Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Батсуурь, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Мөнгөнсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,    

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,

хохирогч Ц.Энхболд,

шүүгдэгч М.Отгонгарам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хорчин овогт Мөнхбаярын Отгонгарамд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2015 2501 3191 дүгээр хэргийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хорчин овогт Мөнхбаярын Отгонгарам, Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15  гудамж 2 дугаар байр 9 тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан  2 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ШУ95040215 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

М.Отгонгарам нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 4 дүгээр хэсэг 1257 тоотод танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч Ц.Энхболдын зүүн гуяны гадна нэг удаа, зүүн шилбэний гадна хэсэгт нэг удаа, нуруунд 1 удаа хутгаар хатгаж, бие махбодид нь хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг гэмтээсэн, цээжний хөндий нэвтэрсэн хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч М.Отгонгарамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Манай хуурай ах  ирээд миний төрсөн өдөр гээд нэг шил архи авч өгснийг уусан. Тэгээд явахаасаа өмнө дахин 0.75 литрийн Сархад архи авахуулж гадаа машин дотор уусан. Тэр хэд явсан. Би орон дээр хэвтээд үлдсэн. Гэтэл шүүгдэгч ирээд “гарч нүүрс оруулж ир, чиний төрсөн өдөр байх чинь хамаагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд миний булчин, гуя руу хатгах шиг болохоор нь би гэрээс гарах гэхэд дал руу дахин хутгалсан. Би шүүгдэгчийг боож, цохисон үйлдэл гаргаагүй худал. Тэгээд гаднаас Мөнхбаяр орж ирсэн. Тэгээд хохирогчийг хутгаа сугалахад нь би ухаан алдаад эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Хутга өрц рүү орсон байсан тул надад хагалгаа хийж, гуя шилбэний шарханд оёдол тавьсан. Одоо дахиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Мөнгөгүй тул хагалгаанд орж чадахгүй байна. Шүүгдэгч 460.000 төгрөгийг хагалгааны төлбөрт өгсөн. Уурагт жар гаран мянган төгрөг нэг удаа өгсөн. Нийт эмчилгээний зардалд 1.065.000 төгрөг авсан. Би ажил хийж чадахгүй байгаа тул шүүгдэгчид гомдолтой байна. Цаашид Цэргийн госпиталд хагалгаа хийлгэх шаардлагатай ч одоогоор гаргаж өгөх баримт байхгүй байна. Хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч  Ц.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 30 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 4 дүгээр хэсэг 1257 тоот хашаанд байрлах найз Мөнхбаярын монгол гэрт төрсөн өдөр болоод жаахан согтуу баруун талын орон дээр хоймор луу толгойгоо харуулаад дээшээ хараад хэвтэж байсан. Мөнхбаяр “нүүрсээ оруулаад ирье” гээд гэрээс гарсан. Гэрийн зүүн урд гал тогооны шүүгээний урд зогсож байсан Отгонгарам /хоч нь Цэнхэрээ/ над руу хандаж “чи гараач чиний төрсөн өдөр хамаагүй шүү” гэж хэлсэн. Отгонгарам нар зөв тойрч ирээд зүүн шилбэний гадна хэсэгт иртэй зүйлээр хатгах шиг болсон. Дахин үргэлжлүүлэн зүүн гуяны гадна хэсэгт дахин хатгасан, би “хутгалчихлаа” гээд босоод нар зөв тойроод яваад зүүн багана хүрч амжилгүй ар нуруунаас 1 удаа хутгалсан, би ухаан балартах үед гаднаас Мөнхбаяр орж ирсэн. Ингээд би ухаан алдаж, эмнэлэг дээр хагалгаанд ороод маргааш нь сэргэсэн юм. Би Отгонгарамтай өс хонзон өр авлагын зүйл байхгүй. Яагаад намайг хутгалах болсоныг мэдэхгүй байна. Ах аа, ах аа гээд яваад байдаг, тэр өдөр юу болсон юм. Манай найз Мөнхбаярын гэрт байрлаж, нүүрс зарж өгдөг залуу юм. Отгонгарамтай хуурай дүүгийн харьцаатай байдаг. ...Мөнхбаярын гэрт орохоос өмнө гадаа машин дотор найз Ёндог, Өсөхөө, Баяраа, Ганаа нартай 1 шил 0,75 литр Сархад архи уугаад Мөнхбаярын гэрт орсон юм. Зүүн шилбэний гадна, зүүн гуяны гадна, баруун далны доод хэсэгт тус тус 1 удаа хутгалуулсан. Хагалгаанд ороод хэвлийн дотор хэсэгт оёдол тавьсан. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байна. Отгонгарамын ар гэрээс эмчилгээний зардалд 800.000 гаран төгрөг өгсөн. Цаашдаа эмчилгээ хийнэ. Эмчилгээний зардал өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Одоогоор нарийн эмчилгээний зардал гараагүй байна. ...Миний Отгонгарамд хутгалуулдаг өдрөө зодсон зүйлгүй, хоорондоо хэл амаар бие биеэ доромжилсон зүйл байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-17 дугаар тал/

 

Гэрч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Дундговь аймгаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг 1257 тоот хашаанд байрлах нүүрс зардаг цэгт ирэхэд нүүрс зарж өгдөг хуурай дүү Отгонгарам нүүрсээ зараад байж байсан. Араас найз Энхболд согтуу хүмүүстэй ирээд гэрт архи уусан, тэгэхээр нь би гэрт архи уухгүй гээд гэрээс гаргасан. Би гэртээ ганцаараа хоол хийгээд байж байсан. 2 цагийн дараа нилээн согтуу унтлаа гээд орж ирээд баруун талын орон дээр хэвтсэн. Тэгээд согтуу унтахгүй үглээд байхаар нь гадагшаа гарсан. Зөрөөд Отгонгарам гэрлүү орсон. Араас би орсон. Тэгсэн Отгонгарам, Энхболд хоёр хоорондоо маргаад байсан. Бие биерүүгээ хараагаад л үг хэлээд байсан. Ингээд хоорондоо заамдалцаж аваад бие биеэ цохихоор нь салгаад Отгонгарамыг гэрийн зүүн талд байх сандал дээр суулгаад Энхболдын баруун талын ор луу суулгасан. Гадаа машины дуут дохио дуугарахаар нь гараад хүнд нүүрс зарчихаад 5-6 минутын дараа гэрлүү орсон. Гэрийн баруун талын орны өмнө Отгонгарам зүүн гараараа Энхболдын энгэрээс заамдаад баруун гараараа Энхболдын зүүн гуянд хутгаар хутгалаад гараа өргөж харагдахаар гүйж очоод салгах завдалгүй нуруу хэсэгт нэг удаа хутгалсан юм. Ингээд тэр хоёрыг салгаад хутгыг аваад цагдаа, түргэн тусламж дуудсан юм. ...Төмс ногоо арилгадаг жижиг хутга, тухайн үед би хоол хийж байгаад ил гэрийн зүүн урд талын гал тогооны ширээн дээр тавьсан байсан.  Анх Энхболдыг ирээд архи гэрт уугаад байж байхад л Отгонгарамыг “төмс арилга” гэж хэлсэн юм. Отгонгарам төмс арилгаагүй юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

 

Гэрч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед хүү Отгонгарамын цуг ажилладаг Мөнхбаяр нь манай гэрт ирээд “танай хүү хүн хутгалсан” гэж хэлсэн. Ингээд орой нь би хохирогч Энхболдын эгчтэй, мөн өөртэй нь уулзаж эмчилгээний зардалд эмнэлэгт хэвтсэн 425.000 төгрөг, хагалгаанд орсон хүнд хэрэгтэй гээд амин дэмийн уураг 60.000 төгрөг, Энхболдыг өөртөө хэрэглэ гээд 580.000 төгрөг, хэд хоногийн зайтай өгсөн юм. Нийт 1.065.000 төгрөг өгсөн. Өчигдөр бас 420.000 төгрөг нэхэмжилсэн байна, энэ мөнгийг өгөх болно. Манай хүү Отгонгарам нь гэртээ халамжтай, дүүгээ хараад эмээдээ тус хүргээд их ажилтай байдаг, Мөнхбаяр гэдэг залуугийн нүүрс зарахад нь туслан ажил хийдэг, аймхай зөөлөн талдаа хүү байгаа юм. Манай хүү архи дарс уугаад болох болохгүй хүмүүстэй нийлээд явдаг хүүхэд биш юм.” гэх мэдүүлэг,  

/хх-ийн 18 дугаар тал/

 

М.Отгонгарамын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг ажил дээрээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 4 дүгээр хэсэг 1257 тоот хашааны үүдэнд байрлах нүүрс зардаг цэгт ажлаа хийгээд нүүрсээ зарж байхад хуурай эх Энхболд, найзууд болох Ёндог, Донгоо, Өсөхбаяр, Болдцогт нарын хамтаар согтуу ирсэн. Ингээд тэд тавуулаа Мөнхбаяр ахын гэр лүү 1 шил 0,75 литрийн Сархад архи аваад орсон. Ингээд нүүрсээ зарах зуур гэр лүү хааяа орж, гадаа автомашины дуут дохио дуугарахаар гарч нүүрсээ зарчихаад байж байсан. Тэгсэн Энхболд ах намайг ганц юм аваач гээд гуйсан, би гарч гаднаас 1 шил 0,5 литрийн Хараа архи авч өгсөн. Ингээд би архинаас уух болсон. Ингээд дахин 0,75 литрийн Хараа архи аваад архиа ууж дуусгаад Ёндог, Донгоо, Өсөхбаяр, Болдцогт нар явж Энхболд ахын хамтаар тэднийг гаргаж өгөөд гэрлүүгээ орсон. Дөнгөж ороод Энхболд ах намайг “зайл” гээд би “яахаараа гэрээсээ зайлдаг юм, өөрөө зайл” гэсэн. Баруун орон дээр сууж байсанаа Энхболд ах босож ирээд энгэрээс заамдаад авсан “та унт” гээд орлуу түлхсэн. Ингээд гаднаас Мөнхбаяр ах орж ирээд “ахын дүү хоолоо хийе, төмс арилга” гээд жижиг иштэй хутга аваад төмс арилгаад гэрийн зүүн урд хэсэгт сандал дээр сууж байсан. Энэ хооронд Мөнхбаяр ах гадагшаа нүүрсээ зарахаар гараад явсан. Тэгсэн Энхболд ах босоод ирэхээр нь би өөдөөс нь босож ирээд хоорондоо хэрэлдсэн. Миний нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би Энхболд ахын зүүн гуяны гадна хэсэгт төмс арилгаж байсан хутгаар хутгалсан. Тэгсэн хоолойг боогоод авахаар нь би нуруун тус газарт баруун гарт байсан хутгаар дахин 1 удаа хутгалсан. Энэ үед гаднаас Мөнхбаяр ах орж ирж бид хоёрыг салгасан.

Ц.Энхболдыг нурууны баруун далны доод хэсэгт 1 удаа, зүүн гуяны гадна хэсэгт 1 удаа хутгалсан юм. Урьд өгсөн мэдүүлэгт шилбэний гадна хэсэгт 1 удаа хутгалсан гэж хэлсэн нь буруу байна. Бас сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч Энхболдод эмчилгээний зардал 1.065.000 төгрөгийг өгч эмчилгээ хийлгэсэн. Одоо 420.000 төгрөгний эмчилгээний зардал нэхэмжилснийг өгнө. ...Энхболд намайг заамдаж хоолой боож, нүүрэн тус газарт нэг удаа баруун гараараа цохьсон, би зөрүүлээд 2 удаа хутгалсан юм. Харин зүүн шилбэнд хутгалсанаа сайн санахгүй байгаа. Сүүлд нь Энхболд ахын зүүн шилбийг харахад шалбарсан харагдаж байсан. Би анхнаасаа шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж бодоогүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40-41, 42, 81 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17767 дугаар:

  1. Ц.Энхболдын биед хэвлийн хөндийг нэвтэрч, өрцийг гэмтээн, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаар:

  1. Ц.Энхболдын бие дэх зүүн гуяны гадна хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсгийн сорви гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

 

Өвчний түүх,

/хх-ийн 61-69 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 44 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

 

“Амгалан” цогцолбор сургуулийн болон багшийн тодорхойлолт,

/хх-ийн 45-46 дугаар тал/

 

Сурагчийн хувийн хэрэг,

/хх-ийн 47-51 дүгээр тал/

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 72-74 дүгээр тал/

 

Гэм хорын хохирлын баримт /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч  М.Отгонгарам нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 4 дүгээр хэсэг 1257 тоотод танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч Ц.Энхболдын зүүн гуяны гадна нэг удаа, зүүн шилбэний гадна хэсэгт нэг удаа, нуруунд 1 удаа хутгаар хатгаж, бие махбодид нь хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг гэмтээсэн, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхболдын өгсөнБи орон дээр хэвтээд үлдсэн. Гэтэл шүүгдэгч ирээд “гарч нүүрс оруулж ир, чиний төрсөн өдөр байх чинь хамаагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд миний булчин, гуя руу хатгах шиг болохоор нь би гэрээс гарах гэхэд дал руу дахин хутгалсан. Би шүүгдэгчийг боож, цохисон үйлдэл гаргаагүй худал. Тэгээд гаднаас Мөнхбаяр орж ирсэн. Тэгээд хохирогчийг хутгаа сугалахад нь би ухаан алдаад эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Хутга өрц рүү орсон байсан тул надад хагалгаа хийж, гуя шилбэний шарханд оёдол тавьсан. Одоо дахиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Энхболдын өгсөнОтгонгарам нар зөв тойрч ирээд зүүн шилбэний гадна хэсэгт иртэй зүйлээр хатгах шиг болсон. Дахин үргэлжлүүлэн зүүн гуяны гадна хэсэгт дахин хатгасан, би “хутгалчихлаа” гээд босоод нар зөв тойроод яваад зүүн багана хүрч амжилгүй ар нуруунаас 1 удаа хутгалсан, би ухаан балартах үед гаднаас Мөнхбаяр орж ирсэн. ...Хагалгаанд ороод хэвлийн дотор хэсэгт оёдол тавьсан. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байна. Отгонгарамын ар гэрээс эмчилгээний зардалд 800.000 гаран мөнгө өгсөн.” гэх,

мөн М.Отгонгарамын яллагдагчаар өгсөн “...Тэгсэн Энхболд ах босоод ирэхээр нь би өөдөөс нь босож ирээд хоорондоо хэрэлдсэн. Миний нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би Энхболд ахын зүүн гуяны гадна хэсэгт төмс арилгаж байсан хутгаар хутгалсан. Тэгсэн хоолойг боогоод авахаар нь би нуруун тус газарт баруун гарт байсан хутгаар дахин 1 удаа хутгалсан. ...Ц.Энхболдыг нурууны баруун далны доод хэсэгт 1 удаа, зүүн гуяны гадна хэсэгт 1 удаа хутгалсан юм. Урьд өгсөн мэдүүлэгт шилбэний гадна хэсэгт 1 удаа хутгалсан гэж хэлсэн нь буруу байна. Бас сайн санахгүй байгаа.” гэх,

мөн гэрч С.Мөнхбаярын өгсөн “…Гэрийн баруун талын орны өмнө Отгонгарам зүүн гараараа Энхболдын энгэрээс заамдаад баруун гараараа Энхболдын зүүн гуянд хутгаар хутгалаад гараа өргөж харагдахаар гүйж очоод салгах завдалгүй нуруу хэсэгт нэг удаа хутгалсан юм. Ингээд тэр хоёрыг салгаад хутгыг аваад цагдаа, түргэн тусламж дуудсан юм.” гэх  мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17767 дугаар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаар дүгнэлтүүд /хх-24, 28/, өвчний түүх /хх-61-69/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  М.Отгонгарамыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Отгонгарамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

           Шүүгдэгч М.Отгонгарамд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан  2 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгч  М.Отгонгарамд  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч  М.Отгонгарам нь хохирогч Ц.Энхболдын эмчилгээний зардалд нийт 1.065.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ц.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний зардалд 1.065.000 төгрөг авсан. Хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэж мэдүүлж байх боловч гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг шүүх урьдчилан шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч Ц.Энхболд нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22.5 см урт, ажлын хэсэг 13 см, бариул 9,5 см, өргөн 2 см шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Шүүгдэгч энэ хэргийг танхайн сэдэлтээр үйлдээгүй. Хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн. Хохирогчийн биед олон тооны шарх үүсгэн зовоон тарчлаасан гэж байгаа нь бодит байдал дээр хохирогчийн гуянд үүссэн шарх нь хөнгөн шарх байдаг. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч М.Отгонгарам нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогчийн биед амь биед аюултай хэвлийн хөндийг нэвтэрч, өрцийг гэмтээн, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, мөн зүүн гуя, зүүн шилбэнд хөнгөн гэмтэл үүсгэж өвтгөж шаналгасан өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хорчин овогт Мөнхбаярын Отгонгарамыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар М.Отгонгарамд 7 жил 10 хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар М.Отгонгарамд оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Отгонгарамын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Отгонгарам нь хохирогч Ц.Энхболдын эмчилгээний зардалд нийт 1.065.000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Энхболд нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22.5 см урт, ажлын хэсэг 13 см, бариул 9,5 см, өргөн 2 см шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Отгонгарамд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАТСУУРЬ

 

С.ОЮУНГЭРЭЛ