Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/232

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0220/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Т.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- Т-ийн Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818004680239 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******   Дархан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б- Т-ийн Ц-, /Регистрийн дугаар: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Т.Ц- нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн худалдааны төвийн лангуун дээр иргэн А.Э-гийн мартаж орхисон Самсунг Жи-7 маркийн гар утсыг завшиж 820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ц- нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн худалдааны төвийн лангуун дээр иргэн А.Э-гийн мартаж орхисон Самсунг Жи-7 маркийн 820,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан болох нь:

Хохирогч А.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ээж А-ийн хамт 14:50 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багт байрлах Монос эмийн худалдааны төв рүү орж эм аваад гарахдаа тооцоогоо хийгээд лангуун дээр нь өөрийн эзэмшлийн 2017 оны Самсунг Жи-7 маркийн гар утсаа мартаж гараад эргээд очиход миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж камерыг нь шүүлгэхэд миний ард үйлчлүүлж байсан улаан цамцтай эмэгтэй миний 2017 оны Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлж авч байгаа нь камерын бичлэгт үлдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

Самсунг Жи-7 маркийн гар утсыг хураан авч иргэн А.Э-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зураг /хавтаст хэргийн 17-21-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 18-р хуудас/

Шүүгдэгч Т.Ц-ы: ”… Би 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14:50 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Бугант сумаас Дархан-Уул аймагт ирээд Дархан сумын 5 дугаар багт байрлах Монос эмийн худалдааны төв рүү эм авах гэж орсон. Би Монос дотор ороод лангуугаар нь явж байгаад худалдагч дээр нь очиж жирэмсний тест асуухад надад авч өгөх гээд цаашаагаа явсан. Би Монос худалдааны төврүү ороход надтай зөрөөд 2 эмэгтэй гарч байсан. Би лангуун дээр очоод мөнгө гаргаж өгөхөд миний урд худалдагчийн хажуу лангуун дээр нь хар өнгөгүй резин гэртэй гар утас байсан. Би тэр утсыг аваад надтай зөрсөн 2 эмэгтэйн утас юм болов уу? гэж бодоод аваад явсан. Би тэр 2 хүний утсыг өгөх гэж хайж яваагүй. Би зах ороод тосгон руу гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 17-р хуудас/ болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Т.Ц-ыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж “гээгдэл эд хөрөнгө завших” гэм хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.Э- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Т.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

     Шүүгдэгч нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан байх тул уг саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си-диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б- Т-ийн Ц-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Ц-аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си-диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД