| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1456/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1521 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1521
2018.11.07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Л.Ц,
шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Өөлд овогт Батхүрэлийн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0550 11514 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Өөлд овогт Батхүрэлийн Б.Б, 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилжтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, **************** тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйл 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:***********/,
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******************** тоот гэртээ эхнэр Л.Цг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр ажлынхантай караоке орж байна гээд байсан. Тэгээд би утас руу удаа дараа залгасан боловч утсаа огт авахгүй байсан. Тэгэхээр би тухайн үед 2 хүүхдээ унтуулчихаад гэрийнхээ гадаа гараад тамхи татаад зогсож байтал миний машин байхаар нь би очоод хартал хүн байхгүй байсан. Тэгтэл хажуу талын машинд манай эхнэр нэг залуутай тэврэлдсэн байдалтай байж байхаар нь би уурлаад тэнд байсан нөгөө эрэгтэй хүнтэй нь зодолдоод муудалцсан. Тэр үед манай эхнэр тэнд байсан эрэгтэй хүнд наадахаа алчих гээд байхаар нь би тэр үгэнд нь гомдоод эхнэрээ гэрлүүгээ авч ороод тодорхой хэмжээгээр зодсон үнэн. Бас гэрчээр манай эхнэрийн дүү нь байцаалт өгөхдөө болон бага охин маань ирээд аав ээжийг зоддог гэж хэлсэн байсан. Манай бага охин одоо 3 настай хэл яриа нь сайн хөгжөөгүй байгаа учраас тэгэж хэлэх боломжгүй” гэв.
Хохирогч Л.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай охин 3 настай өөрийгөө маш сайн илэрхийлдэг. Өөрийгөө илэрхийлж чадахгүй гэж Б.Б худлаа хэлж байна. Өнөөдөр хүртэл манай 2 хүүхэд хаалгаа түгж Б.Б ирээд зодож магадгүй гээд байсан. Одоо хүртэл ийм л айдастай амьдарч байгаа. Тэр өдөр манай ажлынхан цалин буугаад бид нар караоке ороод тэгээд ажлын залуу намайг гэрт хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө өөрийнхөө машиныг унаад жоохон яваад буцаж алхаж ирээд миний машиныг бариад өртөөчилж яваад гэрт хүргэж өгсөн. Машинаа манай гудамжид зэрэгцүүлж тавиад машиндаа сольж сууж амжаагүй байхад Б.Б ирээд тэнд байсан манай ажлын залуутай шууд зодолдоод эхэлсэн. Тэгээд би бүр тэсэхээ бараад уурлаад ажлынхаа залууд наадхаа зодоод алчихаа гээд хэлсэн үнэн. Тэр үед намайг Б.Б гэрлүү авч ороод зодчихоод гарахдаа миний утас болон картанд байсан цалин болох 480.000 төгрөгийг аваад явчихсан. Би энэ мөнгөө авмаар байна” гэв.
Хохирогч Л.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрт ороод шууд намайг түлхэж унагаагаад нүүр рүү олон удаа гараараа цохиод байсан, тэгсэн ээ хөл гар луу ясан сандал авч байгаад намайг цохиод байсан нэг мэдэхэд 2 хүүхэд маань орилж байсан нэг мэдэхэд би ухаан алдсан байсан, над руу ус цацаж байсан, тэгсэн ээ цүнх уудалснаа миний цалин болох 483.000 төгрөг, монетон бөгж, монетон гинж гар утсыг маань аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг. /хх-13/,
Гэрч Н.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд Цэдэвсүрэн айсан байдалтай Бишүү одоо намайг орохоор зодно ш дээ гэхэд нь би гайгүй байлгүй дээ гэхэд Б.Б гэрээсээ гарч ирээд Цэдэвсүрэнг аваад орсон...” гэх мэдүүлэг. /хх-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7835 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар гудамжны 266а тоот гэртээ эхнэр Л.Цг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.
Иймд шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Л.Ц нь гэм буруутай этгээдээс 480.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт нотлох баримтгүй тул гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзсан бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаас 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өөлд овогт Батхүрэлийн Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Быг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Л.Ц нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж зааллдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР