| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00628/и |
| Дугаар | 733 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 733
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00733 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Бүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр гэх газар оршин суух Боржигон овгийн Очирын Тунгалаг /ГМ58062407/ -ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Миний бие Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1974 оноос 1979 он хүртэл малчнаар ажиллаж байсан. 1979 оноос Ой мод аж үйлдвэрийн яамны харъяа Түргэний бугын аж ахуй, Жагайтын бугын ферм байгуулагдахад эвэр боловсруулагч, манаачаар ажилд ороод 1991 он хүртэл ажилласан. Ингээд тус Жагайт ферм нь компани болж өөрчлөгдөхөд бугачнаар 1994 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ...Нэхэмжлэгч О.Тунгалагийн ажиллаж байсан байдал тогтоолгох хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Тунгалаг ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
О.Тунгалагийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жагайтын бугын сангийн аж ахуйд 1979 оны 03 сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох тухайн үеийн холбогдох тушаал буюу ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд мөн цалингийн баримтууд өөрт нь болон Архивын газарт хадгалагдаагүй, олдохгүй байгаа болох нь Нийслэлийн архивын гаүрын 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 04/130 лавлагаа, Булган аймгийн архивын тасгийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 31 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд түүний энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Жагайтын Бугын фермээс 1982 оны 04 сарын 01-ний өдөр олгосон Ой модны аж үйлдвэрийн яамны Бугын аж ахуйн тэмдэг бүхий хөдөлмөрийн дэвтрийн 4 дэх талд 1979 оны 06 сарын 26-ны өдөр Жагайтын Бугын фермийн эвэр боловсруулагчаар авч ажиллуулав гэсэн бичилтийн ард ОМАҮЯамны харъяа Түргэний Бугын аж ахуйн даргын 1979 оны 06 сарын 26-ны өдрийн 44 тоот тушаалаар гэж бичиж, Бугын аж ахуй гэсэн тэмдэг дарсан, 1992 оны 02 сарын 01-ний өдөр Жагайт компанид хашаа харуулчнаар авч ажиллуулав гэсэн бичилтийн ард Жагайт компаний захирлын 1992 оны 02 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар гэж бичиж, Жагайт компаниийн тэмдэг дарсан хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох нь зүйтэй байна.
Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1974 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 сарын 31 хүртэл малчнаар, Жагайт ХК-ийн 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31 хүртэл бугачнаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 02 тоот, 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 08 тоот, 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 18 тоот Архивын тасгийн лавлагаанд дээрх хугацааны сар тутамын цалин хөлсний баримтууд, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 02317 тоот захирамжийн дагуу бүрдүүлсэн Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 30 тоот лавлагаанд 1991 оны 01 сараас 1994 оны 12 сарын сар тутамын цалин хөлсний баримтууд, МҮЭ-ийн гишүүний 1979 оны 06 сарын 26-ны өдөр олгосон 493343 тоот бат илэрхийлэхэд 1982 оны 01 дүгээр сараас1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сар тутам татвар төлж байсан тухай баримтаар,
О.Тунгалагт 1976 оны 07 сарын 01-ний өдөр Лениний зам нэгдлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг, Бугын сангийн аж ахуй захиргаанаас 1981 оны 09 сарын 20-ны өдөр олгосон Баярын бичиг, 1985 оны 05 сарын 08-ны өдөр Бугын аж ахуйн захиргаанаас олгосон Баярын бичиг, 1988 оны 11 сарын 24-ний өдөр олгосон Баярын бичиг, 1991 оны 03 сарын 26-ны өдөр Бугын сангийн аж ахуйгаас олгосон баярын бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Очирын Тунгалаг /ГМ58062407/-ийн
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1974 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 сарын 31 хүртэл малчнаар,
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жагайтын Бугын сангийн аж ахуйд 1979 оны 03 сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл эвэр боловсруулагч, харуулчнаар, Жагайт ХК-ийн 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31 хүртэл бугачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН