Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0244

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0244

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Ч ХХК

Хариуцагч: Н М х г Э м, б, с х х Э б х у б

Гуравдагч этгээд: С у ХХК

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо:

“Ч ХХК нь Польш улсын I компанитай гэрээ байгуулан АНУ-ын M, Япон улсын T, Польш улсын B, АНУ-ын T******* компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авах итгэмжлэл зөвшөөрлийг авсан дээрх компаниудын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, нүдний эм хэрэгсэл, лабораторийн оношлуур урвалж хэрэгслийг Монгол Улсад ханган нийлүүлэх ХХ-09/23 /3384 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юм.

Тус компанийн Хангамжийн албаны дарга М.Б өөрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтын 3 дахь хэсэгт заасан дагуу “Эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз үүсгэх, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах материалуудыг бэлтгэн өгөх” үүргийг хүлээдэг юм.

М.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Япон улсын T******* компанийн “судасны дамжуулагч гуурс “-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын / экспорт / 003/19/6443 дугаартай лицензийг үүсгэхдээ “Үйлдвэрлэгчийн нэр” гэсэн хүснэгтэнд T******* гэж үйлдвэрлэгчийн нэрийг бичих байсныг 2019 оны 10 сарын 01 -нд буюу урьд өдөр нь үүсгэсэн M******* inc компанийн “эмтэй стент”- ийн 003/19/6408 дугаартай лицензийн M******* inc гэдэг нэрийг солилгүйгээр лиценз үүсгэн ISPL medical компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, дээрх компанитай хийсэн худалдааны гэрээ зэрэг холбогдох материалыг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр явуулсан байсан.

М.Б ийн дээрх үйлдэл нь санаатайгаар гаалийн мэдүүлгийг худал мэдүүлсэн үйлдэл биш бөгөөд өөрийн хайхрамжгүй байдлын улмаас хийсэн тохиолдлын шинжтэй алдаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.О дээрх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шалгаж шийдвэрлэхдээ компанийн ажилтан М.Б ийн гаргасан техникийн алдааг хуулийн этгээдийн гаргасан санаатай үйлдэл мэтээр тайлбарлаж хуулийн этгээдэд торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна...” гэж заасан.

Гэтэл ажилтан М.Б ийн гаргасан алдааг хуулийн этгээд зөрчил үйлдсэн мэтээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр М.Б нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд тус компанид гэрээгээр ажилладаг ажилтан юм.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна...” гэж заасан.

Гэтэл хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй ажилтны бичиг техникийн шинжтэй гаргасан алдааг эрх бүхий албан тушаалтан нь “...компанийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн...” мэтээр дүгнэж, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.

Ажилтан М.Б нь өөрийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрч буруугаа хүлээсэн талаар бичгээр тайлбар гаргасан ба компанийн зүгээс түүнд зохих хариуцлага тооцсон болно.“гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд боловсрол соёлын газрын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ч ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийтгэл оногдуулсан нь 0066921 тоот шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

... зөрчлийн хэрэг шалгасан байцаагч шалгахдаа Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтойгоор зөрчсөн. Хэрэг шалгах явцад хуулийн этгээдийг биш хувь хүнийг шалгаж байгаад шийдвэр гаргахдаа хуулийн этгээдийн шийдвэр гаргасан. М.Бийг хуулийн этгээдийн төлөөлөгч гэж маргах байх. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.2-д тодорхой заасан. Шалган шийдвэрлэх ажиллагааны явцад М.Бийг холбогдогчоор байцаагаад тэгээд итгэмжлэл дээр М.Б хуулийн этгээд төлөөлнө гэж заасан хирнээ оролцогчийг хуулийн этгээдээр томилоод явуулсан. Тэгсэн мөртлөө энэ хэрэг дээр хуулийн этгээдийг шалгасан ямар ч материал байхгүй. Хувь хүнийг шалгаад явсан. Тэгээд шалгаад явуулаад хэргийг шийдэхдээ хуулийн этгээдээр торгуулийн арга хэмжээ авсан. Шалгаагүй хүнд арга хэмжээ авч процессын зөрчил гаргаад явсан.

М.Б хөдөлмөрийн гэрээгээр лиценз бичиг үүрэгтэй. Чиг үүргийн хүрээнд хийх ёстой. Бид энэ талаар маргасан. Тус зөрчлүүд байгаа учраас мөн хувь хүний хайхрамжгүйгээр ямар нэгэн байдлаар өөртөө ашиг олох зорилго агуулахгүйгээр шийдвэрлэсэн техникийн алдаатай зүйл дээр дөрөөлж хуулийн этгээдэд арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм. Зөрчлийн хэрэг байсан уу? гэдэг асуудал байна. Зүгээр болгоомжгүй хийсэн үйлдэл болгон дээр зөрчил гээд байвал хэцүү юм. Нэг компанийн нэрийг буруу бичсэнээс болоод энэ асуудал хөндөгдөөд явсан. Яагаад шийтгэлийг хүчингүй болгож байгаа вэ? гэхээр хуулийн этгээдийг шалгаагүй. Мөн хуулийн этгээдийн томилж эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг авсан зүйл байхгүй тул хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Н М х г Э м, б, с х х Э б х у б Д.О******* би С у ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б*******эс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Чо******* трейд ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар эмнэлгийн хэрэгсэл импортолсон” гэх зөрчлийн талаарх гомдлын дагуу Ч ХХК-д хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар Ч ХХК нь эмнэлгийн хэрэгсэл / RS+A60K10SQ, RS+A70K10SQ, RS+A80K10SQ Radifocus introducer дамжуулагч гуурс/-ийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон болох нь Буянт-Ухаа дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн баримт бичиг, тус компанийн итгэмжлэгдсэн албан тушаалтан М.Бийн мэдүүлэг, гомдол гаргагч С у ХХК-ийн гаргаж өгсөн тус эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага /ISO/ хангасан болохыг баталсан гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Ч ХХК нь эмнэлгийн хэрэгсэл /Radifocus introducer дамжуулагч гуурс/-ийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага /ISO/ хангасан болохыг баталсан гэрчилгээгээр бараа бүтээгдэхүүн импортолсон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт “Импортын болон экспортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/407 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “ Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай” журмын 2.1.4 лиценз хүссэн өргөдөлд тухайн ачилтаар импортлох эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тун хэмжээ, савлалт, үйлдвэрлэгчийн нэр, тоо хэмжээ, хилийн боомтыг тодорхой заасан байна; 2.2.3 эмнэлгийн хэрэгсэл импортлоход үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага /ISO/ хангасан болохыг баталсан гэрчилгээ; 2.3.4 эмнэлгийн хэрэгслийн олон улсын стандартын шаардлага /ISO/ хангасан болохыг баталсан гэрчилгээ. 2.4 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.1, 22.7.4-22.7.7 дахь заалтад заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, дээж, загварт лиценз авахад эм, эмнэлгийн хэрэгслийн тун, тоо хэмжээ, хэлбэр, үйлдвэрлэгч, гарал үүсэл, үнийн тухай мэдээлэл агуулсан албан ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ” гэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд Н М х г Э м, б, с х х Э б х у б Д.О******* би Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1902000610 дугаартай зөрчлийн хэрэг нээж, тус заалтад “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасны дагуу мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эд зүйлийг хураах шийдвэр гаргасан болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлага дээр бичсэнээс одоо өөр зүйл яриад явж байна. Тэр бол та бүхний эрхийн асуудал байх. Өмнө нь гаргасан асуудал дээр эднийх зөвшөөрсөн. Манайх эм эмнэлгийн хэрэгслийн тавьсан шаардлагыг бүрэн хангаагүй бидний буруу уучлаарай гэсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвд бичиг явуулсан. Тэгсэн мөртлөө Ч ХХК-ийн нэрээр явж байгаа. Тийм бол М.Б нь өөрөө нэрээрээ явуулах ёстой байсан. Ч ХХК гэж хавтаст хэрэгт байж байгаа. Аж ахуй нэгж хуулийн этгээдэд арга  хэмжээ тооцлоо гэж байгаа. М.Б нь хангамжийн албаны дарга хүн юм. Ажлын байран дээр лиценз үүсгэх эрхтэй гэж заасан. Тэр бол ажил үүргийн хуваарь юм. Лиценз гэвэл Ч ХХК-иар байгаа. Гааль дээр өөрсдийнхөө бланк дээр бичээд явуулдаг. Хуулийг нэг мөр хэрэгжүүлсэн дээр мөн бүгд хуулинд захирагдах ёстой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч дуртай үедээ зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа руу ороод явж байдаг. Өөрсдөө болохоор бичиг хийж өгнө. Хэргийн материалд байж байгаа. М.Б нь аливаа маргаан төлөөлнө оролцож болно гэж заасан. Тэгээд өөрсдөө үүнээс холддог. Яг арга хэмжээ тооцох гэхээр өөр зүйл яриад байдаг. Манай байцаагчийн тавьсан  асуудал ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хоёрдугаарт эдний тавьсан арга хэмжээний асуудал буюу хуулийн этгээдэд тавьж байгаа нь эрх зүйн үндэслэлтэй. Энэ асуудал яадаг вэ? гэхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны 4 субъект  байж байгаа. Бидний бүх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явж байгаа. Прокурор хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх талаар хяналт тавьж байгаа. Хэм хэмжээ тогтоосон акт прокурорын хяналт болоод Хууль зүйн яамнаас гарна. Бид мөрдөөд хэрэгжилтэнд хяналтаа тавиад явсан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг прокурор хянаад явсан. Үүн дээр нэмээд хэлэхэд зөрчлийн улмаас гарсан дамжуулагч гуурс байгаа. Энэ асуудлыг мөн шүүхээр нэг мөр шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байна. Эрх бүхий комиссод шилжүүлж энэ асуудлыг шийдвэрлэх зүйтэй.” гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь өөрийн ажилтан М.Бийг “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдээгүй” гэсэн байна. Харин хуурамчаар үйлдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт”-ын 003/19/6443 дугаартай лицензийг үзэхэд “импортлогчийн нэр” гэдэгт “Ч” ХХК гэсэн байна. “Лиценз хүссэн өргөдөл гаргагчийн нэр” гэдэгт “Ч” ХХК гэсэн байна. Буянт Ухаа дахь гаалийн газарт 2019 оны 10 сарын 08-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргахдаа “Ч” ХХК-ийн №307/19Б дугаартай хүсэлт гаргасан байна. Цаашилбал, гадаад гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, бараа хүлээн авагч зэрэг нь Ч ХХК байна. Иймд хариуцагч нь хуулийн этгээд Ч ХХК мөн.

Нөгөө талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад
хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх
явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын
хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байна.

Мөн хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй” гэж заасан байна. Иймд ажилтныхаа хууль зөрчсөн үйлдлийн хариуцлагыг ажил олгогч хүлээнэ.

Нэхэмжлэгч Ч ХХК нь ЭМЯ-ны харьяа Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн цахим серверт 2019 оны 9 сарын 30-ны өдөр импортын лицензийг цахимаар оруулан үйлдэхдээ: Тухайн ачилтаар импортлох “эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, марк” гэдэгт “REF; RS+A60K10SQ, RS+A70K10SQ, RS+A80K10SQ “Radifocus introducer” /дамжуулагч гуурс/ гэж бичсэн. Харин “үйлдвэрлэгчийн нэр” гэдэгт нь Япон  улсын T******* Corporation компанийн зүрхний мэс заслын үед судсанд хэрэглэдэг эмнэлгийн хэрэгслийн нэр юм.

Харин RS+A60K10SQ, RS+A70K10SQ, RS+A80K10SQ гэдэг нь “Radifocus introducer”-ийн давтагдашгүй код юм. Харин M******* inc гэдэг нь АНУ-ын улсын үйлдвэрлэгчийн нэр юм. Ингэж импортын лицензийг цахимд оруулан хуурамчаар үйлдсэн.

Энэхүү хуурамчаар үйлдсэн импортын лицензийг цахимд оруулсны дараа үйлдвэрлэгч болох Япон улсын T******* Corporation компанийн бичиг баримтуудыг журамд зааснаар хавсаргаж өгөөгүй. Жинхэнэ баримт бичгүүдийн оронд АНУ-ын M******* inc үйлдвэрлэгчийн 76 ширхэг Resolute integrity /эмтэй стент/ гэдэг барааны лиценз авахдаа ашигласан дараахь баримт бичгүүдийг давхар ашигласан. Үүнд: 1) Польш улсын ISPL Medical Sp.z.o.o гэгч компанитай байгуулсан худалдааны гэрээ гэдгийг хавсаргасан. Гэтэл энэ компани нь Япон улсын Япон улсын T******* Corporation, T******* Europe N.V, T******* Poland Sp.z.o.o компанитай ямар ч холбоогүй, ямар ч албан ёсны гэрээт борлуулагчийн эрхгүй, гэрээгүй компани байна. 2) Импортолж буй барааны нэхэмжлэл- /invoice/-д барааны гарал үүслийг “АНУ“ гэж худал мэдүүлсэн, 3) Импортолж буй барааны үйлдвэрлэгчийн /Япон улсын T******* Corporation болон бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага /ISO/ хангасан эсэхийг батлах гэрчилгээг хавсаргах байтал АНУ-ын M******* inc үйлдвэрлэгчийн олон улсын стандартын шаардлага /ISO/ хангасан гэрчилгээг хавсаргасан.

Ингээд Япон улсын T******* Corporation компанийн T******* Europe N.V, T******* Vietnam Со,Ltd-д үйлдвэрлэсэн 100 ширхэг Radifocus introducer /дамжуулагч гуурс/ -ийг АНУ-ын M******* inc үйлдвэрлэгчийн 76 ширхэг Resolute integrity /эмтэй стент/ гэдэг бараатай цуг нэг хайрцагт савлаж, дотор нь нуун далдалсан,

Улмаар хуурамч импортын лицензийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Монгол улсын хилийн мэргэжлийн алба болон гаалийн байгууллагад дахин нэмэлт хуурамч материалаар гаалийн бүрдүүлэлт хийж, Буянт Ухаа гаалийн хилээр Япон улсын T******* Corporation компанийн 100 ширхэг эмнэлгийн хэрэгслийг АНУ-ын Metronic inc компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг нэрийн дор импортлон оруулж ирсэн байна.

Дээр дурдсан Ч ХХК-ийн хууль бус үйлдэл нь Монгол улсын Зөрчлийн хуулийн 6-д заасан “Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг” төдийгүй Япон улсын T******* Corporation компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдан борлуулах С******* ХХК-ийн дистрибьютрийн эрхийг зөрчсөн, Япон улсын T******* Corporation компанийн нэр хүндэд халдсан байна. Өөрөөр хэлбэл, импортлон оруулж ирсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг өөр америкийн үйлдвэрлэгчийн нэр ашигласан учир Япон улсын T******* Corporation компани хариуцахгүй, өөр үйлдвэрлэгчийн бараанд АНУ-ын Metronic inc компанийн нэрийг ашигласан тул АНУ-ын Metronic inc компани хариуцахгүй. Эцэст нь энэ эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаагүйн эрсдэлийг Монгол Улсын өвдөж зовсон иргэд хүлээж байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн үндэслэл өөр болсон явж байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол байж байгаа. Зөрчлийн хэргийн дугаар 1902000610 гэж байж байгаа. Энэ дотор 3 заалт байж байгаа. Нэгдүгээрт Ч ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй гэж заасан. Зөрчлийн хэрэг дугаарт гомдол мэдүүлж холбогдох компанид мэдэгдсүгэй гэж заасан. Холбогдогч энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдсэнээр ажлын 5 хоногт багтааж прокурорт гомдол гаргах тухай дурдсугай гээд н.О******* хяналтын прокурор гээд гарын үсэг зурсан. Анхнаасаа холбогдогчийг Ч ХХК гэж үзэж зөрчлийн хэрэг нээсэн. Хэрвээ зөвшөөрөхгүй бол гомдол гаргах ёстой. Эд нар гомдол гаргаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдүүлэг гэж байгаа. Байгууллага төлөөлж мэдүүлэг өгөх эрх олгосон. 11 дүгээр сарын 06-нд холбогдогчоос олгосон эрхийн хүрээнд М.Б өгсөн. Бүх үйл ажиллагаа Ч ХХК-д холбогдуулж гаргасан хэрэг юм. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явж байгаа. Эрх бүхий албан тушаалтны хяналт дор энэ бүх ажиллагаа явагдсан. Үйл ажиллагаа буруу явагдсан бол гомдол гаргах эрх нь чөлөөтэй байсан. Ингээд эцсийн шийдвэр гараад баталгаажсан зүйл дээр нотлох баримтын эсрэг зүйл ярьж байдаг. 138 удаагийн бараа оруулж ирсэн байж байгаа. Хураагдсан байгаа 100 ширхэг бараа 100 хүний амь настай холбоотой. Энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Үйлдвэрлэгчийг лицензээр үнэн зөв мэдүүлнэ гэж байгаа. Үйлдвэрлэгч гэж бүтээгдэхүүний эх үүсвэрийг тогтоох гэж байна. Андуурч бичнэ гэж гэнэн зүйл яриад байгаа. 13 жил энэ компани эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа. Хүний нөөцгүй бол энэ компанийн тусгай зөвшөөрөл хураагдах ёстой. Дандаа хүний нөөцтэй гэж жил болгон тендерт шалгарч байгаа. Тэгвэл яагаад мэргэжлийн бус хүнээр энэ лицензийг мэдүүлэх бол уу гэдэг асуудал байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ч ХХК нь Н М х г Э м, б, с х х Э б х у бийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Н М х г Э м, б, с х х Э б х у б нь Ч ХХК-д “Импортын лицензийг буруу мэдүүлсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 1.000.000 нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”,

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Импортын болон экспортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна” гэж заасан бөгөөд гомдол гаргагч Ч ХХК нь Япон улсын T******* компанийн “судасны дамжуулагч гуурс“-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын 003/19/6443 дугаартай лицензийг үүсгэхдээ Үйлдвэрлэгчийн нэрийг ... M******* inc гэсэн нэрээр буюу бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн нэрийг сольж, гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хүргүүлсэн нь тогтоогдож байна.

Гомдол гаргагчаас дээрх үйлдлээ “...хангамжийн албаны дарга М.Бийн хайхрамжгүй байдлын улмаас хийсэн алдаа тул М.Бт хариуцлага хүлээлгэх ёстой” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан М.Бийн ажлын байрны тодорхойлолтоор ажлын байрны үндсэн зорилтын 3-д “эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз үүсгэх, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах материалуудыг бэлтгэн өгөх” гэж заасан, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна." гэж зааснаар Ч ХХК-д шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар уг зөрчилд холбогдогчоор Ч ХХК-ийг татан оролцуулсан бөгөөд, тус компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд М.Бийг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан Ч ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03/31а тоот албан бичиг болон 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т “оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан бөгөөд Ч ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч буюу холбогдогчоор оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3-т заасан эрх, үүргийг тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс Н М х г Э м, б, с х х Э б х у бийн Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд Чо******* трейд ХХК-ийн Импортын лицензийг буруу мэдүүлсэн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байх тул гомдол гаргагч Чо******* трейд ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н М х г Э м, б, с х х Э б х у бид холбогдуулан гаргасан “Н М х г Э м, б, с х х Э б х у бийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ч ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН