Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 118

 

     Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1600 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай эсэргүүцлээр Г.Ад холбогдох эрүүгийн 1805045031052 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн  Г.А, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Г.А нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн гадаа 07-50 УНУ улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашин дотор С.Б-ийн дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан төлбөр болох 50.000 төгрөг аваарай гэж өгсөн 31260015254 дансны дугаартай, Төрийн банкны картнаас 2.700.000 төгрөг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн гадаа 07-50 УНУ улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашин дотор С.Бгийн дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан төлбөр болох 50.000 төгрөг аваарай гэж өгсөн 31260015254 дансны дугаартай Төрийн банкны карт, нууц дугаарыг авч эзэнд нь буцаан өгөлгүй явсан байна. Тэрээр энэ хэрэгт гэрчээр асуугдсан Ш.Г-ээрСонгинохайрхан дүүрэг, Толгойтын нефть баазын автобусны буудал дахь бэлэн мөнгөний машинаас 1.800.000 төгрөг, Драгон автовокзал дахь бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгийг тус тус авахуулсан байна. Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан дээрх үйлдэл хохирогч С.Бгаас банкны карт, нууц дугаарыг авснаар бус бэлэн мөнгөний машинаас мөнгийг авснаар төгсөж байгаа буюу хохирогч С.Бгийн 2.600.000 төгрөгийг шүүгдэгч Г.А өөрийн хамаатан болох Ш.Г-тэй бүлэглэж завшсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.

Энэ үйлдлээ Г.А болон гэрч Ш.Гнар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд гагцхүү “би Ган-Эрдэнэд мөнгө өгөөгүй, хулгайн мөнгө гэдгийг хэлээгүй”, “Г.Аөөс тухайн карт ямар учиртай талаар асуухад миний таньдаг хүний карт байгаа юм, чи ороод мөнгө аваад өгчих” гэсэн мэдүүлгийн хэсгийг үндэслэж мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс Ш.Г-ийг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй байна. Энэ мэдүүлгийн хэсгийг “... картыг нэг эгч унагаасан юм гэж хэлээд Г-эд маск зүүлгэж, малгайтай цамц өмсгөсөн юм” гэсэн мэдүүлэг үгүйсгэх бөгөөд маск, малгайтай цамц өмсөж байгаа болон өмсүүлж байгаа этгээдүүд болохгүй зүйл хийж байгаагаа мэдэж байсан болох нь тодорхойлогдож байна.

Дээрх байдал прокурорын хяналтын шатанд буй болсон байтал хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл болж байх тул Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, яллагдагч Г.А нь Ш.Г-ээр бэлэн мөнгөний машинаас мөнгө авахуулсан үйлдэл тогтоогддог боловч тухайн авсан мөнгө хэнийх болох, уг картыг ямар замаар, хэрхэн олж авсан талаар хэлээгүй, мөнгөнөөс Ш.Г-д өгөөгүй болох нь тогтоогддог.

Мөрдөн байцаалтын шатанд Ш.Г-ийг хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авахад болсон үйлдлийн талаар мэдүүлсэн байхад бэлэн мөнгөний машинаас яллагдагч Г.Аийн гуйлтаар мөнгө авч өгөхдөө нүүрээ халхалсан маск, малгайтай цамц өмссөн байсан гэснээр тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...”, 2 дахь хэсэгт “... шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан байх ба Г.А нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, хэргийг хүндрүүлэлгүй шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1600 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Г.Ад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1600 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Г.А нь хохирогч С.Бгийн хүсэлтээр түүнд дуудлагын жолоочоор үйлчилсэн, С.Б нь үйлчилгээний хөлс 50.000 төгрөгийг аваарай гэж хэлж, Төрийн банкны карт, нууц кодоо өгсөн, Г.А нь машинаас бууж 50.000 төгрөг аваад хохирогчид картыг нь өгөөгүй ба түүнийг 06 цаг өнгөрч байхад Бөмбөгөр худалдааны төвд хүргэж өгсөн. Тэндээсээ өөрийн машиныг унаж, 21 дүгээр хороолол орж, баз хүргэн Ш.Г-ийн гэрт 07 цагийн үед очиж сэрээгээд, дагуулан явж, Нефтийн АТМ-ээс 2 удаа, Драгоны АТМ-ээс 2 удаа, нийт 2.700.000 төгрөгийг авахуулсан, АТМ-ээс 4 удаа мөнгө авахуулахдаа түүнд маск зүүлгэн, малгайтай цамц өмсгөсөн зэргээр нүүр царайг нь далдалсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Г.А нь АТМ-ээс С.Бгийн картыг уншуулан 4 удаагийн үйлдлээр 2.700.000 төгрөгийг авахдаа Ш.Г-тэй хамтран үйлдсэн байж болох нөхцөл байдал нь Г.Аийн гэрчээр өгсөн “... би картыг нэг эгч унагаасан юм гэж хэлсэн. Мөн Г-ийг АТМ ороход нь маск, малгай, цамц, өмд өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-6/ болон Ш.Г-ийн малгайтай цамц өмсөж, нүүрээ маскаар далдлан АТМ-ээс мөнгө авч байгаа гэрэл зураг /хх-13/ зэрэг баримтуудаас харагдаж байхад энэ талаар шалгаагүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай, бүрэн шалгаж тодруулаагүй байна гэж үзэв.

Иймд прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1600 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1600 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН