Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/147

 

 

 

 

 

 

                                

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч Д.Б, Р.Р, Ц.Б, Ч.М, Б.Ч,

иргэний нэхэмжлэгч “Журмак” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан,

иргэний нэхэмжлэгч “Хайрхан  Агуула” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямсүрэн

хохирогч байгууллага “Бичил глобус” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, холбогдох 201401010164 дугаартай эрүүгийн 5 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч ******* нь 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Т өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршоолол хотхонд байрлах ХД-48-4 орон сууцыг хуурамч итгэмжлэл ашиглаж “Хайрхан Агуула” хадгаламж зээлийн хоршоонд 42.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хуурч, зээл авч залилсан,

2013 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бичил Глобус” ХХК-ны захирал С.О “газрын гэрчилгээ гаргуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 34.350.000 төгрөг залилсан,

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бас “Бичил Глобус ХХК-ны барьцаанд байгаа Ланд- Крузер 200 маркийн автомашиныг 54.000.000 төгрөгөөр хямдхан гаргаж өгч чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.700.000 төгрөг залилсан,

2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэн Р.Б “Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-ийн урд байрлах “Нийслэлийн газрын албанаас хүчингүй болсон захирамжтай газруудаас газар авч өгч чадна” хэмээн 50.000.000 төгрөг,            

2013 оны 9 дүгээр сарын дундуур 8800 ам доллар, 2300 ам доллар, 7600.000 төгрөг нийт 76.800.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бээс “380 вольтын тог тавиулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.300.000 төгрөг залилсан,

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Ргаас “Банкны зээлийг чинь түргэн бүтээж өгнө” хэмээн 15.250.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвадоржоос “удахгүй өгнө” хэмээн хуурч 19.000.000 төгрөг залилсан,

2013 оны 8 сард Баянгол дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 36 тоотын 1 давхарын “өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж иргэн Б.Чаас 41.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр газрын дуудлага худалдаагаар “Газар авч өгнө” хэмээн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкаар шилжүүлсэн иргэн Д.Г- 20.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2014 оны 5 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-ийн ойролцоох газрыг “хямд үнээр зарж борлуулна” гэж иргэн Ч.Мөөс 15.400.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Айфонь 5 маркийн гар утас авч өгнө” хэмээн иргэн А.С хуурч 1.200.000 төгрөг авч залилсан,

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Барилгын Политехникийн коллежийн багш нарын өрөөнд иргэн М.Отгонбатаас “Япон улс руу гаргаж өгнө” хэмээн хуурч 860.000 төгрөг урьдчилан авч залилсан,

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Барилгын Политехникийн коллежийн багш нарын өрөөнд иргэн Ш.А- “Хямдхан байр олж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөг урьдчилан авч залилсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч нараасаа уучлалт хүсэж байна. Тухайн үед миний хийх гэж байсан ажлууд үндэслэлгүй байгаагүй тодорхой шалтгааны улмаас хойшлогдож байсан.  Миний хувьд  хүмүүсийн ажлыг бүтээж дундаас нь ашиг олох зорилготой байсан боловч бүтэлгүйтсэн. Би хохиролоо төлөөд явж байсан боловч биеийн эрүүл мэндийн болон хувийн шалтгааны улмаас өнгөрсөн хоёр жил миний ажил бүтэмж муутай байсан.  Цаашид үлдсэн бүх хохиролыг төлнө. Тунгалагнарангийн нэр дээрх байрыг Агваан гэдэг хүн 16 айлын орон сууц барина гээд тухайн газрыг авч байсан. Би Агваан гэдэг хүний 16 айлын орон сууцны бүх бичиг баримтын ажлыг хийж өгч байсан. Тунгалагнаран гэдэг хүний байрны 13 гэрчилгээг нь өгөөд, нэг гэрчилгээг нь өөр дээрээ авч үлдээд 55 дугаар тойргийн нотариат орж итгэмжлэл хийлгүүлэн “Хайрхан Агуула” ББСБ-д барьцаанд тавьсан. Гэхдээ Сарангэрэл эгчтэй хамтран зээлдэгчээр зээл авсан. Сарангэрэл эгч надад мөнгө хэрэгтэй байна гээд 42 сая төгрөгнөөс 15 сая төгрөгийг нь их дэлгүүрийн хажуу талын Алтай центрийн тэнд машин дотор авсан. Энэ үедээ Сарангэрэл, “эгч нь Нийслэлийн цагдаагийн газарт асуудалтай байна. Битгий сөхөж яриарай, эгч нь төлж өгнө” гэж хэлсэн. Саяхан хүртэл Сарангэрэл эгч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Баярбат мөрдөгч дээр очиход “эгчийгээ битгий чирээрэй миний дүү” гээд гуйгаад байсан. Би “Хайрхан Агуула” ББСБ-аас 42 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 10 гаран сая төгрөгийг төлсөн. 3.750.000 төгрөгийг сарын хүүнд төлдөг байсан. Энэ хэмжээгээр 4-5 сар төлсөн. Энэ 42 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг нь Сарангэрэлд өгсөн. Би Бичил глобус ХХК-нд ажилладаг байсан бөгөөд уг ХХК-тай холбоотой асуудлын хувьд Баянзүрх дүүргийн газрын албаны байцаагч Өлзийхишиг гэдэг хүн ирээд танай энэ газар дүүргийн мэдлийн газар биш төмөр замын мэдлийн газар байгаа юм, та нар хашаагаа хойш нь тат гэсэн. Отгонбат захирал тухайн үед Богд Ар хорооллын 8-а байрны урд хятад хоолны газар надтай уулзаад “чи энэ ажлыг бүтээвэл би чамд 5 сая төгрөг өгье. Чи наад мөнгөө хахуульд хэрэглээрэй, нягтлангаас очиж аваарай” гэсэн. Баттулга ах тэр газар дээр байшин барьсан. Бичил Глобус ХХК-аас 34.350.000 төгрөгийг авсан нь үнэн. Миний барьж байсан 9911-тэй дугаарыг Бичил Глобус ХХК худалдан борлуулж, энэ хохирлын 7 сая гаран төгрөгийг авсан. Мөн Ниссан маркийн машинаас 5-6 сая төгрөгийг авсан, нийт 12-13 сая төгрөгийг төлсөн.

Бичил глобус ХХК-нд барьцаанд тавигдсан байсан Ланд-200 маркийн автомашиныг 54.000.000 төгрөгөөр хямд гаргаж өгнө гэж хэлж Баттулга ахаас 31.700.000 төгрөг Баттулга авсан нь үнэн. Мөнгийг нь буцааж төлөөгүй байгаа.  

Р.Б нийт 76.800.000 төгрөг авсан. Үүнээс 38.600.000 төгрөгийг нь буцааж төлсөн одоо 38.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 14-15 сая төгрөгийн  65 ширхэг цементен хашаа барьсан, үүнийг үлдэгдэл хохиролоос хасуулах саналтай байна. Энэ тухай мөрдөн байцаалтын шатанд Амарзаяа байцаагчид хэлж байсан. Прокурорт энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй.

Баярцэцэгээс 4.300.000 төгрөгийг авсан. Бичил глобус ХХК-ийн хашааны зүүн талд байрлах М-Ойл ХХК-ын захирал Баттулга ахын 380 вольтын шонгоос төв зам дагуу шуудуу ухаж тог татахаар тохирсон байсан. Тиймээс Баярцэцэгийн нөхөр Отгонпүрэвтэй уулзаад энэ тухай хэлж Баярцэцэгээс 4.300.000 төгрөгийг аваад Хархорин захын хойно Өлзийсаруулд энэ мөнгийг аваачиж өгсөн. Маргааш өглөө нь Өлзийсаруул өөрөө кабель авч ирсэн. Үүнийг Ш.Жаргалсайхан гэдэг хүн гэрчилнэ. Би энэ мөнгийг Өлзийсаруулын дансаар шилжүүлсэн. Баярцэцэгийн 4.300.000 төгрөг буцааж төлөгдөөгүй. 

Розагаас 15.250.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо төлөгдөөгүй 5.700.000 төгрөгийн хохирол үлдсэн.

Лхагвадорж бид хоёр 10-н жилийн найзууд бөгөөд би урьд нь ч хүүтэй мөнгө зээлээд хэлсэн хугацаандаа буцааж төлж байсан, сүүлд авсан 19 төгрөгийг ч бүрэн төлсөн. Үүнийг би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байгаа.

Чулуунбатаас өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлж 41 сая төгрөг авснаа зөвшөөрч байгаа, хохирол төлөөгүй.

Ганзоригоос газар авч өгнө гэж 20 сая төгрөг авсан, үүнээс 8.900.000 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа.

Мөнхтөрөөс хямд үнээр газар зарж, борлуулна гэж 15.400.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс авсан мөнгөө Хан-Уул дүүрэгт ажилладаг А.Баттогтох гэдэг залууд өгсөн. Мөнхтөр ахын гэрээс нь орж мөнгө аваад гэрийн гадаа нь машин дотор А.Баттогтоход өгсөн. 

Сайдоллоос авсан мөнгөний тухайд гэвэл Бумбаарай гэдэг залууд мөнгөн гүүрийн юанийн гуйвуулгаар Хятад улс руу утас захиалж авч өгсөн. Сайдолло Монголд байгаа юм байна лээ. Миний хувьд түүнээс 1.200.000 төгрөгийг авсан боловч хохирол төлөгдсөн. Өмнө захисан утастай нь нийт хоёр утсыг түүнд өгсөн.

Отгонбатаас 860.000 төгрөг авсан, гэхдээ Элчин сайдын яам руу залгаад лавлахад таны бичиг баримт манайд ирсэн байна гэдэг. Миний авсан 190 доллар нь урилганы мөнгө. Урилгыг нь би өөрт нь гардуулж өгч байсан. Буцааж хохирол төлөөгүй.

Ариунзаяа намайг байрны зээлд оруулаад өг гэж хэлж байсан боловч дараа нь мэдүүлэгтээ өөрөөр хэлсэн байсан. Түүнээс 3.500.000 төгрөгийг авсан. Буцааж хохирол төлөөгүй гэв.

 

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч өөрийгөө Бичил Глобус ХХК-ийн үүсгэн байгуулагч Дамдинбазарын дүү гэж анх хэлсэн. Тог тавиулж өгье гэхээр нь зөвшөөрөөд 4.300.000 төгрөгийг би ******* руу шилжүүлсэн. Бид сүүлд өөрсдөө тогоо тавьсан. Хохиролоо 4.300.000 нэхэмжилж байна, хохирол төлчихвөл гомдолгүй гэв.

 

Хохирогч Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт: ******* бид хоёр эгч, дүүгийн хүүхдүүд байгаа юм. Гэтэл намайг залилж байна. 15.400.000 төгрөгийг газар олж өгнө гэж хэлж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Залуу хүн хөдөлмөрөөрөө амьдрах хэрэгтэй. Гэтэл ах дүү нараа хүртэл залилж байна. *******аас хохиролоо авна гэдэгтээ итгэхгүй байна. 15.400.000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна. Ер нь эднийхэн гэр бүлээрээ луйварчин хүмүүс. Ярьж хөөрч байгаа зэргээс нь харахад ******* мэргэшсэн байна гэв.

 

Хохирогч Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт: ******* надад  Ланд-200 маркийн машин хямд олж өгнө гэж хэлэхээр нь би итгээд 31.700.000 төгрөг өгсөн.  Үүнээс би нэг ч төгрөг буцаан аваагүй. Иймд 31.700.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна, гомдолтой. Энэ хүн анхнаасаа залилан хийх зорилготой байсан байна. Энэ хэрэг шийдэгдэхгүй олон мөрдөн байцаагч дамжиж их удааширсан. Энэ олон жил болж байхад хохирол төлөхгүй байгаа. Ийм хүмүүсийг нийгмээс тусгаарлаж байх ёстой гэв.

 

Хохирогч байгууллагаар тогтоогдсон Бичил глобус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г: Энэ хэрэгт Бичил глобус ХХК-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Хохиролын тухайд анх 34.350.000 гэсэн байсан. Сая прокурорын яллах дүгнэлтэнд танилцуулагдсанаар 3 сая төгрөг нь баримтгүй учир нийт хохиролоос хасагдаад 31.350.000 төгрөг болсон гэж байна. Үйлдэл, хохиролын талаар мөрдөн байцаалтын шатанд Отгонбатын өгсөн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байгаа. ******* өмнө нь Бичил глобус ХХК-иас зээл авч байсан, дараа нь тус компанид ажилд орсон байдаг. Энэ харилцааны явцад бий болсон итгэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байна. Нэмж хэлэхэд бусдыг залилан мэхлэх арга нь маш тодорхой. Таны ийм ажлыг бүтээж өгье гэж зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгодог. Энэ нь хохирогч нарыг хохироосон үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Гэрч Оджаргал энэ хүнээс мөнгө төгрөг шилжүүлж авсан зүйл байхгүй гэдгээ мэдүүлсэн. Намайг буруу ташаа мэдүүлсэн байна гэж газрын албаны ажилтан мэдүүлэг өгсөн байдаг. Мөн түүний манай компанид холбогдох үйлдлээс өмнө Дамдинбазар гэдэг хүнтэй холбоотой зүйл яригддаг. Дамдинбазар нь манай компаний ТУЗ-ийн гишүүн байгаа юм. Гэтэл энэ хүнээс хувийн журмаар 10 сая төгрөгийг авч, буцаан төлсөн үйл баримт хэрэгт байдаг. Гэвч энэ 10 сая төгрөг нь бидний нэхэмжилж байгаа 29.350.000 төгрөгөөс тусдаа асуудал юм. Мөн ******* нь манай байгууллагад өмнө нь зээлтэй байсан бөгөөд энэ зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учраас миний машиныг зарсан, албаны хэрэгцээнд ашиглаж байсан гар утасны дугаарын мөнгийг миний хохиролоос суутгах ёстой гэж байна. Гэтэл бид өнөөдөр шүүгдэгч *******ын бусдыг залилан мэхэлсэн гэмт үйлдлийн улмаас учирсан хохиролтой холбоотой эрүүгийн хэргийг ярьж байгаа болохоос иргэний гэрээтэй холбоотой иргэний хэргийг яриагүй. Энэ үйлдэл нь өнөөдрийн энэ хэрэгт хамааралгүй бөгөөд өмнө үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан асуудал юм. Шүүгдэгч мэдүүлэгтээ ажлыг бүтээлгэхийн тулд Отгонсүх, Отгонбат нар газрын албаны хүмүүст хахууль өг гэж мөнгө өгсөн мэтээр хэлж байна. Гэтэл бодит байдал дээр ийм зүйл огт байхгүй. Энэ мэт ойлгомжгүй, хэрэгт хамааралгүй зүйл ярих шаардлагагүй. Газрын гэрчилгээ гаргах эрх бүхий субъект энэ хүн биш тул түүнээс ийм зүйлийг хийхийг шаардах бодит боломж байхгүй. Энэ хүн ажил үүргийнхээ хувьд тодорхой асуудлуудыг хариуцаж байсан боловч түүнээр хууль бус зүйл хийлгэхийг, хийхийг даалгаж байсан зүйл огт байхгүй. *******аас Бичил глобус ХХК  нь 29.727.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Журмак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт: Манай хохирол Баярмаатай холбоотой. Баярмаа 2013 оны 8 дугаар сард Журмак ХХК дээр ирээд мөнгө зээлэх хүсэлт гаргасан бөгөөд барьцааны асуудал яригдах үед Р.Баярмаа сул газар байна. Тэр газрыг авч өгнө гэж нийт 76 сая төгрөгийг гэрээгүйгээр авсан. Энэ тухай Р.Баярмаа өөрөө тодорхой мэдүүлсэн байдаг. Баярмаад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч буцаагдсан. Тиймээс Р.Баярмааг эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн. Гэтэл энэ хэрэг дээр Баярмааг хохирогчоор тогтоогдсон байгааг олж мэдсэн. Баярмаа бол манайхаас авсан мөнгөө *******т өгсөн гэдэг. Баярмаагаас манай компани одоо 48 сая төгрөг авах үлдэгдэлтэй боловч *******аас Баярмаад олгогдох 38 сая төгрөгийг *******аас шууд манай Журмак ХХК-нд олгохоор шүүх шийдвэрлэж  өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт: ******* өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлж надаас 41 сая төгрөгийг авсан. 41 сая төгрөгнөөс төлөгдсөн мөнгө байхгүй. Иймд 41 сая төгрөгийг нэхэмжилж байна. Өр төлбөрөө хурдан авах саналтай байна гэв.

 

Хохирогч Р.Р шүүхийн хэлэлцүүлэгт: ******* надаас 15.500.000 төгрөг авсан. Сүүлд цагаан сарын өмнө надад 500.000 төгрөг өгсөн.  Одоо 5.750.000 үлдэгдэлтэй байна. Үүнийгээ нэхэмжилж байна гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Отгонсүхийн мөрдөн байцаалтанд: Би Бичил глобус ХХК-нд гүйцэтгэх  захиралын албан тушаалтай бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагын охин компани болох “Эрдэнийн Опал” ХХК-ний үйл ажиллагааг хариуцсан менежер ******* нь дүүргийн захирамжтай газрыг Нийслэлийн газрын албаны захирамжтай болгохын тулд газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 26.350.000 төгрөг эхэлж аваад дараа нь 5.000.000 төгрөг, түүний дараа 3.000.000 төгрөг дутуу байна гэж нэмж авсан. Гэтэл ******* манай компаниас авсан мөнгийг газрын албанд тушаалгүй хувьдаа ашигласан бөгөөд энэ талаар нь өөрт нь хэлэхэд “мөнгө тушаасан баримт нь байгаа, аваад ирье” гэх зэргээр худлаа хэлдэг, мөн дахин мөнгө хүрэхгүй байна гэх зэргээр хэлж нэмж мөнгө авч биднийг хуурч мэхэлсэн. Манай байгууллага *******аас анх 34.350.000 төгрөг нэхэмжилж байна. ******* нь байгууллагаас дээрх мөнгөнүүдийг авахдаа газрын төлбөрт зарцуулах гэж байна. Дуудлага худалдааны үнэ гэх зэргээр худлаа яриад авдаг байсан. /1хх-ийн 17/ гэх мэдүүлэг, 

Хохирогч Ж.Отгонсүх дахин байцаалтаар: Манай байгууллага *******аас анх 34.350.000 төгрөг нэхэмжилж байсан. Хэргийн явцад баримт байхгүй гэсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж нийт 31.350.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* манайд ажиллаж байх үедээ өөрийн Тоёота Кроун, Тоёота Харейр маркийн машинуудыг барьцаалж зээл авсан. Тоёота Кроун машиныг 8 сая төгрөгөөр барьцаалж зээлээ төлж явж байгаад 2014 оны 6 дугаар сараас огт төлөлт хийлгүй худал ярьсаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллага гэрээ ёсоор уг машиныг хураан авч 5.500.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тоёота Харейр машиныг 4.500.000 төгрөгөөр барьцаалан 2013 оны 4 дүгээр сарын 11-нд зээл авсан байна. Зээлээ төлж байгаад 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш төлөлгүй явсаар машины мөнгө 3.914.900 төгрөг болсон. Одоо энэ машин хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа. Тоёота Харейр машиныг 5.500.000 төгрөгөөр зарж борлуулаад байгууллагыг хохиролгүй болгосон үүнийг ах нь хохиролд нөхөн төлөгдсөн мөнгөн дүн гэж үзэж байж магадгүй юм. Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээтэй, машин барьцаалсан асуудал нь иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал гэж үзэж байгаа бөгөөд анх нэхэмжилсэн 34.350.000 төгрөгтэй ямар ч хамаа байхгүй тусдаа зүйл. Мөн ******* нь Бичил глобус ХХК-ны ТУЗ-ийн дарга Дамдинбазараас хувийн журмаар 10 сая төгрөг зээлж авсан бөгөөд өгөхгүй удаад байхаар нь *******тай уулзаж буцаан авсан талаар бидэнд хэлж мэдэгдэж байсан. Дамдинбазар захиралд өгсөн мөнгийг мөн нөхөн төлөлтөнд оруулаад байж магадгүй юм. Хэрэв байгууллагын өр ширийг төлсөн бол Дамдинбазар захирал орлогын баримт бидэнд өгөх байсан. Одоогоор баримт огт алга байна, авсан бол баримт үйлдэнэ шүү дээ. Дүүргийн Засаг даргын захирамжтай газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгохын тулд газрын дуудлага худалдааны үнэ буюу 26.350.000 төгрөгийг нэр заасан дансанд тушаахад л хангалттай байсан. *******ыг ажлаас гарснаас хойш энэ асуудлыг би өөрөө хариуцаж хөөцөлдөж байгаа бөгөөд *******ын яриад байгаа шиг ямар нэгэн хүнд хээл хахууль өгөх, ээдрээ төвөгтэй, боломжгүй зүйл биш юм. Нийслэлийн газрын албанаас гаргаж өгсөн графикийн дагуу дуудлага худалдааны үнийг өгөхөд хангалттай. /2хх-ийн 145/ гэх мэдүүлэг,

Мөн хохирогч Ж.Отгонсүх дахин байцаалтаар: Өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Манай байгууллага *******аас одоогийн байдлаар 31.350.000 төгрөгөө л нэхэмжилж байна. ******* нь манай байгууллагад төлсөн гэх 14.350.000 төгрөг нь иргэний журмаар зээлийн гэрээ хийж авсан машин болон 99112958 дугаарыг 10.500.000 төгрөгөөр зараад авсан зээл болон зээлийн хүүнд нь 8.614.000 хассан, мөн уг дугаарын ашигласан хугацааны ярианы төлбөр болох 260.000 төгрөгийг мобикомд төлсөн, зөрүү 1.623.000 төгрөг үлдсэн.  Үүнийг нь одоогийн хохирол болох  31.350.000 төгрөгөөс нь хасаад эцсийн үлдэгдэл болох 29.727.000 төгрөг нэхэмжилнэ. *******ын  Оджаргалд өгсөн гэх 1 сая төгрөгийг авсан зүйл байхгүй. Мөн 34.350.000 төгрөгнөөс тодорхой хувийг газрын албаны хүмүүст хээль хахуул болгож зарцуулаарай гэсэн зүйл огт байхгүй. Хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй, дансанд тушаагаад ирээч гэсэн мөнгийг л ******* дансанд нь тушаалгүй залилсан. /3хх-ийн 44/ гэх мэдүүлэг,

Бичил Глобус ХХК-ны гүйцэтгэх захиралын тушаалын хуулбар /1хх-ийн 9/

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-ийн 11/

Мөнгө шилжүүлсэн гэх баримтын хуулбар /1хх-ийн 75, 76/

 

Гэрч С.Отгонбат мөрдөн байцаалтанд: Бичил глобус ХХК-ийн ерөнхий захирал ажилтай. ******* 2013 онд манай байгууллагаас зээл аваад танилцаж улмаар байгууллагад менежерээр ажиллаж байсан. 2013 онд манай байгууллага Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны замын 608 тоотод үйлчилгээний зориулалттай объект бариулж байсан ба уг газрын анхны дуудлага худалдааны үнийг тушаагаад ирээч гээд 26.350.000 төгрөг *******т бэлнээр өгсөн. Тушаана гэж явсаар тушаагаагүй түүнийхээ дараа одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна гээд 8.000.000 төгрөг нэмж авсаар 34.350.000 төгрөг залилан мэхэлсэн. *******аас газрын үнэ тушаасан баримтаа өгөөч ээ гэхээр маргааш аваад ирье нөгөөдөр аваад ирье газрын албаны хүнд байгаа гээд огт өгөхгүй яваад байсан юм. Би юу болсон гэж хээль хахуул өгөөрэй гээд *******т мөнгө төгрөг өгөөд байхав дээ. Ажил үүргийн хувиараараа газрын дуудлага худалдааны үнийг тушаах, газрын захирамжийг өөрчлөх захирамж гаргуулах зэрэг нь менежерийн хийх ёстой ажил. /3хх-ийн  48-49-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Р.Баярмаа мөрдөн байцаалтанд: Миний үеэл дүү болох Отгонбат нь “Бичил Глобус” ХХК-ийн захирал бөгөөд 2013 оны 8 сард дүү Отгонбатаар дамжуулан ******* гэх хүнтэй танилцсан. ******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах Нийслэлийн Газрын Албанаас хүчингүй болсон захирамжтай газруудаас газар авч өгч чадна гэхээр нь эхлээд урьдчилгаанд 50 сая төгрөгийг 2013 оны 8 сарын 3-нд бэлнээр өгсөн ба энэ мөнгө нь дуудлага худалдааны анхны үнэ байсан. 2013 оны 9 сард надтай дахин холбогдоод бетонон хашааны үнэ 8800 доллар хэрэгтэй байна гээд над руу Анхбаяр гэж хүнийг явуулаад би тэр хүнд нь бэлнээр өгсөн.  Түүний дараа газрын төлбөр гээд 2300 доллар, 1 сая төгрөг, 6.600.000 төгрөг, тэгээд 200.000 төгрөгийг нэхэх болгонд нь өгч байсан. Яг хэдний өдөр өгсөн нь баримтаар байгаа. *******т 1 газар нь, нөгөөх нь 6800 м2 газрын мөнгө гээд өгсөн ба 1 га газрыг нь би өөрийн хувийн хэрэгцээнд, харин 6800 м2 газрыг манай бэр эгч хувийн хэрэгцээнд тус тус ашиглах гэж байсан юм. Аж ахуйн зориулалттай газар тэр бүр олдоод байдаггүй, гадуур зарна гэсэн зарууд байхаас хууль дүрмийнхээ дагуу олдох нь ховор байдаг, тухайн үед ******* “БГД-ийн газрын албанаас дүүргийн захирамжтай 8 газрыг хүчингүй болгосон, энэ газрын 2 газрыг нь би өөрийн нэр дээр авах болоцоотой, та дуудлага худалдааны үнэ хөлсийг нь төлөөд хямдхан авчих” гээд байхаар нь би итгэсэн. Над руу ямар нэг байгууллагаас дансанд мөнгө орж ирсэн талаар газрын албанаас ярьсан зүйл огт байхгүй. 2014 оны 6 сарын 19-нд ******* надад 20 сая төгрөг шилжүүлсэн байсан, энэ мөнгийг найзынхаа дансаар дамжуулж авсан, Анхбаярт би өөрөө 8800 доллар тоолоод өгсөн. Анхбаярын яриад байгаа шиг 8000 доллар өгөөгүй...18.200.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн Тоёота кроун маркийн машиныг тус тус хохиролд тооцож авсан. Энэ нь нийтдээ 38.200.000 төгрөг болж байгаа. Одоо 38.600.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хурдан гаргуулж авах хүсэлтэй байна яагаад гэхээр *******т газрын мөнгө өгөхийн тулд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авсан, хүмүүс нь надаас мөнгөө нэхээд байна. /1хх-ийн 19, 206, 2хх-ийн 147, 3хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Р.Р мөрдөн байцаалтанд “2013 оны 12 дугаар сарын дундуур бид нар хашаандаа 40 айлын орон сууц барьж байгаа бөгөөд 350.000.000 төгрөгийн зээл авах хэрэгтэй болж Э.Болдбаатар найз *******ыг зээл гаргаж өгөхөд тусалдаг гээд танилцуулсан. Тэгээд ******* зөвшөөрөөд зээл авах бичиг баримтаа авчирч өг гэхээр нь 2013 оны 12 дугаар сарын сүүлээр зээлийн баримтаа *******т өгөөд тэр өдрөө ******* “материалаа төрийн банкинд хүнд өгчихлөө, ондоо багтаагаад зээл гаргачихна” гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа зээлийн 1%-ийг өгчихье гээд Г.Батцогтоос 3.5 сая төгрөг авчирч өгсөн. Цогоо найзаасаа зээлээр авч өгсөн байдаг. Тэрний дараа манай хашаанд баригдаж байгаа байшин хашаа, дэлгүүр зэргийг 770 сая төгрөгөөр үнэлсэн байсан ба “зээл авах үнэлгээ нь хүрэхгүй байна, дахин үнэлгээ хийлгэх гэж байна, үнэлгээчинд өгнө” гээд 1,5 сая төгрөг авсан юм. ******* “оны өмнө зээл гаргах арга байхгүй байна, амжихгүй цагаан сарын өмнө гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд цагаан сарын өмнө “одоо зээл гаргана банкинд дансандаа 1% буюу 35 сая төгрөг байршуулах ёстой” гэхээр нь би “10 сая төгрөг олдлоо” гэсэн чинь “үлдэгдлийг нь би байршуулчихъя” гэж хэлээд 10 сая төгрөгийг *******т шууд бэлнээр Болдбаатар, Батцогт нар аваачих өгсөн. Тэгээд зээлээ гаргаагүй бөгөөд дараа нь Төрийн банкинд 8 сая төгрөг шилжүүлсэн байсан. Мөн ******* банкны хүмүүсийг цайлуулах гэж байна гээд Батцогт руу утасдаад 250.000 төгрөг авсан байсан. Нийтдээ 15.250.000 төгрөг авсан одоогоор 9 сая төгрөг эргүүлж төлсөн одоо 6.500.000 төгрөгний үлдэгдэлтэй юм. Энэ зээлийн мөнгийг өгөхөд 2 автомашин барьцаанд тавьж зээл авсан сард 1 машины хүүнд нь 222.500 төгрөг, Ланд-Крузейр маркийн машинд 550.000 төгрөг төлж байна. Үүнийгээ ч гэсэн давхар нэхэмжилмээр байна. *******т Батцогтын хамт  16.500.000 өгсөн. Батцогт 13.500.000 төгрөг гаргасан нь үнэн, үлдэгдэл 3.500.000 төгрөгийг би гаргасан. Хэргийн явц дунд Батцогтод 8.500.000 төгрөг өгөөд надад нэг удаа 500.000 төгрөг, нэг удаа 1 сая өгсөн үлдэгдэл 6.500.000 төгрөг авах дутуу 2014 оны 8 сард *******ын өмнөөс Батцогтод өгөх ёстой өр төлбөрийг бүгдийг нь төлөөд дууссан. Батцогтын хувьд нэхэмжлэх өр шир, мөнгөн дүн огт байхгүй...*******аас 6.250.000 авах ёстой үүнийгээ 6.500.000 гэж буруу хэлсэн байна лээ үүнийгээ залруулж хэлэх хүсэлтэй байна. /1хх-ийн 141-142,178, 2 хх-ийн 148, 3хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Батцогт мөрдөн байцаалтанд: Би 2013 оны сүүлээр өөрийн хамаатны эгч Розагийн хамтаар их хэмжээний зээл авахаар болоод хөөцөлдсөн боловч бүтээгүй бөгөөд энэ талаараа таньж мэддэг хүмүүсээсээ асууж сураглаж байсан юм. Тэгтэл Роза эгчийн хүү Болдбаатар нь өөрийн танил *******тай тааралдаад зээлийнхээ талаар ярихад ******* бүтээж өгнө гээд бид нар холбогдоход *******ын хэлж байгаа зүйл нь нилээн боломжийн санагдаад байхаар Роза эгч бид 2 дундаасаа 15.250.000 төгрөг гаргаж өгсөн. Үүнээс ******* эгч бид хоёрын дунд 10.000.000 төгрөгийг нь увуулж цувуулаад өгөөд байгаа бөгөөд үлдэгдэл нь 5.250.000 төгрөг болоод байна. ******* энэ Роза эгчид өгчихвөл Роза эгчээс би дараа нь хэдэн төгрөг өгөх гээд байгаа юм аа. Би *******т 2013 оны 12-р сарын сүүлээр 3.000.000 төгрөг, 2014 оны 01 сарын эхээр 300.000 төгрөг, 250.000 төгрөг, тэгээд 2014 оны 01-р сарын 25, 26-ны үеэр 10.000.000 төгрөгийг Ард кинотеатрын баруун хойно Болдбаатарын хамтаар өгсөн. Одоо    Роза    эгчид    өгөх    ёстой    5.250.000 төгрөгийг    өгчихвөл    би    тэр мөнгөнөөс нь 50-60 хувийг нь авах ёстой юм аа. Ерөнхийдөө бол Роза эгч өөрийнхөө гаргасан мөнгөө бараг аваад дуусчихсан байх гэж бодож байна. Уг нь бол  зээл  Роза эгчийн нэрээр гарах ёстой  байсан учир би    өөрийн гаргах ёстой байсан мөнгийг боломжийн хэрээр өгч  байснаас өөр нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй юм аа. Сүүлд л ******* нь утас шөрмөсөө авахгүй, биднээс зугатаад байсан. /1хх-ийн 180/ гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Батцогт дахин байцаалтаар“...*******т Роза эгч бид хоёр нийлээд 15.250.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөний 13.500.000 төгрөгийг би гаргасан. Хэрэгт шалгагдахаас өмнө бид хоёрт нэг ч мөнгө өгөөгүй, хэрэгт татагдаад шалгагдаад ирэхээрээ 9.000.000 төгрөг өгсөн.  Дараа нь 2014 оны 7 сарын сүүлээр Роза эгч надад тооцооны асуудлыг бүрэн барагдуулж дууссан ба одоо миний хувьд *******аас авах авлага байхгүй. Роза эгч л 6.250.000 төгрөг авах авлагатай байх  / 2хх-ийн 146/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Тунгалагнаран мөрдөн байцаалтанд: 2011 оны 8 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршоолол хотхоны 48 дугаар байрны 4 тоот үл хөдлөх хөрөнгийн Ү-2204037177  дугаартай байрыг Д.Агваан гэдэг хүнээс худалдаж авч байсан. 2014 оны 6 дугаар сарын дундуур манай байрыг битүүмжилнэ гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч гэрт ирээд явсныг мэдсэн. Дараа нь би шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдож ямар учиртайг нь асуухад танай байрыг Нанжидийн Дамдинбазар, Сарангэрэл гэдэг 2 хүн "Хайрхан Агуула" хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд зуугаад сая төгрөг авсан байна зээлээ төлөхгүй болохоор нь танай байрыг битүүмжлэх захирамж гарсан гэж хэлсэн. Тэгээд надад 'Хайрхан Агуулаа" ХЗХ-ны итгэмжилсэн төлөөлөгч Отгонзул гэдэг хүний гар утасны дугаарыг өгсөн. Ингээд би Отгонзулын 91091222 гэсэн дугаар руу залгаж холбогдоход "Хайрхан Агуулаа" ХЗХ-ны итгэмжилсэн төлөөлөгч Отгонзул хэлэхдзэ *******, Сарангэрэл нар танай байрыг 2010 онд 100-аад сая төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгээд зээлээ төлөхгүй болохоор нь дүүргийн анхан шатны шүүхэд  гомдол гаргасан гэж хэлсэн. Манай нөхөр Баттулга бид хоёр байраа банкны зээлээр авч байсан ба байрны гэрчилгээ эх хувиараа банкинд байдаг юм. Манай нөхөр бид хоёр байрны гэрчилгээг хэн нэгэнд итгэмжлэл хийж өгч байгаагүй. /2хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн хуулбар /2хх-ийн 73/

Орон сууж худалдах худалдан авах гэрээний хуулбар /2хх-ийн 101/

 

Гэрч Ц.Цэрэндэжид мөрдөн байцаалтанд: Би “Хайрхан Агуула” ББСБ-нд гүйцэтгэх захиралаар ажилладаг. Тухайн үед Сарангэрэл нь уг байрны гэрчилгээг эх хувиар нь Агваан гэдэг хүний итгэмжлэлтэй хамт авчирсан ба бичиг баримт бүрэн  болохоор нь гэрээ хийж мөнгө өгсөн. 2010 оны 11 сарын 12-ноос 2011 оны 02 сарын 12-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай 42 сая төгрөгийг 4%-ийн хүүтэй олгосон. Сарангэрэлийн нэр дээр ******* нь хамтран зээлдэгчээр хоршоолол хотхон 48-р байр 3-11,14-15 тоот байруудыг барьцаанд тавьж 42 сая төгрөгийн зээл өгч зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Сарангэрэл нь уг байрны гэрчилгээг эх хувиар нь Агваан гэдэг хүний итгэмжлэлтэй хамт авчирсан. Би бичиг баримт нь бүрэн байсан болохоор гэрээгээ хийгээд мөнгөө өгсөн. Би байрны гэрчилгээ, Агваанаас Сарангэрэлд өгсөн итгэмжлэл, байрны зураг, иргэний үнэмлэх зэргийг үндэслэж зээл олгосон. /2хх-ийн 47, 152/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч байгууллага “Хайрхан Агуула” ББСБ-ын гүйцэтгэх захирал ажилтай Н.Баярмаа мөрдөн байцаалтанд: 2010 оны 11 сарын 12-ны өдөр ******* нь Сарангэрэл гэгчтэй хамтарч манай байгууллагаас 42 сая төгрөгийн зээлийг 4%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж аваад өгөөгүй үндсэн зээлээс 4.500.000 төгрөгийг, хүүнээс 19,394,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний 1 дүгээр шүүхээс хүү алданги бусад зардлыг тооцоод 86.240.000 төгрөгийг ******* болон Сарангэрэл нараас гаргуулахаар болсон боловч ******* нь одоог хүртэл 1 ч төгрөг төлөөгүй байгаа. Манай байгууллагын зүгээс энэ мөнгийг *******аас нэхэмжилж байна. /3хх-ийн 188/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Агвааны мөрдөн байцаалтанд: Манай “Вил мар” ХХК нь 2009 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 48 дугаар байрыг барьж ашиглалтанд өгөөд 16 айлд худалдсан  ба уг барилга миний нэр дээр байсан. Худалдан авсан байрны гэрчилгээ худалдан авсан хүний нэр дээр шилжсэн. Хүчингүй болсон гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн газарт 16 айлд шилжүүлж өгч гэрчилгээгээ өгсөн. Би *******, Сарангэрэл гэдэг хүмүүст өгөөгүй. Би бодохдоо ******* Сарангэрэл нар хүчингүй болсон гэрчилгээг ашиглаж ХЗХ-нд барьцаанд тавьж зээл авсан байх гэж бодож байна. Би тэд нарыг танихгүй. Хаанаас олж аваад барьцаанд тавьсаныг мэдэхгүй байна. ...Ямар ч байсан зээл авахын тулд миний гарын үсгийг итгэмжлэл дээр дуурайлган зурчихсан байна. Одоо энэ 16 айл бүгд зарагдчихсан. Миний гарын үсэг биш байна хуурамч бичиг баримт үйлдсэн хүмүүсийг олж шалгаж өгнө үү. /2 хх-ийн 48, 150/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд: 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ******* манай хашааны баруун талд байдаг жижиг под станцаас 380 вольтын тог татах гэж байна гээд хүмүүсээр шуудуу татуулж ухуулж байсан. Тэгээд нөхөр бид 2-т “одоо манайх 380 вольтын тог татлаа танайх замаас  нь авчих урьдчилгаа 4.300.000 төгрөг өгчих, үлдэгдэл 1 сая төгрөгийг тог татсаны дараа өгчих” гэсэн. *******ын 5018402092 дугаарын данс руу 4,300,000 төгрөгөө шилжүүлсэн. Үүний дараа утас руу нь залгахад “380-ынх нь зөвшөөрөл гараагүй байна, түр байж байгаарай” гэдэг байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. 2013 оны 12 сард залгахад “маргааш тавих гэж байгаа, санаа зоволтгүй” гэсэн. Тэгээд тэрнээс хойш утсаа авахгүй таг алга болсон. Би Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн бизнесийн удирдлагын магистрт сурдаг ба манай ангид хамт сурдаг Бичил глобал группын гүйцэтгэх захирал Отгонсүх “******* манай хувь нийлүүлэгч биш, наад хүн чинь манайд хамаагүй шүү, та эртхэн шиг *******тай учраа олоорой” гэж хэлсэн. ******* болохоор нөхөр бид хоёрт Бичил глобал группын хувь нийлүүлэгч, манай ахыг Дамдинбазар гэдэг Отгонбаатар нь манай найз бид 3 хувь нийлүүлж энэ компанийг босгосон гэж байсан. Тэгээд ******* энэ компанитай ямар ч хамааралгүй, энэ барилгын ажил дээр нь ажиллаж байсан юм шиг байна лээ. Ямар ч бичиг баримт, гэрээ хэлцэл гэх зүйл хийгээгүй, харин ******* нь бид нараас бичгийн цаасан дээр компанийн тамга даруулж авсан, энийгээ зөвшөөрөл авахад хэрэг болно гэж хэлсэн. /1хх-ийн 172/ гэх мэдүүлэг,

4300.000 төгрөг шилжүүлсэн гэх баримтын хуулбар /1хх-ийн 163/

 

Гэрч Д.Отгонпүрэв мөрдөн байцаалтанд: 2013 оны 5 сард Баянзүрх дүүргийн 13-р хороо, Нарны замын 606 тоотын зүүн талын хашааг Бичил глобал гурпп худалдаж авсан юм. Тэгээд газар шорооны ажил болон барилгын ажил эхлэхэд уг ажлыг хийж байсан залуу ******* гэж өөрийгөө танилцуулсан өндөр шар залуу байсан. Надтай анх уулзахдаа “танайх хашаагаа зарах уу” гэсэн тэгээд “Бичил глобал групп энэ хашааг худалдаж авсан юм, би энэ группын хувь нийлүүлэгч, Сонсголонд машины гарааштай, тэгээд байр сав багтахгүй байгаа юм. Одоо энд 300 машины зогсоол барих гэж байгаа юм, манайх 9 тэрбум төгрөгийн эргэлттэй” гэх мэт юм ярьж танилцаж байсан.  2013 оны 9 сарын 30-нд Бичил глобалын хашаа тоггүй байсан, тэгээд эднийхээс баруун тийшээ 300 м зайд под станцаас газраар шуудуу ухсан тэгээд ******* тог авах зөвшөөрөл авчихлаа танайд 5,300,000 төгрөгөөр 380 вольтын тог өгье гэсэн тэгээд шуудууг нь харахад манай хашааны урдуур Бичил глобалын хашаа руу орсон шуудуу ухсан байсан. Энэ шугамаар кабелиа явуулна, замаас нь танайх руу татна цахилгааны шит аваад бэлдчихээрэй гээд урьдчилгаа 4.300.000 төгрөг авсан. Техникийн нөхцөл гаргуулахад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би эхнэрийг банк руу явуулаад *******ын данс руу 4.300.000 төгрөг шилжүүлсэн...”  /1хх-ийн 173/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: Би Оптиамл ХХК-ийн захиралаар ажилладаг бөгөөд манай байгууллага 2013 оны 5 сард БЗД-ийн 13-р хороо Өгөөмөр захын урд байх Бичил глобус ХХК-ны гараашийн барилгыг барьсан бөгөөд энэ явцад тус компанийн менежер ******* гэх залуутай танилцаад өөрийгөө тус компанийн хөрөнгө оруулагч байгууллагадаа 400 сая төгрөгний хөрөнгө оруулсан гэж надад итгүүлээд Ланд Крузер-200 маркийн автомашиныг 54 сая төгрөгөөр авч өгөх боломжтой гэхээр нь би хямдхан машин авч болох юм байна гээд зөвшөөрсөн. Тухайн үед ******* намайг дагуулан явж Бичил глобусын гараашнаас машин гаргуулаад унуулсан. Тухайн үед хямд машин авах нь гэж би итгэсэн. 2013 оны 7 сард 7 сая төгрөг зээлж аваад өөрийн хэрэгцээндээ зарцуулсан гээд хэсэгчилж төлсөөр 10 сар гэхэд 3.700.000 төгрөгний үлдэгдэлтэй болсон. 2013 оны 11 сарын 06-ны өдөр над руу залгаад та надад одоо 15 сая төгрөг аваад ир, машины эзэнд мөнгийг нь өгөх гэсэн юм. Ресторанд хүүхдийнхээ үсний найрыг хийж байна гэхээр нь тэр газар нь явж очоод 15.300.000 төгрөг өгөөд наад мөнгөн дээрээ надад өгөх ёстой 3.700.000 төгрөгөө өгөөд нийт 19 сая төгрөг төлчихөөрэй, би машины үлдэгдэл мөнгө болох 35 сая төгрөгийг цувуулаад өгнө эсвэл өөрийн машиныг 15 сая төгрөгөөр үнэлээд үлдэгдэл 20 сая төгрөг төлж барагдуулна гэж тохиролцоод 15.300.000 төгрөгөө өгөөд явсан. 2013 оны 12 сард мөн над руу залгаад 10.600.000 төгрөг энэ дансанд шилжүүлээдхээч таны нэр дээр шилжих гээд байна гэхээр нь итгээд дагаад яваад байдаг Анхбаярын данс руу шилжүүлсэн. Тэгээд машинаа асуухаар өнөөдөр өгнө, маргааш өгнө гээд надад худлаа хэлээд яваад байхаар нь арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Мөн надаас компанийхаа гэрчилгээг өгч бай би тусгай зөвшөөрлийг нь сунгуулж өгнө гэж хэлээд хөөцөлдөхөд 2,100,000 төгрөг хэрэг болоод байна гээд бичиг баримтыг маань бэлэн мөнгөний хамт аваад алга болсон. Одоо хүртэл бичиг баримтаа авч чадаагүй явж байна. Би нийтдээ 32 сая төгрөг нэхэмжилж байна....Өнөөдрийн байдлаар надад хохирол нөхөн төлөгдсөн асуудал байхгүй.   /1хх-ийн 177,181, 2-хх-ийн 149, 3хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Лхагвадорж мөрдөн байцаалтанд:“ 2013 оны 11 сарын 10-ны өдөр 10 жилийн нэг ангид сурч байсан ******* утсаар ярьж гэрийн гадаа ирээд “хүүтэй мөнгө зээлээч 20 сая төгрөг 10%-ийн хүүтэй зээлээч” гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрч өөрт бэлэн  байсан 21 сая төгрөгнөөс 19 сая төгрөгийг таньдаг хүмүүс учраас 5%-ийн хүүтэй өгчихье гэж бодоод өөрт нь тэр дор нь өгсөн. Гэрээ хийлгүйгээр амаар тохирч машинд сууж байхдаа өгсөн. Ажилд зарцуулна яаралтай мөнгө зээлээч гэхээр нь өгсөн. Мөнгө зээлснээс хойш эхний 3 сарын хүү болох тус бүр 1 сая төгрөгийг надтай уулзаад бэлнээр өгч байсан. Тэгээд сүүл рүүгээ хүүг нь авах гээд ******* руу залгахад утас нь холбогдохгүй, нэг ярихаар удахгүй өгнө, маргааш өгнө гэх зэргээр хэлсээр өдийг хүрсэн. Уг нь надаас өмнө нь мөнгө зээлээд өгч л байсан болохоор дахиад асуухаар нь итгээд өгсөн. Ах нартайгаа хамт жонш гаргаад зардаг тиймэрхүү ажил хийдэг мөнгөтэй учраас төлчих байх гээд өгчихсөн. Би одоо хүү гэлгүйгээр үндсэн зээлсэн мөнгө болох 19 төгрөгийг авчихвал болно...Бид хоёр хоорондоо хийсэн зээлийн гэрээ байхгүй, ******* анх надаас 19 сая төгрөг зээлж авсан.  Тэгээд 2014 оны 9 сарын 27-нд 3.500.000 төгрөг, 2014 оны 10 сарын 01-нд 3.000.000 төгрөг, 2014 оны 11 сарын 05-нд 8.500.000 төгрөг, 2014 оны 11 сарын 13-нд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ******* өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.  / 2хх-ийн 22, 2хх-ийн 144-145/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Ч мөрдөн байцаалтанд: “...2013 оны дундуур найз Дамдинбазараар дамжуулж ******* гэж залуутай танилцсан. Эхлээд ******* нь Дамдинбазарын дүү гэж явж байснаа сүүлдээ Бичил Глобус ХХК-нд ажилладаг болж таарсан. Дамдинбазарт БГД-ийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулах өргөтгөлийн маань үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулах гэтэл танил талгүй болоод болохгүй байна чамд таньдаг хүн байна уу гэхэд  *******аас асууя гэж байсан. 2013 оны 8 сард ******* өөрөө залгаад Чулуунбат ахаа нөгөө гэрчилгээний асуудлыг хүнээс асуулаа болчихмоор юм байна, эхлээд урьдчилгааны 3 сая төгрөг өгчих үл хөдлөхийн гэрчилгээ гарахаар үлдэгдэл 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь би итгээд эхнэрийнхээ данснаас данс руу нь явуулсан. *******ыг ярихыг нь хүлээгээд байж байтал 2013 оны 11 дүгээр сард БГД-ийн 20-р хороо ТЭЦ-4-ийн тэнд газар байна та энэ газрыг хямдхан авах уу боломжийн газар байгаа гэхээр нь хамт очоод үзтэл нилээн боломжийн газар байхаар нь авахаар болоод 75 сая төгрөгөөр тохирсон. Надад тайлбарлахдаа таны өмнө авч байсан компани нь газрынхаа төлбөрийг төлөөгүйн улмаас энэ газар хураагдсан, та 4 жилийн газрын төлбөр болох 14.028.000 төгрөгийг төлчихвөл таны нэр дээр хурдан гарах юм байна гэхээр нь *******ын данс руу өөрийнхөө нэрнээс уг мөнгийг явуулсан. Оны өмнө надтай ирж уулзаад газрын зөвшөөрлийг гаргуулах гэсэн чинь БГД-ийн газрын албаны хүмүүс нь гадагшаа дотогшоо явахад мөнгө хэрэг болоод байна танд мөнгө байна уу гэхээр нь одоохондоо мөнгө алга өөрөөсөө өгөөд түр аргалж  бай дараа нь надаас авчихаарай гээд явуулсан. Хэсэг хугацааны дараа  би нөгөө газрын албаны хүмүүсийг нь гадагш дотогш явахад нь 5 сая төгрөг өгсөн одоо надад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь *******ын дүү Дамдинбатын данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны  дараа ******* над руу залгаад таны өргөтгөлийн үл хөдлөхийн гэрчилгээ бараг л бэлэн болсон, үлдэгдэл 3 сая төгрөгөө өгөх үү гэхээр нь би ах нь өгье өгье гээд ******* өөрийн хуурай дүү Анхаа гэх залууг явуулаад би тэр залууд нь бэлнээр 3 сая төгрөг өгөөд явуулсан. 2014 оны 01 дүгээр сарын сарын эхээр залгаад нөгөө гэрчилгээ чинь юу болж байна гэхэд ахаа гарчихсан хамгийн гол нь гэрчилгээ гаргаж өгсөн найз маань гадагшаа гарчихаад ирээгүй байгаа учраас гэрчилгээг чинь авч чадахгүй байна, ирэхээр нь аваад өгье гээд байхаар нь би итгээд яваад байсан юм. 2014 оны 02 дугаар сарын эхээр ******* над руу залгаад нөгөө ТЭЦ-4-ийн  газар дээр хашааг нь барьж байгаарай, урд талд нь цахилгааны шугам байгаа тэрийг битгий оруулаарай гэхээр нь чи хамт одоо тэр шугамаа заагаад өгчих гээд ******* бид 2 хамт тэр шугамаа зааж өгөөд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш ******* утсаар залгаад мөнгө хэрэгтэй байна гээд увуулж цувуулаад их бага хэмжээгээр авдаг байсан. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр залгаад таны авсан газрын хажууд нэг газар байна авах хүн байна уу асууж сураглаж өгөөч гэхээр нь өөрийн найздаа хэлж бид 2 хамт цуг *******тай тэр газрыг нь үзээд 3 сая төгрөг өгөөд ах нь чамд одоогийн байдлаар 41 сая төгрөг өгчихлөө, 6 сая төгрөг нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан мөнгө, үлдэгдэл 35 сая төгрөг нь газрын үнэнд тооцогдож байна. Одоо газрын мөнгөний үлдэгдэл 40 сая төгрөгийг үл хөдлөхийн гэрчилгээ гарсан мөн энэ  газрын гэрчилгээ гарсан хойно л өгнө гэж хэлээд салсан. 2014 оны 5 сард найз Дамдинбазартай уулзтал чи *******т мөнгө төгрөг өгөөгүй биз дээ, бид хоёр цагдаа шүүх болоод явж байгаа шүү гэхээр нь би *******тай очиж уулзтал Дамдинбазар ах бид 2 маргаантай байгаа, гэхдээ намайг цагдаа шүүхэд өгсөн биш, би Дамдинбазар ахыг Авилгатай тэмцэх газар өгчихсөн байгаа юм, та санаа зоволтгүй гэхээр нь тайвшраад салсан. ******* хэд хоногийн дараа над руу залгаад БГД-ийн газрын албан дээр байна та энд хүрээд ир гэхээр нь очтол таны байрны өргөтгөлийн гэрчилгээ гарсан чинь таны өмнө эзэмшиж байсан Нэргүй гэж хүний нэр дээр гарчихсан байна, солиулаад гаргаад ирэх байх та явж бай, явж бай гэхээр нь би явсан. Би *******т нийтдээ 41 сая төгрөг өгсөн үүнээс эргүүлж авсан мөнгө төгрөг гэж огт байхгүй. 2 удаа дансаар шилжүүлсэн мөнгөний баримт л байгаа нийлээд 22 сая төгрөг болж байна, үлдэгдэл 19 сая төгрөгийг увуулж цувуулаад өгч байсан. Гэхдээ энэ мөнгөндөө ямар нэгэн баримт үйлдээгүй, итгээд л өгөөд байсан юм. /3 хх-ийн  01-02,46/ гэх мэдүүлэг,

 

Гэрч  Н.Болд мөрдөн байцаалтанд: Найз Чулуунбат 2013 онд байхаа над руу залгаад миний танил залуу БГД-ийн 20-р хороо ТЭЦ-4-ийн ойролцоо газар зарах гэж байна, чи үзэх үү гэхээр нь байгаа газар нь яваад очиход Чулуунбат ТЭЦ-4-ийн урдхан талд нэг газар үзүүлээд би энэ газрыг авсан, чи хажуу талын 2 га газрыг нь авах уу гээд надад үзүүлсэн. Уг газар очиход Чулуунбатын машинаас гадна хар өнгийн том машин байсан бөгөөд машинаас өндөрдүү шар царайтай залуу бууж ирээд энэ газар миний газар байгаа юм, таныг авна гэвэл наад талын нэг га газрыг 160 сая төгрөгөөр цаад талын тэгш газрыг нь 190 сая төгрөгөөр зарна гээд үзүүлээд байсан. Өөрийгөө ******* гэж танилцуулаад өөрийнхөө 99112958 гэдэг дугаарыг өгч мөн миний утасны дугаарыг авсан. Уг газрууд нь боломжийн газрууд байсан ба үнэ нилээн үнэтэй байсан тул наймаа тохирч чадаагүй салсан. Хэд хоногийн дараа надруу залгаад яасан бэ нөгөө газраа авах юмуу авахаар бол хурдан аваач ээ гээд байсан ч би сүүлдээ утсыг нь авахаа больсон. Сүүлд Чулуунбатаас асуухад энэ залууд их хэмжээний мөнгө өгөөд алдчихсан, ******* нь залилан мэхлэгч байсан талаар хэлж байсан. Чулуунбаттай тэр газрыг үзээд байж байхад Чулуунбат *******т газрын тооцоо өгнө гээд мөнгө барьчихсан машиндаа сууж байсан, хэдийг өгч авалцаж байгаа талаар асуугаагүй, *******ын машинд Чулуунбат ороод мөнгө төгрөгөө тоололцоод л сууж байсан санагдаж байна. /3 хх-ийн  3/ гэх мэдүүлэг,

  

Гэрч *******амдинбат мөрдөн байцаалтанд: ******* нь миний төрсөн дүү байгаа юм. Он сар өдрийг нь санахгүй байна.  Манай дүү ******* над руу утсаар залгаад “ахаа таны данс руу хүн бэлэн мөнгө хийгээд түүнийг нь би таниас бэлнээр авчихъя” гэхээр нь би зөвшөөрөөд би өөрийнхөө дансыг мэссэжээр ******* руу явуулсан. Удалгүй миний дансанд 5.000.000 төгрөг  бэлнээр орж ирээд, ******* манай ажил дээр ирээд уг мөнгийг нь надаас бэлнээр аваад явсан юм. Яг хэн гэж нэртэй хүнээс миний дансанд мөнгө орж ирснийг сайн санахгүй байна. Дансны хуулгаа харвал санах байх, сүүлд ******* над руу залгаад “ахаа би дээр таны данс руу мөнгө хийгээд таниас бэлнээр аваагүй юу” гэхээр нь “ах нь яаж 2 жилийн өмнөх юмыг санахав дээ” гэхэд “Чука гэж хүнээс газрын үнэ гэж явуулсан байх ёстой” гээд байсан. Миний дансанд бэлэн мөнгө байнга орж гардаг болохоор би одоо үнэндээ тэр мөнгөн дүн болон мөнгө шилжүүлсэн хүнийг нь мэдэхгүй байна. Миний данс руу мөнгө шилжүүлсэн гэх хүнээс нь асуухад шилжүүлсэн мөнгөн дүнгээ нарийн хэлээд өгөх байлгүй дээ. Би 2013 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Челси нэртэй пабын тэнд киргиз шорлог идэх гээд ортол ******* тэр газарт сууж байсан, надтай шорлог зардаг гээд нэг залууг танилцуулсан. 2014 оны өвөл байхаа над руу нөгөө Сайдолла гэдэг залуу залгаад "ахаа танай дүү Баатараа  надад мөнгөний өртэй та надад өрөнд нь Айфоне 5 маркийн гар утас өгчихвөл би цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө  буцаагаад авчихъя” гэхээр нь наад асуудал чинь надад хамаагүй,  өөртэй   нь  ярь  гээд  салгасан.   Миний    хувьд  *******ыг Сайдоллагаас гар утасны мөнгө авсан талаар  нь мэдэхгүй тул *******тайгаа учраа ол гээд утсаа салгасанюм. /3хх-ийн 50/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Б.Пүрэвсайхан мөрдөн байцаалтанд: манай  нөхөр Б.Ч 2013 оны 11 дүгээр сард надтай гадуур явж байгаад Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-ийн урд талд газар үзнэ гээд   хамт   явсан. Биднийг   уг   газар дээр нь   очиход хар өнгийн жийп машинтай, шардуу царайтай, казак маягийн залуу манай нөхөрт газар зааж үзүүлээд байсан. Тэр залууг ******* гэдэг гэж сүүлд нь мэдсэн. Мөн манай нөхөр тэр залууд газрын үнэ болох ууттай мөнгийг өгөөд, чи бид 2-ын хоорондох мөнгөний тооцоо ингээд дуусч байгаа шүү гэж хэлээд, тортой мөнгө өгсөн. Миний санаж    байгаагаар    2.900.000 төгрөг байсан байх. Би яг гараараа тоолоогүй юм. Манай нөхөр бид хоёр   *******аас салаад явах замдаа нөхөр надад "саяны бид хоёрт үзүүлээд   байсан газрыг би энэ залуугаас авч  байгаа газрын төлбөрийг нь төлж чадахгүй олон жил хуримтлагдсан, түүнийх нь төлбөр| нилээн хэдэн сая төгрөг болсон байсан” гэх зэргээр ярилцаад явсан. 2014 оны  нөхөр маань нөгөө газраа аваад хашаа хатгах гэхэд зөвшөөрөл нь хүртэл гараагүй,  ******* гэх залуу  алга болоод  сүүлдээ  утас  шөрмөс авахаа болиод  нөхөр маань цагдаагийн байгууллагад хандсан юм. *******т газрын төлбөрт яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй   байна, ямар   ч байсан миний Хаан банкны 5030108774 тоот данснаас мөнгө аваад  *******т    бэлнээр өгдөг байсан. Энэ талаарх дансны хуулгаа  гаргаж өгч  болох  юм. *******т хэдэн  төгрөг өгсөн  талаараа  нөхөр  маань  сайн   мэдэж байгаа  байх, 41.000.000 төгрөгөө залилуулчихлаа гэж хэлж байсан. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр  надад   ******* гэж хүний 5018402092 тоот данс руу   3.000.000 төгрөг шилжүүлчихээч гэхээр нь би Хаан банкин дээр очоод данс руу нь   шилжүүлсэн, гүйлгээний  утга дээрээ Чулуунбатаас  ордерийн үнэ шилжүүлсэн гэж санагдаж байна. /3хх-ийн 54/ гэх мэдүүлэг,

Орлогын мэдүүлгийн хуулбар /3хх-ийн 5/

 

Хохирогч А.Сайдолла мөрдөн байцаалтанд:”...Теди дээр утас зардаг гэж өөрийгөө танилцуулсан Баатар өмнө нь 1 айфоне 5 гар утас захиалж авч байсан, дараа нь дахиж утас захиалахаар болж 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирж уулзаад миний захиалсан 1 ширхэг айфоне 5 гар утасны мөнгө гэж 450.000 төгрөг аваад явсан. 2014 оны 7 сарын 31-ний өдөр над руу залгаад ах Челси дээр байна ууж байна, одоо мөнгө байвал аваад ир гэхээр нь 250.000 төгрөг аваачаад өгсөн.  2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баатар руу залгаж Жуков дээр уулзаад 500.000 төгрөг өгсөн. Миний гар утсыг наадмын дараа өгнө гээд тэр чигээрээ алга болсон. Цувуулаад 1.200.000 төгрөг авсан...гадаад улсын оюутны дотуур байранд амьдардаг юм чинь юу гэж хүний архины мөнгийг даагаад яваад байхав дээ. /3 хх-ийн 37-38,45 / гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Ганзориг мөрдөн байцаалтанд: 2012 оны 8 сард танил ******* гэдэг хүнээр газар авах гэж хөөцөлдүүлэхээр болсон. Анх ******* надад хэлэхдээ БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1983 м2 талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар зарах гэж байна авах уу гэж асууж байсан. Тухайн үед би *******тай зүгээр ярьж байгаад газар хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Надад тэр газрыг ******* санал болгоод дуудлага худалдааны мөнгө гээд 20 сая төгрөг өгчихвөл асуудалгүй аваад өгнө харин ажлын хөлсөнд 2-3 сая төгрөг өгчихнө биз гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд 2012 оны 7 сарын 20-ны үед кадастрын зураг хийлгэх мөнгө хэрэгтэй байна 450.000 төгрөг шилжүүлчих гээд Баянмөнх гэдэг хүний Хаан банкны дансны дугаарыг надад өгөхөөр нь би БЗД-ийн Хаан банкны салбараас шилжүүлсэн. Тэгээд 2013 оны 8 сарын 01-ний өдөр ******* над руу залгаад 20 сая төгрөгөө яаралтай шилжүүлчих, газрын дуудлага худалдаа болох гээд байна гэхээр нь би *******ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Тэгээд удахгүй газрын бичиг гарчихна гэсэн боловч одоо болтол гаргаагүй байна. Өөрөө дуудлага худалдаанд оролцоод авч өгнө гэсэн. ******* надаас авсан 20 сая төгрөгнөөс 8.900.000 төгрөг өгөөгүй байгаа. Авчихвал  гомдолгүй. /3хх-ийн 40-41, 150/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.М мөрдөн байцаалтанд: ******* бид хоёр үеэлүүд бөгөөд *******ын ээж Итгэл нь миний төрсөн эх Сувдаагийн төрсөн эгч нь байгаа юм. 2014 оны сүүлээр ******* руу утсаар ойр зуурын юм яриад “ах нь үйлдвэр барих гэж байгаа юм, үйлдвэрийн газар хэрэгтэй байна, чамд мэдэж байгаа газар байна уу” гэхэд ******* “3 газар байгаа та тэрийг сонирхооч” гэхээр нь бид 2 уулзаад намайг дагуулаад СХД-ийн 20-р хороо Моносын орчим байх 3 газрыг үзүүлсэн. Тухайн үед нь тэр газар нь надад дажгүй санагдсан ба ******* өөрийнхөө утсаар нэг хүн рүү залгаад “найз нь газрын мөнгө төгрөгөө олчихлоо, энэ 3 газрынхаа нэгийг нь ахынхаа нэр дээр гаргуулах гэсэн юм болох уу” гэтэл нөгөө хүн  нь “асуудал байхгүй, чи мөнгө төгрөгөө мөн ахынхаа бичиг баримтыг авч ирээд уулз” гээд байсан. Би тэгэхээр нь наадах чинь юун хүн юм гэхэд манай найз газрын албанд ажилладаг юмаа гэсэн. Тэгээд ******* та мөнгө төгрөгөө бэлдэж бай гэсэн. Маргааш өглөө нь эрт манайд ирээд надад авч өгөх газрыг хөөцөлдөх хэрэгтэй гээд 2.500.000 төгрөг бэлнээр гаргуулсан. Түүний дараа ахаа газар хөөцөлдөхөд мөнгө хэрэг болоод байна гээд 2014 оны 5 сарын 07-ны өдрөөс эхлээд л тийм юманд хэрэгтэй ийм юманд ч хэрэгтэй гээд увуулж цувуулж авсаар 2014 оны 8 сарын 21-ний өдөр хүртлэх хугацаанд 15.400.000 төгрөг авсан. Тэгээд би газар бүтэж байна уу гээд утсаар ярихаар “одоо удахгүй болох гэж байна,  дүүргийн захирамжийг нь өөрчлүүлэх гэж байна, Нийслэлийн захирамжтай болгож өөрчлүүлэх гэж байна”  гээд л байдаг байсан. 2014 оны 7 сард БГД-ийн 20-р хороо ТЭЦ-ийн цахилгаан станцын тэнд байх 1 газрыг надад үзүүлээд “ахаа энэ газар хураагдсан газар байгаа юм, Нийслэлийн захирамжтай газар бөгөөд үүнийг нь би газрын албаны найзуудтайгаа хамтраад захирамжийг нь өөрчлүүлэх гэж байгаа юм гэж хүртэл хэлээд газар үзүүлж байсан. Тэгээд сүүлдээ утсаа ч авахаа болиод над руу залгахаа ч байсан. Эхнэр рүү нь мэссеж бичихээр надад ямар хамаатай юм гээд миний утсыг ч авахаа больсон. *******т мөнгө өгөхдөө дандаа бэлнээр өгдөг байсан, дансаар шилжүүлье гэхээр иргэний үнэмлэх алга байна, эсвэл картны хугацаа дууссан, эсвэл дансныхаа төлбөрийг төлөөгүй гээд данс хаагдсан гэх зэргээр ярьдаг байсан. Би үйлдвэр эрхэлж байсан бөгөөд өөрийн гэсэн газартай болчих юмсан гэж бодож явсан. Тэгээд ах дүү нар хоорондоо таараад *******т газартай болох санаатай байгаа талаар хэлтэл өө ах асуудалгүй гээд л надад газар санал болгоод байсан юм. Түүнээс би *******т чи надад газар олж өгөөч гээд гуйсан зүйл байхгүй. Би өөрөөсөө гаргаж өгсөн 15.400.000 төгрөгийг *******аас авмаар байна. /3хх-ийн 146-147/ гэх мэдүүлэг,

  

Хохирогч Ш.Ариунзаяа мөрдөн байцаалтанд: 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо баруун 4 замын баруун талд байх барилгын политехник коллежийн өргөтгөлийн 2 давхар багш нарын өрөөний 226 тоотод  байж байтал 87-р сургуулийн 10-р ангийг төгссөн ******* гэж миний шавь залуу орж ирээд “таньд байр гаргаж өгнөө, урьдчилгаагүй шүүхийн шийдвэрээр Анод банкнаас хураагдсан хямдхан байр гаргаад өгье миний танил Нандиа шүүхийн шийдвэрт ажилладаг шийдвэр гүйцэтгэгч хийдэг” гэхээр нь итгээд тэр өдрөө бэлнээр цалин буусан мөнгөтэй ч байсан болохоор тэр дор нь 500.000 төгрөг тоолоод шууд өгчихсөн. Иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт, банкны цалингийн хуулга, ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн архивын лавлагаа, нийгмийн даатгалын гэрчилгээний хуулбар зэрэг бичиг баримтуудаа өгөөд, мөн өөрийнхөө Хаан банкны виза картаа өгч явуулаад энэ орой энэ картанд мөнгө орно, аваарай, пин код нь 9505 гэж хэлээд картаа өгөөд явуулсан. Картанд тэр оройдоо хүн амьтнаас гуйгаад 1.5 сая төгрөг олж хийгээд тэр мөнгийг ******* авсан байсан. 10 гаруй хоногийн дараа 1.5 сая төгрөгийг *******т ажлын өрөөндөө дуудаж өгсөн ба нийт 3.5 сая төгрөг өгсөн. Надаас урдьдчилгаа гэж хэлж авсан. 2016 оны 3 дугаар сарын 01-ний орой картаа авсан байр ч байхгүй, мөнгө ч байхгүй өдий хүрлээ. /4хх-ийн 72/ гэх мэдүүлэг, 

 

Хохирогч М.Отгонбат мөрдөн байцаалтанд :  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг ажил дээрээ буюу Политехникийн коллеж дээр байж байхад ******* ирээд “Япон улс руу ажилчин гаргана, японд ажиллах хүнийг ажилд зуучилж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “явж ажиллая” гэхэд ******* “тэг тэг” гэсэн. *******аас “Японы виз найдвартай гарах уу” гэхэд “найдвартай гаргаж өгнө, манай эгч элчинд ажилладаг, чи визэнд орохоор бол 180 доллар, буюу 360,000 төгрөгийг Нанжидрагчаа гэх хүний төрийн банкны ...тоот данс руу хийчих” гэхээр нь би өөрийн төрсөн эгч Удаанжаргалаар мөнгөө уг данс руу хийлгэсэн. Уг мөнгөө шилжүүлснээс хойш хэд хоногийн дараа ******* над руу залгаад Японы Элчин сайдын хүмүүсийг хоолонд оруулмаар байна, 500,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би бэлнээр өгч явуулснаас хойш холбогдохгүй байсан тул би өөрөө ******* руу залгаад юу болж байна гэхэд удахгүй болно, бүтнээ чи юмаа бүрдүүлж бай гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн, одоо болтол мөнгө өгөөгүй, Японы виз ч гаргаж өгөөгүй.  Гомдолтой байна, 860.000 төгрөг нэхэмжилнэ.   /4хх-ийн 130-131/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч байгууллага Журмак ХХК-ийн нягтлан бодогч Г.О мөрдөн байцаалтанд: Манай “Журмак” ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай байгууллагын захирал Ганбатын найз нь гэх Баярмаа гэж эмэгтэй нь 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагад СХД-ийн нутаг дэвсгэрт “хямдхан газар авч өгнө, гэрчилгээг нь танай байгууллагын нэр дээр гаргаж өгнө” гэж хэлээд 30.000 ам доллар авсан. Энэ мөнгөө өгөхгүй, газар манай байгууллагын нэр дээр гарахгүй явсаар 2013 оны 8 сар хүрсэн. 2013 оны 8 сарын 08-ны өдөр Баярмаа манай ажил дээр ирээд БГД-ийн 20-р хороо ТЭЦ-4-ийн урд талд аятайхан газар байна энийг танайх аваач, удахгүй бичиг баримт нь танай нэр дээр гарна гэж хэлээд 70.000.000 төгрөгийг зарлагын баримт үйлдээд аваад явсан. Түүнээс хойш Баярмаа алга болсон. Баярмаад холбогдуулж үүсгэсэн эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ би энэ мөнгийг “Журмак” ХХК-аас санхүүгийн баримтаар нь авсан нь үнэн, төлөх нь үнэн, гэхдээ Журмакаас авсан гэх мөнгийг *******т өгсөн, ******* одоо эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, хэрвээ би Журмакийн мөнгийг өгөхөөр бол *******аас мөнгөө авч байж л өгнө гэж мэдүүлсэн байдаг.  *******, Баярмаа хоёрын хоорондын асуудлыг би мэдэхгүй, гол нь Баярмаагаас мөнгөө авах хүсэлтэй байна, манай байгууллага банкинд их хэмжээний өртэй байгаа бусдаас авлагаа авч байж өр ширээ төлөх хүсэлтэй байна. Манай байгууллагын авах ёстой 70.000.000 төгрөг, 30.000 ам долларыг гаргуулж өгнө үү. /3хх-ийн149/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Ганбаяр мөрдөн байцаалтанд: Би Бичил глобус ХХК-ийн төмөр зам дахь салбарын захирал ажилладаг. Би *******ыг таних бөгөөд манай Бичил глобус ХХК-д 2013 онд манайд менежерээр ажиллаж байсан ба энэ хугацаанд байгууллагын газрын захирамжийг өөрчлүүлнэ гэж манай захирал Отгонбаттай ярьсан байсан учир дарга надад *******т 26.350.000 төгрөг өгөөрэй гэхээр нь 2013 оны 4 сарын 26-ны өдөр падаан үйлдээд *******ын дансанд нь 26.350.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед *******ын дансанд хийсэн хуулгаа байгууллагын санхүүд тушаасан байсан. Түүний дараа ******* мөнгө хэрэг болоод байна гээд манай байгууллагын кассын нярав Гэрэлтуяагаас 5 сая төгрөг авсан байсан. Мөнгө өгөх зөвшөөрлийг захирал өгсөн байхаа. /1хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Анхбаяр мөрдөн байцаалтанд: ******* ах манай Улиастайд байдаг, миний хуурай шахуу ах байгаа юм...2013 оны 9 сард 5-р сургуулиас Баатараа ахын хүүхдийг нь аваад явж байтал Баатараа ах залгаад хаана явж байна гэхээр нь 5-р сургууль дээр явж байна гэхэд “наад хавьд чинь надад мөнгө өгөх ёстой нэг эмэгтэй хүн байна гэж байна, чи очоод мөнгийг нь аваад ир” гээд тэр эмэгтэй хүнийхээ утасны дугаарыг өгөөд би холбогдож байгаад 5-р сургуулийн үүдэн дээрээ нэг махлагдуу эгчээс 8000 доллар авсан. Би тэр эгчийн нэрийг нь асуугаагүй, тэр хүн ч надад нэрээ хэлээгүй, би авсан мөнгөө ******* ахын гэрт нь аваачаад өөрт нь өгсөн. Тухайн үед Баатараа ах бид 2 байсан. Баатараа ах надад энэ мөнгөнөөсөө огт өгөөгүй. 2014 оны 01 сарын үед иргэн Роза, Баттулга нар руу төрийн банкны ажилтан байна, танай зээл бүтэх гэж байна гэж энэ талаар огт мэдэхгүй байна. Би өөрийгөө Энхбат гэж хүний нэр бариад бусад руу ярьсан зүйл байхгүй. 2013.12.24-нд ******* ах машин мөргөлдөөд хот руу орж чадахгүй байна, чиний дансны дугаар хэд вэ гээд залгахаар нь 5029922697 гэсэн данс өгтөл Баттулга гэж хүнээс 10.600.000 төгрөг дансанд орсон яах ёстой юм гэхэд Бичил глобусын ажилтан Дамдинбазарын дансанд хийгээрэй гэхэд удалгүй Дамдинбазар ах залгаад бид Ботаникийн Оргилын ХААН банкин дээр уулзаж 5015138459 данс руу шилжүүлсэн.  5029922697 гэсэн дансны карт  Баатараа ахад явдаг ба  мөнгөн гуйвуулга хийдэг юм шиг байна лээ . Хэрэгт би хамааралгүй, ахад итгээд үгээр нь л явдаг. Нийлж бусдыг залилаагүй.  /1хх-ийн 24-25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Баяржаргал /БЗД-ийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч/ мөрдөн байцаалтанд: ******* нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 83-33 УНЭ улсын дугаартай Ланд крузер 80 маркийн авто машинаас бэлэн 10.000.000 төгрөг болон поло маркын хар өнгийн жижиг  цүнх, Эрдэнийн опал ХХК-ны тамга, бичиг баримт, миний өөрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар бүрдүүлсэн бичиг баримт, нийгмийн даатгалын дэвтэр, Самсунг Галакси тап маркын гар утас зэрэг зүйл алдсан гэж мэдээлэл өгсний дагуу хэрэг үүсгэж шалгаж байгаад Баянгол дүүргийн  Цагдаагийн хэлтэст шилжсэн  тул надад 2013 оны 11 дүгээр сард Эрүүгийн хэргийг шилжүүлэн өгсөн юм. Би уг хэргийг хүлээн аваад иргэн *******ыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тооцон байцааж холбогдох шалгалтуудыг хийж гүйцэтгэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар түдгэлзүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. /1хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Болдбаатар мөрдөн байцаалтанд: Манай ээж Роза нь бизнесийн зээл авах гээд хөөцөлдөөд байсан юм.  Би Батжаргалд зээл хөөцөлдөж байгаа талаар хэлэхэд Батжаргал манай нэг найз танил тал ихтэй гэж хэлсэн. *******ыг Батжаргалаар дамжуулан таньдаг болсон...Тэгээд би ээж рүү залгаад *******ын утасны дугаарыг өгөөд бичиг баримтаа өгчих гэж хэлээд ээж уулзаж бичиг баримтаа нийт 15.250.000 төгрөгтэй өгсөн. Тодорхой хугацааны дараа холбогдоход их хэмжээний зээл авахад хугацаа шаардлагатай шүү, бүх бичиг баримтыг Төрийн банкинд өгчихсөн гэж хэл гэж ******* надад хэлж байсан боловч банкинд бичиг баримт өгөөгүй байсан. /1хх-ийн 143-144/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Дамдинбазар /Бичил глобус ХХК-нд ТУЗ-ийн дарга ажилтай/ мөрдөн байцаалтанд: *******тай 2013 оны 02 сард найз нөхдөөрөө дамжуулж танилцсан юм. Тэгээд 2013 оны 4 сард манай байгууллага сэндвичэн барилга барих үед газрын гэрчилгээ, зөвшөөрөл, бусад холбогдох баримтуудыг хөөцөлдөж өгнө гээд манайд менежерээр ажилд орсон юм. ******* бид хоёрт өш хонзон байхгүй, харин өр авлагын асуудал байгаа. 2013 оны 6 сард ******* надад машины дулаан зогсоол авч өгнө гээд 7 сая төгрөг, дараа нь 9 сард нь машин надаас авч 5.800.000 төгрөгөөр зараад түүнээсээ 800.000  төгрөг өгөөд үлдэгдэл 5 сая төгрөг өгөөгүй. Би сүүлд дулаан зогсоолыг нь хөөцөлдөөд явтал тийм дулаан зогсоол байхгүй болоод намайг хуурч мэхэлсэн байсан. Би араас нь хөөцөлдөж явсаар байгаад 2013 оны 12 сарын 25-ны үеэр мөнгөө авсан. Хуурай дүү Анхбаярын дансаар шилжүүлээд Анхбаярын  данснаас бэлнээр авсан. *******аас авсан мөнгө манай Бичил Глобусын өртэй ямар ч холбоогүй.  Хоорондын хувийн өр байгаа юм. Үлдэгдэл 1.400.000 төгрөгөө авбал гомдолгүй. /1хх-ийн 182/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхтуул мөрдөн байцаалтанд: Би Баярмааг танина. Баярмаа нь миний нөхрийн хамаатны хүүхэд юм. 2013 оны 9 сарын 02-ны өдөр Баярмаа над руу залгаад мөнгө зээлээч гэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд “хашааны мөнгө яаралтай хэрэг болоод байна” гэсэн. Тэгээд тэр өдөр манайд ирээд надаас 8900 ам доллар авсан, бид 2 цуг манайхаас гарч 8 шарга валютын зах дээр очоод Баярмаа мөнгө өгөх хүн рүүгээ утасдахад 5 дугаар сургууль дээр хүрээд ир гээд Баярмаа бид 2 сургуулийн гадаа нь очсон. Баярмаа мөнгө өгөх хүн рүүгээ утасдаад би ирчихлээ гэхэд нөгөө хүн нь би наана чинь алга байна 1 хүүхэд гүйлгэчихье гээд Баярмаа надаас авсан 8900 доллараасаа 100 долларыг авч үлдээд 8800 доллар бариад машинаас гарсан. Сургуулийн үүдэнд зогсч байсан ногоон куртиктэй хүүхдэд мөнгө өгч байсан. /2 хх-ийн 153/ гэх мэдүүлэг,

  

Гэрч Д.Авирмэд мөрдөн байцаалтанд: Би 2010 оноос эхлэн Баянгол дүүргийн газрын албанд санхүүгийн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 01 сард Өмч газрын харилцааны алба нэртэй болсон. Манай байгууллага  ажилчдын одоо хэрэглэж байгаа ширээ сандал, тавилга эд зүйл нь бүгд хуучин 2010 оноос хойш хэрэглэж ашиглаж байгаа эд зүйлс юм. ******* гэж хүнийг огт танихгүй. Бидний хувьд иргэдээс мөнгө төгрөг аваад сандал, ширээгээ сольсон зүйл байхгүй. /3 хх-ийн 52-53/ гэх мэдүүлэг,

 

Гэрч  О.Оджаргал мөрдөн байцаалтанд: 2013 оны 7 дугаар сарын үед өөрийн найз Энх-Амгалангаар дамжуулан ******* гэх залуутай танилцсан. ******* өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж хэлж байсан. *******тай 4-5 удаа уулзсан, уулзахдаа ойр зуурын л юм ярилцаад өнгөрдөг байсан. Би 2006 онд ХААИС-ийг  архитекторч мэргэжлээр төгсөөд 2006 оны намар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Хотын нийтийн аж ахуйн хэлтэст мэргэжилтэн байсан. 2009 онд манай байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болоод Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтэс гэж байгуулагдсан, энэ хэлтэст мэргэжилтэн хийж байсан, 2013 оноос хотын Захирагчийн ажлын албанд тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэст мэргэжилтэн хийж байна. Би өөрөө архитекторч мэргэжилтэй хүн газрын албанд ажиллах үндэслэл байхгүй, ******* бид 2-ын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй, зүс мэдэх л танилууд байгаа юм. Надаар газрын захирамж хөөцөлдүүлнэ, өөрчлүүлнэ гэж мөнгө төгрөг өгсөн, миний дансанд мөнгө шилжүүлсэн зүйл огт байхгүй. ******* миний талаар ташаа мэдээлэл өгсөн байна гэж үзэж байна. *******тай 2014 оны 7 сараас хойш уулзаагүй. /3хх-ийн  55/

 

Гэрч Л.Баянмөнх мөрдөн байцаалтанд: Би 2013 оны 10 дугаар сард өөрийн найз *******аас 3.500.000 төгрөг зээлсэн энэ мөнгөө одоог хүртэл өгөөгүй байгаа бөгөөд дээрх мөнгийг өөрийн танил Цолмон гэж хүнд өгсөн боловч Цолмонгоос 3.500.000 төгрөгөө авч чадалгүй өдийг хүрээд байна. Би найз *******аас 3500.000 төгрөг л авсан өөр бол ямар нэг мөнгө аваагүй. /1хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Баянмөнх дахин байцаалтаар” 2013 онд ******* над руу залгаад Ганзориг гэж хүнээс чиний данс руу 400.000 төгрөг шилжиж орж ирэхээр нь чи надад авч ирээд өгчихөөч би өөрөө завгүй байна гэсэн. Удалгүй миний Хаан банкны 5007676928 дансанд Ганзоригоос кадастрын зурагны үнэ гээд 400.000 төгрөг шилжиж орж ирсэн. Би тэр мөнгийг данснаасаа аваад *******т өгсөн. Түүнээс өөр мөнгө төгрөг миний дансанд орж ирсэн зүйл байхгүй. Би 2015 оны 01 сарын үед ******* надаас авах ёстой байсан 3.000.000 төгрөгийг увуулж цувуулаад авсан. Би *******т холбогдох төлбөр тооцоог бүрэн барагдуулж дууссан. Энэ талаар ******* мэдүүлэг өгөх байх. Баримт байхгүй, өөрөө авсан гэдгээ хэлэх байлгүй дээ. /3хх-ийн 152/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Сарангэрэл мөрдөн байцаалтанд: Би *******, Дамдинбал нартай төрөл садангийн холбоо байхгүй, сайн ч танил биш. Харин *******ын ээж Итгэлтэй эмнэлэгт хэвтэж байхдаа танилцаж байсан юм.  2010 оны 11 сарын 12-ны өдөр би өдөр би гадуур ажилтай явж байсан ингээд явж байх үед танил Итгэл эгч миний утас руу  залгаад уулзах хэрэгтэй байна хүрээд ирээч гээд Их дэлгүүрийн ард нэг ББСБ дээр дуудсан. Тухайн үед ойрхон явсан болохоор яваад очиход Итгэл эгч, хүүхдүүд нь болох *******, Дамдинбал нар байсан. Итгэл эгч манай хүүхдүүд зээл авах гэсэн юм, би батлан даагчаар орох гэтэл тэтгэвэрт гарсан гээд болохгүй байна, чи батлан даагчаар нь ороод өгөөч гэсэн. Зээлийнхээ барьцаанд баахан байр тавина л гэж байсан.Тухайн үед нь би татгалзаагүй зөвшөөрөөд батлан даагчаар  гарын үсэг зурж өгчихөөд л явсан. Мөнгө төгрөгөө бол тухайн үед аваагүй, мөнгө орж ирэхийг нь хүлээгээд нөгөө гурав үлдсэн. Би шууд явсан. Хайрхан Агула ББСБ-аас надтай ямар нэгэн байдлаар зээлээ төл зээлийн хугацаа хэтэрлээ гэж ярьж байсан асуудал бол байхгүй. Тухайн үед Итгэл эгч, ******* нар нь баахан юм бичүүлээд гарын үсэг зуруулаад байсан, одоо санахгүй байна. Энэ 42 сая төгрөгний асуудал надад ямар ч хамаагүй.  /4хх-ийн 198-199/ гэх мэдүүлэг,

 

*******ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

“... Би   Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах   Бичил   Глобус ХХК-д 2013 оны 4-р   сард   менежерийн   ажилд   орсон.   Тэгээд   би   компанийн   захирал Отгонбаттай ярилцаж байгаад Баянгол дүүргийн 12-р хороо Нарантуул захын урд талын 1720 м2 газрыг Нийслэлийн Газрын Албанд газрын үнэ болон мөнгийг тушаагаад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын захирамжтай газрыг Нийслэлийн газрын албаны захирамжтай  болгох талаар энэ газрын үнэ болох 26.350.000 төгрөгийг захирал Отгонбатаас бэлнээр авсан. Энэ мөнгөө би Нийслэлийн өмчийн харилцааны газарт тушаах ёстой байсан. Гэхдээ энэ газрын наймааг би дангаараа хийж чадахгүй болоод Нийслэлийн өмчийн харилцааны ажилтан Одгэрэлд хандсан, тухайн үед нь Одгэрэл түр хүлээж бай, болоогүй байна, өөртөө   мөнгийг байлгаж бай гээд би энэ мөнгийг нь бага багаар нь хэрэглэсээр байгаад энэ мөнгө дууссан. Тухайн үед би захирал Отгонбатаас авсан мөнгийг үрж зарна гэж бодоогүй байсан. Захирал Отгонбат эхний өгсөн 26.350.000 төгрөг дээрээ нэмж 5.000.000 төгрөг өгсөн, энэ ямар учиртай мөнгө гэхээр  цаашаа   ажил бүтээж өгөх хүнд өгөөрэй гэсэн, үлдсэн 3.000.000 төгрөгийг надад   БГД-ийн ЗДТГ-ын эрх бүхий ажилтнуудыг  наргиулж цэнгүүлээрэй гэж өгсөн мөнгө байх гэж бодож байна. Би энэ 8.000.000 төгрөгийг Отгонбат захиралд төлж барагдуулсан байгаа. Энэ 50.000.000 төгрөг бол мөн л газрын мөнгө байгаа юм. Баянгол дүүргийн 20 дугаар хороо 4 дүгээр Цахилгаан станцын урд байх 8000м2, 10.000м2, 11.000м2 хураагдсан газрыг Отгонбат, Баярмаа бид 3 нийлж аваад цааш нь зараад ашгаа хувааж авахаар тохирсон байсан. Үүнийн газрын хөлсний урьдчилгаа мөнгө гээд Баярмаагаас 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би энэ мөнгийг нь аваад байж байтал НИТХ-аас газар олгохыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зогсоосон шийдвэр гарсан. Үүнээс болоод ярилцаж байсан зүйл маань удаашраад Баярмаагаас авсан мөнгө надад бэлнээр явж байсан, тэгээд би түүнээс нь 5.000.000 төгрөгийг нь өөрийн найз Баянмөнхөд зээлдүүлээд, үлдсэн 40.000.000  төгрөгийг ямар журмаар яаж үрсэн гэдгээ санахгүй байна. Нэг мэдэхэд үрэгдсэн байсан. Би өөрийнхөө ажиллуулдаг Улиастайн тэмүүлэл ТББС-ын засварын ажилд зарцуулсан энэ байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан...”  /1хх-ийн 36/ гэх мэдүүлэг,

“...Би Д.Б гэж хүнээс манай Бичил глобусын барилгыг барьж дуусч байхад Ланд Крузейр 200 маркийн автомашин барьцаанаас хямдхан гаргаж өгнө гэж 31.700.000 төгрөг аваад өгөөгүй байгаа нь үнэн...Р.Р гэх хүнээс 20.000.000 төгрөг аваагүй...Би Батцогтоос 15.250.000 төгрөг зээлийг нь бүтээж өгөхөөр хүн амьтан хоол ундад оруулахаар авсан бөгөөд энэ асуудал нь жоохон удах юм шиг байна гээд буцаагаад Батцогтод 10.000.000 төгрөгийг нь дансаар нь шилжүүлчихсэн. Одоо үлдэгдэл 5.250.000 төгрөгийг л Батцогтод өгөөд дуусах юм. Түүнээс биш Батцогт, Роза нарыг залилсан асуудал байхгүй...” /1хх-ийн 114, 138/ гэх мэдүүлэг,

“...Роза болон Батцогтоос авсан мөнгийг Анхбаярын дансаар авсан нь үнэн. Тухайн үед банк хаасан надад карт байхгүй байсан болохоор би Анхаатай цуг явж байгаад Анхаагийн дансаар шилжүүлж авсан. ...Анх Батцогт гэх залуугаас 3500000 төгрөгийг  Техникийн захын хажуу талд бэлнээр авсан ба Ард кинотеатрын хажууд 10.000.000  төгрөгийг мөн бэлнээр авч Роза, Болдбаатар нараас 1500.000 төгрөг цувуулж авсан...” /1хх-ийн 39, 138/ гэх мэдүүлэг,

“...би Баярмаагаас авсан 78.000.000 төгрөгнөөс одоогийн байдлаар 40.000.000 төгрөгийг нь төлсөн байна. Бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн ба 20.000.000 төгрөгөнд нь машин өгсөн байгаа. Одоо би Баярмаад 38.000.000 төгрөгийн өртэй...” /1хх-ийн 207/ гэх мэдүүлэг,

“...би Ч.Мөөс мөнгө авахдаа хүүхэдтэйгээ нэг удаа очиж мөнгө авч байсан. Эхлээд 2000.000 төгрөг авсан, түүний дараа 2000.000, 2.500.000, 1800.000 төгрөг авсан. Надад банкнаас авч өгч байсан тул Мөнхтөрд хуулга нь байгаа байх...” /3хх-ийн 206/ гэх мэдүүлэг,

“...2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баярцэцэгээс 380 вольтын тог тавиулж өгнө гэж 4.300.000 төгрөг авсан....” /4хх-ийн 217/ гэх мэдүүлэг

“...2013 оны 11 дүгээр сарын 10-нд танил Лхагвадоржоос 19 сая төгрөг зээлж аваад хэсэг хугацаанд мөнгөө өгч чадахгүй байж байгаад 2018 оны хохирол болох 19 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа...” /4хх-ийн 218/ гэх мэдүүлэг,

“...2013 оны 8 дугаар сард Б.Чаас өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж 41.000.000 төгрөг авсан байгаа. Энэ ажлыг хөөцөлдөж байтал нийслэлээс гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн захирамж гараад энэ ажил зогссон. Мөнгийг нь мөн буцааж өгч чадаагүй дууссан...” /4хх-ийн 218/ гэх мэдүүлэг,

“...2016 оны 01 дүгээр сарын 12-нд иргэн М.Отгонбатаас визны материал бүрдүүлж өгнө гэж 860.000 төгрөг авсан. Гэхдээ би визний бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байгаа. Виз нь гараагүй. Гэхдээ би виз гаргаж өгнө гэж мөнгө аваагүй. Визны материалыг бүрдүүлж өгнө гэж хэлж байсан...” /4хх-ийн 218/ гэх мэдүүлэг,

“...2016 оны 01 дүгээр сарын 18-нд Ариунзаяагаас 3.500.000 төгрөг хямдхан түрээсийн байр олж өгнө гэж хэлж авсан. Энэ мөнгөө өгч чадаагүй байгаа. Миний хийсэн үйлдлээс хүмүүст  305.360.000 төгрөгийн хохирол учирсныг хүлээн зөвшөөрч байна...” /4хх-ийн 218/ гэх мэдүүлэг

”...Сайдоллоос ахдаа зээлчих гэж хэлээд авсан ингээд 1.200.000 төгрөг болсон. Би найз Бумбарайд 800.000  төгрөгийн юань аваад шилжүүлсэн. Урдны авч ирсэн 2 утсыг Бумбарай урдаас авч ирж өгч байсан. Бумбарай Монголд ирэхгүй удаад байна ингээд утсыг өгч чадаагүй...”  /3хх-ийн 65/ гэх мэдүүлэг,

“...Би 2011 оны үед Ганзориг гэдэг хүнтэй ажил хэргийн холбоотой болоод анх танилцаж байсан. Тэгээд тэрнээс хойш байнгын холбоотой байж үл хөдлөх болон улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг нь би хөөцөлдөж өгдөг байсан юм. 2012 оны 6 дугаар сарын сүүлээр би Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 1983 м2 талбайтай газрыг Ганзоригт 35 сая төгрөгөөр газрын албаны хүмүүстэй уулзаж тохироод авахаар болсон юм. Гэхдээ тэр газрыг анх Нийслэлийн газрын албанаас дуудлага худалдаагаар зарах гэж байсан. Анхны үнэ нь 1 м2 нь 15500 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгээд би Ганзоригт энэ талаар хэлэхэд үнэ нь өндөр байна гээд байсан юм. Тэгэхээр нь би танил хүмүүстэйгээ уулзаж тохиролцоод 35 сая төгрөгөөр авахаар болсон юм. Тэгээд эхний ээлжинд урьдчилгаа гэж 20 сая төгрөгийг Ганзоригоос авсан. Ганзориг ч өөрөө тухайн газрыг танил хүмүүсээрээ дамжуулж авч байгаа гэдгийг мэдэж байсан. Би тухайн газрыг авахаар хөөцөлдсөнийхөө хөлсөнд 3-4 сая төгрөгийг Ганзоригоос авах байсан юм. Би өөрийн найз Баянмөнх болон Нийслэлийн газрын албанд мэргэжилтэн хийдэг Баатарын Буянбаяр нартай холбогдож авахаар болсон. Буянбаатартай одоогоос 7-8 жилийн өмнөөс хамтарч ажилладаг болсон юм. Баатарын Буянбаатарт би Ганзоригоос авсан 20 сая төгрөгнөөс 19800000 өгөөд 200,000 төгрөгийг өөрөө авсан. Б.Буянбаатарт 19800000 төгрөгийг өгөөд тухайн газрын ямар ч асуудалгүйгээр хурдан хугацаанд авах байсан юм. Тэгээд тухайн газрыг 2012 оны 9 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн газрын албаны дарга Ганчимэг гэдэг хүний захирамжаар авахаар болчихсон байсан. Гэтэл тухайн газар нь дулааны шугам дайрчихсан байсан учраас Нийслэлийн газрын алба болон Улаанбаатар хотын захирагч нарын хамтарсан захирамжаар Баянгол дүүргийн газрын албаны газрын дарга Ганчимэгийн гаргасан захирамжийг хүчингүй болгосон юм. Тэгээд тэр газрыг авах асуудал нилээн удааширч эхэлсэн. Тэгэхээр нь хүчингүй болгосон захирамжийг сэргээлгэхээр Баянгол дүүргийн газрын албанд хүсэлт гаргасан юм. Тэгээд тэр хүсэлт одоо болтол шийдэгдээгүй байгаа. Би тэр газрыг авахын тулд л Буянбаатар гэдэг хүнд 19800000 төгрөг өгсөн Өөрөөр хэлбэл газраа хурдан хугацаанд авахын тулд өгсөн юм. Би Буянбаатартай уулзаад энэ газрыг бүтээгээд өгөөч гэж гуйгаад л хувьд нь мөнгө өгсөн. Би харин өөрөө 15 сая төгрөгийг авах байсан. Намайг 15 сая төгрөгийг авах байсан гэж Ганзориг өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Уг газрын асуудал 2013 оны 07 сард шийдэхээр болсон юм. Ганзориг өөрөө л хугацааг нь хүлээж чадахгүй, намайг өөрийг нь залилчихлаа гээд өргөдөл гаргасан байна...”  /3хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 66-73/

Монгол банкны лавлагааны хуулбар /1хх-ийн 74/

2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1764 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /2хх-ийн 62/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 63/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2417 дугаартай шийдвэрийн хуулбар /2хх-ийн 64/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Шүүх сэтгэц эмгэг судлалын 464 дугаартай шинжээчийн “******* нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг нотлох баримт алга байна. ******* нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн эсэхийг нотлох баримт алга байна. ******* нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт  /1хх-ийн 30/,  оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 47, 3хх-ийн 53/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 49/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 79, 80, 81, 82, 4хх-ийн 110/ гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 214/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох хэргийг тус шүүхэд ирүүлжээ. 

 

Шүүх, *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2010 оны 11 дүгээр сарын 12-нд иргэн Б.Т өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршоолол хотхонд байрлах ХД-48-4 орон сууцыг хуурамч итгэмжлэл ашиглаж “Хайрхан Агуула” хадгаламж зээлийн хоршоонд 42.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хуурч, зээл авч залилсан,

2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвадоржоос “удахгүй өгнө” хэмээн хуурч 19.000.000 төгрөг залилсан гэх үйлдлүүдийг дараах үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2417 дугаартай шийдвэрээр “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар *******аас 86.240.000 төгрөг гаргуулж “Хайрхан Агуула ББСБ” ХХК-д олгож, 7.485.600 төгрөгийн нэхэмжлэлийг болон Б.Сарангэрэлд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. /2хх-ийн 64-67/

       

Дээрхи шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд “Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай”  2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тухайн шүүхийн 8527/2  дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 1764 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт бичигдсэн байна.  /2хх-ийн 62-63/

 

Энэ байдал нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж заасан хуулийн зохицуулалтанд хамаарах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн *******ын иргэн Д.Лхагвадоржоос “удахгүй өгнө” хэмээн хуурч 19.000.000 төгрөг залилсан гэх үйлдлийн тухайд ******* нь  Д.Лхагвадоржоос 19.000.000 төгрөгийг зээлж авсан талаар хэн нь аль нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх бөгөөд Д.Лхагвадоржийг ямар нэгэн байдлаар хуурч, залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байх тул  *******т холбогдох энэ үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан“ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь: 

2013 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бичил Глобус” ХХК-ны захирал С.О “газрын гэрчилгээ гаргуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 34.350.000 төгрөг залилсан,

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бас “Бичил Глобус ХХК-ны барьцаанд байгаа Ланд крузер 200 маркын автомашиныг 54.000.000 төгрөгөөр хямдхан гаргаж өгч чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.700.000 төгрөг залилсан,

2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэн Р.Б “Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-ийн урд байрлах Нийслэлийн газрын албанаас хүчингүй болсон захирамжтай газруудаас газар авч өгч чадна” хэмээн 50.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын дундуур 8800 ам доллар, 2300 ам доллар, 7600.000 төгрөг нийт 76.800.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бээс 380 вольтын тог тавиулж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.300.000 төгрөг залилсан,

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Ргаас “банкны зээлийг түргэн бүтээж өгнө” хэмээн 15.250.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2013 оны 8 сард Баянгол дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 36 тоотын 1 давхарын “өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж иргэн Б.Чаас 41.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр газрын дуудлага худалдаагаар “газар авч өгнө” хэмээн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкаар шилжүүлсэн иргэн Д.Г- 20.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2014 оны 5 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-ийн ойролцоох газрыг “хямд үнээр зарж борлуулна” гэж иргэн Ч.Мөөс 15.400.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Айфонь 5 маркийн гар утас авч өгнө” хэмээн иргэн А.Сайдоллыг хуурч 1.200.000 төгрөг авч залилсан,

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Барилгын Политехникийн коллежийн багш нарын өрөөнд иргэн М.Отгонбатаас “Япон Улс руу гаргаж өгнө” хэмээн хуурч 860.000 төгрөг урьдчилан авч залилсан,

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Барилгын Политехникийн коллежийн багш нарын өрөөнд иргэн Ш.А- “Хямдхан байр олж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь :

хохирогч Ж.Отгонсүхийн”...******* нь дүүргийн захирамжтай газрыг Нийслэлийн газрын албаны захирамжтай болгохын тулд газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 26.350.000 төгрөг эхэлж аваад дараа нь 5.000.000 төгрөг, түүний дараа 3.000.000 төгрөг дутуу байна гэж нэмж авсан. Гэтэл ******* манай компаниас авсан мөнгийг газрын албанд тушаалгүй хувьдаа ашигласан бөгөөд энэ талаар нь өөрт нь хэлэхэд “мөнгө тушаасан баримт нь байгаа, аваад ирье” гэх зэргээр худлаа хэлдэг, мөн дахин мөнгө хүрэхгүй байна гэх зэргээр хэлж нэмж мөнгө авч биднийг хуурч мэхэлсэн. Манай байгууллага *******аас анх 34.350.000 төгрөг нэхэмжилж байна...”/1хх-ийн 17/ гэх мэдүүлэг, 

дахин байцаалтаар Ж.Отгонсүх”...өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв...эцсийн үлдэгдэл болох 29.727.000 төгрөг нэхэмжилнэ...дансанд тушаагаад ирээч гэсэн мөнгийг л ******* дансанд нь тушаалгүй залилсан. /3хх-ийн 44/ гэх мэдүүлэг,

гэрч С.Отгонбатын”...*******аас газрын үнэ тушаасан баримтаа өгөөч ээ гэхээр маргааш аваад ирье нөгөөдөр аваад ирье газрын албаны хүнд байгаа гээд огт өгөхгүй яваад байсан юм...Ажил үүргийн хувиараараа газрын дуудлага худалдааны үнийг тушаах, газрын захирамжийг өөрчлөх захирамж гаргуулах зэрэг нь менежерийн хийх ёстой ажил...” /3хх-ийн  48-49/ гэх мэдүүлэг,

хохирогч Р.Баярмаагийн “...******* нь...газар авч өгч чадна гэхээр нь эхлээд урьдчилгаанд 50 сая төгрөгийг 2013 оны 8 сарын 3-нд бэлнээр өгсөн...9 сард надтай дахин холбогдоод бетонон хашааны үнэ 8800 доллар хэрэгтэй байна гээд над руу Анхбаяр гэж хүнийг явуулаад би тэр хүнд нь бэлнээр өгсөн.  Түүний дараа газрын төлбөр гээд 2300 доллар, 1 сая төгрөг, 6.600.000 төгрөг, тэгээд 200.000 төгрөгийг нэхэх болгонд нь өгч байсан. Яг хэдний өдөр өгсөн нь баримтаар байгаа...******* “БГД-ийн газрын албанаас дүүргийн захирамжтай 8 газрыг хүчингүй болгосон, энэ газрын 2 газрыг нь би өөрийн нэр дээр авах болоцоотой, та дуудлага худалдааны үнэ хөлсийг нь төлөөд хямдхан авчих” гээд байхаар нь би итгэсэн...Анхбаярын яриад байгаа шиг 8000 доллар өгөөгүй...18.200.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн Тоёота кроун маркийн машиныг тус тус хохиролд тооцож авсан. Энэ нь нийтдээ 38.200.000 төгрөг болж байгаа. Одоо 38.600.000 төгрөг нэхэмжилж байна...”/1хх-ийн 19, 206, 2хх-ийн 147, 3хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Бийн”...нөхөр бид хоёрт одоо манайх 380 вольтын тог татлаа танайх замаас  нь авчих урьдчилгаа 4.300.000 төгрөг өгчих, үлдэгдэл 1 сая төгрөгийг тог татсаны дараа өгчих” гэсэн. *******ын 5018402092 дугаарын данс руу 4,300,000 төгрөгөө шилжүүлсэн. Үүний дараа утас руу нь залгахад “380-ынх нь зөвшөөрөл гараагүй байна, түр байж байгаарай” гэдэг байсан...”/1хх-ийн 172/ гэх мэдүүлэг,    

гэрч Д.Отгонпүрэвийн”...******* гэж өөрийгөө танилцуулсан өндөр шар залуу...энэ шугамаар кабелиа явуулна, замаас нь танайх руу татна цахилгааны шит аваад бэлдчихээрэй гээд урьдчилгаа 4.300.000 төгрөг авсан. Техникийн нөхцөл гаргуулахад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би эхнэрийг банк руу явуулаад *******ын данс руу 4.300.000 төгрөг шилжүүлсэн...”  /1хх-ийн 173/ гэх мэдүүлэг,

хохирогч Р.Ргийн“...******* оны өмнө зээл гаргах арга байхгүй байна, амжихгүй цагаан сарын өмнө гаргаж өгнө” гэж хэлсэн...нийтдээ 15.250.000 төгрөг авсан одоогоор 9 сая төгрөг эргүүлж төлсөн...одоо *******аас 6.250.000 авах ёстой...”/1хх-ийн 141-142,178, 2 хх-ийн 148, 3хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

гэрч Э.Болдбаатарын”...манай ээж Роза нь бизнесийн зээл авах гээд хөөцөлдөөд байсан юм...Тэгээд би ээж рүү залгаад *******ын утасны дугаарыг өгөөд бичиг баримтаа өгчих гэж хэлээд ээж уулзаж бичиг баримтаа нийт 15.250.000 төгрөгтэй өгсөн. Тодорхой хугацааны дараа холбогдоход их хэмжээний зээл авахад хугацаа шаардлагатай шүү, бүх бичиг баримтыг Төрийн банкинд өгчихсөн гэж хэл гэж ******* надад хэлж байсан боловч банкинд бичиг баримт өгөөгүй байсан...” /1хх-ийн 143-144/ гэх мэдүүлэг,

хохирогч Г.Батцогт дахин байцаалтаар“...*******т Роза эгч бид хоёр нийлээд 15.250.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөний 13.500.000 төгрөгийг би гаргасан. Хэрэгт шалгагдахаас өмнө бид хоёрт нэг ч мөнгө өгөөгүй, хэрэгт татагдаад шалгагдаад ирэхээрээ 9.000.000 төгрөг өгсөн.  Дараа нь 2014 оны 7 сарын сүүлээр Роза эгч надад тооцооны асуудлыг бүрэн барагдуулж дууссан ба одоо миний хувьд *******аас авах авлага байхгүй. Роза эгч л 6.250.000 төгрөг авах авлагатай байх...”  / 2хх-ийн 146/ гэх мэдүүлэг,

хохирогч Д.Б”... ******* намайг дагуулан явж Бичил глобусын гараашнаас машин гаргуулаад унуулсан. Тухайн үед хямд машин авах нь гэж би итгэсэн...би машины үлдэгдэл мөнгө болох 35 сая төгрөгийг цувуулаад өгнө эсвэл өөрийн машиныг 15 сая төгрөгөөр үнэлээд үлдэгдэл 20 сая төгрөг төлж барагдуулна гэж тохиролцоод 15.300.000 төгрөгөө өгөөд явсан...Тэгээд машинаа асуухаар өнөөдөр өгнө, маргааш өгнө гээд надад худлаа хэлээд яваад байхаар нь арга буюу цагдаагийн байгууллагад хандсан...Би нийтдээ 32 сая төгрөг нэхэмжилж байна....Өнөөдрийн байдлаар надад хохирол нөхөн төлөгдсөн асуудал байхгүй.   /1хх-ийн 177,181, 2-хх-ийн 149, 3хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Чын“...******* өөрөө залгаад Чулуунбат ахаа нөгөө гэрчилгээний асуудлыг хүнээс асуулаа болчихмоор юм байна...гэхээр нь хамт очоод үзтэл нилээн боломжийн газар байхаар нь авахаар болоод 75 сая төгрөгөөр тохирсон...би *******т нийтдээ 41 сая төгрөг өгсөн үүнээс эргүүлж авсан мөнгө төгрөг гэж огт байхгүй. 2 удаа дансаар шилжүүлсэн мөнгөний баримт л байгаа нийлээд 22 сая төгрөг болж байна, үлдэгдэл 19 сая төгрөгийг увуулж цувуулаад өгч байсан...итгээд л өгөөд байсан юм” /3 хх-ийн  01-02,46/ гэх мэдүүлэг,

гэрч Н.Болдын”...*******ын машинд Чулуунбат ороод мөнгө төгрөгөө тоололцоод л сууж байсан санагдаж байна...” /3 хх-ийн  3/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Пүрэвсайханы”...манай нөхөр...******* гэх залуу алга болоод  сүүлдээ  утас шөрмөс авахаа болиод  нөхөр маань цагдаагийн байгууллагад хандсан...*******т хэдэн  төгрөг өгсөн  талаараа  нөхөр  маань  сайн   мэдэж байгаа  байх 41.000.000 төгрөгөө залилуулчихлаа гэж хэлж байсан. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр  надад   ******* гэж хүний 5018402092 тоот данс руу   3.000.000 төгрөг шилжүүлчихээч гэхээр нь би Хаан банкин дээр очоод данс руу нь   шилжүүлсэн, гүйлгээний  утга дээрээ Чулуунбатаас  ордерийн үнэ шилжүүлсэн гэж санагдаж байна. /3хх-ийн 54/ гэх мэдүүлэг,

хохирогч А.Сайдоллын”...Баатар өмнө нь 1 айфоне 5 гар утас захиалж авч байсан, дараа нь дахиж утас захиалахаар болж 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирж уулзаад миний захиалсан 1 ширхэг айфоне 5 гар утасны мөнгө гэж 450.000 төгрөг аваад...одоо мөнгө байвал аваад ир гэхээр нь 250.000 төгрөг...500.000 төгрөг өгсөн. Миний гар утсыг наадмын дараа өгнө гээд тэр чигээрээ алга болсон. Цувуулаад 1.200.000 төгрөг авсан...гадаад улсын оюутны дотуур байранд амьдардаг юм чинь юу гэж хүний архины мөнгийг даагаад яваад байхав дээ...” /3 хх-ийн 37-38,45 / гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ганзориг”...******* над руу залгаад 20 сая төгрөгөө яаралтай шилжүүлчих, газрын дуудлага худалдаа болох гээд байна гэхээр нь би *******ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Тэгээд удахгүй газрын бичиг гарчихна гэсэн боловч одоо болтол гаргаагүй байна. Өөрөө дуудлага худалдаанд оролцоод авч өгнө гэсэн. ******* надаас авсан 20 сая төгрөгнөөс 8.900.000 төгрөг өгөөгүй байгаа. Авчихвал  гомдолгүй...” /3хх-ийн 40-41, 150/ гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Мийн”...******* бид хоёр үеэлүүд бөгөөд ...*******...2014 оны 5 сарын 07-ны өдрөөс эхлээд л тийм юманд хэрэгтэй ийм юманд ч хэрэгтэй гээд увуулж цувуулж авсаар 2014 оны 8 сарын 21-ний өдөр хүртлэх хугацаанд 15.400.000 төгрөг авсан...би газар бүтэж байна уу гээд утсаар ярихаар “одоо удахгүй болох гэж байна,  дүүргийн захирамжийг нь өөрчлүүлэх гэж байна, Нийслэлийн захирамжтай болгож өөрчлүүлэх гэж байна” гээд л байдаг байсан...Би өөрөөсөө гаргаж өгсөн 15.400.000 төгрөгийг *******аас авмаар байна. /3хх-ийн 146-147/ гэх мэдүүлэг,

хохирогч Ш.Ариунзаяагийн”...******* гэж миний шавь залуу орж ирээд “таньд байр гаргаж өгнөө, урьдчилгаагүй шүүхийн шийдвэрээр Анод банкнаас хураагдсан хямдхан байр гаргаад өгье миний танил Нандиа шүүхийн шийдвэрт ажилладаг шийдвэр гүйцэтгэгч хийдэг” гэхээр нь итгээд тэр өдрөө бэлнээр цалин буусан мөнгөтэй ч байсан болохоор тэр дор нь 500.000 төгрөг тоолоод шууд өгчихсөн. Иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт, банкны цалингийн хуулга, ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн архивын лавлагаа, нийгмийн даатгалын гэрчилгээний хуулбар зэрэг бичиг баримтуудаа өгөөд, мөн өөрийнхөө Хаан банкны виза картаа өгч явуулаад энэ орой энэ картанд мөнгө орно, аваарай, пин код нь 9505 гэж хэлээд картаа өгөөд явуулсан. Картанд тэр оройдоо хүн амьтнаас гуйгаад 1.5 сая төгрөг олж хийгээд тэр мөнгийг ******* авсан байсан. 10 гаруй хоногийн дараа 1.5 сая төгрөгийг *******т ажлын өрөөндөө дуудаж өгсөн ба нийт 3.5 сая төгрөг өгсөн. Надаас урдьдчилгаа гэж хэлж авсан. 2016 оны 3 дугаар сарын 01-ний орой картаа авсан байр ч байхгүй, мөнгө ч байхгүй өдий хүрлээ...” /4хх-ийн 72/ гэх мэдүүлэг, 

хохирогч М.Отгонбатын”...******* руу залгаад юу болж байна гэхэд удахгүй болно, бүтнээ чи юмаа бүрдүүлж бай гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн, одоо болтол мөнгө өгөөгүй, Японы виз ч гаргаж өгөөгүй.  Гомдолтой байна, 860.000 төгрөг нэхэмжилнэ...”  /4хх-ийн 130-131/ гэх мэдүүлэг болон Бичил Глобус ХХК-ны гүйцэтгэх захиралын тушаалын хуулбар /1хх-ийн 9/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-ийн 11/, Мөнгө шилжүүлсэн гэх баримтын хуулбар /1хх-ийн 75, 76/, Орлогын мэдүүлгийн хуулбар /3хх-ийн 5/, Баярцэцэгээс 4300.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /1хх-ийн 163/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.   

 

Эдгээр  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

 

*******ын холбогдсон гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

******* нь нэр бүхий иргэд болон хэрэгт хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон  байгууллагаас “ хямдхан газар олж өгнө, Япон улсын виз гаргаж өгнө,  хямдхан байр авч өгнө, 380 вольтын тог тавиулж өгнө” “банкны зээл бүтээж өгнө, Ланд-Круйзер 200 маркийн автомашиныг хямд үнээр авч өгнө, гар утас хямд өгнө” гэж худал хэлж, хуурч удаа дараагийн буюу нийт 11 удаагийн үргэжилсэн үйлдлээр залилан мэхэлсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх бөгөөд бусдад учруулсан нийт хохирол 244.360.000 төгрөгийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарна.

 

Прокуророос *******ыг Залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэх шинжээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

      

Шүүх, *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд шүүгдэгч *******ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагаас “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй тул *******т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, Хайрхан Агуулатай холбогдох асуудлаар Сарангэрэлийг шалгуулах...”гэсэн агуулга бүхий хүсэлт гаргалаа.

 

*******ын холбогдсон Б.Т өмчлөлийн орон сууцыг хуурамч итгэмжлэл ашиглаж “Хайрхан Агуула” ХЗХ-нд барьцаанд тавьж 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  /2хх-ийн 64-67/

Түүнчлэн *******ын холбогдсон эрүүгийн хэрэгт гэрчээр Б.Сарангэрэл мөрдөн байцаалтанд“...Итгэл эгч манай хүүхдүүд зээл авах гэсэн юм, би батлан даагчаар орох гэтэл тэтгэвэрт гарсан гээд болохгүй байна, чи батлан даагчаар нь ороод өгөөч гэсэн. Зээлийнхээ барьцаанд баахан байр тавина л гэж байсан...тухайн үед Итгэл эгч, ******* нар нь баахан юм бичүүлээд гарын үсэг зуруулаад байсан, одоо санахгүй байна. Энэ 42 сая төгрөгний асуудал надад ямар ч хамаагүй...”  /4хх-ийн 198-199/ гэж мэдүүлсэн байгааг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс мэдүүлсэн мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгджээ.

 

******* нь 2014 оны 01 дүгээр сараас Залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж, прокурорын яллах дүгнэлттэй шүүхэд шилжиж, анхан шатны шүүхээс хоёр удаа прокурорт буцаагдсан байна.

 

Эдгээр үндэслэлүүдээр өмгөөлөгч Г.Нарантуяагаас шүүхэд гаргасан “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

******* Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 244.360.000 төгрөгийн учруулснаас төлөгдөөгүй үлдсэн 180.937.000 төгрөгийг буюу үүнээс 29.727.000 төгрөг “Бичил глобус” ХХК-д, 38.600.000 төгрөг хохирогч Р.Баярмаад, 31.700.000 төгрөг Д.Бд, 5.750.000 төгрөг Р.Рд, 4.300.000 төгрөг Ц.Бт, 41.000.000 төгрөг Б.Чад, 8.900.000 төгрөг Д.Ганзоригт, 1.200.000 төгрөг А.Сайдоллод, 15.400.000 төгрөг Ч.Мд, 860.000 төгрөг М.Отгонбатад, 3.500.000 төгрөг Ш.Ариунзаяад тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Баярмаад иргэний нэхэмжлэгч байгууллагаар тогтоогдсон Журмак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөрдөн байцаалтанд “Р.Баярмаа...70.000.000 төгрөгийг зарлагын баримт үйлдээд аваад явсан...Р.Баярмаа манайхаас авсан мөнгөө *******т өгсөн гэдэг...мөнгөө хурдан гаргуулж авмаар байна” гэж,  

Р.Баярмаа нь мөрдөн байцаалтанд“ Журмак ХХК-иас би авсан мөнгөө *******т өгсөн. *******аас мөнгөө авч байж Журмак ХХК-д мөнгийг нь төлнө...*******аас одоо 38.600.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хурдан гаргуулж авах хүсэлтэй байна яагаад гэхээр *******т газрын мөнгө өгөхийн тулд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авсан, хүмүүс нь надаас мөнгөө нэхээд байна...” /1хх-ийн 19, 206, 2хх-ийн 147, 3хх-ийн 42/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүх хуралдаан дээр Журмак ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “*******аас Р.Баярмаад олгогдох ёстой 38.600.000 төгрөгийг хохирогч Р.Баярмаагаар дамжуулахгүйгээр шууд манай компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг онцлогтой бөгөөд ******* болон Журмак ХХК-ийн хооронд иргэний болон эрүүгийн эрх зүйн үр дагавар үүсгэх харилцаа бий болсон гэх баримт хэрэгт тогтоогдоогүй байх тул  Журмак ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг *******аас шууд гаргуулж шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл Журмак ХХК болон энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Баярмаа нарын хоорондын асуудал *******т холбогдох залилангийн гэмт хэрэгт хамааралгүй бөгөөд Журмак ХХК нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа холбогдох этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “*******ыг...4 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагаас “...*******т хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргав.

  

Шүүхээс, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж шүүх дүгнэсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэхэд...”оршино.    

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2,  36.6,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                       

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Т өмчлөлийн орон сууцыг хуурамч итгэмжлэл ашиглаж “Хайрхан Агуула” ХЗХ-нд 42.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэх, Д.Лхагвадоржоос 19.000.000 төгрөг залилсан гэх үйлдлүүдийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Бэсүд овогт Нанжидын *******ыг бусдыг хуурч, бодит байдлыг  нуух замаар төөрөгдөлд оруулан, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт 180.937.000 төгрөг гаргуулж “Бичил глобус” ХХК-д 29.727.000 төгрөг, хохирогч Р.Баярмаад 38.600.000 төгрөг, хохирогч Д.Бд 31.700.000 төгрөг, хохирогч Р.Рд 5.750.000 төгрөг, хохирогч Ц.Бт 4.300.000 төгрөг, хохирогч Б.Чад 41.000.000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 8.900.000 төгрөг, хохирогч А.Сайдоллод 1.200.000 төгрөг, хохирогч Ч.Мд 15.400.000 төгрөг, хохирогч М.Отгонбатад 860.000 төгрөг, хохирогч Ш.Ариунзаяад 3.500.000 төгрөг тус тус олгосугай. 

 

7. Журмак ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж тус байгууллага нь холбогдох этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар,  иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ