Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Д.Б-холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Энх-Оюун,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1874 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Энх-Оюуны бичсэн эсэргүүцлээр Д.Б-холбогдох эрүүгийн 1808023410866 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Д.Б-нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13б хаягт байрлах амины орон сууцанд хамтран амьдрагч В.С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Батхишигийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан сануулж баталгаа гаргасны дараа В.С-ийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд өөр хоорондоо ноцтой зөрүүтэй буюу нэгэн зэрэг үнэн байх боломжгүй байхад энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нягтлан шалгалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус хуульчилсныг зөрчжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ... үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол ... ял шийтгэнэ.”, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч ...-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх ... зорилгоор ятгасан ... бол ял шийтгэнэ.” гэсэн гэмт хэргүүдийг хуульчилсан болно.

Хохирогч В.С-ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг үндэслэн В.С-, В.Саранхүү нарын мэдүүлгийн эх сурвалж, гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нягтлан шалгасны эцэст энэ хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад төдийгүй, шүүгдэгч Д.Б-гэм буруутай эсэхийг шударгаар хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд шүүгдэгч Д.Б-холбогдох эрүүгийн  хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Б-нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13Б тоотод хамтран амьдрагч В.С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч В.С-, хохирогчийн төрсөн эгч болох гэрч В.Саранхүү, гэрч Д.Болор, Н.Нарантуяа нарын мэдүүлэг, цагдаагийн ахмад Б.Мөнхтөрийн илтгэх хуудас, “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Компьютер томографийн оношлогоо”, шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн бусад нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарахад хохирогч В.С-, шүүгдэгч Д.Батхишиг, гэрч В.Саранхүү нар байсан болох нь тогтоогдсон. Гэрч В.Саранхүү нь энэ хэргийн цорын ганц гэрч, түүнд мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан сануулж, баталгаа гаргасны дараа түүнээс мэдүүлэг авсан. Гэтэл шүүх түүний мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэр бүл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхтөрийн гэмт хэрэг гарсан өдөр, тухайн нөхцөл байдлын талаар бичсэн “Илтгэх хуудас” зэргийг үнэлээгүй, хохирогч В.С-ийн биед учирсан гэмтэл нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд учирсан болохыг нотолсон гэрч Д.Болор, Н.Нарантуяа нарын мэдүүлэг, “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Компьютер томографийн оношлогоо”, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлээгүй, шүүх эдгээр нотлох баримтуудад хэрхэн дүгнэлт хийсэн нь шүүгчийн захирамжид тусгагдаагүй.

Мөн гэм буруугийн шүүх хуралдааны нөхцөл байдлаас дүгнэхэд, яллагдагч Д.Б-нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст жижүүрийн цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч цолтой, гэм буруугийн шүүх хуралдаанаас түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэлтэй тул хохирогчид илэрхий нөлөөлсөн нөхцөл байдал бий болсон нь тодорхой байхад шүүх үүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хохирогчийн зарим мэдүүлэг илт үндэслэлгүй байхад тэр мэдүүлгийг үндэслэж хэргийг буцаасан нь хуульд үл нийцэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1874 дугаартай “Хэргийг прокурорт буцаах  тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд, хохирогч В.С-ийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх боловч гэрч В.Саранхүү /хх-25/, гэрч Н.Нарантуяа /хх-39/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5984 дугаартай /хх-40/ дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэж, Д.Батхишигийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг дуудан оролцуулах хүсэлт гаргаж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд прокурор Р.Энх-Оюуны бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1874 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Д.Б-холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ