Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0402/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч М.Бэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э овогт М.Бд холбогдох эрүүгийн 2018004460459 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э овогт М.Б /РД: /, Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Бэ нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн .... сумын ...... дугаар багийн ..... ..... дугаар гудамжны ..... тоотод иргэн Х.Бцын толгой руу аягаар цохиж зүүн чамархайн хуйхны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Бийн өгсөн: ...би үйлдвэрт сахиул хийдэг ба тухайн өдөр ажлаасаа буугаад явган ирээд ам цангаад Бцынд ороод “хүйтэн юм байна уу?” гэхэд “байхгүй” гэсэн. Тэгэхээр нь хөргөгчийг нь онгойлгоход хүйтэн тараг байсан. Тэр таргийг нь аваад ууж байтал Бц босож ирээд уурласан. Тэгэхээр нь “3 сар гаруй хөдөө ажиллаж байгаад ирж байхад” гэж уурлаад таргийг нь цацаад тараг ууж байсан аягаараа толгойг нь цохиж хагалсан... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Х.Бцын өгсөн: ...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед манай нагац ах Бэ ирсэн. Хөргөгчид байсан айлд өгөх гэж байсан тараг гаргаж ирээд уухаар нь би “айлд өгөх гэж байгаа таргийг уучхаж байгаа юм уу?” гэхэд “чи тараг харамлаж байгаа юм уу?” гээд аягтай таргаа асгачхаад уг аягаараа миний толгой руу цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Гэрч Б.Шын өгсөн: ...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед манай хүү Н-О залгаад “***** ах аавын толгойг хагалчихлаа. Цус гоожоод тогтохгүй байна” гэсэн. Би гэртээ очтол нөхөр Бцын толгойноос цус гарч байхаар нь эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан. ***** буюу Бэ нь нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Насанд хүрээгүй гэрч Л.М-Эийн өгсөн: ...2020 оны 9 дүгээр сарын 11-нд манай ах ***** буюу Бэ согтуу орж ирээд хөргөгчөөс тараг авч уусан. Аав “наад таргийг чинь хүнд өгөх гэж байгаа юм“ гэж хэлтэл Бэ ах “чи надаас тараг харамлаад байгаа юм уу?” гээд тараг ууж байсан аягаараа аавын толгой руу цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 725 дугаартай “Х.Бцын биед зүүн чамархайн хуйхны шарх, тархи доргилтын шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-нд үүссэн байсан боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.Бцын биед илэрсэн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Бийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Угалзын 7 дугаар гудамжны 17 тоотод иргэн Х.Бцын толгой руу аягаар цохиж зүүн чамархайн хуйхны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул М.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Бцын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Бэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч М.Бэ нь өмнө 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, 54 настай зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-46/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 44/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Бэ нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бэд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР