Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1456

 

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01527 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Чойсонилинг” ХХК-д холбогдох

Татварын өр 207 700 416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Өлзийбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.  

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, И.Өлзийбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5313414 тоот регистрийн дугаартай "Чойсонилинг" ХХК нь "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 оны 07 дугаар сарын 02-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 75 420 305 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангаар 261 000 төгрөг, татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/0012131 тоот, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 240012404 тоот хяналт шалгалтын актаар 132 019 110 төгрөгийг 2014 оноос хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэн байна. Хариуцсан татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу дараах ажиллагааг явуулсан болно. Үүнд:

Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулахыг шаардсан мэдэгдэх хуудсыг гардуулсныг үндэслэн мөн хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу тус хэлтэст бүртгэлтэй "Хаан", "Худалдаа хөгжил", Голомт" банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан. Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулахаар эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өрийг гаргуулахаар өмчийн харилцааны газар, дүүргийн бүртгэлийн хэлтэс, үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авсан болно. Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т дээрх ажиллагаа болон шүүхэд нэхэмжлэх ажиллагааг давхардуулан явуулж болно гэж заасан байх тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Чойсонилинг" ХХК-ийн 2017 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд явуулсан үйл ажиллагаанд холбогдох татварын нийт өр төлбөр 207 700 416 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."Чойсонилинг" ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн тус оны 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр татварын хэлтэст бүртгүүлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 24/0012131 тоот, 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 24001204 тоот хяналт шалгалтын актуудаар манай байгууллагыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, зохих захиргааны хариуцлагыг оногдуулсан. Тус захиргааны зөрчлийг Өршөөлийн тухай хуульд хамрагдсан гэж үзэж байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 75 420 305 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах албан татварын тайлангаар 261 000 төгрөг гэж нэхэмжилснийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн74.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1,4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан хариуцагч “Чойсонилинг” ХХК-иас 160 108 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 47 591 485 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Чойсонилинг” ХХК-иас 958 494 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гансүх давж заалдах гомдолдоо “...Хариуцагч "Чойсонилинг" ХХК нь татварын тайлангаар үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 75 420 305 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 261 000 төгрөгийн өр төлбөрт маргаагүй. Татварын хяналт шалгалтын 132 019 110 төгрөгийн өр төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан гэж маргаан гаргадаг. Нэхэмжлэл гаргасан хяналт шалгалтын актын төлбөрийг татварын төрлөөр нь ялган үзвэл:

Татварын алдангийн орлого 19 054 891 90 төгрөг, татварын торгуулийн орлого 24 475 856 төгрөг, татварын хүү, торгуулийн орлого 60 737 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 88 427 624 төгрөг, нийт 132 019 110 төгрөг болж байгаа. Гэтэл шүүгч тооцооллын алдаа гарган татварын хүү, торгууль, алдангийн нийлбэр дүн 43 591 485 төгрөгийг 47 591 485 гэж тэмдэглэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд хариуцагчийн 160 108 930 төгрөгийг төлөх, 47 591 485 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Анхны ардчилсан сонгууль болож байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийг тухайн захиргааны шийтгэлээс чөлөөлж өршөөсөн байх тул хариуцагчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Хяналт шалтгалтын актаар ногдуулсан нөхөн татвар нь татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлйин 3.1-д заасан "татвар" гэх ойлголтод хамаарахгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ", 17.1.3-д "хуулиар ногдуулсан албан татвар төлөх", Татварын ерөнхий хуулийн 12 дутаар зүйлийн 12.1-д "Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч байна" гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл манай байгууллага нь хуулиар ногдуулсан татварыг төлөөгүй буюу нуун дарагдуулсан тул 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 24/0012131 тоот, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24001204 тоот хяналт шалгалтын актуудаар манай байгууллагыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж дараахь байдлаар хариуцлага оногдуулсан. Үүнд: 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 24/0012131 тоот актаар 70 072 596 төгрөгийн нөхөн татвар, 21 021 778 төгрөгийн торгууль, 21 751 326 төгрөгийн алданги, нийт 112 845 701 төгрөг. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24001204 тоот актаар 26 319 548 төгрөгийн нөхөн татвар, 4 454 077 төгрөгийн торгууль, 303 565 төгрөгийн алданги, 60 737 төгрөгийн хүү, нийт 31 137 928 төгрөг болсон байна.

Нөхөн татвар нь хуулиар ногдуулсан үүргээ биелүүлээгүй тул оногдуулж буй хариуцлага юм. Нөхөн татварыг татвар гэж үзэх боломжгүй. Учир нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд татварыг хуулиар бий болгох талаар хуульчилсан ба нөхөн татварыг хяналт шалгалтын актаар оногдуулсан.

Aнxaн шатны шүүх нь захиргааны байгууллагын зүгээс актаар оногдуулсан захиргааны хариуцлагыг татвар гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна", 10 дугаар зүйлийн 10.1-д "Энэ хуулийн 3.1-д заасан "гэмт хэрэг үйлдсэн хүн" гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна", 4 дүгээр зүйлийн 4.3-д "Хүуль тогтоомж зөрчиж захиргааны зерчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ" гэж тус тус заасан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагч “Чойсонилинг” ХХК-иас 75 681 305 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох" өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Чойсонилинг” ХХК-д холбогдуулан татварын өр 207 700 416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “75 681 305 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг нь өршөөлийн хуульд хамрагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/0012131 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актаар “Чойсонилинг” ХХК-д 112 845 701 төгрөгийн, мөн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 240012404 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актаар 31 137 928 төгрөгийн татварын өрийг тус тус нөхөн төлүүлэхээр акт тогтоосон үйл баримт тогтоогдож байна. /хх 17-18, 36-37/

 

            Анхан шатны шүүх дээрх 24/0012131, 240012404 дугаартай актуудаар тогтоогдсон 143 983 629 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 47 591 485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

            Хууль хэрэглээний хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн үйлчлэл хуулийн этгээдэд хамаарах эсэх талаарх хийсэн шүүхийн дүгнэлт буруу боловч нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгож буй 43 591 485 төгрөгийн хэмжээнд гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс диспозитив зарчимд нийцүүлэх үүднээс гомдлын хүрээгээр хязгаарлаж, хариуцагч “Чойсонилинг” ХХК-иас 164 108 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 591 485 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулав.

 

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...160 108 930.7 төгрөг...” гэснийг “...164 108 930.7...” гэж, “...47 591 485.5 төгрөг...” гэснийг “...43 591 485.5 төгрөг...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...958 494 төгрөг...” гэснийг “...978 495 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН