Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0146

 

 

 

 

 

 

 

Ч.Т-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэртэй, Ч.Т-н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч овогтой Т би улсад 24 жил тасралтгүй ажиллаж байна. Ам бүл 4, эхнэр Б.Б, охин Т.Н, Т.Л нарын хамт Баянхонгор аймгийн 3-25-26 тоотод амьдардаг. Бид 2010 онд Баянхонгор сумын 1-18-53 тоот дахь 1 өрөө байрыг худалдан авсан. Ингэхдээ эхнэр Б.Б-ийн цалингийн зээлээр худалдаж авсан бөгөөд 2008-2011 онуудад Б.Б нь хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлсэн. 2012 оны 8 дугаар сард Баянхонгор сумын 3-52-26 тоот дахь 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Бид гэрлэлтийн баталгаатай гэр бүл учраас энэ орон сууцыг дундын өмчид тооцож үл хөдлөх эрхийн гэрчилгээг авсан. 2014 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт авахаар материалаа бүрдүүлж татварын хэлтэст хүсэлт гаргасан. Гэтэл Баянхонгор аймгийн Татварын хэлтэс миний өргөдлийг хянаад уг үл хөдлөх эд хөрөнгийн хуваарьт хөрөнгө болсон байсан бол хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж болно гэж тайлбарласан ойлгомжгүй бичсэн албан бичгийг надад өгсөн, өөрөөр хэлбэл хувь хүнд гэсэн болохоос гэр бүлд хамаарахгүй гэсэн утгаар тайлбарласныг зөвшөөрөхгүй. Гэр бүлд амьдарч байгаа эхнэр нөхөр хувь хүн болно. Гэр бүлийн гишүүн болох эхнэр нөхөр нь тус тусдаа хувь хүн болох бөгөөд дээрх 2 байрыг авах бүртээ орлогын албан татварыг гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөс төлсөн. Тодруулбал уг байрыг худалдан авахдаа орлогын албан татвар төлсөн. Гэтэл 2013 оны татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээс хассан татварын хэлтсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 315 дугаар албан бичгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд Баянхонгор сумын 3-52-26 тоот байрыг хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулахгүй байгаа эс үйлдлийг зогсоож энэ хөнгөлөлтөд хамруулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд иргэн Чойжин овогтой Төмөрбаатарын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч Ч.Т-н эхнэр С овогт Б-н Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцанд хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлэхээр тус татварын хэлтэст 2009 онд хүсэлт гаргаж, улмаар 2008, 2009, 2010, 2011 онуудад татварын чөлөөлөлт эдэлж дууссан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 53 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Сартуул овогт Б, Т нар бүртгэгдсэн байна.

2. Нэхэмжлэгч Ч.Т нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай татварын хэлтэст “... эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002158 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Дуурсах 3 дугаар багийн 52 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай 64,3 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан тул хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002158 дугаарт бүртгэлтэй дээрх орон сууцны өмчлөгчөөр Т, Б нар бүртгэгдсэн байгаа юм. Албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолд “хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан “анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад ...” гэдгийг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдаж авсны аль нэгийг ойлгоно” гэсэн тайлбарыг харгалзаж үзэх хэрэгтэй. Эхнэр нөхөр 2 хамтран анх удаа орон сууцны зориулалтаар байр худалдан авсан ч тухайн үед нөхөр, эсхүл эхнэр нь ганцхан өөрийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч энэхүү чөлөөлөлтөд хамрагдсан бол эхнэр, эсхүл нөхрийн энэхүү чөлөөлөлтөд хамрагдсан бол эхнэр эсхүл нөхрийн энэхүү чөлөөлөлт эдлэх эрхэд нөлөөлөхгүй юм.

Учир нь дээрх хуулийн заалт зөвхөн хувь хүнд хамааралтай бөгөөд гэр бүлд гэж заагаагүй байна. Харин эхнэр нөхөр хамтран орон сууцны барилга барих эсхүл худалдан авч хоёулаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тохиолдолд зөвхөн аль нэг нь чөлөөлөлтөд хамрагдахаа өөрсдөө сонгох бөгөөд дахин эхнэр нөхөр тусдаа байр худалдан авч чөлөөлөлт эдлэх эрхгүй болж байна. Учир нь энэ нь тэрхүү эхнэр нөхөр хоёрын хоёр дахь байр болох юм. Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар тогтоолд зааснаар Ч.Т, Б.Б нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор сум 1-18-53 тоот хаягт байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа тул дээрх байр нь Ч.Т, Б.Б нарын 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хувьдаа худалдаж авсан анхны байр гэж ойлгож болно. Энэхүү байр дээр Ч.Т, Б.Б нарын хэн нь чөлөөлөлт эдлэхээ өөрсдөө сонгох бөгөөд тухайн байр дээр эхнэр Б.Б нь татварын чөлөөлөлтийг эдэлж дууссан. Ч.Т нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002158 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Дуурсах 3 дугаар багийн 52 дугаар байрны 26 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байгаа боловч энэ байр нь Ч.Т-н 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш худалдаж авсан 2 дахь байр юм. Иймд нэхэмжлэгч Ч.Т нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт заасан татварын чөлөөлөлтийг эдлэх боломжгүй байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Т-д хувь хүний албан татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байгаа Баянхонгор аймгийн татварын хэлтсийн эс үйлдлийг зогсоож, хувь хүний албан татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянхонгор аймгийн татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого”-д хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх эрх нь анх удаа орон сууц худалдан авах, анх удаа орон сууц барих иргэнд үүсэх эрх бөгөөд хамтран өмчлөгчид үүсэх эрх биш юм.

2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр худалдагч О-с худалдан авагч Б.Б орон сууц худалдан авахдаа хамтран өмчлөгчөөр Б, Т гарын үсгээ зурж, Н, Л нарыг төлөөлж асран хамгаалагч нь гарын үсэг зурсан байх бөгөөд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх нь гагцхүү худалдан авагч Б.Б-д үүсэх юм. Хамтран өмчлөгч Ч.Т-ыг худалдан авагч гэж үзвэл түүний охин Н, түүний хүү Л нар нь мөн адил эрх эдлэх ба Т, Н, Л нь бүгд дахин хувь хүний албан татварын хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй болно.

Харин гэр бүл болох Б, Т нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчаар гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн бол Б, Т нарын аль алиных нь хувьд анх удаа худалдаж авсан орон сууц болох байсныг дурдах нь зүйтэй байна. Иймд, Ч.Т нь хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж үзлээ” гэжээ. 

Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Т-н эхнэр С овогт Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцанд хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлэхээр тус татварын хэлтэст 2009 онд хүсэлт гаргаж, улмаар 2008, 2009, 2010, 2011 онуудад татварын чөлөөлөлт эдэлж дууссан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр С овогт Б, Н овогт Т нар бүртгэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Ч.Т нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай татварын хэлтэст “... эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002158 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Дуурсах 3 дугаар багийн 52 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай 64,3 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан тул хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөнд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002158 дугаарт бүртгэлтэй дээрх орон сууцны өмчлөгчөөр Н овогт Т, С овогт Б нар бүртгэгдсэн. Албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолд “Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан “... анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад ...” гэдгийг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдаж авсны аль нэгийг ойлгоно” гэсэн тайлбаруудыг харгалзан үзэх шаардлагатай.

Эхнэр, нөхөр хоёр хамтран анх удаа амьдран суух зориулалтаар байр худалдан авсан ч тухайн үед нөхөр, эсхүл эхнэр нь ганцхан өөрийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч энэхүү чөлөөлөлтөнд хамрагдсан бол эхнэр эсхүл нөхрийн энэхүү чөлөөлөлт эдлэх эрхэд нөлөөлөхгүй юм. Учир нь дээрх хуулийн заалт хувь хүнд хамааралтай байх бөгөөд гэр бүлд гэж заагаагүй байна. Харин эхнэр нөхөр хоёр хамтран орон сууцны барилга барих эсхүл худалдан авч, хоёул хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тохиолдолд зөвхөн аль нэг нь чөлөөлөлтөнд хамрагдахаа өөрсдөө сонгох бөгөөд дахин эхнэр, нөхөр тусдаа байр худалдан авч, чөлөөлөлт эдлэх эрхгүй болж байна. Учир нь энэ нь тэрхүү эхнэр нөхөр хоёрын хоёр дахь байр нь болох юм. Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар тогтоолд зааснаар Ч.Т, Б.Б нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор сум 1-18-53 тоот хаягт байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа тул дээрх байр нь Ч.Т, Б.Б нарын 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хувьдаа худалдаж авсан анхны байр гэж ойлгож болно. Энэхүү байр дээр Ч.Т, Б.Б нарын хэн нь чөлөөлөлт эдлэхээ өөрсдөө сонгох бөгөөд тухайн байр дээр эхнэр Б.Б нь татварын чөлөөлөлтийг эдэлж дууссан байна.

Ч.Т нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0320002158 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор сум, 3-52-26 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байгаа боловч энэ байр нь Ч.Тн 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өмчилж буй 2 дахь байр болох юм. Иймд нэхэмжлэгч Ч.Т нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт заасан татварын чөлөөлөлтийг эдлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Т-н эхнэр Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-18-53 тоот хаягт байрлах 18 м.кв бүхий 1 өрөө байрыг 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” болон Хаан банкны 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2158 дугаар Зээлийн гэрээний үндсэн дээр худалдан авч, уг байрны өмчлөгчөөр Ч.Т, Б.Б, Т.Л, Т.Н нар улсын бүртгэлийн Ү-0320000367 дугаарт бүртгүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

Дээрх байранд Б.Б 2009 онд хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлэхээр Баянхонгор аймгийн Татварын хэлтэст хүсэлт гарган, 2008-2011 онуудад татварын чөлөөлөлт эдэлж дуусжээ.

Харин нэхэмжлэгч Ч.Т нь эхнэр Б.Болор-Эрдэнийн хамт 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 63/т дугаартай “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-гээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 52 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 64.3 м.кв бүхий 3 өрөө байрыг захиалан бариулж, мөн уг байрны өмчлөгчөөр гэр бүлийн 4 гишүүн болох Ч.Т, эхнэр Б.Б, охин Т.Н, охин Т.Л нар бүртгүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, уг байранд Ч.Т хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр 2013 онд хандсан байх ба эхний жилд хөнгөлөлтөд хамрагдаж, дараагийн жилд хамрагдах боломжгүй гэж хүсэлтийг хүлээж аваагүй тул шүүхэд ханджээ.

Хариуцагчаас хөнгөлөлт эдлэхийг хүссэн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа шалтгаанаа “...эхнэр нөхөр 2 хоёул орон сууц худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан тохиолдолд зөвхөн аль нэг нь чөлөөлөлтөд хамрагдахаа өөрсдөө сонгох бөгөөд дахин эхнэр нөхөр тусдаа байр худалдан авч, чөлөөлөлт эдлэх эрхгүй болно. Учир нь энэ нь эхнэр нөхрийн 2 дахь байр болно...” гэсэн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нийцээгүй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Т-н хувьд хувь хүний орлогын албан татвар төлөгч мөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр заажээ.

            Хариуцагчаас татвар төлөгч Ч.Т-н хуульд заасан чөлөөлөлт эдлэх эрхийг түүний гэр бүлийн гишүүдийн 2 дахь байр гэдгээр, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Т-ыг түүний эхнэр Б.Б-н чөлөөлөлтөд хамрагдсан байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамрагдах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. 

Учир нь уг хуулийн дээрх заалтын хэрэгжих нөхцөлийг хангахад нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татвар төлөгч байх, хоёрдугаарт, анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авсан байх, мөн хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамрагдаагүй байх гэсэн шаардлага тавигдах бөгөөд  нэхэмжлэгч Ч.Т-н хувьд дээрх шаардлагууд хангагдсан гэж үзнэ.

            Хэдийгээр нэхэмжлэгч Ч.Т нь гэр бүлийн баталгаатай гэр бүлийн гишүүний хувьд дээрх байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч тусдаа хувь хүний орлогын албан татвар төлөгч болохын хувьд 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 63/т “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” –ээр анх удаа хувьдаа орон сууц бариулсан байх бөгөөд өмнө нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхдээ дээрх хуулийн чөлөөлөлтөд хамрагдаагүй байна.

            Иргэн Б.Б нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт заасан чөлөөлөлтөд хамрагдсанаар нэхэмжлэгч Ч.Т хамтран өмчлөгчөөр бүртгүүлснийхээ төлөө /өөрийн/ хувь хүний орлогоос хуульд заасан татвар төлж байсан татвар төлөгчийн хувьд дээрх чөлөөлөлтөөс хасагдаж, чөлөөлөлт эдлэх эрхээ хязгаарлуулсан гэж үзэхээр байна.

            Иймд, нэхэмжлэгч Ч.Т-ыг хувь хүний орлогын албан татвар төлөгчийн хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хүний орлогоос чөлөөлөгдөх эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.  

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ