Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0307/Э |
Дугаар | 2022/ШЦТ/325 |
Огноо | 2022-03-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/325
2022 03 29 2022/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,
Улсын яллагч: Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч: Т.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороолол дахь Саруул хотхоны 23 дугаар байрны 83 тоотод В.Чанцалдуламтай хамт согтууруулах ундаа ууж согтуурсан байх үедээ харилцан маргалдаж улмаар түүний нүүр толгой тус газарт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, баруун гарын эрхий хуруунд шарх, баруун чамархай, дагзны хуйх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн гарын эрхий хуруу, зүүн өвдөгт цус хуралт, дух, эрүү, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, цээж, хэвлий, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун гарын ядам хуруу, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн дугаартай хэргээс:
Хохирогч Ч “...би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагаас Т.Нтэй хамт фитнест явж эхлэхээр шийдсэн.Тэгээд бид 2 гэрийн доор байдаг ресторанд орж тус бүр 3 ширхэг пиво уусан. Тэгээд дараа нь дэлгүүрээс 0.5 литрийн архи, чипс, шоколад аваад манай гэр рүү 21 цагийн үед хамт орсон. Тэгээд бид 2 архи 0.5-ийн архи хувааж уусан. Тэгээд би согтоод тасарсан. Дараа нь ухаан ороход миний дээр Т.Н гарсан байсан миний үснээс гараараа зулгайсан, нүүрний баруун талын нүдний хэсэг рүү гараараа олон удаа цохиж байсан. Тэгээд би Нарангэрэлтэй ноцолдож байгаад тэрнээс салж гэрээс гарсан. Тэгээд би орцны жижүүр эгчээс цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан, тэгээд цагдаа иртэл жижүүр эгчийн өрөөнд байж байгаад улмаар цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар Нарангэрэлийг цагдаагийн газар руу авч явсан.. Миний нүүрний баруун нүдний дээд хэсэгт сэтэрж цус гарсан, нуруу хөхөрч гэмтсэн, баруун талын хөлний өвдөг хөхөрсөн, шилбэ шүдний ором гарсан, нүүр шалбарсан, хоёр талын хацар хавдсан, хүзүүгээ эргүүлж чадахгүй байна. Хүзүүн дээр шүдний ором, боолтны ором үүссэн. Эрүү ангайж чадахгүй, хоол идэж чадахгүй байгаа. Баруун гарны сарвуу хэсэгт хөхөрч гэмтсэн. Гарын хумснууд хугарч гэмтсэн..Эмнэлэгт үзүүлсэн зардал болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Нийн яллагдагчаар өгсөн “....би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чанцалдулам бид 2 уулзаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Саруул хотхоны доор байдаг пабад ороод бид 2 пиво уусан. Тэгсэн чинь Чанцалдулам “хоёулаа манайд оръё манай гэрт хүн байхгүй, тэглээч би пиво уухаар бие өвдөөд байдаг” гэхээр нь би тэндэх тооцоог хийгээд тэндээс гарсан. Тэгээд Саруул маркетаас 0.5 литрийн Эдэн нэртэй архи авсан..тэгээд бид 2 гэрт нь ороод юм яриад сууж байсан тэгээд сүүлдээ маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгсэн чинь Чанцалдулам цагдаа дуудсан тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Чанцалдулам “чамайг танихгүй юм байна, мэдэхгүй юм байна, би иргэдийн төлөөлөгч” гээд хор малтаад байсан...Эхлээд бид 2 үсдэлцээд Чанцалдуламыг түлхэж унагаагаад дээр нь гараад өвдгөөрөө хөдөлгөөнгүй болгоод нэлээн ноцолдсон, тэгээд би гараа зангидаад уурласан байсан болохоор цохисон...Би цохисон нь үнэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү..” гэсэн мэдүүлэг /хх-н 30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №2350 дугаартай шинжээчийн:
“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн баримт /хх-н 16-17 дугаар хуудас/,
Хохирогч Ч эмнэлэгт үзүүлсэн бичиг болон гэмтсэн талаарх фото зургууд /хх-н 54-59 дүгээр хуудас/,
Хохирлын баримтууд /хх-н 51-53 дугаар хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-н 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 33 дугаар хуудас/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 34 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 35-38 дугаар хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-н 39 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 40 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 41 дүгээр хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-н 42-43 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-н 44 дүгээр хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороолол дахь Саруул хотхоны 23 дугаар байрны 83 тоотод В.Чанцалдуламтай хамт согтууруулах ундаа ууж согтуурсан үедээ хоорондоо зүй зохисгүй харьцан маргалдаж улмаар түүний нүүр толгой тус газарт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, баруун гарын эрхий хуруунд шарх, баруун чамархай, дагзны хуйх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн гарын эрхий хуруу, зүүн өвдөгт цус хуралт, дух, эрүү, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, цээж, хэвлий, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун гарын ядам хуруу, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Т.Нийн мэдүүлэг, хохирогч Ч мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2350 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Н нь хохирогч Ч биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал Т.Н нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Ч биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогчоос гаргасан гэм хорын хохирлын 1.794.500 төгрөгийн баримт /хх-н 51-53/ байх ба шүүгдэгчээс гэм хорын хохиролд 1.800.000 төгрөгийг төлсөн /хх-н 64/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Т.Нийг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.Нээс /гэм хорын хохиролд 1.800.000 төгрөгийг төлсөн/, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН