Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0257

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 22 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0257

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б с м ХХК

Хариуцагч: А м г т г К х д, Б о а ж я, Б о а ж я а м т з ц д г а х

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Б с м” ХХК-ийн MV-021167 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах, мөн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, М.З, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, Ж.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б с м ХХК-ийн MV-021167 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Байгаль орчин, аялал жуучлалын яамны аялал жуучлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

 Б с м ХХК нь Кадастрийн хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаар шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Номгон сумын Булаг сүүж гэх газарт 2710,05 гектар талбайд ашигт малтмал хайх ХҮ-019597 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн авсан. Нэхэмжлэгч нь дээрх талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын нөөцийг тогтоон, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11/79 дугаартай тушаалын дагуу нөөцийг улсын эрдсийн санд бүртгүүлсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд (хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх) 21.1.3-1-д “хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах". 24 дүгээр зүйлийн 24.1-д ‘'хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхай талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх" гэж тус тус заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 634 дугаартай шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын Булаг сүүж гэх газарт 1389,37 гектар талбайд ашигт малтмал ашиглах, МҮ-021167 дугаартай тусгай зөвшөөрлийг 2048 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай авсан. Ийнхүү Б с м ХХК нь ашигт малтмал олборлоход шаардлагатай, хууль тогтоомжид заасан бүхий бичиг баримт, зөвшөөрлийг журмын дагуу авч ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажиллагаа хийж байхад буюу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаартай шийдвэрээр манай компанийн МҮ- 021167 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийг тэгш төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын сахилыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Тодруулбал, шийдвэрийн 1 дэх заалтад 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна” гэсэн бол уг Ажлын хэсгийн дүгнэлтийн 1-д Б с м ХХК-ийн эзэмшдэг МҮ-021167 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчны хортой нөлөө учруулж болзошгүй” гэжээ. Маргаан бүхий захиргааны акт болон Ажлын хэсгийн 2019/18 дугаартай дүгнэлтээс үзэхэд Б с м ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар “байгаль орчинд хортой нөлөөлж байгаа” хэмээн буруутгасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэлийг гаргасан.

Нэг: Байгаль орчинд хортой нөлөөлөөгүй тухай:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлд “байгаль орчин болон түүнд хортой нөлөөлөх” ойлголтыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,

Байгаль орчин: Хүний амьдрал, үйл ажиллагааны шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;

Байгаль орчинд хортой нөлөөлөх: Байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна.

Байгалийн баялаг буюу “ашигт малтмалын баялаг” Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-д Геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн эдийн засгийн ач холбогдол нь нарийвчлан үнэлэгдээгүй эрдсийн хуримтлалын хэсгийг улмаар мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “байгаль орчинд хортой нөлөөлсөн” үйлдлээс хамгаалагдах зүйл нь “газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар байна” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэж зааснаас үзэхэд шууд бодитоор хохирол учирсан байхыг ойлгох бөгөөд, тодруулбал, ус, агаар бохирдсон, ургамал, амьтан хордсон зэрэг нөхцөл байдал үүссэн, эдгээр нь нотлох баримтад үндэслэсэн мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх ёстой. Гэтэл хохирол учраагүй байхад 2019/18 дугаартай Ажлын хэсгийн дүгнэлтэд “байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” хэмээн дүгнэж, улмаар хариуцагч нь зөрчил гаргасан буюу “байгаль орчинд хортой нөлөөлсөн, хохирол учирсан” хэмээн манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй  байна.

Хоёр: Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэлийн тухай: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл нь “нутгийн захиргааны байгууллагын санал” байх бөгөөд уг саналд “байгаль орчинд хортой нөлөөлж байгаа” тухай дэлгэрэнгүй тодорхой заах ёстой байна. Гэтэл маргааны бүхий захиргааны актад заасан 2019/13 дугаартай Ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаартай албан бичигт  “манай компанийг байгаль орчинд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа явуулж байгаа” тухай нэг ч үг, үсэг, өгүүлбэр, утга санаа байхгүй юм. Харин уг албан бичигт "... Аж ахуйн нэгж иргэдийн дунд үйл ойлголцох байдал үүсч байна, Байгаль орчны тулгамдсан асуудал үүсэх эрсдэлтэй, Стратегийн гурван орд байхад хангалттай, өөр уул уурхайн олборлолтыг нэмэгдуулэхгуй байх талаар иргэд санал бодлоо илэрхийлж байгаа, уг асуудлаар Засгийн газрын тэргүүнтэй аймгийн удирдлага адил байр суурьтай байгаа, тусгай зөвшөөрлийг цуцлах, ирээдүйд бодлого төлөвлөлттэйгээр ашиглуулах” гэх зэргээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэлээс огт өөр хамааралгүй зүйлийн тухай дурдсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлд байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэг зүйлүүдийг тайлбарлаж бичсэн. Байгальд орчинд хортой нөлөөлөх гэдэг нь мөн хуулийн 3.1-д Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ гэж заасан. Байгаль орчин хордуулсан зөрчлийн хамгаалагдсан объектууд нь газар, түүний хөрс, ус, ургамал, агаар гэж заасан. Гэтэл бодит байдал дээр ус бохирдож ан амьтан үхэж үрэгдсэн зүйл болоогүй. Хортой нөлөөлж байгаа гэдэг нь нотлох баримттай хэрэгт баримтын хүрээнд байх ёстой. Гэтэл ийм зүйл ерөөсөө болоогүй. Энэ асуудлыг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсч байна.  Бид албан бичигтэй холбогдуулж аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Манайд хариу өгөхдөө энэ албан бичиг захиргааны акт биш улмаар танай эрх ашгийг зөрчөөгүй гэсэн. Харин ашигт малтмалыг цуцалсан акт нь ашигт малтмалын газраас гарсан учир та нар тус акттай маргаарай гэдэг хариу өгсөн. Өмнөговь аймгийн цуцлах бичиг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт хоёр нь нэг он сар өдөртэй байгаа. 2019 оны 8 дугаар сарын 20 гэж 2-уулаа 1 өдөр зэрэгцээд гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам саналаа ашигт малтмалын газар луу явуулах ёстой байтал аймгийн саналд үндэслэсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан акт нь 8 дугаар сарын 21-нд гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг өдрийн зөрүүтэй хоорондоо ярьж байгаад энэ актыг гаргасан. Ингээд үзэхээр ямар нөхцөл байдалтай хандсан бэ? гэдэг нь маш тодорхой байгаа. Тийм учраас маргаан бүхий акт нь хуульд заасан үндэслэж бодит нөхцөл байдалтай тохироогүй.

Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ажлын хэсгийн гишүүд нь нэхэмжлэгч компанийн уурхайтай холбоотой ярилцаж газар дээр нь очиж ажиллаагүй. Б с м ХХК нь ашигт малтмал олборлоход шаардлагатай, хууль тогтоомжид заасан бүхий л бичиг баримт, зөвшөөрлийг журмын дагуу авч, ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажиллагаа хийж байхад Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаартай шийдвэрээр манай компанийн МҮ-021167 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тодруулбал, 432 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтад 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна” гэсэн бол уг 2019/18 дугаартай Ажлын хэсгийн дүгнэлтийн 1-д "...Б с м ХХК-ийн эзэмшдэг МҮ-021167 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг дүгнэлт нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй “зөрчил гаргасан” болохыг тогтоосон, захиргааны акт байна. Маргаан бүхий захиргааны акт болох Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлт нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болно. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь нэхэмжлэгчийн компанийн буруутай үйл ажиллагаа байх ёстой төдийгүй, “байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэсэн зөрчил буюу буруутай үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу шалгагдаж, баримтаар тогтоогдож, улмаар хариуцлага хүлээлгэх үр дагавар үүсгэнэ. Гэтэл “зөрчил”-ийг нотолсон баримт байхгүй байхад ажлын хэсэг нь Б с м ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт гаргасан байна. Уг ажлын хэсэг нь шалгалт хийж дүгнэлт гаргах тухай нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, шалгалтын ажиллагаанд оролцуулаагүй, гомдол гаргах боломжоор хангаагүй, уурхайн талбайд очиж бодит байдалтай танилцаагүй. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “...мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч байгууллагын дээрх үйл ажиллагаа нь төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд газар дээр ажиллаагүй атлаа хэрхэн яаж зөрчил гаргасан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, ийм дүгнэлт гаргах үндэслэл болсон баримт, нөхцөл байдлыг манай компанид танилцуулаагүй болно. Хоёрт 2019/18 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийн агуулгаас үзэхэд хяналт шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан, хяналт шалгалтаар илэрсэн гэх байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй зөрчил нь хэрхэн тогтоогдсон, уг зөрчил нь аль хуулийн ямар заалтад нийцээгүй талаар актад огт дурдаагүй байх тул “зөрчил тогтоогдсон” гэж дүгнэх боломжгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д /ашиглалтын/ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлнэ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар гэж заасан. Мөн хуулийн 26  дугаар зүйлийн 26.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр заасан.  Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-д /улсын байцаагч/ хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лиценз, зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүр мөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр тус тус зааснаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч "...байгаль орчинд халтай хууль бус үйл ажиллагаа явуулсан” нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “дүгнэлт” гаргах үндэслэл болохоор байна. Гэтэл энэхүү тохиолдлын хувьд улсын байцаагчаас ямар нэгэн хяналт, шалгалт явуулаагүй, дүгнэлт гаргаагүй болно. Нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 122 дугаартай албан бичгээр дээрх 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан боловч хариу өгөөгүй тул дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

...Номгон нүүрсний уурхайд байнгын ашиглалтанд хүлээн авах комисс нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажиллаад 9 даалгавар өгсөн. Уг 9 зүйлийн 1, 2, 3,  4, 6, 7 дугаар заалтыг нэхэмжлэгч компани хангаагүй учраас тухайн компанид Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үүргээ хангалттай биелүүлээгүй гэдэг нь нотлогдож байгаа талаарх тайлбар ирүүлсэн. Уг албан даалгаврыг гүйцэтгэх хугацаа 3 сар байсан бөгөөд 3 сарын хугацаа нь 8 дугаар сарын 28-нд дуусах ёстой байсан. Улмаар зөрчил биш даалгавар юм. Уг албан даалгаврын төгсгөлд албан бичгээ дахиж бүрдүүлээд хандсанаар уурхайг ашиглалтад хүлээж авах боломжтой гэж үзэв. Дээрх албан даалгаврыг бүрэн гүйцэд хийснээр байнгын ашиглалтад хүлээж авах боломжтой гэж үзээд комиссын дарга гишүүд нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан. Даалгаварт дурдсан үйл баримт нь нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Бид дурдсан хугацаанд ус ашиглах дүгнэлт гаргуулсан. Гэрээ байгуулах гээд очиход танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан учир гэрээ байгуулах боломжгүй гэж хэлсэн. Тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гарахаас өмнө манайх дүгнэлтээ өгсөн байсан. Хайгуул хийгээд нөөц тогтоогоод үүнийгээ улсын эрдсийн санд бүртгүүлээд явж байгаа тохиолдолд нэн түрүүн ашиглалтын зөвшөөрөл өгөх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус талбай дээрээ хайгуул хийх онцгой эрхтэй юм. Онцгой эрхээ хэрэгжүүлээд байж байхад хамаагүй үндэслэлээр цуцалж байгаа үндэслэлийг нэхэмжлэгчийн зүгээс онцгой эрх зөрчиж байна гэж үзсэн. 599,000,000 сая төгрөгөөс илүү тоолж барамгүй зардал гаргаад явж байхад хэний ч санаанд оромгүй цуцалсан. Зөрчилтэй акт гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол гэж заасан. Төрийн захиргааны байгууллага 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/5820 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/18 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг үндэслэж ашигт малтмалын 021167 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон дарга хянаж, шинжлэх чиг үүрэг байхгүй. Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд байгаль орчны хамгаалах төрийн чиг үүргийн талаар зохицуулсан байдаг. 5.1-д Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Тийм учраас байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага энэ эрхийн хэмжээнд энэ ажлыг зохион байгуулсан гэж үзэж байгаа. Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 432 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Албан даалгаврыг яагаад өгдөг вэ? гэхээр зөрчил байгаа учир өгдөг. Уурхай эхлүүлээд уурхайг хүлээлгэж өгдөг. Гэтэл байгаль орчны төлөвлөгөө дүгнэлт нотолгоо байхгүй байхад яаж уурхай хүлээлгэж өгөх гэж байсан бэ? гэдэг асуудал байна. Комисс очиход 9 төрлийн шаардлага биелүүлээгүй байдаг. Ийм учраас боломжит хугацааг нь олгосон. Комисс ажиллаад очиход хүлээж авах боломжгүй зөрчлүүд байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 ны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2019/18 өдөр дүгнэлт гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, хүсэлт гаргах тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/230375 албан бичгийг үндэслэж нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа гэдэгт байгаль орчин түүний эд баялагыг бохирдуулах, муутгах, сүйтгэх мөхөөн үйлдэх зэрэг хамаарч байгаа. 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Иймд учирсан хохирлыг урьдчилан сэргийлэх байдлаар гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон гэж заасан. Үүний дагуу 8 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр Б с м ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэдэг албан бичгээр манайд хандсан байдаг. Үүний дагуу ажлын хэсгийн дүгнэлт гаргаж хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б с м ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ашигт малтмалын МV-021167 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах Булаг сүүж нэртэй 1389,37 гектар талбайд ашигт малтмалын МV-021167 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Б с м ХХК-д 2048 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Б с м ХХК-ийн Номгоны нүүрсний уурхайг байнгын ашиглалтад авах Улсын комисс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай албан даалгаврыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл биелүүлэх үүрэг өгсөн хугацаанд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019/12 дугаар дүгнэлтийг үндэслэн цуцалсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгийг үндэслэн Б с м ХХК-ийн эзэмшдэг МV-021167 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах”-аар дүгнэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгээр “...Б с м ХХК-ийн /МV-021167/ зэрэг аж ахуйн нэгжүүд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлуудаа эхлээд байна.

... Иймд үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, ... ” гэсэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

 Тус шүүхэд ирүүлсэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1-78 тоот албан бичигт “ ... Аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгээр Б с м ХХК-ийн үйл ажиллагааг цуцлуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн. Тус компанийн тухайд холбогдох хууль, журам зөрчсөнийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон баримт байхгүй бөгөөд уурхай нээгдсэнээр нутгийн иргэд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд үүсэх эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, цаашид байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалын ордыг бодлого төлөвлөгөөтэй хөгжүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах гэсэн орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын хүрээнд дээрх хүсэлтийг хүргүүлсэн.” гэжээ.

          Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 26 дугаар зүйлийн 1-д “... байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй, түүнчлэн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар “... орон нутгийн Засаг даргын саналын дагуу хяналт шалгалт хийлгүйгээр дүгнэлт гаргасан” болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан үйлдэл эс үйлдэхүй гаргасан эсэхийг тогтоох үүргээ биелүүлээгүй.

Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрлийг авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлж, уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тус төлөвлөгөөнд тусгах үүргээ биелүүлж, 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Б о а ж яаар батлуулах  /нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 35.151.380.00 төгрөгийг Номгон сумын Засаг даргын тамгын газрын дансанд байршуулсан/, 2019 онд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт батлуулсан, уурхайн зам хүртэлх хатуу хучилттай авто зам барих зураг төсөл, ТЭЗҮ, боловсруулах, нарийвчилсан үнэлгээ, технологийн замын шав тэмдэглэгээ, шимт бодисын овоолго, далан байгуулах, ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулжээ.

Хэдийгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны төв байгууллага буюу яам дүгнэлт гарсан тохиолдолд цуцлахаар заасны дагуу цуцалсан, манай буруутай үйл ажиллагаа байхгүй, хуулийн дагуу гарсан акт...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/18 дугаар дүгнэлтийн дагуу гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг буруутгах боломжгүй боловч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлт нэгэнт хууль бус болох нь тогтоогдож байх тул Б с м ХХК-ийн МV-021167 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/18 дугаар дүгнэлт, түүнийг үндэслэн гаргасан  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 432 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож,  Б с м ХХК-ийн МV-021167 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б с м ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Б с м ХХК-ийн ашигт малтмалын МV-021167 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН