| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2015/0330/З |
| Дугаар | 221/МА2015/0478 |
| Огноо | 2015-10-14 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2015/0478
| 2015 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2015/1478 | Улаанбаатар хот |
А.Аийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Дал, нэхэмжлэгч М.Тц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Аийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: ...Иргэн А.А би шүүхийн шийдвэр, магадлалаар "Д" ХХК-иас 59 945 000 төгрөгийг гаргуулан авахаар болсон юм. "Д" ХХК-ийг төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан ч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд 2013 оноос хойш төлөөгүй төлбөр нь буюу одоогийн байдлаар 31 282 045 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Гэтэл төлбөр төлөгч төлбөр төлөхөөс зайлсхийхийн тулд тус компанийг үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлээс хасуулах өргөдлөө гарган хасуулжээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст өр төлбөртэй этгээдийн талаар мэдээллийг хүргүүлж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2013 оны 2 дугаар сард "Д" ХХК-ийн талаарх №2413001487 дугаартай тодорхойлолтыг хүргүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь татан буулгах хүсэлт гаргаж байгаа хуулийн этгээд нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр төлөгчөөр тогтоогдсон гэдгийг урьд нь мэдэгдсэн байхад төлбөрөө төлөхөөс зайлсхийх зорилгоор уг хүсэлтийг гаргаж байгааг эс хайхарч, хүсэлтийг хүлээн авч, улмаар улсын бүртгэлээс хасуулсан байна. Энэ тухайд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандсан боловч хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай бүртгэх байгууллагаас ирүүлсэн ТБ-05 маягтыг үндэслэсэн татвар төлөгчийн бүртгэлээс хассан, холбоотой баримт бичиг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байгаа, манайх зөвхөн баримтыг нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт дамжуулдаг, эцэслэн шийдвэрлэдэггүй гэх хариуг амаар өгсөн. Би Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас баримт авахыг хүссэн ч өгөх боломжгүй, архивт гадны хүн оруулдаггүй гэж амаар татгалзсан хариу өгсөн.
Иймээс тус төлбөр төлөгч компани нь татан буулгахдаа шүүхийн шийдвэр гаргуулсан эсэх, татан буулгах үед өр төлбөрийн асуудлыг хэрхэхээр шийдвэрлэсэн зэрэг нь огт тодорхойгүй байгаа юм. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичгээр хүсэлт гаргаж, хариуг нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 7/4782 тоот хариунд "Д" ХХК-ийг улсын бүртгэлээс хассан нь хууль журамд нийцсэн байх тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын компанийг татан буулгасан хууль бус бүртгэлээс болоод би шүүхийн шийдвэрээр авах ёстой өр төлбөрөө "Д" ХХК-иас авч чадахгүйд хүрч, миний эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Иймд төлбөр төлөгч "Д" ХХК-ийг татан буулгаж, үйл ажиллагааг зогсоосон бүртгэлийг хийсэн нь хууль бус болохыг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын "Д" ХХК-ийг татан буулгасан бүртгэлийг хүчингүй болгоно уу гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д ХХК-ийг татан буулгаж улсын бүртгэлээс хасахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна. Үүсгэн байгуулагчийн шийдвэр, хаалтын баланс, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 243964 тоот акт болон холбогдох баримтуудыг үндэслэсэн байна. Иймд уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул А.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын Д ХХК-ийг татан буугдсаныг бүртгэж, улсын бүртгэлээс хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д ХХК-ийг татан буугдсаныг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй, өөрөөр хэлбэл бусдад шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар Д ХХК-ийг татан буугдсаныг бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассан нь Д ХХК-ийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр чөлөөлөгдөх боломж олгож, шүүхийн шийдвэр бодитой гүйцэтгэгдэх боломжгүйд хүргэж, төлбөр авагч буюу нэхэмжлэгч А.Аийн эрх, хууль ёсны ашигсонирхлыг хөнджээ гэсэн байна. Тус газар нь иргэн А.Аийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөдэнэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Тус газар нь бүртгэл хийхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг баримтлан ажилладаг бөгөөд тухайн бүртгэлийн хувьд нотлох баримтын бүрдэл хангагдсан, зөрчилгүй, холбогдох хуулийн заалт зөрчигдөөгүй, бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан байна. Хуульд заасан бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад Татварын байгууллагын өртэй эсэх тодорхойлолт байдаггүй болно.
Улсын бүртгэлийн байгууллагаас олон байгууллага лавлагаа авдаг бөгөөд энэ бүхний араас холбогдож тодруулах хуулиар ноогдуулсан үүрэг, чиг үүрэг тус газарт байхгүй болно. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн түдгэлзүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр тус газарт ирснээр бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийгхязгаарладаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/739 тоот хариу мэдэгдэх хуудсаар А.Аийн хохирлыг Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д заасны дагуу барагдуулах боломжтой тухай мэдэгдсэн байх тул Улсын бүртгэлийн байгууллагаас хамаарахгүйгээр хохирлын асуудал шийдэгдэх боломжтой юм.
Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, буруу дүгнэлт хийн шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 тоот шийдвэрийг хүчингүй болгож, А.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч баримтлах ёстой Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь компанийг татан буулгах ажиллагаа хуульд заасны дагуу хийгдсэн эсэхийг нягтлан шалгалгүй Д ХХК-ний захирал Э.Батнарангийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан хуульд заасан хугацаанаас өмнө гаргасан Дуусгалтын тайланг үндэслэн тус компанийг улсын бүртгэлээс хасч бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан татан буулгах комисс дараах баримт бичиг бүрдүүлнэ: 25.1.1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, дуусгалтын тайлан, улсын тэмдэгтийн хураамж гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.10, 9.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам -ын 6.1.2-т Улсын бүртгэгч нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгах ажиллагаа хийгдсэн эсэхийг үзэх үүрэгтэй талаар тус тус заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Дуусгалтын тайлангаар өргүй байсан, мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс нь тусдаа учраас эд хөрөнгийн бүртгэлийн газарт явуулсан бичгийг бид мэдэх боломжгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрийн талаар хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдэгдээгүй учраас бүртгэсэн гэх боловч Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д Татан буулгах комисс нь өр төлбөрийг барагдуулсан тухай мэдэгдлийг компанийг татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий этгээдэд явуулснаас хойш 30 хоногийн дотор эцсийн баланс гаргана гэж заасныг зөрчиж, нийтэд мэдээлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад гаргасан Дуусгалтын тайлан буюу Хаалтын балансыг үндэслэн бүртгэсэн нь буруу байна.
Учир нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш 2 сараас доошгүй, 6 сараас ихгүй байна гэж тус тус заасан байх ба уг хугацаа нь тухайн татан буугдаж буй компаниас авлагатай этгээд шаардлага гаргах боломж олгосон хугацаа байх бөгөөд нийтэд мэдээлснээс хойш шаардлага гаргах эсэх, өр барагдуулах ажиллагаа явагдах эсэхийг тухайн хугацаанд хүлээсний дараа компани нь Дуусгалтын тайлангаа гаргах ёстой байжээ.
Гэтэл тус компани нь Өдрийн сонины 2015.05.08-ны өдрийн дугаарт компаниа татан буугдсан талаар мэдээлсэн боловч дээрх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад бусдад өгөх /шүүхийн шийдвэрээр/ өртэй атлаа түүнийгээ барагдуулалгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан компанийг татан буулгах ажиллагааг гүйцэд явуулалгүйгээр 2015.05.27-ны өдөр Дуусгалтын тайлан буюу эцсийн балансаа өр төлбөргүй гэж гарган хүргүүлснийг хариуцагч нягтлан шалгаагүй байна.
Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцээгүй байна.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанийн үлдэх эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг ... шийдвэрлэнэ., 26.4-т Татан буулгах комисс томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжинэ ... гэж тус тус заасан бөгөөд харин компанийн хувьцааг нэг хүн эзэмшдэг тохиолдолд татан буулгах комисс томилохгүй байж болох талаар хууль болон дээрх журамд зохицуулалт байхгүй байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд нэг гишүүнтэй компани нь комисс байгуулах боломжгүй байдаг тул захирлын хүсэлтээр татан буугдсаныг бүртгэдэг гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Хуулийн эдгээр заалтуудаар, компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж аливаа этгээдтэй харилцсан байдаг тул татан буугдах үедээ өр төлбөрөө барагдуулан, бусдын өмнө хүлээсэн үүргээ дуусгавар болгох ажиллагааг тусгай комиссоор гүйцэтгүүлж, уг комисс нь улсын бүртгэлээс хасуулах өргөдөл гаргаж бүртгүүлэхээр журамласан гэж ойлгохоор байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн Д ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассан үйлдэл нь дээрх хууль, журамд нийцээгүй байх бөгөөд уг хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Аийн тухайн компаниас өр төлбөр гаргуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... улсын бүртгэл нь А.Аийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг баримталсан, нотлох баримтын бүрдэл хангагдсан, зөрчилгүй, хуулийн заалтад нийцсэн, татгалзах үндэслэл байгаагүй ... гэх гомдол нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрт баримтлах ёстой Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт орууллаа.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 497 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 20 дугаар зүйлийн 20.1 гэсний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ