Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0186

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0186

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т а и ХХК

Хариуцагч: А м г т г, А м г т г К х

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, ******* нэртэй газарт Т а и ХХК-ийн эзэмшиж буй 56,098,52 га талбайн зарим хэсэг болох 10,264.1 га талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байхад тухайн талбайг давхцуулан сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус байсныг тогтоож, Т а и ХХК-д учирсан хохирол 70,064,003.23 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т а и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорноговь аймгийн Мандах сумын нутаг ******* нэртэй газарт Т а и ХХК-ийн эзэмшиж буй 56,098.52 га талбайн зарим хэсэг болох 10,264.1 га талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байхад тухайн талбайг давхцуулан сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.

Бид нэгэнт тусгай хамгаалалтад авсан талбайд хайгуулын ажил хийх боломжгүй болсон учир сонгон шалгаруулалтанд оролцож авсан 56,098.52 га талбайн зарим хэсэг болох 10,264.1 га талбайг хариуцагчид буцаан өгсөн ба 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 12,314.94 га талбайг хасалт хийн 43,783.58 га талбай болгон багасгасан шийдвэр гарсан.

“Т а и” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцсон болон одоо эзэмшиж байгаа 43,783.58 га талбай болгон багасгасан шийдвэрт маргаагүй бөгөөд харин Ашигт малтмал, газрын тосны газраас учирсан хохирол болох 63,481,603.23 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Хохирлын хэмжээг тодорхойлохдоо сонгон шалгаруулалтад нийт 56,098.52 гектар талбайд 285,000,000 төгрөг тушаасан үүнээс хасалт хийсэн 12,314.94 гектар талбайн зөрүү нь 62,564,205.43 төгрөг, мөн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 10,385,700 төгрөг тушааснаас хасалт хийсэн 12,314.94 гектар талбайн эхний жилийн төлбөрт илүү тушаасан 1,785,666.30 төгрөг, тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрт илүү тушаасан 3,571,332.60 төгрөг, тусгай зөвшөөрлийн гурав дахь жилийн төлбөрт илүү тушаасан 5,356,998.90 төгрөг, нийт 7,499,797.80 төгрөгийн хохирол, нийт 70,064,003.23 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т а и ХХК нь анх 2014 онд Дорноговь аймагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байгаа. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалт бүхий газартай Т а и ХХК нь давхацсан байхыг мэдээд хариуцагч байгууллагад хүсэлт гаргасан тул хассан шийдвэрт маргахгүй. Анх 2014 онд сонгон шалгаруулалт явуулахад улсын тусгай хамгаалалтад авсан байсан. Манайхаас тухайн сонгон шалгаруулалтад 56000 га газарт 285,000,000 төгрөг төлж авсан. 

... Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дугаартай шийдвэрээр Т а и ХХК-д 56000 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд Улсын их хурлын тогтоолоор 2011 оны 01 сарын 20-нд тусгай хамгаалалтад авсан. 10000 га талбайд Т а и ХХК-ийг эзэмшиж байгаа хайгуулын талбай давхацсан. Тухайн үед хасалт хийлгүүлэх хүсэлтээ гаргахад хариуцагч байгууллагаас 10000 га газар нь Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байгаа боловч манай Кадастрын хэлтсээс кадастрын санд байрлах кадастрын зургаар тэгшитгэж авах ёстой байдаг гээд 12000 га газрыг хасаад Кадастрын хэлтсээс 43783,58 талбайг эзэмшүүлэхээр заасан. Нэхэмжлэгч тал талбайн хэмжээ хасч байгаатай маргахгүй. Маргааны үндэс юу вэ? гэхээр сонгон шалгаруулалтад орохдоо 285,000,000 төгрөг тушаасан. Үүнээс бол хасалт хийсэн 12000 талбайг 285,000,000 төгрөгөөр дүйцүүлэхэд  62,564,205 төгрөгийн хохирол гарч байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар ашигт малтмалын 1, 2, 3 дахь жилийн төлбөрийг тооцож гаргасан. Тооцсон хэмжээгээр эхний жилийн төлбөрт 56000 талбайд лицензийн төлбөр төлсөн тул Ашигт малтмалын тухай  хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу 145 төгрөгөөр нийт 56000 талбайд үржүүлээ үүнд ногдох хэсэг нь 1,725,666 төгрөг болж байгаа. Давхцуулан зарласан үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж хүсч байна.

... Бид авсан өгсөн талбай дээр маргаан байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан. Бид биелүүлэх боломжгүй байсан учраас өгч байгаа эрх зүйн үйлдэл байгаа. Улсын их хурлын  тогтоолтой давхцуулж зарласан нь өөрөө захиргааны илт хууль бус актын шинж агуулаад тийм учраас бид түүнийг бодит байдалтай зүсэлт хийгээд үзэхэд тэр нь 10000 байна. Гэхдээ 12000 газарт ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалтад ороод төлбөрөө төлөөд авсан компанийн эрх ашиг өнөөдөр ямар ч байдлаар хэрэгжих боломжгүй болсон. Хууль бус давхцуулж зарласан үйлдлийг хаасан гэсэн ойлголт биш. Бид буцааж өгсөн дээр маргаагүй. Эднийх давхцсан талбайд сонгон шалгаруулалт зарлах ёсгүй. Буцааж өгсөн нь захиргааны акт илт хууль бус байсныг зарлаж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус актын шинж агуулж байгаа учраас бид тэр тухай хэлж байна. Тэрнээс биш буцааж өгсөн дээр бид маргаагүй. Буцааж өгсөн үйлдэл өөрөө Улсын их хурлын тогтоолыг зөрчөөд тэр нь өөрөө төрийн мэдээлэл дээр 2011 оны  02 дугаар сарын 14-ны өдрийн 6/775 дугаартай хэвлэгдсэн. Төрийн мэдээлэл нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дотор хүчингүй болдог Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Тусгай хамгаалалтад авсан асуудал 2011 оны 02 дугаар сарын 25-нд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Ийм л үйл баримт байгаа талаар бид ярьсан. Тэрнээс биш сайн дураараа буцааж өгсөн асуудал байхгүй. Давхцуулан зарласан 10000 га буюу уг талбайг тэгшитгэн буцаан өгсөн 12000 га газар бидэнд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж маргаан хийж байгаа. Үүнийг хариуцагчийн зүгээс ойлгож байгаа учраас бид үр дагаврыг арилгаж гаргаж өгнө үү гэж байгаа. гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т а и ХХК-ийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Анх 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын 4 дүгээр тогтоолоор 18-ын Богд уулыг тусгай хамгаалалтад авсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн зарим хэсэг нь дээрх тусгай хамгаалалтын тогтоолоор авсан газарт хамрагдсан байсан. Үүнийг Т а и ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2717 дугаартай албан бичгээр хасалт хийлгэх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаар шийдвэрээр нийт 56000 талбайгаас 12314 талбайг буцааж өгснийг бүртгэсэн. Дээрх тогтоол нь хариуцагч байгууллагад 2015 онд ирж бүртгэсэн. Өмнөх Кадастрын хэлтсийн даргаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга н.Эрдэнэчимэгт 2010, 2011, 2012 онуудад батлагдсан тогтоолуудыг манай газарт албан ёсоор бүртгүүлэх талаар хүсэлт ирүүлсний дагуу бүртгэж авсан. Оногдох тодорхой хэмжээ жил бүрийн төлбөрүүдийг ярьсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй гэж заасан. Талбайгаа өөрсдөө буцааж өгсөн учраас үүнийг үндэслэл болохгүй гэсэн. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаал байгаа. Тус тушаал нь тусгай зөвшөөрөл сонгон олгохыг буюу сонгон шалгаруулах журам гэж байгаа. Журмын 46 дугаар зүйлийн 4.6.8-д сонгон шалгаруулалтад шалгараагүй бусад оролцогчдын босго үнийг тус журмын 4.6.5-д заасны дагуу буцааж олгоно гэж байгаа.

... Сонгон шалгаруулалтын талбайг ганцхан Геологийн хэлтэс багцлахгүй. Кадастрын хэлтэс багцлаад хориглосон хязгаарласан талбай нь кадастрт бүх бүртгэл байдаг. Багцалж байгаа талбай тухайн үед тусгай хэрэгцээнд байгаагүй. Боломжтой талбай байх юм бол яам руу явуулаад яам нь өөрөө Улсын Их Хурал болоод Засгийн газар луу оруулж байж батлагдаж байгаа. Зөвхөн А м г т г батлаад гаргахгүй. 2011 онд Төрийн мэдээлэлд солбицлыг заагаагүй. Яг эдний талбайн солбицол гараагүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т а и ХХК-иас А м г т г болон тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, ******* нэртэй газарт Т а и ХХК-ийн эзэмшиж буй 56,098 га талбайн зарим хэсэг болох 10,264 га талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан байхад тухайн талбайг давхцуулан сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус байсныг тогтоож, Т а и ХХК-д учирсан хохирол 70,064,003.23 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Т а и ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Дорноговь аймгийн Мандах сумын нутаг ******* нэртэй газарт зарласан сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дугаар шийдвэрээр 56,098 га талбайг ХҮ-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшсэн.

Т а и ХХК-ийн сонгон шалгаруулалтаар авсан талбайн зарим хэсэг буюу 10,264 га талбай нь Монгол Улсын Их хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцсан тул тус компаниас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2717 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайгаас давхцсан хэсгийг хасуулах хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаар шийдвэрээр нийт 56,098 га талбайгаас 12,314 га талбайг буцаан авч, кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.

Монгол Улсын Их хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр /Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан./ тогтоолоор Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Арваннаймын Богд уулыг тусгай хамгаалалтад авсан.

Түүнчлэн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол, Мандах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус тус Арваннаймын Богд уул орчмын газрыг тусгай хамгаалалтад авах саналыг Монгол улсын Засгийн газарт уламжилж байжээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2014 онд сонгон шалгаруулалт зарлахад Дорноговь аймгийн Мандах сумын ******* нэртэй талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй байсан тул сонгон шалгаруулалт зарласан.” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1.25 “энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах”, 14 дүгээр зүйлийн 14.3 “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх” үүргийг Ашигт малтмал газрын тосны газар биелүүлээгүй, ялангуяа Кадастрын хэлтэс сонгон шалгаруулалт зохион явуулахдаа мөн хуулийн 11.1.14 “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”; 11.1.18 “тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх”; 11.1.22 “сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоо олгох, эдгээр бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх.”, 11.1.23 ”энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.”, үүргээ биелүүлээгүйгээс тусгай хамгаалалтад авсан газарт сонгон шалгаруулалт явагдах нөхцөл бий болжээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 ”Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох;”  эрхийг Улсын Их Хуралд, 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” эрхийг олгосон.  

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” гэж заасан бөгөөд Арван наймын Богд уулын орчмын тусгай хамгаалалтад авсан Монгол Улсын Их хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэгдэн нийтэд илэрхий болсон байна.

Тодруулбал, Монгол Улсын Их хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр /Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан./ тогтоолоор тусгай хамгаалалтад авсан 10,264.1 га талбайд сонгон шалгаруулалт зарласан Ашигт малтмалын газар/ хуучин нэрээр/, Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалтын хураамжид төлсөн 280.000.000 төгрөгийн 12,314 га талбайд ногдох 62.564.205 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 7,499,797,80 төгрөг, нийт 70,064,003,23 төгрөгийн хохирлыг гаргуулах”-аар нэхэмжилсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заасан боловч Т а и ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээс өмнө буюу хариуцагч уг талбайд сонгон шалгаруулалт зарлахаас өмнө уг газрыг тусгай хамгаалалтад авсан тул уг зохицуулалтад хамаарахгүй.

Иймд Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ тусгай хамгаалалтад авсан 10,264 га газарт сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус байсан болох нь тогтоогдож байгаа учраас сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг буюу 10.264 га газарт Т а и ХХК-иас төлсөн сонгон шалгаруулалтын хураамж 52,145,220 төгрөгийг  Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...талбай хассантай маргахгүй” гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд хариуцагчаас тусгай хамгаалалтанд авсан талбайтай давхцсан талбай болон уг талбайг нэмэгдүүлэн 12,314 га болгон буцаан авах талаар амаар болон бичгээр шийдвэрлэсэн зүйл байхгүй бөгөөд Т а и ХХК-ийн  хүсэлтээр нийт 56.098 га талбайгаас 12,314 га талбайг буцаан авсан тул тусгай хамгаалалтай газартай давхцсан 10,264 га талбайгаас илүү хэмжээгээр буцаан өгсөн 2000 га талбайд  ногдох сонгон шалгаруулалтын хураамжийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 7,499,797,80 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэлийн зарим шаардлага болох тусгай хамгаалалтад авсан 10,264 га газарт сонгон шалгаруулалт явуулсан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг буюу 10.264 га газарт Т а и ХХК-иас төлсөн сонгон шалгаруулалтын хураамж 52,145,220 төгрөгийг  Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.7, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.18, 11.1.22, 11.1.23, 11.1.25, 14 дүгээр зүйлийн 14.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т а и ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тусгай хамгаалалтад авсан 10,264 га газарт сонгон шалгаруулалт явуулсан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, уг талбайд төлсөн сонгон шалгаруулалтын хураамж 52,145,220 төгрөгийг  Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН