Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/527

 

2021          04          30                                 2021/ШЦТ/527

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******айгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, *** ажилтай, Ам бүл 2, эхнэрийн хамт **** тоот хаягийн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух хаягтай,

урьд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн *** иргэн Р.Б-н “Самсунг галакси жи 2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 359 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2019 оны 05 сарын 08-ны өдөр ****тоотод оршин суух иргэн О.О-н байшингийн цонхоор нэвтэрч, нууцаар, хууль бусаар 2 шуудай зэс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,  

          Хавтаст хэргээс:

          Хохирогч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн данснаас **** АТМ-аас 09 цагийн орчим 10 000 төгрөг аваад “***” дэлгүүр рүү ороод 0.75 литрийн “Түмний хишиг” архи аваад *** тоотод амьдардаг танил Б-н гэрт очоод бид нөгөө архиа хувааж уугаад би нилээд согтсон. Тэдний гэрт унтаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Б ахын  гэрт Ууганаа ирчихсэн байсан ба Б ах “чи гар утсаа үзээрэй” гэхээр нь би халаасанд байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 191 дүгээр хуудас/

          Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 12 сарын 11-ний өдөр 16 цагийн орчим дэлгүүр дээр сууж байхад үл таних 40 настай эрэгтэй хүн орж ирээд “машиндаа бензин хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод утсаа зарах гэсэн юм аа та 35 000 төгрөгөөр авчих” гэхээр нь “Самсунг жи-2” маркийн гар утсыг асаагаад шалгах гэсэн чинь кодтой болохоор нь “яаж шалгах юм бэ энэ таны утас мөн юм уу” гэсэн чинь нөгөө хүн “Улаанбаатар хотод манай охин ломбард ажиллуулдаг юм аа, би гар утсаар ярьж байгаад кодыг олоод өгий” гээд “охин руу залгасан ажилтай байна” гээд утсаа салгаад байсан. Тэр надад цаасан дээр “мөнгөний хэрэг гараад гар утсаа зарлаа” гээд бичиж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 195 дугаар хуудас/

          *** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “Самсунг” Жи-2 загварын гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 359 000 төгрөг байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 200 дугаар хуудас/,

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөх гэрч Б.О-с Samsung Galaxy J2 загварын гар утсыг хураан авч хохирогч Р.Б-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 203 дугаар хуудас/,

          Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 05 сарын 08-ны өдөр гэрээсээ гарсан юм. Тэгээд 19:00 цагийн үед айлын эгч болох О нь надруу залгаад танай ажлын грушик хийдэг залуу чинь танай байшингийн цонхоор ороод юм зөөж гаргаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ шууд яваад ирсэн чинь миний бараа хадгалдаг байшингийн вакум цонхыг надтай хамт ажилладаг, Б гэгч нь түлхэж ороод ойролцоогоор 40 гаран кг жинтэй 2 ширхэг шуудайтай зэс төмөр хулгайлсан байсан ... Манай эд зүйл хадгалдаг байшингаас 2 шуудай зэс төмөр буюу нэг шуудайдаа 40 кг нийлээд 80 кг зэс төмөр хулгайд алдагдсан. Би хохирлоо барагдуулаад авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20, 40 дүгээр хуудас/,

          Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайд ажилласнаас хойш ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ажлаа сайн хийж байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 71 дүгээр хуудас/

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Зэс 2 шуудайг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр, 80 кг зэсийг 1 кг-г 7000 төгрөгөөр тооцож 560 000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-17 дугаар хуудас/,

          Яллагдагч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр архи ууцан согтуу явж байгаад хамт ажилладаг байсан О-н хашаанд очтол гэр нь цоожтой юм хадгалдаг байшингийн цонх нь онгорхой бас өмнө нь намайг ажиллуулж байгаад цалингаа өгөхгүй байсан болохоор архины халуунд цонхоор нь орж 2 шуудай зэс төмөр аваад хажууд байдаг төмөр авдаг цэгт 20000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Би О-н хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар хуудас/,

          Хохирогч О.О-н “миний бие гомдол, санал байхгүй болохыг мэдэгдэж байна" гэх бичгээр гаргасан хүсэлт /1хх-ийн 74 дүгээр хуудас/,

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/742 дугаартай Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ЦХШЗ/273/х дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай захирамж /1хх-ийн 137-138 дугаар хуудас/  болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *** нутаг дэвсгэрт хохирогч Р.Б-н эзэмшлийн Samsung Galaxy J2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 359 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2019 оны 05 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эх 22 дугаар гудамжны 1482 тоот хохирогч О.О-н гэрийн цонхоор нэвтрэн орж 2 шуудай зэсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 560 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт *******-ийн өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Р.Б-н “... тэдний гэрт унтаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Б ахын гэрт Ууганаа ирчихсэн байсан ба Б ах гар утсаа үзээрэй гэхээр нь би халаасанд байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан” гэх мэдүүлэг/1хх-191/, гэрч Б.О-н “... 2018 оны 12 сарын 11-ний өдөр 16 цагийн орчим дэлгүүр дээр сууж байхад үл таних 40 настай эрэгтэй хүн орж ирээд машиндаа бензин хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод утсаа зарах гэсэн юм, та 35 000 төгрөгөөр авчих гэсэн ... Тэр надад цаасан дээр мөнгөний хэрэг гараад гар утсаа зарлаа гэж бичиж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1хх-195/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-200/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-203/, хохирогч О.О-н “... би гэртээ шууд яваад ирсэн чинь миний бараа хадгалдаг байшингийн вакум цонхыг надтай хамт ажилладаг Б түлхэж ороод ойролцоогоор 40 гаран кг жинтэй 2 ширхэг шуудайтай зэс төмөр хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /1хх-20/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-44/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-17/, Яллагдагч *******-ийн “Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр архи уучихсан согтуу явж байгаад хамт ажилладаг байсан О-н хашаанд очтол гэр нь цоожтой юм хадгалдаг байшингийн цонх онгорхой ... тэгээд өмнө нь намайг ажиллуулж байгаад цалингаа өгөхгүй байсан болохоор архины халуунд цонхоор нь орж 2 шуудай зэс төмөр аваад хажууд байдаг төмөр авдаг цэгт 20 000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан” гэх мэдүүлэг /1хх-55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба бусдын бараа хадгалдаг байшингийн вакум цонхоор орсныг бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлийг нэгтгэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсоныг тэмдэглэж, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь нотлогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******-т 2 жил 4 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэн доод хэмжээгээр оногдуулах санал тус тус гаргасныг дурдвал зохино.

Шүүгдэгч *******-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

*******-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

*******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жил хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/742 дугаартай захирамжаар цагдан хоригдож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ЦХШЗ/273/х дугаартай захирамжаар суллагдсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж цагдан хоригдсон ба *******-ийн нийт цагдан хоригдсон 247 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

             Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болон мөн хуулийн тусгай ангийн  17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. *******-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 1 /нэг/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-ийн цагдан хоригдсон 247 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

             7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              

 

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ