсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №01147385 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч “Та Глобал Финанс” ХХК-нд буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Д.Нямсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Нямсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Нямсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нямсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР