Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1445

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Ц.Мөнхзулын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01079 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Ц.Мөнхзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Санни апрале” ХХК-д холбогдох

5 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөрөнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвэгмидийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхзул нь хариуцагч “Санни апрель” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Суралцуулах” гэрээ байгуулан БНХАУ-ын Женжеү хотын Хенан Технологийн Их сургуулийн 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцсан болно. Хэлний бэлтгэлд суралцах үеэс эхлээд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж эхэлсэн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн боловч хариуцагч тал тус сургуульд төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс Ц.Мөнхзулыг сургуулийн зүгээс шалгалтанд оруулахгүй зэрэг дарамт шахалт ихтэй суралцсан болно. Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч “Санни апрель” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Гэрээг цуцалснаас хойш 1 хоногийн дотор хариуцагч тал зөвлөх үйлчилгээний төлбөрт авсан 3 000 000 төгрөгийг буцаан өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйгээс болж Б.Ариунаа гэх хүнээс сарын 10 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийг зээлж, хугацааг нь сунгаад 300 000 төгрөгийн хүү төлж байгаа. Иймд хариуцагчаас 3 000 000 төгрөг, мөн хугацаандаа мөнгөө эргүүлж өгөөгүйгээс учирсан хохирол буюу Б.Ариунаагаас зээлсэн 3 000 000 төгрөгийн хүүд төлсөн 2 100 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Санни апрель” ХХК шүүхэд гаргасан болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Манай компани 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ц.Мөнхзултай “Суралцахад зөвлөх” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу манай талаас БНХАУ-ын Женжөү хотын Хенан Технологийн Их сургуульд 1 жил хэлний бэлтгэлд суралцуулах, БНХАУ-ын А, В, С төрлийн тэтгэлэг авахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч Ц.Мөнхзулын талаас манай компанид үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн билээ. Манай компани гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Санни апрель” ХХК-иас 5 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхзулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөрөн давж заалдах гомдолдоо “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр зохицуулсан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болохоор заасан.

Хариуцагчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр БНХАУ-ын Женжеү хотын Хенан технологийн их сургуулиас нэхэмжлэгч Ц.Мөнхзулд өгсөн урилгыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү нотлох баримт нь хэргийг бүх талаас нь хянан үзэж, шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай нотлох баримт байсан болно. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн и-мэйл хаяг руу орж талуудыг байлцуулан үзлэг хийж болох байсан боловч энэхүү ажиллагааг хийлгүй зөвхөн нэхэмжлэгч талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Санни апрель” ХХК-тай “Суралцахад зөвлөх гэрээ”-г байгуулахдаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн суралцуулах гэрээг дуусгавар болгосон байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор заасан. Дээрх байдлаас үзэхэд талууд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг дуусгавар болгосон байхад шүүх уг гэрээг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх, журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь хариуцагч “Санни апрель” ХХК-д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Суралцуулах” гэрээний дагуу төлбөрт төлсөн 3 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2 100 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Суралцуулах” гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Суралцахад зөвлөх гэрээ”-г тус тус байгуулж, уг гэрээгээр суралцуулагч буюу “Санни апрель” ХХК нь суралцагч буюу Ц.Мөнхзулын ашиг сонирхлын төлөө түүнийг БНХАУ-д магистрын хөтөлбөрт хамруулах, шаардлагатай мэдээ, баримтыг авч сургуульд бүртгүүлэх, суралцагч шаардлагатай төлбөр, хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Гэрээний 2.1-т “Суралцагчийг БНХАУ-ын мужийн 100 хувийн тэтгэлгээр магистрын хөтөлбөрт /нэг жилийн хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр болон 2-2.5 жилийн сургалтын төлбөр, дотуур байр болон сар бүрийн стипэнт багтсан болно./ хамруулна. Суралцахад шаардлагатай бүхий л мэдээлэл, журам, нөхцөлтэй танилцуулах, сургуульд бүрдүүлж өгөх шаардлагатай мэдээлэл, журам, нөхцөлтэй танилцуулах, сургуульд бүрдүүлж өгөх, шаардлагатай мэдээлэл, бичиг баримт материалыг суралцагчаас гаргуулан авч бүрдүүлж тус сургуульд мэдээлж бүртгүүлэх ажлыг гүйцэтгэнэ.” гэж, мөн зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч “Санни апрель” ХХК нь нэхэмжлэгч Ц.Мөнхзулыг БНХАУ-ын Женжөү хотын Хенан технологийн их сургуульд 1 жил хэлний бэлтгэлд суралцуулах, БНХАУ-ын А, В, С төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, Ц.Мөнхзул гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Дээрх зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь БНХАУ-ын Женжөү хотын Хенан технологийн их сургуульд хэлний бэлтгэлд суралцсан талаар талуудын хэн аль нь маргаагүй байх тул хариуцагч “Санни апрель” ХХК-ийг гэрээнд заасан зуучлалын үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь хариуцагч “Санни апрель” ХХК 14 хоногийн дотор зуучлалын хөлсийг буцааж өгөөгүйгээс иргэн Б.Ариунаагаас 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 7 сарын хүүнд 2 100 000 төгрөгийг төлсөн тул гэрээнээс учирсан хохирол шаардаж байгаа боловч уг зээлийн гэрээг байгуулахад хариуцагч “Санни апрель” ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл шууд шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд зааснаар дүгнээгүй нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаарлагыг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01079 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 222 дугаар зүйлийн 224 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэрээний дагуу төлбөрт төлсөн 3 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2 100 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Мөнхзулын хариуцагч “Санни апрель” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Санни апрель” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 550 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН