Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0392/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Ц.Гт холбогдох эрүүгийн 2018003980464 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Ц.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “.....................” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 13 дугаар байрны орчмоос иргэн ***** гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй вай-9 эс загварын гар утсыг олоод тухайн гар утсыг өөрөө ашигласан болох нь:

Хэрэгт авагдсан:

- Би 2020 оны 7 дугаар сарын 10-ны орой найзуудтайгаа жаахан юм ууж байгаад шөнө 01:00 цагийн үед гэртээ харьтал гар утас болсон байсан. Би найзуудаасаа салаад харьж явахдаа хүнтэй утсаар ярьж байгаад халаасандаа хийсэн. Тэгэхдээ гар утсаа гээгдүүлсэн байсан. Би Хуавэй вай-9 эс загварын гар утсаа “Юнител” ХХК-аас 908.000 төгрөгөөр худалдаж авч байсан... гэх хохирогч ***** мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- ...манай нөхөр Ц.Г Төмөр замын 13 дугаар байрны саравчнаас хүрэн өнгийн хавтастай гэртэй, ар тал нь солонгорсон өнгөтэй, Хуавэй вай-9 эс загварын гар утас олсон. Одоо манай нөхөр олсон гар утсаа ашиглаж байгаа... гэх гэрч П.Мийн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- ...манай байрны урд талын саравчны ширээн дээр бор өнгийн гэртэй, цэнхэр өнгийн Хуавэй вай-9 эс маркийн гар утас, хар өнгийн саравчтай малгай хоёр байхаар нь би гар утсыг нь аваад явсан юм. Би гар утсыг бүрэн бүтэн буцааж өгсөн... гэх шүүгдэгч Ц.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- Хохирогч З.М нь “Юнител” ХХК-аас Хуавэй вай-9 эс загварын гар утас худалдаж авсан тухай гэрээ /хх-ийн 6/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Хуавэй вай-9 эс загварын шинэвтэр гар утас 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Шүүгдэгч *****цэнхэр өнгийн Хуавэй вай-9 эс загварын, хүрэн өнгийн гэртэй 1 ширхэг гар утсыг хураан авч, хохирогч З.Мт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Мт 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эд зүйлсээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч *****цэнхэр өнгийн Хуавэй вай-9 эс загварын, хүрэн өнгийн гэртэй 1 ширхэг гар утсыг хураан авч, хохирогч З.Мт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25/, хохирогч ***** хэргийн материалтай танилцаад гаргасан “санал хүсэлт байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 59/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Гийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 13 дугаар байрны орчмоос иргэн ***** гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй вай-9 эс загварын гар утсыг олоод тухайн гар утсыг өөрөө ашигласан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “.....................” ХХК-нд оператор ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42/ зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР