Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2132001100120 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1970 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт С******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Маахуурын Гантөмөр/рд:*******/

 

Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл-2, ээжийн хамт *******,******* оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст аврагч, гал сөнөөгч ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Алтанчимэгийн Ганзориг/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

-Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *******,******* *******ийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *******,******* *******ийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2021 оны 08 дугаар сарын 02-нд эхнэрийн эгч Алтанцэцэгийн гэрт Цогбадрахын хамт очиж гар утас авахаар очоод гэрт нь Цогбадрах орсон. Ороод удаад байхаар нь би араас нь хашаанд нь ороод Цогбадрах ахыг дуудсан чинь Ганзориг гарч ирээд намайг хашаанд ориллоо гээд миний чихнээс зулгааж нүүр рүү цохиж зодсон. Тэгээд би уурлаад хашааны гадаа байсан тал тоосго. Аваад Ганзоригийн толгойн тус газарт нь нэг удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...2021 оны 08 дугаар сарын 02-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ унтаж  амарч байсан буюу орой 17 цагийн үед ээж гэнэт орилохоор нь сэрээд ээжээс юу болоод байгаа талаар асуухад Цогбадрах, Гантөмөр ах хоёр согтуу гэрт орж ирээд хэл амаар доромжилж агсан тавиад  байна гэхээр нь би Гантөмөр ахыг чирээд хашаанаас гаргаад Цогбадрах ахыг гаргах гээд зогсож байхад араас Гантөмөр ах миний толгой руу тоосгоор цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2132001100120 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ээлжээсээ 09 цаг өнгөрч байхад буугаад гэртээ ирээд амарсан юм. Унтаж байгаад нэг сэрсэн ээж ирчихсэн байсан. би буцаад унтсан бөгөөд унтаж байхад ээж зайл гээд орилсон тэгээд хартал ээжийн төрсөн ах Цогбадрах, төрсөн дүүгийн нөхөр Гантөмөр нар согтуу ирчихсэн байсан. Би юу болсон талаар асуухад Гантөмөр ах чинь гэрт шүлсээ хаяад намайг янз бүрээр доромжлоод байна гэж хэлэхээр нь би уурлаад яах гэж ирдэг юм гээд уг хоёр хүнийг гэрээсээ хөөсөн. Гэтэл чамд ямар хамаатай юм муу банди минь гээд Гантөмөр ах хэлэхээр нь бид хоёр хоорондоо барьцалдаж авсан юм. Би уг хүнийг гаргах гээд хашаан дотор нэлээн зууралдаж байгаад арай гэж хашаанаас гаргасан. Буцаад гэрт ороод ээжийн ахыг гаргах гээд буцаад гэр рүүгээ ороод уг хүнийг авч гаргасан. Хашааны хаалгаар гаргах гэж байтал толгой руу нэг юм цохисон бөгөөд би юу болсон талаар хартал Гантөмөр хашааны гаднаас тоосго авч шидсэн байсан. Тэгтэл толгойноос гэнэт цус гараад манараад доошоо суучихсан юм. Ээж хүүхэд аллаа гээд орилж байсан бөгөөд жаахан манарч байгаад босоод иртэл уг хүмүүс явчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд гэрийг нь заалгаж аваад яваад өгсөн юм. ...Би хэрэглээгүй байсан ба ээлжээсээ бууж ирээд амарч байсан. Харин тэр хоёр хүн согтуу ирчхээд манайд агсам согтуу тавиад байсан юм. ...Зүүн нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон бөгөөд тухайн үед хашаанаас гаргах гэж байхад баахан маажсан байсан. Хашааны ойролцоо Цогбадрахыг гаргах гэж байхад тоосго авч шидэж толгой хагалсан. ...Тухайн үед бие улаан эрээн болсон толгой хагарсан, зүүн нүдний доод хэсэгт язарсан байсан. Одоо эдгээр гайгүй болсон байгаа юм. ...Би нүүр рүү нь 1-2 удаа цохисон бөгөөд тухайн үед заамдалцаад ноцолдож байсан. ...Хүлээн зөвшөөрч байна. ...Би хууль дүрмийн дагуу шалгуулж шийдүүлмээр байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17-18 дугаар хуудас/

Хохирогч А.Гантөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Цогбадрахын хамт 16 цагийн үед манай эхнэрийн эгч Алтанчимэгийн гэрт гар утас авахаар очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очоод Цогбадрах орж авчхаад ирье гэж хэлчхээд гарч ирэхгүй удаад би араас нь такси хүлээгээд байна гэхэд Алтанчимэг эгч та хоёр нь нийлж архи уулаа гээд орж байхад Алтанчимэг эгчийн хүүхэд Ганзориг гарч ирээд гэрт орж ирээд агсан тавиад гэж хэлээд намайг газар унгаагаад миний хоёр чих болон хавирга хэсэгт цохиж намайг хашаанаасаа гаргасан. Тэгэхээр нь миний уур хүрээд хашааны хажууд байсан тал тоосгыг авч Ганзоригийн толгойн хэсэгт нэг удаа цохиод  Цогбадрахын хамт таксиндаа суугаад явсан. ...Согтуу орж ирлээ гэж маргасан. ...Би Ганзоригийн толгойн тус газарт нь нэг удаа цохисон. ...надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч М.Алтанчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Намайг гэртэй 18 цагийн үед хоол хийх гээд сууж байхад манай ах Цогбадрах орж ирээд надаас гар утас аваад цайгаа уугаад сууж байхад ардаас нь Гантөмөр согтуу орж ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхэд манай хүүхэд Ганзориг унтаж байгаад сэрээд Гантөмөрийн араас гарч та нар яах гэж архи уучхаад ирж манай ээжтэй хэрүүл маргаан үүсгээд байдаг юм гэж манай хүүхэд Ганзориг нь Гантөмөрийн хавирга хэсэгт 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд манай хүүхэд Ганзориг нь Гантөмөрийг хашаанаас түлхэж гаргачхаад эргэж хараад явж байхад нь Гантөмөр манай хүүхэд Ганзоригийн толгой хэсэгт тоосгоор 1 удаа цохиж толгойг нь хагалсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагат хандсан. ...Ганзориг нь Гантөмөрийн хавирга хэсэгт 2-3 удаа цохиж  харагдсан хоорондоо барьцалдаад байсан өөр аль хэсэгт нь цохисныг хараагүй ээ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №167 дугаартай дүгнэлт:

1.*******ийн биед толгой орой хэсэгт хуйханд шарх, баруун суганы ур дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэгт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралттай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №168 дугаартай дүгнэлт:

1.*******ийн биед зүүн гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсэг, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт шарх, баруун хацрын доод хэсэг, дээд уруулын баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх зүүн гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 34-35 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 82 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 83 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч  ******* нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17-18 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой оройн хэсэгт тал тоосгоор цохиж толгойн хуйханд язралт бүхий шарх, гараараа цохиж зодон баруун суганы ур дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэгт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 17-18 дугаар хуудас/,гэрч Ш.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №167 дугаартай дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 52 дугаар хуудас/зэрэг,

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17-18 цагийн орчим  *******,******* өөрийн хашаандаа хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч *******ийн зүүн гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсэг, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт шарх, баруун хацрын доод хэсэг, дээд уруулын баруун талд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/,гэрч Ш.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №168 дугаартай дүгнэлт/Хх-ийн 34-35 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 55 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

           

            Шүүгдэгч *******ийн гэмт үйлдлээс нь хохирогч *******ийн толгой орой хэсэгт хуйханд шарх, баруун суганы ур дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэгт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий гэмтэл учирсныг,

            Шүүгдэгч *******ийн гэмт үйлдлээс хохирогч *******ийн зүүн гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсэг, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт шарх, баруун хацрын доод хэсэг, дээд уруулын баруун талд зулгаралт бүхий гэмтэл учруулсныг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцох нь зүйтэй байна. Хохирогч *******, хохирогч ******* нар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн болно.

 

Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг шүүгдэгч нараар 05 сарын хугацаанд сард 100.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч С.Гантөмөр, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.2см урттай, 14.6см урт ажлын хэсэгтэй, 11.3см урт иштэй, “Silky chef” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хутгийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Маахуурын Гантөмөр, шүүгдэгч Сартуул овогт Алтанчимэгийн Ганзориг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч ******* оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/-н сарын хугацаанд сард 100000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нар нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 26.2см урттай, 14.6см урт ажлын хэсэгтэй, 11.3см урт иштэй, “Silky chef” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ