Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ[1]Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян

Улсын яллагч Д.Оюунбилэг

Иргэдийн төлөөлөгч Г.Долгоржав

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, Г.Баянбилэг

 Шүүгдэгч Э.А******** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголынхон овогт Э********гийн А********д холбогдох эрүүгийн 201522000837 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Э.А******** нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сумын чиглэлийн замд 76-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж С.Э********, Л.Я********, Н.П******** нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Э.А******** нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сумын чиглэлийн замд 76-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч С.Э********, Л.Я********, Н.П******** нарын амь нас хохироосон гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Н********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш найзынхаа гэрт байж байсан чинь манай найз Давааням ирээд Я******** гуайн сууж явсан машин нь онхолдсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би наашаа шууд Мөрөн рүү гарч яваад замдаа хүнтэй утсаар ярьж ээжийг нас барсан гэдгийг мэдсэн. Наашаа яваад Байшинтын дөрөлж уруудаад гүүрний тэнд явж байхад А******** ахын машин замын хажуу талруу онхолдсон байдалтай байсан. Тэрийг харчихаад машинаасаа буулгүй шууд Мөрөнгийн төв рүү орж ирсэн. ... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Э.Т********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарны 22-ны өдөр манай эхнэр төрөөд төрсөн хүүхдийн маань биеийн байдал муудаад байсан юм. Тэрийг сонсоод аав маань Тариалангаас наашаа гарчихсан байсан. Би аавыг наашаа Мөрөн рүү гарсан гэдгийг дуулаад утсаар залгаж ярихад Шивээгийн гуанзны энд А******** ахтай чинь хамт явж байна гэж хэлээд утасны сүлжээ тасарсан бололтой утас тасарсан. Тэгээд байж байсан манай Тавантолгой багийн дарга Нараа гэж хүн манай эгч рүү утсаар яриад осол болсон талаар хэлсэн байсан. Би ах Алдартай хамт осол болсон гэх газар руу явсан бид хоёрыг очиход замын хажуу тал руу онхолдсон байдалтай аав Э******** машин дотор нас барсан байдалтай байсан. Би ах, дүү нараа төлөөлөөд уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хохирогч П.Г********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би аавын гэрт очсон чинь аав Мөрөн явчихаад ирье гэж ярьж байсан надад ямар ажлаар явах талаараа хэлээгүй би ч асуугаагүй. Ийм тийм машинаар явна ч гэж хэлээгүй амжвал оройдоо хүрээд ирнэ гэж байсан. Би аавын гэрээс гараад урагшаа дэлгүүр орчихоод гэр рүүгээ явж байтал аавын сууж яваад осолд ордог машин миний хажуугаар маш хурдтай давхиад өнгөрөөд явсан. Тэгэхээр нь би энэ машинд аав арай суугаад явчихаагүй байгаа даа гэж бодоод аавын гэрт очиж үзэхэд аав байхгүй гэрээ цоожлоод яваад өгсөн байсан. Тэгсэн орой 19 цаг өнгөрч байхад хөдөөнөөс манай хадам эгч Туяа над руу утсаар залгаад танай аав чинь аймгийн төв явсан юм уу аваар осол гарсан сураг гараад байна гэхээр нь би аавын дүү Галаа гэж хүн рүү залгаад осол гарсан гэнэ та мэдээд өгөөч гэсэн чинь Галаа ах хүмүүс рүү яриад осол болсон байна аав чинь дотор нь сууж явсан юм байна газар дээрээ нас барсан гэнэ гэж хэлсэн тэгж анх аавыгаа нас барсан гэдгийг мэдсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч П.Г********ийн хууль ёсны төлөөлөгч С.Гал-Эрдэнийн шүүхийн шатанд гаргаж өгсөн: ...А******** нь хохирлоо барагдуулсан учир миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. А********гийн биеийн байдал нь маш муу байгаа болон хохирол төлсөн байдлыг нь харгалзан үзэж түүний ялаас нь хөнгөлж өгнө үү гэх бичгийн тайлбар /хх-ийн 187-р тал/

Гэрч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Тариалан сумаас манай эмээ Я********, түүний сүүлд суусан хүн болох П********, манай хүргэн ах А********, А******** ахын аав Э******** бид тав наашаа А******** ахын машинтай гарсан. Наашаа ирэх болсон шалтгаан нь манай эмээ эмнэлэгт үзүүлэх гэж байсан. П******** ах эмээтэй хань болж явсан. Э******** ах ямар ажлаар явсаныг мэдэхгүй байна. А******** ах машин барьж явсан. Бид нар 13 цаг болж байхад Тариалан сумаас гараад явж байгаад би засмал зам дээр гараад унтчихсан байсан нэг сэрээд харахад Тосонцэнгэл суманд явж байсан тэгээд буцаад унтсан. Тэгтэл сэрсэн чинь машин онхолдчихсон би машины гадаа газар хэвтэж байсан. Босоод харахад машин замын хажуу талруу орчихсон машинаас утаа савссан байдалтай байсан. Тэгэхээр нь би машин руу очоод үзсэн чинь А******** ах жолоочийнхоо суудал дээр хөдлөөд амь авраач ээ гээд чарлаад байсан бусад хүмүүс хөдлөхгүй байсан. Би жолооч талын хаалгыг арай гэж онгойлгоод байж байсан чинь түргэний машин ирээд А******** ахыг машинаас гаргасан. Тэгээд бид хоёрыг аваад наашаа Мөрөнгийн төв рүү орж ирээд эмнэлэг дээр хүргэж өгсөн. Эмч ирж үзээд эмээ, Э******** ах, П******** ах гурвыг нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх[1]ийн 20-21 дүгээр хуудас/,

 Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот: С.Э********гийн биед гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Уг тархины битүү гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн болно...С.Э******** нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 08 тоот: Л.Я********гийн биед гэмтэл тогтоогдлоо...Зам тээврийн осолд орох үед үүсгэгдэнэ. Зүрхний баруун ховдлын урагдал, цооролт бүхий гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн болно...Дээрх шалтгаанаар нас барсан нь онош хэсгээр батлагдаж байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 09 тоот: П********гийн биед гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Уг гавал, тархины хавсарсан ил гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн болно...П******** нь гавал, тархины хавсарсан ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 219 тоот: Э.А********гийн биед гэмтэл тогтоогдлоо. Э.А********гийн биед баруун шилбэ ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.А********гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Бид нар Тариалангаас өглөө 10 цагийн орчим гарсан байх. Бид нар наашаа гараад Тосонцэнгэл сум өнгөрөөд...Байшинтын дөрөлж уруудаад явж байтал миний зүрхээр хатгаад, толгой эргээд, нүд харанхуйлаад эхэлсэн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан...Би нэг их хурдтай яваагүй. 50-60 км/цагийн хурдтай явж байсан...Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалж осол гаргаагүй. Миний биеийн байдал гэнэт муудсанаас осол гарсан. .Одоо миний биеийн байдал маш хүнд байна. Байнгын хэвтэрт эмчилгээ хийлгэж байна....Энэ байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 100-103 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-10 дугаар хуудас/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 8-9, 11-12, 14-15 дугаар хуудас/ Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 25-26, 34-35, 43 дугаар хуудас /, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач С.Э********гийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас /, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач С.П********гийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас /, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач Л.Я********гийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, /хх-ийн 83 дугаар хуудас/, Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 37 дугаартай дүгнэлт/хх-ийн 94 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 84 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Верна маркийн 76-36УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнсүрэнгийн А******** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 9.1-т жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Гэсэн заалтыг тус тус зөрчиж осол гаргасан байна гэх зам тээврийн ослын дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/ хх-ийн 89-92 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч С.П********, Л.Я********, С.Э******** нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201522000837 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

 Шүүгдэгч Э.А******** нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /ХХ-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.А********д эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.А********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, мөн хуульд зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүл мэндийн байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн 201522000837 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.А********гийн цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201522000837 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.А********гийн ВС ангиллын 877741 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монголынхон овогт Э********гийн А********г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.А********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав / жил 8/ найм / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Э.А********д оногдуулсан 3 /гурав / жил 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3--т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.А********гийн ВС ангилалын 877741 дугаартай жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Э.А********гийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн 201522000837 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А********д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН

М.ЭРДЭНЭ-ОЧИР