| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0411/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/331 |
| Огноо | 2017-10-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ууганзаяа,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч С.Сүхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хангарьдын өд холбогдох эрүүгийн 1709004130005 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: ............. :
- 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Захиргааны хэргийн шүүхийн хойд талын автомашины зогсоолд байрлуулсан саарал өнгийн 21-42 УНЗ улсын дугаартай Тоёото Марк Х маркийн автомашинд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарах Дельта 9 тетрагидроканнабинол нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-4 /
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-7 /
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр З.Тунгалагтамирын хурааж авсан гэх цагаан өнгийн цаасанд боосон өвс мэт зүйлд. Үзлэгээр уг эд зүйл нь цагаан өнгийн бичгийн цаасанд боосон эд зүйл байх ба уг цаасны дотор өвс мэт ногоон зүйл байв. Уг зүйлийг цаастай нь боосон чигт нь жинлэж үзэхэд 25 грамм гэж байв гэжээ. / хх 47 /
Гэрч З.Тунгалагтамир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Захиргааны хэргийн шүүхийн байранд харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Шүүхийн байрны хойд талд машины зогсоолын хаалга хаагаад тавьчихсан 3 залуу шүүхийн байр руу бие засаж байхаар нь би очиж бичиг баримтыг нь шалгасан. Тэгсэн чинь Х. нь байрны булангийн ард нуугдаад үлдсэн байсан. Би яваад очиход Х. гэх залуу нь гараа турсикэндээ хийчихсэн зогсож байсан. Өмдөн дотор нь нэг зүйл томбойгоод байхаар нь гаргаад ир гээд шаардлага тавихад удаа дараа шаардуулж байж гаргаж ирсэн. Тэгээд гаргаад ирэхэд ногоон өнгийн ургамал мэт зүйл байсан. Тэгээд таван залуугаас хэн хэн хэрэглэсэн бэ гэж асуухад Тэмүүлэн, Цэнгүүн, бид 3 хэрэглэсэн гэж хэлсэн гэжээ. / хх 14 /
Гэрч У.Өнөрбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн хашаа руу ороод бид хэд Лхагваагийн ангийн хүүхэд, жижигхэн шивээстэй манай найз бид 3 буугаад шээгээд байж байхад хамгаалагч нь нэг цагдаатай хамт ирсэн. Тэгээд ирээд “Яагаад шээгээд байна. Биед байгаа эд зүйлээ гаргаад ир” гээд тэр цагдаа хэлэхээр нь Лхагваагийн ангийн хүүхэд, би нэрийг нь мэдэхгүй урт үстэй туранхай шивээстэй залуу нь цаасанд боогоод базчихсан нэг ногоон өнгөтэй өвс гаргаж ирсэн гэжээ. / хх 15 /
Гэрч Ц.Цэнгүүн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Цагдаа ах ийг халаасандаа юу хийсэн бэ? гэхэд турсикнээс нь цаастай өвс гарч ирсэн. Би ногоон өнгийн өвс мэт зүйлийг хэрэглэсэн. Туул голын эрэг дээр очоод парламент тамхины тамхийг нь үйрүүлж унагаагаад дотор нь хийгээд татсан. Бид бүгд л хэрэглэсэн. Х. хэлэхдээ ногоон өвс мэт зүйлийг Playtime болсон газраас авсан гэж хэлж байсан гэжээ. / хх 23 /
Гэрч Т.Тэмүүлэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Цэнгүүн, Х., Өнөрөө гурав бие заслаа гээд буусан. Тэгээд хамгаалагч ардаас нь цагдаа гарч ирсэн. Х.ийг шээх үед цагдаа гарч ирээд бид хэдийг шалгахад Х.өд бичгийн цаасан дотор ороочихсон өвс байсан. Тэрийг хурааж авсан. Ногоон өнгийн өвс мэт зүйл Х.өөс гарсан ирсэн. Би ногоон өнгийн өвс мэт зүйлийг туул голын эрэг дээр хэрэглэсэн. Тамхинд хийчихсэн байсныг би мэдээгүй татчихсан гэжээ. / хх 26-27/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7176 тоот дүгнэлтэнд:
1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “СБДЦХ-1 Хэргийн газраас олдсон цаасанд боосон өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар уутанд хийж, дотроо цаасанд боосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 – tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / хх 51-52 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7177 тоот дүгнэлтэнд:
1. Ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ”Т.Тэмүүлэн, Ч.Лхагвадорж, Х., О.Өнөрбат, Ц.Цэнгүүн” гэж хаяглан ирүүлсэн 5 ширхэг шээс тус бүрд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / хх 54-55 /
Шүүгдэгч Х.ийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 58-59 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 73 / зэрэг болно.
Шүүгдэгч Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хашаанд бие заслаа гээд цагдаа шалгахад миний дотуур өмднөөс өвч мэт зүйл гарч ирсэн. Тэр өвсийг өмнөх өдөр нь үл таних залуугаас санамсаргүй байдлаар олж авсан. Зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Х. нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Захиргааны хэргийн шүүхийн хойд талын автомашины зогсоолд байрлуулсан саарал өнгийн 21-42 УНЗ улсын дугаартай Тоёото Марк Х маркийн автомашинд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарах Дельта 9 тетрагидроканнабинол нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …3 залуу шүүхийн байр руу бие засаж байхаар нь би очиж бичиг баримтыг нь шалгасан. Х. гэх залуу нь гараа турсикэндээ хийчихсэн зогсож байсан. Өмдөн дотор нь нэг зүйл томбойгоод байхаар нь гаргаад ир гээд шаардлага тавихад ногоон өнгийн ургамал мэт зүйл байсан. “Хэн хэн хэрэглэсэн бэ” гэж асуухад Тэмүүлэн, Цэнгүүн, бид 3 хэрэглэсэн гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч З.Тунгалагтамирын мэдүүлэг / хх 14 /, …Бид 3 буугаад шээгээд байж байхад хамгаалагч нь нэг цагдаатай хамт ирсэн. Биед байгаа эд зүйлээ гаргаад ир гээд цагдаа хэлэхэд урт үстэй туранхай шивээстэй залуу цаасанд боогоод базчихсан ногоон өнгөтэй өвс гаргаад ирсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч У.Өнөрбатын мэдүүлэг / хх 15 /, ...Цагдаа ах Х.ийг халаасандаа юу хийсэн бэ? гээд турсикнээс нь цаастай өвс гарч ирсэн. Туул голын эрэг дээр очоод парламент тамхины тамхийг нь үйрүүлж унагаагаад дотор нь хийгээд татсан. Бид бүгд л хэрэглэсэн. Х. хэлэхдээ ногоон өвс мэт зүйлийг Playtime болсон газраас авсан гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Цэнгүүний мэдүүлэг / хх 23 /, …Х.ийг шээх үед цагдаа гарч ирээд бид хэдийг шалгахад Х.өөс бичгийн цаасан дотор ороочихсон өвс байсан тэрийг хурааж авсан. Ногоон өнгийн өвс мэт зүйл Х.өөс гарч ирсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Тэмүүлэнгийн мэдүүлэг / хх 26-27 /, ...Цаастай өвч мэт зүйлийг шинжлэхэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7176, 7177 тоот дүгнэлтүүд / хх 51-55 /, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-4 /, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-7 /, Уг зүйлийг цаастай нь жинлэж үзэхэд 25 грамм байв гэсэн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 47 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Х.ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ....... овогт ......... ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ........... ийг Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 грамм Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ