| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0062/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/328 |
| Огноо | 2017-09-28 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ц.Дэлгэрням,
Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
Хохирогч С.Батсүх, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,
Иргэний хариуцагч С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Л.Данзанноров,
Иргэдийн төлөөлөгч Л.Галаарав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Донидын Г, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Очирбатын Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260006136 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч:
2. Шүүгдэгч: нар нь:
Шүүгдэгч Д.Г, О.Т нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 56а-42 тоотод байрлах "Инел" ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "Зайсан виллаже" хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155.612.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан ба О.Т нь Д.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг нуун далдлах, учрах саадыг арилгах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай орон сууц захиалга гүйцэтгэх хүчин төгөлдөр бус гэрээ үзүүлж хохирогч С.Батсүхэд итгэл төрүүлэн хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Батсүх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2013 оны 02 дугаар сард О.Ттай тааралдсан ба бид амьдралынхаа тухай ярьсан. Япон улсад амьдарч байгаа гэдгээ хэлсэн, эхнэр удахгүй араас ирнэ, ирэхээс нь өмнө байраа томруулах санаатай гэдгээ хэлэхэд О.Т "манай хадамын талын хүмүүс байр барьдаг, одоо зайсанд байр барьж байгаа 2013 оны 3-р улиралд ашиглалтанд орох байх шиг байна лээ" гэж надад хэлсэн. Ингээд би Ттай байр авах талаар яриа эхэлсэн. Үүний дараа 2013 оны 03-р сард Т надтай уулзаад 1 мкв 1.800.000 төгрөгт авах боломж байгаа юм байна би хадамууддаа нэг удаа би өөрийн нэрээр байр захиалья гэдгээ хэлэхэд эхний ээлжинд 25.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөх хэрэгтэй гэсэн, ингээд би Тын надад зарна гэсэн байр болох Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Энэл Зайсан виллаж хотхоны барилга дээр очиж үзэхэд 75.34 мкв 3 өрөө орон сууц баригдаж байсан тул би эндээс байр авахаар болсон. Тухайн үед уг байрыг барьж гүйцэтгэж байгаа албаны хүмүүстэй уулзаагүй зөвхөн Т, Г нарын үгэнд итгэсэн ба намайг уг байрыг барьж гүйцэтгэж байгаа компани захирал Сарантуяа гэдэг хүнтэй уулзья гэхэд Г уулзаад хэрэггүй би наад Сарантуяатай чинь асуудалтай байгаа гэхээр нь уулзаагүй. Ингээд би байрны урьдчилгаа болох 25.000.000 төгрөгийг аваад Тын хамт БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн ертөнцийн зүгээр хойд талд байх Инел ХХК-ийн борлуулалтын албан дээр очин мөнгөө Тд өгөөд Т уг борлуулалтын алба руу орсон, ингээд мөнгө төлсөн би өөрийн нэр дээр байр захиалах гэрээ хийчихлээ байр ашиглалтанд ороод чамайг мөнгөө бүрэн өгөх үед гэрээгээ шилжүүлээд өгье гэсэн ингээд надад байр захиалгаар бариулах гэрээ, мөнгө тушаасан баримт зэргийг надад Т өгсөн ба уг баримтыг харахад 20.000.000 төгрөгийн баримт байсан ба харин 5.000.000 төгрөгийг грашийн урьдчилгаанд төллөө гэж хэлээд надад баримтыг өгсөн ба энэ үед дараагийн төлбөрийг хурдан хийх шаардлагатай гэж хэлсэн. Үүний дараа би уг байрны төлбөрийг хурдан төлж дуусгах гэж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо 25-р байрны 10 давхарын 2 өрөө 51.5 мкв байрыг тухайн үеийн ханшаас хямд буюу 88.000.000 төгрөгт зараад 2013 оны 06-р сарын үед энэ мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг мөн Тын хамт Инел ХХК-ийн борлуулатын албаны байрны гадаа очин бэлнээр өгсөн ба Т уг мөнгийг аваад дотогш орсон харин гадаа нь хүлээгээд сууж байсан Т мөнгө тушаачихлаа гээд гараад ирсэн ба баримт нэхэхэд сая нярав нь алга байна дараа нь гүйцээгээд авна гэж хэлээд мөнгө тушаасан баримт надад өгөөгүй. Үүний дараа 2013 оны 08-р сард бас Ттай уулзаад Энэл ХХК-ийн Баянгол дүүргийн 10-р хороололд байх байрны гадаа ирэхэд Тын нөхөр Г хүлээгээд зогсож байсан тул 50.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд оруулсан удалгүй Г гарч ирээд мөнгийг тушаасан гэж байсан боловч бас л мөнгө тушаасан баримт өгөөгүй ба баримт асуухад Сарантуяа байна дараа баримтыг авч өгье гэж хэлсэн гэжээ. / хх 14-15, 74-75, 2 хх 65, З хх 147-148, 149, 4 хх 45 /
Гэрч Ш.Сарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Тухайн үед би хүүхдээ хараад ажилдаа тэр бүр орох боломжгүй байсан ингээд 2014 оны 01-р сард улсын комисс ажиллаж байх үед өмнө хийсэн бүх гэрээгээ шалгаж үзэхэд 43 тоот гэрээ байгаагүй тэгээд борлуулагч нарыг дуудаад Тын захиалсан байр яасан юм гэхэд Т гэрээгээ цуцлаад мөнгөө буцаан авсан харин шинэ захиалагч олоод урьдчилгаа төлбөрийг авсан, гэхдээ урьдчилгаа хүрэхгүй байгаа тул гэрээ хийгээгүй байгаа гэсэн, ингээд 2014 оны 02-р сард Халиунсүрэн гэдэг хүн урьдчилгаа төлбөрийг 60 хувь хүргээд гэрээ хийсэн. Ингээд энэ байр зарагдсан. Харин Т, Г нар мөнгийг хэзээ яагаад авсан гэдгийг мэдэхгүй, ер нь бол мөнгийг буцааж авахдаа Мөнхбат захирлын зөвшөөрлөөр гарсан гэжээ. / хх 16-17, 2 хх 65 /
Гэрч Г.Отгонцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Г байр захиалсан гэрээний дагуу төлсөн мөнгийг гадаад явах шаардлага гарсан тул мөнгийг буцаан олгож өгнө үү гэсэн өргөдөл бичээд энэ өргөдийг манай захирал С.Мөнхбат олгохыг зөвшөөрч цохолт хийгээд эхний удаад 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөгийг аваад дараагийн удаад 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин 3.000.000 төгрөгийг авсан. Үүний дараа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин Д.Г өргөдөл бичээд 30.000.000 төгрөгийг гаргуулан авсан. Ингээд урьдчилгаа төлсөн 39.000.000 төгрөгийг буцаан авсан ба үлдсэн 4 сая төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Г буцаан авсан. Энэ бүх баримт нь надад байгаа. Ингээд энэ байрны гэрээ цуцлагдсан тул дараагийн хүн болох Халиунсүрэн гэдэг хүнд байрны захиалгын гэрээ хийж өгсөн. Манай борлуулалтын албанаас түлхүүр аваагүй. 43 тоотын түлхүүр манай борлуулалтын албанд лацны хамт байсаар байгаа гэжээ. / 1 хх 20 /
Гэрч, иргэний хариуцагч С.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Д.Г надтай хэд хэдэн удаа утсаар яриад “ Мөнхбат ахаа. Мөнгөний хэрэг болоод байна. Би удахгүй буцааж тушаана “гээд байхаар нь Год “ Чи мөнгө буцаан авах тухай хүсэлт бичээд ир. Тэгээд ав “ гэж хэлсэн. Энэ дагуу Г хүсэлт бичээд ирэхээр нь би нягтлан Буянжаргал, Отгонцэцэг нар руу утсаар хэлээд мөнгө авах хүсэлтийг нь цохоод өгөөд явуулсан. Тэгээд Г манай нягтлан нараас мөнгө аваад явсан байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг харлаа. Энэ гэрээг би Гтой байгуулсан зүйл байхгүй, Г өөрөө зохион энэ гэрээг хийсэн байна. Гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш. Мөн манай компаний тамга хуурамчаар дарагдсан юм шиг харагдаж байна гэжээ. / хх 18-19, З хх 160, 4 хх 47, 50 /
Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай аав 2006 онд санагдаж байна танил Донид гэх хүнээс хар өнгийн Ниссан патрол маркийн машиныг худалдан авч байсан. …Би гадагшаа яваад ирэхэд манай аав зарчихсан байсан ба хааш нь зарсан юм бэ гэж асуухад Сүхбаатар аймаг руу 4 сая гаран төгрөгөөр зарсан гэж хэлсэн гэжээ. / 4 хх 48 /
Гэрч Ж.Намжилдорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэрийг шилжүүлж авах гэтэл Донидын Г гэх хүний нэр дээр байсан ба энэ талаар хайгаад хаягаар нь очсон боловч хаягандаа байдаггүй хүн байсан. Тэгээд би тээврийн газраас асуутал Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Г гэгч нь шалгагдаж байсан ба шүүхээр ороод ял авсан гэж хэлж байсан. Тэгээд би нэрээ шилжүүлж авах гээд л энд ирээд байна. Би 2 жилийн хугацаанд татварыг төлөөд явж байна. Машин одоо надад байгаа гэжээ. / 4 хх 49 /
Гэрч К.Сергей мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тавилгыг хийж өгсөн ба эхний ээлжинд урьдчилгаа 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг нь дараа нь авсан байх гэж бодож байна. Тэгэхээр 9 сая төгрөгийн тавилгыг Солонгос материалаар хийлгэж байсан байна. Хуулбар баримт нь манай байгууллагын баримт мөн байх ба дарагдсан тамга, байгууллагын регистрийн дугаар нь манай байгууллагынх бөгөөд дээр нь бичигдсэн бичиг нь миний бичиг байна. Бас миний гарын үсэг мөн байна гэжээ. / 4 хх 52-53 /
Гэрч Б.Буянжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Д.Г нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манайхаас байр авахаа болилоо гээд 30 сая төгрөгөө буцаагаад бэлнээр аваад явсан. 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 4 сая төгрөгөө дахин буцааж аваад тооцоо дууссан гэжээ. / хх 79 /
Мөнгө хүлээлцсэн акт /1 дүгээр хавтас 4 /
“ Инэл “ ХХК-ний харилцагчийн гүйлгээний хуулга / 1 дүгээр хавтас 204 /
Шүүгдэгч О.Тыг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 23-24, 2-р хавтас 107-109 /, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 110-111, 121-123 /,
Шүүгдэгч Д.Гыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 237-239 /, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 240-242 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 200 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Улсын яллагч болон өмгөөлөгч нарын асуултанд хариулаад явах саналтай байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийнхоо хохирлыг бүрэн төлж барагдуулна гэв.
Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Батсүх бид хоёр багийн найзууд юм. 2013 онд бид хоёр юм ярьж сууж байгаад Батсүх эхнэрийгээ ирхээс өмнө байраа солиод Зайсан руу байр авах санаатай байгаа. Байр хайсан чинь байрны үнэ нэмэгдсэн байна. Чамд таньдаг мэддэг барилгын компани байхгүй биз гэж асууж байсан. Надад бол байхгүй ээ, хуучин нөхрийн маань хадам аавын дүү нар нь барилга барьдаг байсан гэхэд ямар нэртэй компани вэ гэж асуухад нь би тэр компани гэж нэрийн хэлж байсан. Тухайн үед тийм зүйл ярьж байгаад бид хоёр салаад явцгаасан. Дараа нь Батсүх уулзахдаа “ Чиний хэлээд байсан компани чинь хүүхдийн хорихын хажууд байр барьж байгаа компани мөн юм байна. Эхлээд тэр компани захилга авахдаа м2 1.800.000-1.900.000 төгрөгөөр авч байсан юм байна. Одоо жоохон үнэд орчихжээ. Чи энэ байрны үнэнийг буулгаж болох уу гэдгийг асуугаад өгөөч “ гэж хэлж байсан. Би түүнд “ Гын утсыг өгье. Чи өөрөө Гтой яриад асуучих “ гэхэд Батсүх “ Яах юм бэ. Би Гтой ярьдаггүй байж гэнэт ярихаар чинь сонин ш дээ. Чи өөрөө яриад асуугаад өг “ гэж байсан. Тэгэхээр нь би Гын ээж рүү яриад “ Гыг надтай холбоо бариарай “ гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Гыг надтай ярихад нь би “ Манай ангийн Батсүх байр авах гээд байгаа юм байна. Мөнхбат ахын байрыг сонирхсон чинь их үнэтэй болчихжээ. Байрны үнийг хямдруулах болов уу. Чи асуугаад өгөөч “гэж хэлсэн. Г би сайн мэдэхгүй байна. Мөнхбат ахаас асууж байж болъё гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Г надтай яриад “ Мөнхбат ахтай ярилаа. Би өөрөө байр авч байгаа гээд хэлчихлээ. Намайг авч байгаа бол хямдруулаад өгье гэж байна. Эхлээд байрныхаа 30 хувийг төлөөд, үлдэгдэл мөнгийн байр ашиглалтанд ортол цувуулаад төлчих “ гэж байна гэсэн. Би Гоос сонссон зүйлээ Батсүхэд утасдаж хэлсэн. Өөрөө авч байгаа гэж ахдаа хэлсэн байна, ах нь тэгвэл хямдуулаад ав гэж зөвшөөрсөн байна гэдгийг ч хэлсэн. Батсүх надад “ 30 хувь хүрэх мөнгө нь арай хүрэхгүй байна. Байгаа мөнгө өгөөд захиалж болох уу. Тэдний 3 өрөө байр нь дуусч байгаа юм байна. 4 өрөө байр нь их байна “ гэж байсан. Би Год Батсүхийн хэлснийг хэлсэн.
2013 оны 4 сард Батсүх, бид хоёр хамт Г руу очсон. Г замын цагдаагийн хажууд аавындаа байж байсан. Батсүх 25.000.000 төгрөгтэй ирсэн байсан. Г мөнгийг аваад би өөрөө авч байгаа гээд хэлчихсэн юм чинь 2-лаа ороод төлчихье гээд орсон. Батсүх тэр хавьд зогсоол байхгүй найз даа заавал гарааш тавиулж өгөөрэй гэж байсан. Ороод асуухад “ Гарааш бол тавих боломжгүй. Бүтэн мөнгөө төлж байж гарааш авдаг. Яагаад гэхээр цөөхөн гарааш байгаа “ гэсэн. Тэгсэн Г “ 5.000.000 төгрөгийн өгчих. Би Мөнхбат ахад өгөөд гарааш тавиулчихъя, 20.000.000 төгрөгийн тушаачих “ гээд оффис дээр нь 20.000.000 төгрөгийн тушаагаад, 5.000.000 төгрөгийн Год өгсөн. Гэрээг нь яах уу гэж асуухад ажилтан нь 30 хувиа хүрэхээр үүнийг баталгаажуулаад авчихаарай гээд тамга дараагүй гэрээ өгсөн. Би гараад Батсүхэд дотор болсон явдлын талаар ярьсан. Батсүхэд 30 хувиа төлөөд гэрээгээ баталгаажуулж аваарай гэсэн шүү гээд гэрээг нь өгсөн. Тэгээд сар гаран хугацааны дараа Батсүх “ Найз нь хэдэн төгрөг тушаах гэсэн юм. Хамт явъя “ гэсэн. Тэгээд Гтой тэр оффис дээр очиж уулзаад Г 30.000.000 төгрөгний 7.000.000 төгрөгийг гараашийн мөнгөнд өгнө гэж аваад, 23.000.000 төгрөгийн нэмэлтээр тушаасан. Тэгээд дараа нь оффис нь Зайсан руу нүүсэн байсан. Батсүх Япон улс руу явахынхаа өмнө байраа юу болж байна гээд очиж уулзсан байсан. Оффис дээр нь ороод асуухад ийм тоотод мөнгө тушаасан зүйл байхгүй байна. Энэ тоотод хэний ч нэр алга байна гэж ажилтан нь хэлсэн юм шиг байна лээ. Батсүх над руу яриад “ Төгсөө энэ байранд мөнгө тушаасан, захилсан зүйл алга байна ш дээ “ гэж ярихаар нь би “ Ямар сонин юм бэ. Яахаараа тэгдэг юм “ гээд гэрээсээ гараад очих гэж байсан чинь Батсүх над руу иргэж залгаад “ Өө за за энэ байр захирлын мэдлийн байр гэж байна, Г аягүй бол ахтайгаа ярьсан юм байлгүй. Дээр нь бол юм бичээгүй хоосон байна “ гэж хэлж байсан. Тэгэхээр би тайвшраад бид хоёр дахиж оффис дээр нь очиж уулзаагүй.
Дараа нь 50.000.000 төгрөг тушаана гээд намайг ажил дээрээ байхад дуудсан. Тэгээд 10-р хорооллын оффис дээр нь очиход Г 50.000.000 төгрөгийн аваад орсон. Тэрнээс хойш Батсүх, Г хоёр хоорондоо холбогдоод байрныхаа төлбөр мөнгө үлдэгдлийг дуусгасан байсан. 2014 онд наадмын дараа Батсүх над руу яриад “ Найз нь байрныхаа түлхүүрийг авчихсан. Мөнгө төгрөгөө өгөөд дуусгачихсан. Удахгүй байрандаа орно “ гээд ярьж байсан. Тэгэхэд би байрандаа орсныг нь мэдсэн.
2014 оны 9 сард над руу залгаад “ Төгсөө энэ байрны нэр дээр миний нэр алга байна. Өөр Халиунсүрэн гэдэг хүний нэр дээр байна. Байрныхаа мөнгийг төлөх гээд орсон чинь ажилчид нь ерөөсөө мэдэхгүй байна ш дээ “ гэсэн. Тэгээд би оффис дээр нь очоод уулзсан чинь Г гэрээг нь цуцлаж мөнгийг аваад, өөр хүн байрыг нь авчихсан байсан. Хэзээ мөнгийн яаж авсан юм бэ гэж асуухад захирал цохолт хийгээд Г ирээд авсан гэсэн. Би наад дээр чинь миний нэр, миний утасны дугаар байхад над руу ярьдаггүй юм уу гэхэд захирал цохоод өгчихсөн болохоор бид нар өгчихсөн ш дээ гэж байсан. Тэгээд Гтой ярих гэсэн утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл 11 сарын үед Батсүх над руу яриад “ Би цагдаад өргөдөл өглөө. Тэгэхгүй бол болохгүй нь. Чи хамт явсан учраас яалт ч үгүй зуучлагчаар чамайг бас бичиж өгөх болж байна “ гэж байсан. Би “ За за. Чи өөрөө мэд. Дараа нь янз бүрийн зүйл болчихгүй бол өөрөө мэдээд бичээд өгөхгүй юу даа “ гэж хэлсэн. Тэгээд намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудсан. Гэтэл намайг хамтраад залилсан гэж бичээд өгчихсөн байсан. Найзынхаа гуйлтаар найздаа тусалчихъя гэж бодоод энэ хэрэгт орооцолдчихлоо. Та бүхэн үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.
Хохирогч С.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 4 удаагийн төлбөр өгсөн. Эхлээд Тд 25.000.000 төгрөг, 30.000.000 төгрөг, дараа нь Д.Год 50.000.000 төгрөг, 46.000.000 төгрөг өгсөн. Дунд нь 5.000.000 төгрөгийг Тд зээлүүлсэн. Түүнийгээ суутгуулаад тооцсон. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс байрнаасаа хөөгдөөд гарсан. Одоо байр түрээслээд явж байна. Гудамжинд гарснаас ялгаагүй байна. Би өрөө 2 өрөө байртай байсан. Тэрийгээ зараад мөн аав ээжийнхээ унаж байсан машиныг зарсан. 30 хувь хүрэхгүй байгаа гээд байгаа мөнгийг би 2010 оноос 2014 онд Япон улсад эхнэртэйгээ ажиллаж амьдардаг байх хугацаандаа ажил хийж цуглуулж байж олсон юм. Байраа том болгох санаатай хямдхан байр байна уу гэж Төгсөөгөөс асуусан. Өнөөдрийг хүртэл төлбөр мөнгө ерөөсөө өгөөгүй. Дунд нь 3 өрөө байрны асуудал яригдсан гээд байгаа. Тэр байрыг би 2015 онд очиж үзсэн. Өрөө болгоноор нь хүнд түрээслэдэг байр байсан. Ямар ч засвар авахгүй муу байшин байсан. Тухайн үед төлбөр мөнгөн дээрээ ярих гэж байгаа бол би уян хатан хандаж болно. Би төлбөрийнхөө тодорхой хэмжээнд бодож авч болно гэдгээ хэлсэн. Гэвч өнөөдрийг болтол өгөөгүй шийдэлд хүрээгүй байна. Тухайн үед зарах гэж оролдсон гэж ярьж байна. Би тэр үед зарын сайт нэлээн их үзэж байсан. Тэр хаяг нь дээр зар тавьсан зүйл харагддаггүй юм байна лээ. Миний данс руу 1.600.000 төгрөгийг 2 хуваагаад шилжүүлсэн байсан. Тавилгын 9.000.000 төгрөгийг байрныхаа мөнгөнөөс гадна нэхэмжилж байна. Яагаад гэхээр хэрвээ би тэр байранд ороогүй бол 9.000.000 төгрөгөөр тэр тавилгуудыг хийлгэхгүй байсан гэв.
Иргэний хариуцагч С.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Г нь өөртөө байр авна гээд 2013 оны 4 сарын 1-ний өдөр 20.000.000 төгрөг, 4 сарын 26-ны өдөр 23.000.000 төгрөг тушаагаад 5 сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, 6 сарын 3-ны өдөр 3.000.000 төгрөгийг буцааж аваад, 7 сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг буцааж аваад, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 11 дүгээр сарын 26-ны өдөр авч дуусгасан. Ийм ийм юманд шаардлагатай боллоо. Мөнгөө буцааж авъя гэж утсаар ярьдаг байсан. Бид хоёр хоорондоо уулзаж ярьсан зүйл байхгүй. Би нягтлан руугаа яриад заавал өргөдлийг нь бичүүлж байж мөнгө төгрөгийг нь буцааж өгөөрэй гэж хэлсэн. Бүх авсан мөнгө нь баримттай байж байгаа.
Бид хэдий хамаатан боловч байнга уулзаад байдаггүй. Хэн нэгний хурим найран дээр тааралддаг байсан. Д.Г надад гарааш захиж бэлэн мөнгө өгөөгүй. Объектыг хөөцөлдөөд авчихвал байр мөнгө өгнө гэж түүнтэй ярилцаж байгаагүй. Бусад асуудлыг би сайн мэдэхгүй гэв.
Прокуророос шүүгдэгч Шүүгдэгч Д.Г, О.Т нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 56а-42 тоотод байрлах "Инел" ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "Зайсан виллаже" хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155.612.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан ба О.Т нь Д.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг нуун далдлах, учрах саадыг арилгах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай орон сууц захиалга гүйцэтгэх хүчин төгөлдөр бус гэрээ үзүүлж, хохирогч С.Батсүхэд итгэл төрүүлэн хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Боржигон овогт Донидын Г нь дээрх гэмт хэргийг гардан үйлдэж гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд татгалзаж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг О.Тыг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Д.Гыг тус тус гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргасан болно.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн зарчмыг үндэслэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг О.Тыг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, тэдгээрт илүү ашигтай гэж үзнэ.
Гэвч шүүгдэгч О.Т нь хохирогч С.Батсүхийн хүсэлтээр өөрийн нөхөр байсан Д.Гтой ярьж, түүгээр дамжуулан “ Инэл “ ХХК-ний Зайсанд баригдаж буй орон сууцнаас 75.34 м2 талбай бүхий 3 өрөө байрыг захиалахаар болж, 2013.04.01-ний өдөр С.Батсүхээс 25 сая төгрөгийг авч 20 сая төгрөгийг, 2013.04.26-ны өдөр 30 сая төгрөгийг авч 23 сая төгрөгийг “ Инэл “ ХХК-ний дансанд тус тус тушааж, 43 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг өөрийн нэрээр байгуулан эдгээр баримтуудыг С.Батсүхэд өгсөн болох нь “ Инэл “ ХХК-ний санхүүгийн баримт, гэрээний хуулбар, гэрч Ш.Сарантуяагийн мэдүүлэг / 1-р хавтас 16-17 /, гэрч С.Мөнхбатын мэдүүлэг / 1-р хавтас 18-19 /, гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг / 1-р хавтас 20 /, хохирогч С.Батсүхийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдсон, үлдэгдэл 12 сая төгрөгийг Д.Г граш захиалахаар авсан болохыг хохирогч С.Батсүхэд хэлсэн. Үүнээс хойш тушаасан мөнгийг Д.Г бэлнээр авсан болох нь шүүгдэгч Д.Гын мэдүүлэг / 1-р хавтас 241-242 /, хохирогч С.Батсүхийн мэдүүлэг / 1-р хавтас 74-75 / зэргээр тус тус нотлогдсон, О.Тыг компанид мөнгө тушааж, гэрээ авах үед / хүчин төгөлдөр бус / Д.Г дээрх мөнгийг аваагүй байсан ба өөрөөр хэлбэл Д.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг нуун далдлах, учрах саадыг арилгах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай орон сууц захиалга гүйцэтгэх хүчин төгөлдөр бус гэрээ үзүүлж, хохирогч С.Батсүхэд итгэл төрүүлэн хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэсэн нь үндэслэлгүй, хохирогчийг ямар нэг байдлаар хуурч мэхлээгүй, компанид тушаагдсан мөнгийг Д.Г буцаан авсан болохыг хохирогчийн хэлснээр мэдсэн болно.
Мөн О.Т нь 5 сая төгрөгийг хохирогч С.Батсүхээс зээлж авсан бөгөөд үүнээс 570.000 төгрөгийг бэлнээр буцаан өгч үлдэх мөнгийг түүний байрны төлбөрт өгөхөөр тохиролцсон болохыг хохирогч С.Батсүх шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл 4.430.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г 2 хуваан авсан болох нь түүний мэдүүлгээр тус тус нотлогдсон, 4.430.000 төгрөг нь Д.Гын учруулсан хохиролд орсон байна.
Иймд шүүгдэгч О.Тд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 56А-42 тоотод байрлах “ Инел “ ХХК-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ Зайсан виллаже “ хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 155.612.000 төгрөгийг залилан авч ноцтой хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …” Зайсан виллаже “ орон сууцанд 3 өрөө, 75,34м2 талбай бүхий 43 тоот сууцыг грашийн хамт хямд үнээр авч өгнө гээд урьдчилгаа төлбөр хий, нэмж төлбөр хий, түлхүүрээ авчихлаа үлдэгдэл төлбөрөө хий гэж шаардан 155.216.000 төгрөгийг авч байрны түлхүүрийг өгсөн. Гэтэл уг байрыг Б.Халиунсүрэн гэгч авахаар компанитай гэрээ хийсэн байсан ба миний өөрт нь бэлнээр өгсөн болон компанид тушаасан мөнгийг компаниас буцаан авсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Батсүхийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 13-15, 74-75, /, …улсын комисс ажиллаж байх үед бүх гэрээгээ шалгаж үзэхэд 43 тоот гэрээ байгаагүй. Тэгээд борлуулагч нараас асуухад гэрээгээ цуцлаад мөнгөө буцаан авсан авсан гэсэн. Мөнгийг буцааж авахдаа Мөнхбат захирлын зөвшөөрлөөр гарсан гэсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ш.Сарантуяагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 16-17, 2 дугаар хавтас 65 /, … Г надтай өөрийн биеэр уулзаад манай компанийн барьж байгаа Зайсан виллаж хотхоны орон сууцнаас О.Т бид хоёр байр авна гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үеийн зах зээлийн ханшнаас хямдруулаагүй, 2.200.000 төгрөгөөр Г нартай гэрээ хийсэн. Ямарч байсан 2014 оны 06 сард шиг санаж байна. Г надтай хэд хэдэн удаа утсаар яриад “ С.Мөнхбат ахаа мөнгөний хэрэг болоод байна. Би удахгүй буцааж тушаана “ гээд байхаар нь Д.Год “ Чи мөнгө буцаан авах тухай хүсэлт бичээд ир. Тэгээд ав “ гэж хэлсэн. Энэ дагуу Д.Г хүсэлт бичээд ирэхээр нь би нягтлан Буянжаргал, Г.Отгонцэцэг нар руу утсаар хэлээд мөнгө авах хүсэлтийг нь цохож өгөөд явуулсан. Тэгээд Д.Г манай нягтлан нараас мөнгө аваад явсан байсан. Г бидний хооронд грашийн талаар ямарч яриа болоогүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Мөнхбатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 18-19 /, ... 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Г байр захиалсан гэрээний дагуу төлсөн мөнгийг гадаад явах шаардлага гарсан тул мөнгийг буцаан олгож өгнө үү гэсэн өргөдөл бичээд энэ өргөдлийг манай захирал С.Мөнхбат олгохыг зөвшөөрч цохолт хийгээд эхний удаад 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг гаргуулан авсан. Ингээд урьдчилгаа төлсөн 39.000.000 төгрөгийг буцаан авсан ба үлдсэн 4 сая төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Г буцаан авсан. Манай борлуулалтын албанаас түлхүүр аваагүй. 43 тоотын түлхүүр манай борлуулалтын албанд лацны хамт байсаар байгаа гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 20 /, …Мөнгө хүлээлцсэн акт /1 дүгээр хавтас 4 /, “ Инэл “ ХХК-ний харилцагчийн гүйлгээний хуулга / 1 дүгээр хавтас 204 /, гэрч /, мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Карбушевийн Сергейгийн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 52 /, ... үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4 дүгээр хавтас 42-44 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Гыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын тухайд: Хохирогч С.Батсүхэд учирсан 155.612.000 төгрөгний хохирлоос шүүгдэгч Д.Гын төлсөн 1.600.000 төгрөгийг хасч, үлдэх 154.012.000 төгрөгийг Д.Гоос гаргуулан хохирогч С.Батсүхэд олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч С.Батсүх нь “ Зайсан виллаже “ хотхоны орон сууцны 43 тоот байранд гал тогоо, ариун цэврийн өрөө болон хувцасны өрөөний тавилга хийлгэхэд нийт 9.000.000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, орлогын баримтын хуулбар / 2 дугаар хавтас 77-80 /, гэрч Карбушевийн Сергейгийн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 52 / зэргээр тус тус нотлогдсон, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцох үндэслэлтэй байна. Гэвч 2014.12.01-ний өдөр байрнаас гарахдаа уг тавилгыг эвдэж аваад Шадивланд байх зуслангийн контейнерт хийсэн гэх хохирогч С.Батсүхийн мэдүүлэг / 4 дүгээр хавтас 45 /, ...уг тавилгад үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4 дүгээр хавтас 42-44 / зэргээр уг тавилгуудын бүрэн бүтэн байдал алдагдсан, дээрх эд зүйлүүдийг 9 сая төгрөгөөр хийлгэсэн болох нь нотлогдсоор байхад 7.500.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ / 3 дугаар хавтас 162 / үндэслэлгүй байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирлыг тооцон гаргуулах боломжгүй байна. Иймд дээрх хохирлоо иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2b хэсэгт зааснаар ... шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхээр хангагдахад хүрэлцэхүйц хугацаа авах, мөн зүйлийн 3c-д заасан зохистой хугацаанд шүүлгэх эрхийг шүүх хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Г нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөсөө татгалзах, шинээр өмгөөлөгч авах зэргээр 2017 оны 05 дугаар сарын 09-нд шүүхэд хэрэг ирснээс хойш удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж нилээдгүй хугацаа өнгөрсөн боловч энэ хугацаанд хохирлоо төлөөгүй нь, эд хөрөнгөөрөө хохирсон хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Хохиролдоо өөрийн төрсөн эгч Д.Нарангэрэлийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10 дугаар хороолол, 13-р байрны 8 тоот 3 өрөө байрыг өгье гэж байгаа боловч дээрх байрны үнэлгээг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй, одоо хүртэл худалдан борлуулж хохирлоосоо төлөөгүй, өмчлөгч Д.Нарангэрэл нь “ Хэрвээ дүү маань ял шийтгэл авбал уг байраа шилжүүлэхгүй / 3 дугаар хавтасны 193 / гэсэн баталгааг гаргаж нотариотоор баталгаажуулсан байгааг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.Г нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 137 хоног, 2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 127 хоног, нийт 264 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, О.Тын Хаан банкны 5111174158, 5062120671 тоот данснуудыг битүүмжлэлээс чөлөөлөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “ Инэл “ ХХК болон О.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд биш тэдгээрийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Д.Г нь өөрөө байр худалдаж авч байгаа гэж С.Мөнхбатад ойлгуулсан болохыг хохирогч С.Батсүх мэдэж байсан, Д.Г, О.Т нар нь гэрлэлтээ 2015 онд цуцлуулсан бөгөөд “ Инэл “ ХХК-ний ажилчид болон С.Мөнхбат нар нь О.Т, Д.Г нарыг тусдаа амьдарч байгаа болохыг гэмт хэрэгт холбогдсон үеэс мэдсэн, Д.Г нь тэдгээрийг хуурч, О. Тын тушаасан мөнгийг буцаан авсан, байрны цоожны голыг сольж, хохирогчийг дээрх байранд оруулсан болохоо шүүгдэгч Д.Г мэдүүлсэн / 1 дүгээр хавтас 238 /, хохирогчийг дээрх байранд орсон болохыг “ Инэл “ ХХК мэдээгүй байсан зэргээр нотлогдсон тул иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ц.Дэлгэрням нар нь шүүгдэгч Д.Год бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, хохирогч С.Батсүхийн итгэмжлэн өгсөн буюу миний нэр дээр байр худалдаад аваад өгөөч гэсэн мөнгийг завшсан учир 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар зүйлчлүүлэх санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Г нь хохирогчийн хямдхан байр авах гэсэн сонирхлыг ашиглан түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2. 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос ....... овогт Очирбатын Тд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч .......... прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Донидын Год яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч ........ овогтой Донидын Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч Донидын Гыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч О.Т нь 3 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, хэрэгт битүүмжлэгдсэн О.Тын нэр дээрх Хаан банкны 5111174158, 5062120671 тоот данснуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоос 154.012.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батсүхэд олгож, хохирогч нь тавилгатай холбоотой нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхбатыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч О.Тд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг гаран авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих хэрэгтэйг дурьдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧИД С.ОЮУНЧИМЭГ
Б.ДУЛАМСҮРЭН