Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Т.А нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Я.Зын эзэмшлийн Хаан банкин дахь ... дугаарын данстай картыг хулгайлан авч картнаас 1.000.000 төгрөгийг хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Я.З ахын картыг нь аваад АТМ-ээс мөнгө нь авсан нь үнэн.1000000 төгрөгнөөс 500000 төгрөгийг нь төлсөн, үлдэх 500000 төгрөгөнд нь 1 адуу өгнө. Ойрын хугацаанд адуу авчирч өгнө... ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Би хаан банкны ... дугаарт данс эзэмшдэг... Дорноговь аймгийн Хаан банкны АТМ915 дугаарт бэлэн мөнгөний машины камерт үлдсэн зураг, бичлэгийг харлаа энэ дүрсэнд манай хадам дүү А ганцаараа байна... А манай эхнэрийн цүнхийг үүрч байснаа миний зөвшөөрөлгүй аймгийн төв Хаан банкнаас миний картыг ашиглаж 500.000 төгрөгийн өөрийн эхнэрийн дансанд шилжүүлсэн байна. Мөн бэлнээр 50.000төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Энэ мөнгө бол нэг талдаа хулгайн мөнгө юм. Би Ад миний картнаас мөнгө ав гэж хэлээгүй зөвшөөрөл олгоогүй... манай хадам дүү А өөрийн эхнэр Ц болон хүүхдийн хамт Хаан банкны бэлэн мөнгөний машинд картыг уншуулж мөнгө 300.000 төгрөг авсан байна. Энэ талаар А, Ц хоёр хэлээгүй бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр надаас мөнгө авсан байна... А миний картыг зөвшөөрөлгүй ашиглаж 150.000 төгрөг авсан байна... Би Ад зөвшөөрөл олгоогүй байхад 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 32 минутанд 550.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 11 минутанд 300.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 46 минутанд А миний картыг ашиглаж бэлэн мөнгө авсан байна. Тийм учраас надад нийт 1.000.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Хаан банкин дахь иргэн Я.Зын эзэмшлийн ... дугаартай дансны хуулга /хх-ийн 4 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Я.Зын эзэмшлийн Хаан банкин дахь ... дугаарын данстай картыг хулгайлан авч картнаас 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Би хаан банкны ... дугаарт данс эзэмшдэг... А миний картыг ашиглаж бэлэн мөнгө авсан байна. Тийм учраас надад нийт 1.000.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкин дахь иргэн Я.Зын эзэмшлийн ... дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Т.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Аий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ад 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А нь 1000000 төгрөгний хохирлоос 500000 төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 52-р тал/ тогтоогдож байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8.9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т. Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аэс 500000 төгрөг гаргуулан хохирогч Я.Зд олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ыг /камерийн бичлэг/ хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.АДЪЯАСҮРЭН