Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2015/0037

 

Иргэн Т.Т ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.Т ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудын Т.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсны дагуу Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалаар нэр бүхий 24 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хөдөө суманд ажиллах 5 албан хаагч нэг бүртэй нь уулзаж, зөвшилцсөний үндсэн дээр ажил олгогч болон ажилтан зөвшилцөж дээрх нэр бүхий 24 албан хаагчийн Б/02 дугаар тушаалаар ажилд томилсон. Т.Т ын хувьд Ховд аймгийн Булган суманд ажиллахаар болсон боловч би Булган суманд ажиллаж чадахгүй гэхээр нь Буянт сум хариуцсан мэргэжилтнээр томилж, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан. Урьд нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Нэхэмжлэгч Т.Т  нь Буянт суманд ажиллаж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн гэрээг дүгнэх явцад нэхэмжлэгч Т.Т  нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байсан төдийгүй гэрээг дүгнэхэд хангалтгүй дүн үзүүлж байсан. Бүх ажилчдын хурлаар хангалтгүй дүгнэгдсэн албан хаагчдыг сум хариуцсан мэргэжилтнээр томилох талаар ярилцсан. Т.Т  нь мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтнээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлд зааснаар туршилтын хугацаагаар ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, өөрөө Буянт суманд ажиллахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг үндэслэлээр Буянт сум хариуцсан мэргэжилтнээр томилсон болно гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Ховд их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, нягтлан бодогч мэргэжилтэй. Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар нярваар ажиллаж эхэлсэн. Ажилд орсон цагаасаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг алдаа дутагдал гаргалгүй цаг тухай бүрт нь биелүүлж байсан. Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд өрсөлдөж, тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгүүлсэн байсан. Хөдөлмөрийн сайдын тушаалаар бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2014 оны 2 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ оны 7 дугаар сард төрийн албан хаагчийн тангараг өгсөн гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудын Т.Т д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Т.Т ыг урьд эрхэлж байсан мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 3.826.038 /гурван сая найман зуун хорин зургаан мянга гучин найм/ төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Т.Т ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: 1. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан. Дээрх тушаалын дагуу Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтэс нь нийт 25 орон тоотойгоор бүтэц орон тоо батлагдсан. Үүний дагуу Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/01 дүгээр тушаалаар урьд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байсан нэр бүхий 25 албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/02 дугаар тушаалаар дээрх нэр бүхий 25 албан хаагчдыг ажилд томилсон байдаг. 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын 1 дэх зүйлийн 17 дахь хэсэгт нэхэмжлэгч Т.Т ыг Ховд аймгийн Буянт сум хариуцсан мэргэжилтнээр томилсон. Хөдөлмөрийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн орон тооны дээд хязгаарыг 25 орон тоогоор тогтоосон боловч, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар мөн адил 25 орон тооны дээд хязгаарыг тогтоосон боловч шинээр 5 албан хаагчийг сум хариуцсан мэргэжилтнээр томилохоор бүтэц нь батлагдсан.

Өөрөөр хэлбэл 5 сум хариуцсан мэргэжилтэн, 20 албан хаагчтай бүтэц. Хөдөлмөрийн сайдын 2012 оны А/24 дүгээр бүтэц орон тооны тушаалд сум хариуцсан мэргэжилтэн орон тоо байгаагүй харин 2014 оны А/12 дугаар тушаалаар сум хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо шинээр гарч ирсэн байдаг.Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажилчдын хуралд бүтэц, орон тооны талаар яригдаж үр дүнгийн гэрээ муу дүгнэгдсэн, удаа дараа алдаа гаргасан, мэдээ тайлан буруу явуулсан, хариуцсан ажлаараа хэлтсээсээ доогуур үнэлгээ авсан мэргэжилтнүүдийг хөдөө сумдад хуваарилах, тэдний хүсэлт , саналыг харгалзан аль суманд ажиллах боломжтой зэргийг судалсны үндсэн дээр 5 мэргэжилтнийг хөдөө сумдад ажиллуулахаар болсон. Мөн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилчдын хурлаар Т.Т  нь өөрийн саналаар Буянт сум хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохыг хүссэн.

Нэхэмжлэгч Т.Т  нь Булган сум хариуцсан мэргэжилтнээр ажиллах саналаа өөрөө анх тавьсан боловч хол юм байна, намайг Буянт сум хариуцсан мэргэжилтнээр томилж өгөхийг хүсч байгууллагын удирдлагадаа хэлсэн байдаг. Энэ тайлбараа нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр үгүйсгэдэг боловч гэрч Ц.Б  ... 2014 оны эхээр хамт олны хурал дээр хүмүүсийг суманд ажиллуулахаар боллоо гэхэд Т.Т  нь өөрөө Булган суманд ажиллах саналаа амаар гаргаж байсан. Сүүлдээ Булган сум хол юм байна гээд байхаар нь дарга Буянт сум руу ажиллуулахаар болсон... гэх гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэвч анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс бэлхнээ харагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Т.Т ыг Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Буянт суманд аваачин ажлыг нь хүлээлгэж өгсөн нь шүүхийн шинэчилсэн байцаалтад нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн тайлбараар нотлогддог. Ажил олгогч болон ажилтны хооронд 2014 оны 02 сарын 10-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулагдаж гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт төсвийн шууд захирагч Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Э  болон төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч Т.Т  нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг гэрээнд Буянт сум хариуцсан мэргэжилтэн Т.Т  гэж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг буюу ... гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх... нь нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл Буянт сум хариуцсан мэргэжилтнээр томилоход байгууллагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт байгаагүй, нэхэмжлэгч Т.Т ын хүсэл зоригийн илэрхийлэл тус гэрээнд тусгагдаж өөрөө Буянт сум хариуцсан мэргэжилтнээр ажиллахаа бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь маргаангүй.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Т  нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй тул түүнийг төрийн жинхэнэ албан тушаалтан гэж үзэх боломжгүй.

Хэрэв шүүх нэхэмжлэгч Т.Т ыг төрийн жинхэнэ албан тушаалтан гэж үзвэл Буянт суманд ажиллаж байхдаа 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй тул Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

3. Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчдын 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байр эзэлсэн албан хаагчдын жагсаалтаар нэхэмжлэгч Т.Т  нь хангалтгүй үнэлгээ авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажилчдын хурлын тэмдэглэлд Т.Т ын талаар сөрөг дүгнэлт өгсөн нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хөдөлмөрийн сайдын 2012 оны А/24 дүгээр тушаал, 2014 оны А/12 дугаар тушаалуудаар мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдаж байгаа боловч 2012 оны Хөдөлмөрийн сайдын А/24 дүгээр тушаалаар сум хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй харин 2014 оны А/12 дугаар тушаалаар сум хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр нэмэгдсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу гуравдагч этгээд Ж.Уянгыг Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байдал үр дүнгийн гэрээний биелэлт зэргийг нь харгалзан Т.Т ын урьд эрхэлж байсан ажилд томилсон. 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн ажилчдын хурал дээр уг албан тушаалд очихгүй байх хүсэл зоригоо илэрхийлэх бүрэн боломж нэхэмжлэгчид байсан. Ажил олгогч байгууллага зөвшөөрлийг заавал бичгээр авч өөр ажилд шилжүүлэн томилох нь ямар хууль зөрчсөн нь ойлгомжгүй дүгнэлт гэж үзэхээр байна.

4. Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01, Б/02 дугаар тушаал гарснаар нэхэмжлэгч Т.Т ын ямар хууль ёсны эрх, ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөө сум хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэл зоригоо байгууллагын удирдах албан тушаалтанд амаар гаргасан. Энэ нь Т.Т ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн нь ойлгомжгүй юм.

Нэхэмжлэгч Т.Т  нь өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн гэх Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/01, Б/02 дугаар тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах бүрэн эрх байсан. Өөрөөр хэлбэл Т.Т ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/01, Б/02 дугаар тушаал гаргасан 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зөрчигдсөн гэж үзвэл Хөдөлмөрийн яаманд 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2014 оны 07 дугаар сард хандсан байдаг. Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн яам болон Төрийн албаны салбар зөвлөлд хандсан баримт нь хэрэгт байдаггүй бөгөөд шүүхийн шинэчилсэн байцаалтад нэхэмжлэгчийн өгсөн тайлбараар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэдийд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн цаг хугацааг өөрөө тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгч Т.Т  нь Буянт сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалаа гардаж аваагүй, мэдээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч талын болон Ховд аймгийн Аудитын газрын актыг хуурамч мэтээр анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэ нь Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явуулах, төрийн байгууллагын баримт бичгийг ямар үндэслэлээр хуурамч гэдгийг баримтаар нотолж чадаагүй мөртлөө зөвхөн таамаг байдалд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Хариуцагч байгууллагын зүгээс хуурамч гэх ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүйн дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь төрийн байгууллагыг хэтэрхий доромжилсон байдлаар дүгнэсэн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт болсон. Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, түүний улмаас нэхэмжлэгчид ямар хор уршиг учирсан нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй байгаа. Нэхэмжлэгч Т.Т  нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхиж явсан байдаг. 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч өөр ажилд томилогдон ажилласан боловч шүүх нэхэмжлэгчийн тайлбараар ... 2014 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан гэж тайлбарласан тул... гэж зөвхөн нэхэмжлэгчийн үндэслэлгүй тайлбарт дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Т.Т тай урьд эрхэлж байсан ажлын харилцаа 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байтал яахаараа нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлаа 2014 оны 03 дугаар сарыг дуустал хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/127 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн Буянт суманд ажиллаж байсан цаг, хугацаа нь нотлогддог. Нэхэмжлэгч Т.Т  нь анхнаасаа Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 1 жилийн хугацаатай мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэл харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нотлогддог.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2 дахь хэсэгт зааснаар Т.Т тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Т.Т  нь ажил олгогчтой хамтран ажиллаад 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байдаг. Нэхэмжлэгч Т.Т ын хөдөлмөрлөх эрх рүү хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, хөдөлмөрлөх эрх нь нээлттэй хэвээр байгаа. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу Буянт суманд ажиллуулахаар,өөрөө зөвшөөрсөн үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт... ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохин нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх... нь ажил олгогчийн үүрэг. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн харилцаа хэвээр хадгалагдаж байгаа төдийгүй өдийг хүртэл дуусгавар болоогүй байдаг. Буянт сум хариуцсан мэргэжилтний ажлаа эрхэлж байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191, 192-т зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах бүрэн эрх нь нээлттэй байсан.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Т.Т аас Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэдийгээр Т.Т ыг төрийн захиргааны албан тушаалд анх Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж, ТҮ-7-1 шатлалаар цалинжуулахаар томилсон, Т.Т  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй боловч тэрээр ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг хангаж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцсэн, Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулж, дүгнэж байсан, түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх, Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчаар томилох зэрэг нь Т.Т ын бус түүнийг томилох эрх бүхий төрийн албан тушаалтны үйл ажиллагаатай хамааралтай учир Т.Т ыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэн холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэг. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалын Т.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар тус хэлтсийн нэр бүхий 24 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, Б/02 дугаар тушаалаар шинэ бүтцийн дагуу буцаан томилсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд ийнхүү чөлөөлсөн Б/01 дүгээр тушаалын улмаас Т.Т ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталснаар Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулах шаардлага үүссэн, үүнтэй холбогдуулж хуучин бүтцээр ажиллаж байсан нийт албан тушаалтнуудыг чөлөөлсөн агуулгатай шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчдын түүний дотор нэхэмжлэгч Т.Т ын хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй байна.

 

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын Б/01 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгохоор байна. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Т.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтэн нэг ажиллахаар баталсан бөгөөд энэ нь Т.Т ын ажиллаж байсан мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэнтэй адил чиг үүргийг хэрэгжүүлэхээр, тодруулбал, Т.Т ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинэ бүтцэд хэвээр хадгалагдан үлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Энэ тохиолдолд Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...-аар заасны дагуу Т.Т ыг Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох үүрэгтэй.

 

Гэтэл тэрээр хуулийн дээрх заалтыг зөрчиж, төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд л албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах тухай Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан шалгаруулах тухай 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын холбогдох хэсгийг буруу хэрэглэж Т.Т ыг өөр албан тушаалд томилжээ.

 

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч албан үүргээ хангалтгүй буюу биелүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь түүнд Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 26 дугаар зүйлүүдэд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл албан тушаал буруулуулах болон төрийн албанаас халах үндэслэл болохоос бус энэ нь төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж албан хаагчдыг чөлөөлж, шинээр томилоход урд эрхэлж байсан ажил, албан тушаалыг нь бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч албан тушаалтны 2014 оны Б/02 дугаар тушаалын Т.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Т.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Т.Т ыг Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалын Т.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР