| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Даваадоржид холбогдох 2132000030053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /группт/, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, """""""""" тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0054 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар тус тус шийтгүүлж байсан Зээрд адуун овогт ******* Даваадорж /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
******* Даваадорж нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр “Хар Азаргын нуруу”гэх газар ******* эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваадорж мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйл ангийн хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.
Эрүүгийн 2132000690050 тоот хавтаст хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Намайг *******тай муудаж байхад Жөрөөнөө нь хажуугаар орж ирээд намайг тулдаг модоороо болон хөл, гараараа цохиод байсан. Яг хаашаа цохиод байсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Миний бодлоор *******, Жөрөөнөө ах хоёр зодолдоод тухайн бэртлийг авсан байх гэж бодож байна. ******* нүүрээ гараараа дарчихсан, Жөрөөнөө ах л хөлөөрөө өшиглөөд байсан, мөн гараараа цохиод байсан. Хаана нь яаж цохисон гэдгийг анзаараагүй. Тэгээд удалгүй ******* ах очиж салгасан. Жөрөөнөө ах хоёр хөлгүй бөгөөд хиймэл хөлтэй. Тухайн шөнө унтах гээд хиймэл хөлөө салгаад тавьчихсан бөгөөд хөлөөрөө *******ийг цохиод байсан. ******* Жөрөөнөө ахтай л муудаад зодолдоод байсан. ******* өөр хүнтэй муудаж маргалдаагүй... гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тухайн үед отгоны баруун захад *******, Жөрөөнөө, Хүрэлбаатар ах буюу 3 өндөр настай хүмүүс нь 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэр 3 согтоцгоогоод Жөрөөнөө, ******* хоёр гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн. Юунаас болоод зодолдоод эхэлсэн гэдгийг мэдэхгүй. Хоёулаа нэлээн согтчихсон орилоод хоорондоо хэрэлдээд байсан. Би наад талд юм хийж байгаад хальт харахад тэр хоёр зэрэгцээд сууж байсан. Жөрөөнөө ах *******ийг мухар хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэгээд ******* очиж тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Жөрөөнөө, ******* хоёр гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн. Юунаас болоод зодолдоод байсан гэдгийг нь мэдэхгүй. Намайг харахад тэр хоёр зэрэгцээд сууж байсан. Жөрөөнөө ах *******ийг мухар хөлөөрөө өшиглөж гараараа цохиод байгаа харагдсан. Тэгээд ******* очиж тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Жөрөөнөө, ******* хоёр гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн. Юунаас болоод зодолдоод байсан гэдгийг нь мэдэхгүй. Хоёулаа нилээн согтчихсон орилоод хоорондоо хэрэлдээд байсан. Намайг харахад тэр хоёр зэрэгцээд сууж байсан. Жөрөөнөө ах *******ийг мухар хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Жөрөөнөө ах *******ийг өшиглөөд л байсан. Тэгээд ******* очиж тэр хоёрыг салгасан. ...Намайг харахад Жөрөөнөө ах ******* нүүр лүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд ******* очиж тэр хоёрыг салгасан... гэх мэдүүлэг /хх- ийн 25 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэнд байсан залуучууд *******ийг хөл Жөрөөнөөтэй муудсан, өглөө босоод ирэхэд яваад өгсөн байсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...******* согтчихоод Жөрөөнөө намайг цохичихлоо гээд агсраад байсан. Тэгээд л тэр хоёр хоорондоо муудаж зодолдсон юм шиг байна. ...Тэр хоёр отгийн хойд захад л зодолдоод байсан. Би харин наад захад нь байсан. Отгийн нэг захаас нөгөө зах хүртэл бараг 20 орчим метр зайтай. Хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохисныг хараагүй. Маргалдаж, зодолдоод байхаар нь би очиж салган *******ийг босгож нөгөө захад нь аваачиж унтуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 224 дугаартай “...******* биед зуүн дээд 1 дүгээр шүд булгарч унасан, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун, гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт, шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын 5 хувь тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 55 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Даваадоржийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 61-65 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Б.Даваадоржийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Даваадорж нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр “Хар Азаргын нуруу” гэх газар ******* эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/, гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/, Гэрч *******н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Гэрч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугар хуудас/, Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч Х.Тулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээчийн №224 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 38-39 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.Даваадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав.Шүүгдэгч Б.Даваадоржид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Даваадорж нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр “Хар Азаргын нуруу” гэх газар ******* эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Даваадоржийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Даваадоржид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Даваадорж энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зээрд адуун овогт ******* Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Даваадорж нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Б.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Даваадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.