Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0053

 

У  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О , хариуцагч Л.Н , Б.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 512 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор У  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Б.У  нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Б.У  нарын 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 253672 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авалгүй 2011 онд 643.0 мянган төгрөг, 2012 онд 1200.0 мянган төгрөгийн татвар ногдох орлого олсон боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийн тухайд: У  ХХК нь 2011 оны 3 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар11553.0 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тайлагнасан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар дараа сарын эхний өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 01-нд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байсан боловч дээрх хуулийн заалтыг зөрчиж Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэлгүй хугацаа хожимдож буюу 2012 оны 01 дүгээр сарын 18-нд бүртгүүлсэн. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-д заасныг үндэслэн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх орлого болох 7073.0 мянган төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх орлого 1320.0 мянган төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр авч, 2011 онд 6430.3 мянган төгрөг, 2012 онд 1200.0 мянган төгрөг, нийт 7630.3 мянган төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүйгээс олсон орлого гэж үзэж 763.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 381.5 мянган төгрөгийн торгууль, 2.3 мянган төгрөгийн хүү ногдуулсан. Нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст удаа дараа хандаж байсан боловч хүлээж аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь У  ХХК нь 2011 оны 3 дугаар улиралд л 10 саяас дээш борлуулалтын орлоготой гэж тайлан гаргасан. Тэрнээс өмнө буюу 2011 оны 5 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх шалгуур хангагдаагүй байхад бүртгүүлэхээр хандах боломжгүй, хандах шаардлага байгаагүй.

 

Хий бичилттэй буюу хуурамч падаанаар Ж  ХХК, Д  ХХК-иудаас нийт 14363.8 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн тухайд: Улсын мөрдөн байцаах газраас хий бичилттэй буюу хуурамч падаан ашигласан байж болзошгүй газруудын нэрсийг татварын албанд ирүүлсэн. Дээрх мэдээллийн дагуу Татварын ерөнхий газраас удирдамж гарч, У  ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан мэдээллийг шалгахад Ж  ХХК, Д  ХХК-иуд нь үйл ажиллагаа явуулаагүй байхад 100294265, 10294265 дугаар падаанаар нийт 14363.8 мянган төгрөгийн даавуу материал, худалдан авалт хийсэн мэтээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3-д заасны дагуу 1.436.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 430.9 мянган төгрөгийн торгууль, 272.7 мянган төгрөгийн алданги ногдуулсан. Үнэхээр худалдан авалт хийсэн бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартад зааснаар падааны бичилтийг бүрэн хийж, ямар төрлийн бараа материал, тоо ширхгийг бүрэн тусгах, үүнийг худалдан авагч өөрөө хянах үүрэгтэй бөгөөд санхүүгийн анхан шатны баримтаар энэ мөн давхар нотлогдох ёстой. Давхар нотлогдохгүй бол үр дагаврыг өөрөө хариуцна. Худалдан авалтын падаан дээр бараа материал бичигдсэн боловч задаргаа байдаггүй. Мөн падаан олгосон гэх Ж  ХХК, Д  ХХК нь шатахуун борлуулдаг. Гэтэл оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг У  ХХК нь дээрх компаниудаас материал худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

 

2012 онд 7442.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд: У  ХХК нь 2012 онд 7.442.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаа хэтрүүлж төлсөн зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг тус тус зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн 2012 онд 7.442.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 475.0 мянган төгрөгийн торгууль, 223.3 мянган төгрөгийн алданги ногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 512 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 253672 дугаар актаар 29.436.9 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 3.985.1 мянган төгрөгийн төлбөрөөс актын тогтоох хэсгийн Нэгд заасан мянган төгрөгийн оёдлын үйлдвэрлэл эрхэлж, орлого олсон зөрчилд ногдуулсан 381.5 мянган төгрөгийн торгууль, 2.3 мянган төгрөгийн хүү, мөн актын тогтоох хэсгийн Хоёрт заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд ногдуулсан мянган төгрөгийн нөхөн татвар, 430.9 мянган төгрөгийн торгууль, 272.7 мянган төгрөгийн алданги, нийт 2.523.8 мянган төгрөгийн төлбөрийг хасч, багасгаж, төлбөрийн хэмжээг 1.461.3 мянган төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н , Б.У  нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У  давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт У  ХХК нь Д , Ж  ХХК-тай худалдан авалт хийсэн гэдэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн. Мөн энэ тухай өөрөө шүүх хуралдаанд ч тайлбарласан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т ...бараа ажил үйлчилгээг худалдан авсан өдөр... гэж зааснаар албан татвар ногдуулах хугацааг тодорхойлсон байна. Хуулийн энэ шаардлагаар бол У  ХХК-ийн хийсэн худалдан авалтынхаа үнэнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж төсөвт төлөх албан татвараа бууруулан бусдад албан татвараас зайлсхийх боломж олгон өөрөө буцаан авалтыг төсвөөс авахаар тайлагнасан гэсэн үг юм. Энэ нь бодитой хийгдээгүй худалдан авалт мөртлөө бодитой хийгдсэн мэтээр нэхэмжлэл гаргаж шүүхэд үнэлүүлэн шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан.

Мөн У  ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн буюу татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татвар, торгууль алдангийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь дээрх компанитай худалдан авалт хийсэн гэх Д  ХХК-ийг төлөх мэтээр дүгнэсэн байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Татварын ерөнхий газрын хийх удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд У  ХХК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 253672 дугаар актаар нийт 3,985.1 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

 

Нэг. Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч У  ХХК 2011 оны 3 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 11533,0 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаар нэмэгдсэн өртгийн татвар төлөгч болсон атлаа нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр 2011 оны 11 дүгээр сарын 01-нээс 2012 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл хугацаанд буюу 2011 онд 6.430.3 мянган төгрөгийн, 2012 онд 1.200.0 мянган төгрөгийн орлого олсон гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар У  ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр хуульд заасан хугацаанаас хоцорч бүртгүүлсэн нь тогтоогдсон боловч хариуцагч татварын улсын байцаагч нар акт гаргахдаа У  ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг татварын байгууллага хүлээн авдаггүй байсан, мөн мэдээллээр хангах үүргээ биелүүлдэггүй, хуулийн хугацаанд бүртгүүлж чадаагүй гэх тайлбарыг анхаараагүй буруу байна.

Т Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т -д зааснаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих нь Татварын албаны үндсэн чиг үүрэг бөгөөд хуульд заасан дээрх үүргээ татварын алба У  ХХК-ийн тухайд хангалтгүй биелүүлснийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолд тодорхой заажээ.

 

Харин тухайн тогтоолоор чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн атлаа татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс зөвхөн торгууль, хүү хассан нь үндэслэл муутай байна.

 

Тиймээс У  ХХК-ийн хуульд заасан нөхцөл бүрдсэн боловч татварын албанд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, татвар ногдох орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар гэх зөрчилд ногдуулсан татварын улсын байцаагч нарын 253672 дугаар актын төлбөрөөс 763.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 381.5 мянган төгрөгийн торгууль, 2.3 мянган төгрөгийн хүү ногдуулсан хэсгийг хасч, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Нэхэмжлэгч У  ХХК 2012 онд хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс нийт 14,363.8 мянган төгрөгийн даавуу материал худалдан авсан боловч тайлагнахдаа үйл ажиллагаа явуулаагүй Д  ХХК-ийн 010092746, Ж  ХХК-ийн 010294265 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл бусдаас авсан бараа материалын худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн тухай Д  ХХК, Ж  ХХК-иудын баримт бүрдүүлснийг татварын улсын байцаагч нар буруутгаж акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй/ гэж заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн худалдан авалтын санхүүгийн анхан шатны баримт бүрэн тусгагдсан падаан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан гэх тайлбар нь түүнийг Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, компаниудын хий бичилттэй баримтыг тайландаа тусгасан нь үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайланг үйлдэнэ гэсэн Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангажээ. Зүй нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохоор байна.

 

Гурав. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь У  ХХК-ийн 2012 онд төсөвт төлөхөөр тайлагнасан 7,442.8 мянган төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 /Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.3-т /Энэ хуулийн 74.1, 74.3-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна/ гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна. Энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй болно.

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 512 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 253672 дугаар актаар тогтоосон нийт 3,985.1 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг багасган 2,868.3 мянган төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР