| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/04308/И |
| Дугаар | 101/ШШ2017/03784 |
| Огноо | 2017-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2017/03784
2017 оны 11 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2017/03784 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Зүүнбаянцагаан, 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, Т овогт Бын Б /*******/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Төмөр зам гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, 33 настай, эрэгтэй, Б овогт Гын О /*********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0дугаар хэсэг, Хужирбулан 0 тоотод оршин суух, 43 настай, эрэгтэй, Д овогт Дын Ут /**********/ холбогдох,
Гэрээний үлдэгдэл төлбөр болон хүүнд 3 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б4 шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Б, Г.О бид хамтран Япон машины сэлбэг зардаг бөгөөд иргэн Д.У нь биднээс 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 8 500 000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг 7 хоногийн хугацаатай зээлэн авсан бөгөөд үүнээс 3 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг нь төлөлгүй удсан учир 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бид иргэн Д.У, түүний эхнэр Г.Н нартай уулзаж төлбөрөө төлөхийг шаардсан бөгөөд Д.У үлдэгдэл төлбөр болох 5 500 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 1, 3 дугаар сарын 20-ны дотор 2 хувааж төлөхөөр тохиролцон төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Д.У нь уг мөнгөнөөс 2 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд үлдэгдэл мөнгөө нэхэх үед “...төлөхгүй, шүүхдээд аваарай” гэж төлбөрөө төлөхөөс татгалзаж байна.
Төлбөр барагдуулах хэлцэл хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 15 хувиар хүү тооцохоор тохирсон тул үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийн хүү нь 450 000 төгрөг болж байна.
Иймд хүү 450 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг, нийт 3 450 000 төгрөгийг Д.Уаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.У нь өөрийн эхнэр Г.Нын хамт Баянхошуунд байх Б.Б, Г.О нарын хашаанаас 2014 оны 07 дугаар сарын 26-нд ояиж 7 500 000 төгрөгийн бараа аваад бэлэн 3 000 000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 4 500 000 төгрөгийг тухайн авсан бараанаас гаргаж өгөхөөр тохиролцон авсан. Ингээд эхнэр Г.Н нь амаржсан учир худалдагч авч ажиллуулсан. Үүнээс болж борлуулалт эрс муудаж Авто плазад төлөх түрээс хуримтлагдаж эхэлсэн юм. Энэ хугацаанд Б.Б, Г.О нарт өгөх мөнгө хойшлогдож хугацаа алдаж, иргэд худалдан авах чадвар эрс муудаж, үүнд нөлөөлж эхэлсэн.
Тухайн үлдсэн мөнгөнөөс Б.Б, Г.О нарыг гэртээ дагуулж ирж машинд нь 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь энэ хоёр бараандаа явна гэж ирсэн. Эхнэр Г.Н Авто плаза 2 төв дээр очоод хүмүүсээс 800 000 төгрөг ээлж өгсөн. Дараа нь эхнэр 3 сар болоод ажилдаа ороод бэлнээр 200 000, 200 000, 300 000 төгрөгөөр ирэх бүрд нь боломжоороо өгч байсан. Одоо миний тооцоогоор 1 200 000 төгрөг үлдсэн, үүнийгээ би төлж барагдуулна. Хүү тооцохыг би зөвшөөрөхгүй байна. Учир нь би бараа авсан /Япон авто сэлбэг/ бараанаас хүү тооцохыг зөвшөөрөхгүй байна. Бид хоёрт энэ хоёр залуу хангалттай үнээ нэмж ашигтайгаар бөөнддөг. Жишээ нь, автомашины нэг ширхэг урд цапыг 50 000 төгрөгөөр аваад 60 000 төгрөгт зарж байсан.
Иймийн учир би үлдэгдэл 1 200 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүү тооцохыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Д.У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Б.Б, Г.О нартай танилцаад 6 жил болж байна. Энэ хугацаанд 3, 4 удаа хамтарч ажиллаж байсан. Тухайн үед яг авсан бараагаа хугацаанд нь мөнгийг өгч байсан. Сүүлийн авсан барааны хувьд эхнэр маань жирэмсэн байсан ба манайх “Авто плаза 2” дээр салбар нээсэн байсан. Би өөрөө “Да хүрээ” зах дээр зогсдог байсан. Тэр хоёрт бараа иржээ очъё гээд очиж барааг авсан. 3 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдлийг 7 хоногийн дотор өгье гээд авсан нь үнэн. Барааг аваад 10-аад хоноод эхнэр амаржсан учир лангуу дээр худалдагч зогсоосон. Тэр хооронд “Авто плаза 2” дээр худалдагч нэг ч төгрөгийн наймаа хийгээгүй, түрээсийн өрөнд ороод эхэлсэн. 3 сар болоод болохоо байлаа гээд эхнэр эргээд ажилдаа орсон. Тэр үед “Авто плаза 2”-ын павилонууд шилжээд манайхыг хүн ордоггүй мухар хэсэг рүү оруулсан байсан учир тэр хугацаанд ямар ч орлогогүй болоод худалдан авах чадвар эрс муудсан. Тэр хоёрыг би гэртээ аваачаад 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Манай эхнэрээс бараанд явлаа гэх мэтээр мөнгө авсаар байсан. Өгсөөр байгаад одоо 1 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хамгийн гол нь өгч авалцсан баримт байхгүй, бэлнээр өгч байсан. Бие биенийгээ таньдаг учир 100 000 төгрөг, 200 000 төгрөгөөр хүртэл өгч байсан. Би бүр сүүлд нь Баянголд байдаг мөнгө хүүлдэг эмэгтэйгээс хүртэл мөнгө авч өгч байсан. Тухайн үед худалдан авах чадвар муудсан байсан. 1 200 000 төгрөгийг л төлнө, хүү төлж чадахгүй. Учир нь нэгдүгээрт бэлэн мөнгө ерөөсөө аваагүй. Яагаад гэрээ хийсэн гэхээр энэ хоёр ирээд дээрэлхээд байна гэж манай эхнэр ярьсан учир би очсон. Хүчээр “за яахав авсан, өгсөн нь үнэн” гээд тийм зүйл бичиж өг гэхээр нь гараар бичиж өгсөн. Түүнээс хойш наймааны эргэлт маш муудсан. Банкныхаа эргэн төлөлтийг зарим үедээ хийж чадахгүй, зарим үедээ хийж явсан. Ноднин намар Б.Б, Г.О нар ирсэн. Түрээсийн өрөнд ороод байсан учир “Авто плаза 2”-ын лангууг татан буулгаад “Да хүрээ” захтай нэгтгэсэн. Эхнэртэй муудалцаад эхнэр маань “өгдөг газраа өг” гэж хэлэхэд шүүхэд өгнө гээд ийм байдалтай болсон. Надад утасны дугаар нь байдаггүй, эхнэрийг залгахаар утсаа авдаггүй гэсэн. Банк хүртэл банкны эргэн төлөлтийн хүүг бууруулаад байхад хүү төлж чадахгүй. Бэлэн мөнгө аваагүй учир хүү төлж чадахгүй гэв.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б, Г.О нар нь хариуцагч Д.Ут холбогдуулан гэрээний дагуу төлөх төлбөрт 3 000 000 төгрөг, хүүнд 450 000 төгрөг, нийт 3 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 1 200 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан худалдах худалдах авах гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.
Зохигч талуудын тайлбар болон хариуцагч Д.Уын өөрийн гараар бичсэн бичгийн баримт /х.х-ийн 3 дахь хэсэгт/ зэргээс дүгнэн үзэхэд, нэг талаас Б.Б, Г.О нар 8 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий авто сэлбэгийг худалдах, нөгөө талаас Д.У, Б.Н нар нь тус сэлбэгийг хүлээн авч үнийг төлөх, ийнхүү төлөхдөө 3 000 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэх 5 500 000 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байна.
Дурдсан агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний дагуу урьдчилгаа болгож 3 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй бөгөөд гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээ, тооцооллын хувьд маргаж байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаар зээлээр авсан барааны төлбөрийн үлдэгдэл төлбөрт 5 500 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2 500 000 төгрөгийг төлсөн, 3 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийг тайлбарлахдаа, 5 500 000 төгрөгийн төлбөрөөс цувуулан төлсөн, тооцооллоор 1 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлаж байна.
Гэрээний дагуу төлбөр төлсөн болон төлбөр хүлээн авсан баримтыг зохигч талууд аль аль нь үйлдээгүй, хавтаст хэрэгт бичгээр гаргасан нотлох баримт байхгүй байна.
Нотлох үүргийн дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэхийг тухайн үйлдэл хийсэн буюу үүрэг гүйцэтгэсэн тал нотлох үүрэгтэй.
Хэдийгээр хариуцагч тодорхой үнийн дүнгээр төлбөр төлөгдсөн 1 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлах боловч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарууд зөрүүтэй, үлдэгдэл тооцоог тодорхой тооцоолол дээр үндэслэж гаргаагүй, нотлох баримт байхгүй талаар тайлбарлаж байна.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа иргэн хэн боловч бусдын өмнө үүрэг хүлээхээс гадна өөрийнхөө өмнө үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Д.Уын хувьд бусдад мөнгөн төлбөр төлөх үүрэг нь бусдын өмнө хүлээсэн үүрэг бөгөөд харин тухайн үүргээ биелүүлсэн гэдгээ нотлох нь өөрийнхөө өмнө хүлээж байгаа үүрэг юм.
Бусдад төлсөн гэх мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг нотлох үүргээ биелээгүй нь ийнхүү бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ төлбөрт хүү тооцон 450 000 төгрөг гаргуулна гэжээ.
Хүү гаргуулах үндэслэлийг бичгээр талуудын байгуулсан хэлцлийн үндсэн дээр үүссэн үүрэг гэсэн байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар, тодорхой эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийхээс гадна үүссэн байгаа эрх, үүргийг дуусгавар болгох талаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно. Талуудын байгуулсан хэлцэл гэх баримт нь /х.х-ийн 3 дахь талд/ өмнө нь үүссэн үүргийг хэрхэн дуусгавар болгох талаарх хүсэл зориг илэрхийлэгдсэн хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй байх бөгөөд харин үүссэн үүргийн тооцооллыг тодорхойлон баталсан үйл баримтыг гэрчлэх бичмэл нотолгооны хэрэгсэл гэж үзэх боломжтой.
Бичгээр хийсэн гэрээ болон амаар хийсэн гэрээний үйл баримт, үр дагавар, тооцооллыг тохирсныг нотлох бичгийн нотлох баримт хоёрыг хууль зүйн агуулгаар ялгаж ойлгох шаардлагатай байна.
Тус баримт нь түүнд дурдсан “үүргээ гүйцэтгээгүй бол” гэсэн нөхцөлөөр хүү тооцох тухай тохирсон үйл баримтыг нотлох зорилго байх боловч хариуцлага хүлээлгэх зорилгоор үндсэн үүрэг /хүү/ үүсгэх агуулга нь хүсэл зориг, агуулгын хувьд хуульд нийцэхгүйн зэрэгцээ тодорхой хүсэл зориг илэрхийлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр хүү шаардах эрх хуулийн дагуу хэлцлийн үндсэн талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийг хариуцагч Д.У холбогдуулан гаргажээ.
Зохигчид, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар гэрээний худалдан авагч тал нь Д.У болон түүний эхнэр гэх Г.Н нар гэдэгтэй зохигч талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч тал гэрээний үүргийг гэрээний нэг тал болох Д.Уаас гаргуулна, Г.Наас шаардахгүй гэж тайлбарлах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан үндэслэлээр хэсэгчлэн хангаж, 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уаас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Г.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Уаас 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Г.О нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН