Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           С.Төртулах

                        Улсын яллагч                                          Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                              *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2132000000055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, """"""""""""" тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 103, мөн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 103А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Өндөр тайж овгийн ******* Батхүү /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Хайлаастын 52 тоот хашааны гадаа байсан иргэн ******* 91-41СЭА улсын дугаартай, “kia lotze” маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өглөө айлд архи уучхаад өдөр гарч яваад Ширхэнцэг уулын тэнд айлын гадаа явж байтал нэг машин зогсож байхаар нь очоод хаалгыг нь онгойлготол түлхүүр нь байж байхаар нь асаагаад унаж яваад төмөр замын 53-р точект Амараа ахынх руу явах гэж байгаад буруу зам руу ороод шаварт суугаад утас дуугарахаар нь аваад ярьтал эзэн нь машинаа авъя гэхээр нь би шаварт суучихсан байна гээд ярьсан. Тэгээд би унтаад өгсөн байсан. Орой 18 цагийн үед хоёр цагдаа ирээд намайг авч яваад би эрүүлжүүлэхэд орсон юм. Энэ зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. Энэ бол миний буруу. Миний алдаанаас болсон. Би ямар нэгэн зорилгогүйгээр авч явсан. Машиныг бүрэн бүтнээр нь эзэнд нь буцаан өгсөн...гэжээ.

 

Эрүүгийн  2132000000055 тоот хавтаст хэргээс:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эх ******* хамтаар Дарьт хөдөө хэсгээс Зүүнхараагийн төвд нарны толь /самбар/ янзлуулах зорилготой 14 цагийн орчим орж ирсэн. Зүүнхараагийн төвд орж ирээд өөрийн гэр Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг, Хайлаастын 52 тоот хашааны гадна өөрийн эзэмшлийн 91-41СЭА улсын дугаартай. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “kia lotze” маркийн тээврийн хэрэгслийг байршуулан гэрт ороод 20-30 минут орчим болоод гарч ирэхэд тээврийн хэрэгсэл байхгүй болсон байсан. ...Гэртээ орж байшингийн ард хэсгээс труба авах зорилготой орсон. Тухайн үед удахгүй гарч ирэх юм чинь гэж бодоод машины хаалгыг цоожлоогүй, жолоочийн талын цонхыг онгорхой орхиод гэртээ эх ******* бид хоёр орсон. ...2006 онд үйлдвэрлэгдэж 2013 онд Монгол улсад импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч миний найз Л.Ариунсанаагийн /88463282/ нэр дээр байгаа. Би уг машиныг 2021 оны хавар 03 дугаар сард худалдаж авсан. Нэр дээрээ шилжүүлэг хийж амжаагүй байгаа....Би тээврийн хэрэгслийг хүлээн авсан. Тээврийн хэрэгсэл дотор миний гар утас, түрүүвч, болон бичиг баримтаа бүрэн бүтэн хүлээн авсан. ...Би тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би өөрийн алдагдсан тээврийн хэрэгслийг 5000000 төгрөгөөр үнэлж байна. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл надад байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 13-14-р тал/,

               Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр өөрийн хүүхэд ******* хамтаар 14 цагийн орчим ******* 91-41 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Зүүнхараад ирсэн. Зүүнхараад орж ирээд өөрийн гэр болох Мандал сум 2 дугаар баг, Хайлаастын 52 тоот хашааны гадна машинаа байрлуулан гэрт ороод 20-30 минут болоод гараад ирэх хойгуур машин байхгүй болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Хүүхэд ******* эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “kia lotze”   загварын 5 хаалгатай, саарал өнгийн машин. Гадна өнгө үзэмж сайтай сэв зураасгүй тээврийн хэрэгсэл. ...******* бид хоёр гэрт орж юм аваад удахгүй гарч ирэх юм чинь гэж бодоод машины түлхүүрийг машин дотор үлдээгээд орсон. ...Хүүхэд ******* гар утас болон, түрүүвч, карт зэргийн эд зүйлс байсан. ...Газ бага зэргийн байгаа. Газан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл. ...Хүүхэд ******* хөдөө Дарьтад малаа үлдээчхээд ирсэн болохоор хүүхэд ******* мал руугаа явсан. Маргааш буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Зүүнхараад ирэх байх. ...Сэжиглэж байгаа хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

               Гэрч *******мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тээврийн хэрэгсэл алдагдсан гэх дуудлага мэдээллийн дагуу Хайлаастын 52 тоот хашааны гадна очсон. ...Тээврийн хэрэгсэл Мандал сумын төвөөс гарсан байж болзошгүй байх гэж бодоод эхлээд баруун тал руу алтны терм чиглэлтэй явж байхад алдагдсан 91-41 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шаварт суусан байдалтай жолоочийн суудал дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу хүн суудал дээр унтаж байсан. ...Уг хүн 30 орчим насны, эрэгтэй хүн байсан. Толгойны үс нь хоёр шанаа хэсгээрээ хусуулсан, толгой дээрээ үсээ боосон хүн байсан. Тэгээд уг хүний Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгч ажилласан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Өдөр 12 цагийн орчим Оожоо ахын гэрээс гараад Ширхэнцэг уулын чиглэлтэй явж байх замд саарал өнгийн жижиг тэрэгний цонх нь онгорхой байхаар нь уг машин руу очоод машины хаалгыг онгоолгож дотор нь суугаад уг машиныг асаагаад 253-р точикт байдаг Амараа гэх айлын гэр рүү явах гэж байгаад буруу зүг рүү яваад шаварт суусан. ...Би хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 54-66 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Хайлаастын 52 тоот хашааны гадаа байсан иргэн ******* 91-41СЭА улсын дугаартай, “kia lotze” маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 13-14 дугаар тал/, гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, Гэрч Д.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар  тал/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

         Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Батхүү нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Хайлаастын 52 тоот хашааны гадаа байсан иргэн ******* 91-41СЭА улсын дугаартай, “kia lotze” маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өндөр тайж овогт ******* Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ