Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1455

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Н.Золжаргалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Н.Золжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Буянхишиг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.  

Нэхэмжлэгч Н.Золжаргал шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Золжаргал нь Төрийн банкинд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд захирлын туслах, бичиг хэргийн мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд албан хэрэг хөтлөлтийн бүртгэл, бүрдэл, эмх цэгц, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандарт болон архивын ажлын зааврын дагуу хөтөлж ажиллахад өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж 2014 онд “Тусгай нөхцөлт орон сууцны зээл”-д хамрагдах эрхийн бичиг, Баярын бичиг, Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу цол, тэмдгээр шагнагдаж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж ажлын гүйцэтгэлээ улирал тутам 95 хувиас дээш хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 40-100 хувиар шагнуулж байсан. Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж. зардал бууруулахын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай урьдчилан мэдэгдээгүй, Төрийн банкны Захиргаа удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн Бичиг хэргийн мэргэжилтний Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан учраас бичиг хэргийн мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалт гэж үзэхгүй байна. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч танилцуулаагүй. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлыг хүлээж авсан. Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1751 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Төрийн банкны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, aжлаас халсан нь үндэслэлгүй. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5 078 983 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Төрийн банк” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадварын үнэлгээ, оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний нийлбэр дүнгээр нэгдсэн үнэлгээг гаргахаар заасан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс хуралдаж Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталсан. Комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов болон тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамаарагдахыг зааж, харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлж ажилласан. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.Золжаргалыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон талаар комиссын дүгнэлт гаргасан тул “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1751 тоот тушаал үндэслэлтэй болсон. Иймд Н.Золжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Төрийн банк” ХХК-д холбогдох Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 078 983 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай Н.Золжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах гомдолдоо “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д "Ажилтан мэргэжил ур. чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно" гэж заасныг Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т "ажилтан мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно". гэж тайлбарласан байдаг.

Ажилтан Н.Золжаргал нь мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтаар 41.27 хувийн үнэлгээ авсан тул Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комиссын 1002110016 дугаартай дүгнэлт гарч Н.Золжаргалыг мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг доорхи 3 төрлийн арга хэмжээний үнэлгээг үндэслэн гаргасан бөгөөд уг 3 төрлийн арга хэмжээ нь ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх, эсэхийг үнэн зөв, бодитой тогтоогоогүй гэж үзэх хэд хэдэн үндэслэлүүд байна. Үүнд:

“Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам"-ын 1.2-д зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль/-ын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан байдаг.

"Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 3.3.1-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлтийг харьяалах газар, хэлтсийн захирлаар гаргуулж авах ёстой ба үнэлгээгээр ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоож, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтныг ажлаас халахад баримтлах гол шалгуур үзүүлэлт байх ёстой. Гэтэл үүнийг бодитой тогтоож чадаагүй. Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Болормаа гэх хүмүүсийн үнэлгээний хуудас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөгдсөн үнэлгээ байдаг ба журам батлагдахаас 2 хоногийн өмнө өгсөн үнэлгээ байна. Гэтэл журам нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр гарч газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудасны загвар батлагдсан байдаг.

Ц.Нацагдолгор, Л.Болормаа нарын үнэлгээ нь дээрх 3 төрлийн материалыг дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй, хэргийн материалд эдгээр 3 төрлийн баримтыг үндэслэж үнэлгээ тавьсан эсэх талаар нотлох баримт байдаггүй, үнэлгээ нь үндэслэлтэй, бодитой болоогүй байдаг.

 "Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох журам"-ын 3.3.3-д комиссын дарга томилсон төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэхээр байна. Хэрэгт оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэхтэй холбоотой үнэлгээ өгсөн этгээдийн нэр, ажил албан тушаалын тайлал байхгүй. Тэгэхээр энэ гарын үсэг нь хэний гарын үсэг гэдгийг хариуцагч байгуулга баримтаар нотолж чадаагүй. Тус гарын үсэг зурсан этгээд нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан комиссын бүрэлдхүүнд орсон этгээд мөн гэдгийг мөн баримтаар нотолж чадаагүй. Тийм учраас ажилтны оролцоо чанарын үнэлгээг журмын 3.3.3-д заасны дагуу комиссын бүрэлдэхүүнд орсон этгээд гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдохгүй байна. ...Хэрэгт байгаа баримтаар эхний этгээд 5 асуулт, 2 дахь этгээд мөн 6 асуулт асуусан бөгөөд тус 5 болон 6 асуултанд Н.Золжаргал хэрхэн хариулсан талаар баталгаажуулсан баримт байхгүй. Асуулт асуусан эсэх нь тодорхойгүй шалгалтын үнэлгээг үндэслэж мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үнэлэх нь өөрөө үндэслэлгүй байна.

Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон “Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт”-ийн үндэслэл болсон харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ зэрэг нь ажилтны ажил үүрэгт хамааралгүй, үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй, журмаас гадуур хийгдсэн байх тул үндэслэлтэй бодитой гарсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт"-нд комиссын дарга болон комиссын нарын бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 2.4-д "Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаан нь гишүүдийн олонхи оролцсоноор хүчинтэй болно" гэснийг ноцтой зөрчсөн болно. Дээрх зөрчлүүдээс үзэхэд Төрийн банкны "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт" нь үндэслэлтэй гарсан дүгнэлт гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Н.Золжаргал нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 078 983 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Золжаргал нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/1419 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтнээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1751 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгэээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мэдэгдэх хуудас, хөрөнгө хүлээлцсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5-6, 7, 8-12, 13, 17

 

Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг 1 дүгээр хавсралтаар, "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг 2 дугаар хавсралтаар, Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, уг журмаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол тэнцээгүй гэж дүгнэж, тэнцсэн ажилтны цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах, тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлахаар заасан байна. /хх 40/

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.Золжаргалыг харьяалах газрын захирлын үнэлгээ 19.67, мэдлэг, ур чадварын үнэлгээ 12.00, оролцоо, чанарын үнэлгээ 9.60, нэгдсэн үнэлгээ 41.27 үнэлгээ авч Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаарх баримт хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч нь дээрх үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж, тус комиссын дарга 2016 оны 11 сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудсаар хариуг хүргүүлсэн болох нь тогтоогдсон. /хх 87, 94/

 

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн талаар талууд маргаагүй /хх 39/ байх тул шүүх ажил олгогчийн 2016 оны 12 сарын 19-ны өдрийн Б/1751 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлтэй гэж дүгнэн, “Төрийн банк” ХХК-нд холбогдох Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 5 078 983 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Н.Золжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН