Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Батгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав,  

           улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /№ 0200/,  шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Тэрбиш/№ 0341/, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /№1607/,  шүүгдэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /№0157/, 

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол /№0280/ нарыг

оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н, Ц.Ч, Г.Г, Ө.Ө, Ц.О нарт холбогдох эрүүгийн 201525030775 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 09ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6-259 тоотод оршин суух хаягтай, 

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 18 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, Бэсүд овгийн Ц.Ч, 

  1. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-39/б тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 32/б-127 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цогнууд овгийн С.Н, /РД: ТД86111094/.
  2. Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1-3 тоотод оршин суух хаягтай, 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1095 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Боржигон овгийн Г.Г, 

  1. Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тайёос Ози ХХК-д гэрээт таксины жолоочоор ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 10 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Шунхлай шатахуун түгээх станцын зүүн хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бэрэгчүүд овгийн Ц.О, 
  2. Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Цахлайн 33-3/г тоотод оршин суух хаягтай, 

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 205 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, Боржигон овгийн Ө.Ө 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Ө.Ө, С.Н, Ц.Ч, Г.Г, Ц.О нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолон дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ө.Ө, С.Н, Ц.Ч, Г.Г, Ц.О нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар дунд сургуулийн автобусны буудлын хажууд байрлах "Вьетнам авто засвар"-ын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн Нгуен Хүү

Док /NGUYEN HUU DOС/, Фам Мин /PHAM MINH/ нарт хүч хэрэглэн довтолж, Нгуен Хүү Док /NGUYEN HUU DOС/-ын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зөөврийн компьютер, гар цүнх, Самсунг Нөүт 3 загварын цагаан өнгөтэй гар утас, Эл Жи загварын гар утас, Марк Икс машины их гэрэл, тус бүр биет 200.000 болон 270.000 төгрөг зэргийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч, С.Н, Г.Г, Ө.Ө, Ц.О нар нь “мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 Хохирогч Ф М /P Mмөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 57 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд байх “Цэгээн хайрхан” ХХК-ний засварын байран дээрээ найз Хүү Док /Нuu Doс/-ын хамт байж ажлаа хийж байгаад хаах болоод хаалга руугаа очоод хаах гээд явтал өөдөөс нэг хар өнгийн маск зүүсэн залуу орж ирээд өшиглөөд зодсон тэр гартаа уртаараа 50 см орчим төмөр барьсан байсан. Тэгээд би зодуулаад буцаад машинуудын урд талаар яваад зүүн хойд талын буланд очтол нөгөө залуу араас хөөж ирсэн. Тэгтэл тэр залуугийн араас мөн хар маск өмссөн 2 залуу орж ирээд манай найз Хүү Док /Нuu Doс/ бид хоёрыг зодоод эхэлсэн би ганбанз дээр байсан жижиг хутгыг барьж аваад зүүн гартаа бариад ноцолдож эхэлтэл тэр залуу төмөр барьсан байсан учир миний нуруу толгойн дээр цохиод би өөдөөс нь гараараа хаагаад гартаа барьсан байсан хутгаараа зүүн гараа зүссэн байсан. Нөгөө 2 залуу манай найз Хүү Док /Нuu Doс/-ыг зодоод байсан. Тэгж байгаад сүүлдээ миний хоолойг боогоод эхэлсэн тэгтэл нөгөө хоёр залуу намайг тавиад халаасанд байсан 270.000 орчим төгрөгийг аваад намайг босгоод тэнд засвар хийж байсан Марк икс машины багаажийг онгойлгоод намайг ор гэхэд нь би багажинд орсон, тэгээд машины багааж хаасан. Намайг машины багаажинд байж байтал тэд нар өрөөгөөр яваад юм үзэж хараад байгаа бололтой байсан. Тэгээд ойролцоогоор 5 минут орчим болоод байж байтал манай найз Хүү Док /Нuu Doс/ миний байсан машины багаажийг онгойлгож өгсөн. Тэгээд би гараад замын эсрэг талд байдаг найзынхаа гражид очоод тэндээс хүний утсаар өөрийнхөө дарга Дагвадорж руу залгаж ярьсан. Мөн хааяа орой үдэш гадагшаа гарахаар дууддаг таксины жолооч руу залгаж хэлсэн. Тэгээд буцаад граждаа ирээд хажууд байх гражийн хөгшинд хэлээд хамт байж байтал эхлээд манай найз таксины жолооч ирээд бид нар түүнд суугаад эмнэлэг явсан юм. Тэгтэл манай захирал Дагвадорж, цагдаагийн хүмүүс бас ирээд тэд нар уулзсан байсан. Нэг залуу нь намайг зодсон, нөгөө 2 залуу нь надад хүрээгүй. Тэр 2 залуу нь манай найз Хүү Док /Нuu Doс/-ыг зодоод байсан. Тэр залуу гартаа барьсан байсан төмрөөр миний толгойн орой хэсэг, нуруу, бүхий л бие рүү цохиж байсан... Надад байсан мөнгө 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан цөөхөн задгай 1000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Жаахан эдэлгээнд орсон мөнгө байсан ба тийм ч их хуучраагүй мөнгө байсан. Миний засвар хийж байсан Марк икс маркийн машины шинэ гэрэл хажууд нь сул аваад тавьсан байсан түүнийг, мөн миний амардаг баруун талын өрөөнд байсан манай хамт ажилладаг монгол залуу Ууганаагийн зөөврийн компьютер, гар цүнх, миний нөүт 3 маркийн цагаан өнгөтэй гар утас зэргийг аваад явсан байсан. Би түүнийг 1 сарын өмнө 450.000 төгрөгөөр нэг найзаасаа авсан юм. Одоо манай найз Вьетнам явчихсан байгаа. ..Би гомдолтой байна. Би дээрэмдүүлсэн эд зүйлээсээ өөрийнхөө гар утсыг буцааж авсан одоо халаасанд байсан бэлэн 270.000 төгрөг болон эмчилгээнд зарцуулсан 270.000 төгрөг, орчуулагчийн хөлсөнд 100.000 төгрөг өгсөн. Энэ бүгдийг нэхэмжлэх болно. Ингээд нийт 640.000 төгрөг нэхэмжилж байна..., …намайг болон Нгуен Хүү Док бид хоёрыг эмнэлэгт үзүүлэхэд гарсан орчуулагчийн зардал, өмөөлөгчийн зардал зэрэг бүх зардлуудыг “Цэгээн хайрхан” ХХК-ны захирал С.Дагвадорж компаниасаа гаргасан. Надад байсан мөнгө мөн компаний орлого байсан. Алдагдсан мөнгөө захирал хэрэг хийсэн хүмүүсээс гаргуулж авсан, би компаниасаа мөнгөө ажлын хөлс болох цалингаа зохих ёсоор авч байсан. Надад учирсан хохирол байхгүй учраас захирлаас мөнгө аваагүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй… ” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53х, 3хх-ийн 52-53х/. Хохирогч Нгуен Хүү Док /NGUYEN НUU DOC/ мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 57 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд байх “Цэгээн хайрхан” ХХК-ны засварын байран дээрээ найз Фам Мин /РHAM MINH/-ний хамт ажлаа хийж байсан буюу би цагаан өнгийн Марк икс машины сэв гаргаад зогсож байтал манай найз Фам Мин /РHAM MINH/-н хаалгаа хаахаар явсан, тэгтэл өөдөөс нь нэг залуу орж ирээд манай найзыг өшиглөөд хөөцөлдөөд ороод ирсэн. Тэгтэл араас нь 2 залуу гартаа төмөр барьчихсан орж ирээд шууд хоёулаа нийлээд толгой руу төмрөөрөө цохиод намайг зодоод эхэлсэн би ухаан балартаад газарт унасан байсан. Тэр үед нэг залуу нь миний дээр суучихсан гараараа намайг багалзуурдаад хоолой шахаад байж байсан. Тэр хооронд нэг залуу манай өрөө рүү ороод юм түжигнүүлээд байсан. Тэгээд гарч ирээд нөгөө намайг багалзуурдсан залуу намайг тавиад цаашаа яваад Марк икс машины хажуу урд байсан Алеон машины 2 гэрэл,  марк икс машины нэг ширхэг шинэ их гэрэл зэрэг 3 гэрлийг аваад гарсан. Тэгээд буцаад нөгөө залуу орж ирсэн ба тэр хооронд нөгөө нэг залуу нь манай найз Фам Мин /РHAM MINH/-ний хоолойг боогоод байж байсан. Гаднаас нөгөө хоёр залуу хамт орж ирээгүй цуварч ганц ганцаараа орж ирсэн. Тэгээд нөгөө миний хоолойг боогоод байсан залуу орж ирээд Алеон машины багаажийг онгойлгоод ийшээ ор гээд би түүн рүү орсон. Тэгтэл багааж хаагаад тэд нар удалгүй гараад явж байгаа чимээ гарсан. Тэгээд би шууд багаажаа онгойлгож гараад Фам Мин /РHAM MINH/-ийг Марк икс машины багаажнаас гаргаад бид хоёр түргэн тусламж дуудсан. Ф М /P Mгадагш гарч хүнд мэдэгдээд би тэндээ үлдээд байж байсан. Өмссөн байсан хувцсыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хар маск нүүрэндээ зүүсэн залуус байсан. Намайг боогоод байсан залуу над шиг нуруутай, туранхай залуу байсан. Тэр хоёр залуу намайг зодсон нэг нь надад хүрээгүй, тэр залуу нь манай найз Фам Мин /РHAM MINH/-ийг зодоод байсан. Миний нүд, толгой болон бие их хавдаж хөхөрсөн байна. Би сүүлдээ өөрөө ухаан алдсан болохоор яг хаана юугаар цохьсныг мэдэхгүй байна. Эхлээд шууд тэр хоёр залуу гартаа барьсан төмрөөрөө зодоод эхэлсэн. Намайг газарт унасан байхад миний баруун халаасанд байсан түрийвчин дотроос бэлэн 200.000 төгрөг, Эл Жи маркийн гар утас зэргийг аваад явсан. Би тэр утсыг одоогоос 3 сарын өмнө 400.000 төгрөгөөр надаар машинаа засуулсан залуугаас худалдаж авсан. ...Би гомдолтой байна. Би дээрэмдүүлсэн эд зүйлсээс өөрийнхөө Эл Жи маркийн гар утсыг буцааж авсан. Oдоо халаасанд байсан бэлэн 200.000 төгрөг болон эмчилгээнд зарцуулсан 120.000 төгрөг, орчуулагчийн хөлсөнд өгсөн 100.000 төгрөг энэ бүгдийг нэхэмжлэх болно. Ингээд нийт 420.000 төгрөг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56х/.   

Иргэний нэхэмжлэгч С.Дагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэ

Цэгээн хайрхан ХХК-ны захирал байгаа юм. Ингээд 2015 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр авто засварын үйл ажиллагаа явуулах байр барьж зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхлээд Вьетнам улсын 2 иргэнийг ажиллуулж байсан юм. Тэгтэл 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ байж байтал манай гражийн хойд талд байдаг нэг зүс таньдаг ах танай хоёр Вьетнам иргэнийг хүн зодоод дээрэмдсэн байна. Цагдаагийн хүмүүс ирээд шалгаж байна гэж хэлсэн. Тэгээд би шөнө босоод хүрээд иртэл цагдаагаас хүмүүс ирээд шалгаж байсан. Манай 2 ажилтан гэмтэл рүү явсан байсан ба араас нь очоод эмнэлэгт үзүүлээд толгой тархи нь хагарсан байсныг боолгоод буцаж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуутал манай ажилтан Ф М /P Mгэдэг залуу гаднаас хар маск зүүсэн гурван залуу орж ирээд дээрэмдээд гар утас, халаасанд байсан 270.000 төгрөг авсан. Мөн миний эзэмшлийн засвар хийж байсан Марк X машины их гэрлийг аваад явсан байсан. Мөн Хүү Док /Нuu Doс/-ыг дээрэмдээд гар утас, халаасанд нь байсан 200.000 төгрөгийг авсан, амралтын өрөөнд байсан Ууганбаярын зөөврийн компьютерийг аваад бид хоёрыг машины багаажинд хийгээд явсан гэж хэлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59х/. 

Иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Цэгээн Хайрхан ХХК-ний авто засварын байранд 2015 оны 6 дугаар сарын 24-нд өөрийн эзэмшлийн зөөврийн компьютерийг авч ирж юм хийж байсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил дээр юм хийж байгаад орой үлдээгээд явсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өглөө иртэл надтай хамт ажиллаж байсан хоёр Вьетнам иргэн дээрэмдүүлээд гар утас, бэлэн мөнгө алдсан, мөн миний зөөврийн компьютерийг аваад явчихсан гээд байж байсан. Мөн хамт ажиллаж байсан хоёр Вьетнам иргэн зодуулаад нилээд бэртэж гэмтсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас ирж шалгаад, дээрэм хийсэн хүмүүсийг олж миний компьютерийг хурааж авсан байсан. Би сая эд зүйлээ буцаан хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61х/.      

Гэрч Ю.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын

29-ний өдөр 18:00 цагийн үед 1 хүүхэн 2 залуугийн хамт хүрч ирээд Бадарчийн Чулуунгэрэл /РД:НУ73100300/ гэх эмэгтэй нь өөрийн бичиг баримтаар хар өнгийн “Hair” нэртэй зөөврийн компьютер, хар өнгийн Эл Жи маркийн гар утас хоёрыг хамтад нь 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэдгээр хүмүүс ямар нэгэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63х/. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №9656 дугаар дүгнэлтэд:

“1. Фам Мин /РHAM MINH/-ний биед хүзүү, цээж, баруун өвдгөнд цус хуралт, зүүн гарын алга, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /1хх-ийн 74х/. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №9641 дүгээр дүгнэлтэд: “1. Нгуен Хүү Док /NGUYEN НUU DOC/-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1хх-ийн 76х/.

 Хохирлын мөнгө болох 860.000 төгрөг хүлээлцсэн баримт “иргэний нэхэмжлэгч С.Дагвадорж хүлээн авсан” /2хх-ийн 169х/, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт.

 Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 48х/. 

 Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл “саарал өнгийн, 2003 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, 56-32 УНП улсын дугаартай, Hyundai Accent Verna маркийн тээврийн хэрэгсэл” /1хх-ийн 4142х/.

 Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 30х, 31х, 33х/, 

 Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 32х/, 

 Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 35-36х, 38х/.   Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1хх-ийн 11-15х/, 

 Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-18х/, тухайн автомашиныг 5 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ/2хх-ийн 55х/.

 Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 176-185х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Ц.Ч, С.Н, Г.Г, Ц.О, Ө.ӨлзийОрших нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Ц.Ч, С.Н, Г.Г, Ц.О, Ө.Ө нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа шудрагаар хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нилээд хугацаа өнгөрсөн хэдий ч шүүгдэгч нар дахин гэмт хэрэгт хобогдоогүй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт ижил төрөл, хэмжээний ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөрүүлэн, багасгаж оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан гэм хорын хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Ц.Ч, С.Н, Г.Г, Ц.О, Ө.Ө нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Тайёос ози” ХХК-ний өмчлөлийн Хьюндай аксент верна /Hyundai Accent Verna/ маркийн, 56-32 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явж, гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлээ уг тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөн, өрсдөө сууж явч зутгаах зэргээр ашигласан болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1.000.000 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бэсүд овгийн Ц.Ч, Цогнууд овгийн Сүхээгийн

Н, Боржигон овгийн Г.Г, Бэрэгчүүд овгийн Ц.О, Боржигон овгийн Ө.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолон дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Чод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,  шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Г.Гт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,   

шүүгдэгч Ө.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч, С.Н, Ө.Ө нарын  тус бүр цагдан хоригдсон 236 /хоёр зуун гучин зургаа/ хоног, шүүгдэгч Г.Г, Ц.О нарын тус бүр цагдан хоригдсон 220 /хоёр зуун хорь/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч, С.Н, Г.Г, Ц.О, Ө.Ө нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Тайёос ози” ХХК-ний өмчлөлийн Хьюндай аксент верна /Hyundai Accent Verna/ маркийн, 56-32 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ч, С.Н, Г.Г, Ц.О, Ө.Ө нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, мөрдөн байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг” хүчингүй болгосугай.   

 

  1. Ц.Ч, С.Н, Г.Г, Ц.О, Ө.Ө нарын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ