Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттөмөр,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч Д.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД-0200/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Доржгаравын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201626021287 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, Нарантуул ОУХТ-д лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-6 дугаар гудамжны 106 тоотод суух,

 урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас үлдэх ялыг өршөөн хэлтрүүлсэн, УБ73090311 регистрийн дугаартай,  Харнууд овогт Доржгаравын Мөнхбаяр. 

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн В.Туулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 4 дүгээр гудамжны 56 тоотод өөрийн эхнэр Х.Энхцэцэгийг гэртээ хоносонгүй гэж хардан зодож, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбаяр мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Туулыг цохиж гэмтээдэг өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Тийм учраас архи нилээд их хэрэглэсэн байсан. Эхнэр Энхцэцэгийг Туултай хардсан учраас чулуугаар толгой руу нь хоёр удаа цохисон. Манай Энхцэцэг нь урд шөнө нь гэртээ ирж хоноогүй. Тэгээд хардсандаа цохисон. Хохирогч Туулд хохирол төлбөр төлбөрт 500.000 төгрөг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мөнхбаярын өгсөн:

 ... 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би орой ажлаа тараад гэртээ орж ирэхэд манай эхнэр байхгүй байсан. Өдөр 16 цагийн үед утас руу нь залгахад согтуу яриад, цаана нь хоёр эрэгтэй хүн дуугараад байсан. Тэгээд тэр оройдоо ирж хоноогүй. Маргааш өглөө нь манай урд руу байдаг айлд явж ороход тэр айлд хэвтэж байсан бөгөөд нүдний шил болон гар утсаа хаячихсан байсан. Тэгэхээр нь явъя, гэртээ харъя гэхэд миний үгэнд орохгүй явахгүй гээд байсан. Тэгэхээр нь би бухимдаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би гарч яваад, гэртээ ирээд унтаж байсан чинь цагдаа намайг авч явсан. Тухайн үед нь эхнэртэйгээ эвлэрсэн одоо манай эхнэр ямар нэг гомдол саналгүй болсон.

Энэ хоёр асуудал нь хоёулаа хардалтаас болж хийсэн хэргүүд юм. Эхний удаагийнх буюу Туултай таарах үед Туул нь манай эхнэрийг хоргоогоод явуулахгүй байсан. Тэгээд би эхнэрийгээ хардаад тэр залууг нь зодсон. Дараа нь эхнэрийгээ гэртээ ирж хонохгүй согтуу алга болж байгаад өөр айлд байхаар нь тухайн үед хардаад уурандаа цохьсон. Би тэр хоёрын хоёулангийнх нь хохирлыг барагдуулсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43-р хуудас/       

 

Мөрдөн байцаалтад хохирогч В.Туулын өгсөн:

 ...Тухайн өдөр би хөлбөмбөг үзчихээд гэр рүүгээ явж байсан. Тэгээд урдаас эхнэр, нөхөр 2 гараад ирсэн. Тэгээд харсан хүмүүс байхаар нь мэндэлсэн. Тухайн үед би эхнэрийг нь нэг л харсан харагдаад байсан. Тэгээд би буцаад эргээд харсан. Тэр үед Мөнхбаяр буруугаар бодсон юм шиг байна лээ... Тухайн үед миний толгой руу ойролцоогоор 4-5 удаа цохисон. ... Би хохиролд 500,000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 34-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Энхцэцэгийн өгсөн:

 ... 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ хоноогүй, гадуур хоночихоод маргааш нь буюу 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА 56 тоотод танил Даваажавынд сууж байтал манай нөхөр Мөнхбаяр гаднаас орж ирээд, хаана хоносон, хэнтэй архи уусан гэж хэлээд, нүүр рүү бөгжтэй гараараа нэг удаа цохиж аваад нүүр хавдсан. Нүд хавдаж хөхөрсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол алга. Бид гэр бүл болоод 17 жил болж байгаа дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлээ батлуулсан. Надад одоо гомдол гэх юм алга ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Энхцэцэгийн өгсөн:

 ... Тухайн өдөр би нөхөр Мөнхбаярын хамт хүний төрсөн өдөрт очоод гэр рүү буцаад явж байсан. Гэтэл гудамж тойроод гараад ирсэн хүн гэнэт манай хүн рүү дайраад, тэгээд зодоон болсон санагдаж байна. Би бас сайн санахгүй байгаа. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нарангэрэлийн өгсөн:

 ... 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн орчим намайг ажил дээрээ буюу  Наран эрхэс  дэлгүүрт сууж байхад манай гудамжны Туул гуай толгойноос нь цус гоожсон байдалтай орж ирээд, намайг цагдаа дуудаарай гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би араас нь гартал Энхцэцэгийн гарнаас барьчихсан зогсож байсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн:

 ... Уг гэмтэл нь 1 ба түүнээс дээш удаагийн үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг үед үүссэн гэмтэл мөн болно ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4951 дугаартай:

            1. Туулийн биед зулайн оройн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5358 дугаартай:

            1. Энхцэцэгийн биед баруун доод зовхи, духанд цус хуралт, баруун доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 36-р хуудас/,

 

  - Хохирогч В.Туулын хохирлын баримтууд /хавтаст хэргийн 71-р хуудас/

  - Хохирогч В.Туулд 500,000 төгрөгийн хохирол барагдуулсан гэх баримт /хавтаст хэргийн 74-р хуудас/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 99-р хуудас/

            - Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 68-69, 92-93, 95-97,120-123 -р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн В.Туулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь зулайн оройн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 4 дүгээр гудамжны 56 тоотод өөрийн эхнэр Х.Энхцэцэгийг гэртээ хоносонгүй гэж хардан зодож, улмаар бие махбодид нь баруун доод зовхи, духанд цус хуралт, баруун доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шүүгдэгч Д.Мөнхбаярын  ... Туулыг цохиж гэмтээдэг өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Тийм учраас нилээд их хэрэглэсэн байсан. Эхнэр Энхцэцэгийг Туултай хардсан учраас чулуугаар толгой руу нь хоёр удаа цохисон. Манай Энхцэцэг нь урд шөнө нь гэртээ ирж хоноогүй. Тэгээд хардсандаа цохисон. Хохирогч Туулд хохирол төлбөрт 500.000 төгрөг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...  гэх  мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч В.Туулын мэдүүлсэн  ... Тухайн өдөр би хөлбөмбөг үзчихээд гэр рүүгээ явж байсан. Тэгээд урдаас эхнэр, нөхөр 2 гараад ирсэн. Тэгээд харсан хүмүүс байхаар нь мэндэлсэн. Тухайн үед би эхнэрийг нь нэг л харсан харагдаад байсан. Тэгээд би буцаад эргээд харсан. Тэр үед Мөнхбаяр буруугаар бодсон юм шиг байна лээ... Тухайн үед миний толгой руу ойролцоогоор 4-5 удаа цохисон ...  гэх,

хохирогч Х.Энхцэцэгийн мэдүүлсэн  ...2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ хоноогүй, гадуур хоночихоод маргааш нь буюу 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА 56 тоотод танил Даваажавынд сууж байтал манай нөхөр Мөнхбаяр гаднаас орж ирээд, хаана хоносон, хэнтэй архи уусан гэж хэлээд, нүүр рүү бөгжтэй гараараа нэг удаа цохиж аваад нүүр хавдсан. Нүд хавдаж хөхөрсөн ...  гэх

гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлсэн ... 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн орчим намайг ажил дээрээ буюу  Наран эрхэс  дэлгүүрт сууж байхад манай гудамжны Туул гуай толгойноос нь цус гоожсон байдалтай орж ирээд, намайг цагдаа дуудаарай гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би араас нь гартал Энхцэцэгийн гарнаас барьчихсан зогсож байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4951 дугаар,  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5358 дугаар дүгнэлтүүд зэрэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Мөнхбаярыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь хохирогч В.Туулд 500,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч В.Туул, Х.Энхцэцэг нар нь шүүгдэгчид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул  шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Мөнхбаярын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мөнхбаярт ял оногдуулахдаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

            Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Харнууд овогт Доржгаравын Мөнхбаярыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярыг 251 (хоёр зуун тавин нэг) цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Д.Мөнхбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мөнхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ