Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 2132000000069 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Өөлд овогт Батаагийн Чинзориг/рд:ВН85082514/

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******, Ширхэнцэгийн 5 тоотод байрлах самрын үйлдвэр дотор иргэн Н.Оюунжаргалын толгойн тус газарт ус буцалгагчаар цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож ухаарч байна. Тиймээс дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.

 

Хохирогч Н.Оюунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чинзориг ахтай тоглоод нүднийхээ линзийг авчихаа ч гэсэн чинь над руу утсаа шидсэн боловч намайг оноогүй. Тэгсэн ширээн дээр байсан ус буцалгагч аваад миний толгой руу нэг удаа цохисон. ...гэх мэдүүлэг

 

Эрүүгийн  2132000000069 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Н.Оюунжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажлын байр болох ******* Самрын үйлдвэрт ажил үүргээ гүйцэтгэж байх үед зүс таних Чинзориг миний толгой хэсэг рүү өөрийн барьж байсан гар утсаа над руу шидсэн боловч оноогүй, тэгээд ширээн дээр байсан ус буцалгагч гартаа барьж байгаад миний толгойн тус газар луу нэг удаа цохисон. ...Манай ажилчид өдрийн цай уух гээд амарч байсан. Тэгээд ажилчид нар хоорондоо тоглож байгаад би зүс таних Чинзоригийг “Та нүднийхээ линз”-ийг авчаач гэж хэлсэн чинь уурлаад миний толгой хэсэг рүү ус буцалгагчаар цохисон. ...Би цэнхэрдүү нүдтэй болохоор нь тоглоод нүднийхээ линзийг авчаач гэж хэлсэн чинь Чинзориг уурласан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 6 дугаар хуудас/

Гэрч Н.Хулан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажил *******, самрын үйлдвэрт ажлаа хийж байгаад зүс таних Н.Оюунжаргал “Чинзориг ах руу нүднийхээ линзийг аваач” гэж хэлсэн чинь Чинзориг гэрт байсан ус буцалгагч аваад Н.Оюунжаргалын толгойн тус газар руу цохисон зүйл болсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******, самрын үйлдвэрийн хашаанд ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үед ажлын дүү Н.Оюунжаргал тухайн үед намайг хэл амаар доромжилж ногоон нүдтэй гэж дуудсан. Би тухайн үед уурлаад ус буцалгагч аваад Н.Оюунжаргалын толго хэсэг рүү ус буцалгагчаа шидсэн. ...Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 2 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №143 дугаартай дүгнэлтийн

Дүгнэлт хэсэгт:

1.Н.Оюунжаргалын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /Хх-ийн 12-13 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Бат-Эрдэний прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 41 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Нэг. Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Б******* нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Ширхэнцэгийн 5 тоотод байрлах самрын үйлдвэр дотор Н.Оюунжаргалыг хэл амаар доромжлолоо гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт ус буцалгагчаар нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

            Тиймээс шүүгдэгч *******т Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Н.Оюунжаргалын толгойн тус газарт ус буцалгагчаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг гэмт хэргийн улмаас үүсэн хор уршигт тооцох нь зүйтэй байна. Хохирогч Н.Оюунжаргал эрүүл мэндэд учирсан хор уршгийн арилгахад гарсан эмчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргаж болон шүүхийн шатанд гаргаж ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна. Харин хохирогч Н.Оюунжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Гарав.Шүүгдэгч *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Ширхэнцэгийн 5 тоотод байрлах самрын үйлдвэр дотор Н.Оюунжаргалыг хэл амаар доромжлолоо гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт ус буцалгагчаар нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хүний амь бие эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдсан гэм буруугийн шууд санаатай гэмт үйлдэл болно.

 

 Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчийн орлогын эх үүсвэр, төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзэж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Өөлд овогт Батаагийн Чинзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 05/тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.Бат-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Ялтан ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Оюунжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ