| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00640/и |
| Дугаар | 734 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 734
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00734 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Дуут хурим гэх газар оршин суух, Хоньч овгийн Амгаланбаатарын Хоролцэцэг /НЛ89121762/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Дуут хуримт, хуримт 1 дүгээр баг 04 тоотод оршин суух, Боржигон овгийн Нямхүүгийн Мөнхболд /НЛ89041076/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Хоролцэцэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Хоролцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь Н.Мөнхболдтой 2006 онд танилцаж 2008 оны 12 сарын 31-ний өдөр албан ёсны гэр бүл болсон. Бид 2008 оны 12 сарын 18-ны өдөр охин М.Энхзулыг төрүүлсэн. 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, Н.Мөнхболд нь тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Миний бие нь А.Хоролцэцэгтэй 2006 оны 06 сард танилцаж үерхэж эхэлсэн. 2008 оны 5 сард би цэргийн алба хаахаар явж А.Хоролцэцэг бие давхар үлдэж 2008 оны 12 сарын 18-ны өдөр М.Энхзул хорвоод мэндэлсэн. Би 2009 оны 05 сард цэргийн албанаас халагдаж ирээд 2009 оны 10 сард Улаанбаатар хотод ирж өрх тусгаарласан тусдаа гаргасан. Миний бие нь А.Хоролцэцэг, охин М.Энхзул нарыг хөөж туусан зүйл байхгүй 2010 онд ажилд орж ажлын хамт олонтой явж байхад А.Хоролцэцэг нь буруу ойлгож хамт явж байсан эмэгтэйг зодож уг байдлаас болж бид хоёрын амьдрал хоёр тийшээ болсон.
Гэрлэлт цуцалах хүүхдийн тэтгэлэг төлөхыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Н.Мөнхболд шүүхэд гаргасан хүсэлтэндээ...Миний бие А.Хоролцэцэгийн нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэлийг хүлээж авсанаас хойш 14 хоногийн хүлээх шаардлагагүй, шүүх хуралаа зарлуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Хоролцэцэг хариуцагч Н.Мөнхболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нямхүүгийн Мөнхболд, Амгаланбаатарын Хоролцэцэг нар нь 2007 оны 10 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2008 оны 12 сарын 31-ний өдөр бүртгүүлж, 2008 оны 12 сарын 18-ны өдөр охин М.Энхзулыг төрүүлж эцэг Н.Мөнхболдоор овоглон гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн 2006 оноос 2010 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь 0077032-02 дугаартай гэрлэлтийн, 0112843-02 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчидын тайлбар, Төв аймгийн Дэлгэрхаан сумын дунд сургуульд М.Энхзул 3 дугаар ангид тус тус суралцдаг тухай сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Н.Мөнхболд өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй М.Энхзулын асрамжийг шийдвэрлэхдээ өөрийнх нь саналыг харгалзан мөн гэрлэгчдийн харилцан тохиролцсоныг үндэслэн эх А.Хоролцэцэгийн асрамжид үлдээж, эцэг Н.Мөнхболдоор тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овгийн Нямхүүгийн Мөнхболд /НЛ89041076/, Хоньч овгийн Амгаланбаатарын Хоролцэцэг /НЛ89121762/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2008 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн М.Энхзулыг эх А.Хоролцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар М.Энхзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Мөнхболдоор тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Н.Мөнхболдоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хоролцэцэгт, тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН