| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2017/1321/и |
| Дугаар | 1481 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 1481
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газрын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Нарангэрэлд холбогдох
25 188 031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхатан, Б.Давааням, Г.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Давааням, Б.Бадамхатан, Г.Гантулга
Хариуцагч: Б.Нарангэрэл
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Энхзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, Г.Гантулга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Албаны шалгалт явуулах тухай” удирдамжаар баривчлах, хорих ангиудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулахаар шийдвэрлэсэн. Шалгалтын бүрэлдэхүүнд Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн ахлах аудитор, ахлах дэслэгч Б.Бадамхатан, аудитор, дэслэгч Б.Давааням, санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, судалгаа хариуцсан, мэргэжилтэн, дэслэгч Б.Баттулга нар ажилласан ба Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны хооронд хяналт, шалгалт явуулсан. Шалгалтаар Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн тайлан, тесвийн гүйцэтгэл, албан хаагчдын цалин бодолт, авлага, өглөг, анхан шатны баримтын бүрдэл, хүчин төгөлдөр байдал, ажлын зохион байгуулалт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн бүртгэл зэрэгт хяналт шалгалт явуулсан. Дотоод аудитын шалгалтаар Б.Нарангэрэл нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530 492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6 649 079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2 212 800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15 589 660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдаж нийт 25 188 031 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан зөрчил илэрч энэ нь баримтаар тогтоогдсон. Хорих 421 дүгээр анги нь ялтан ажиллуулахдаа 57 000 000 төгрөгийн гэрээг санхүүгийн бүртгэлд тусгалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан "Ялтан гэрээгээр ажиллуулахад мөрдөх заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.2, Аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагатай ялтан ажиллуулах гэрээг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга нар харилцан тохиролцож байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү аж ахуйн газрын даргаар батлуулна гэсэн заалтыг зөрчиж ангийн даргаар гэрээ батлуулж, үүнээс 31 535 000 төгрөгийн гэрээг ахлан нягтлан бодогч Б.Нарангэрэл байгуулж гарын үсгээр баталгаажуулсан байна. Б.Нарангэрэлийн гаргасан дээрх зөрчил, үйлдлүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт, материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих, 20.1.7-д заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх естой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байсан. Мөн Б.Нарангэрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.4-т заасан жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох баталгаагаар хангагдана гэсэн заалтыг зөрчиж тогтоосон нормоос илүү хүнсний материал зарлагдаж эрх мэдлээ хэтрүүлсэн. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 3.7.5-д заасан кассын бэлэн мөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.8 дахь хэсэгт заасан ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй зөрчлүүдийг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хууль зүйн сайдын 2014 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хууль зүйн яам, түүний агентлаг, байгууллагын дотоод аудитын журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Хууль зүйн яам түүний харьяа агентлаг, байгууллага нь дотоод аудитын нэгж, дотоод аудитортай байна заасны дагуу дотоод аудитын нэгж болон дотоод аудитортой.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.7-д “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “аудитор гэж энэ хуульд заасан шаардлагыг хангаж, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийг хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.49-д “дотоод аудит гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу байгууллага дотроо хяналт шалгалт хийх дотоод аудиттай бөгөөд аудит нь шинжилгээний дагуу тогтоогдсон баримтын үндсэн дээрх зөрчлийг илрүүлж шийдвэр гаргадаг, дүгнэлт нь эрх бүхий шийдвэр юм.
Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтын зөрчил, баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанаар Хорих 421 дүгээр ангид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг 14 хоногийн хугацаанд арилгаж, хариуцсан албан хаагчдад төлбөр барагдуулах үүрэг өгч, дээрх хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хорих 421 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Нарангэрэлд 25 188 031 төгрөгийн төлбөрийн акт тавигдаж актыг хүлээн зөвшөөрсөн. Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2а/2810 дугаартай албан бичгээр Б.Нарангэрэлд хандаж 25 188 031 төгрөгийн төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар барагдуулаагүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор барагдуулж байгууллагыг хохиролгүй болгохыг мэдэгдсэн ч байгууллагад учруулсан хохирлыг арилгалгүй, тавигдсан төлбөрийг хувьдаа ашиглаагүйг батлах нотлох баримтыг байгууллагад ирүүлэлгүй өдий хүрсэн. Иймд хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530 492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6 649 079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2 212 800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлэн 15 589 660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан, нийт 25 188 031 төгрөгийн хохирлыг Б.Нарангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэгдсэн.
Шалгалтын бүрэлдэхүүнд Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн ахлах аудитор, ахлах дэслэгч Б.Бадамхатан, аудитор, дэслэгч Б.Давааням, санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, судалгаа хариуцсан, мэргэжилтэн, дэслэгч Б.Баттуяа нар ажилласан байсан ба Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд шалгасан байсан. Энэ шалгалтаар намайг дуудаж тайлбар авах байх гэж бодож байсан бөгөөд шалгуулж байгаа хүний хувьд намайг огт дуудаагүй. Миний хувьд өмнө нь Хорих 431 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын дагуу тус Хорих 421 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллах болсон. Би тус ангийн дарга н.Тэрбиштэй байгууллагын хөрөнгөний асуудлаас болоод маргалдан ангийн даргын байдалд нийцэж ажиллах боломжгүй болсон тул би өөрөө 2014 оны 10 дугаар сард шилжих өргөдлөө гаргасан. Касснаас бэлэн мөнгө баримтгүй гаргах, ангийн даргын хувийн мал нь албаны малтай холилдох зэргээр ангийн даргатай хамтран ажиллахад хэцүү болсон тул гарах өргөдлөө өгсөн.
Шалгалтын бүрэлдэхүүн ямар баримтаар дутагдал гаргаад байгаа талаарх баримтаа танилцуулаагүй. Хорих ангийн ахлах нягтлан бодогч худалдан авалт хийх эрхгүй. Ангийн хүнсний материалыг илүү зарлагдсан гэсэн нь тодорхой бус. Тооцооны нягтлан бодогч нь өдрийн хоолны тооцоо бодохдоо ялтны тоо авч гаргадаг ба үүнийг үндэслэн зарлагдах хүнсний материалын баримт дээр тоо бүртгэлийн байцаагч, тооцооны нягтлан бодогч, хоол хүлээн авсан ээлжийн дарга, хянагч, тогооч, материал олгосон нярав, хянасан ахлах нягтлан бодогч, баталсан ангийн дарга гээд нийт 7 хүн гарын үсэг зурж байж ахлах нягтлан бодогч зарлагддаг.
Шатахуунд илүү зарлага гаргасан асуудлыг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй. Төсвөөс хэтрүүлж өр үүсгэсэн асуудал байхгүй. Эрх мэдлээ хэтрүүлж, өдрийн албан хаагчдад 15 589 660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Системээрээ үнэгүй хоол иддэг бөгөөд үүнийг би ангийн даргатай ярилцаад тогтсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б.Нарангэрэлд холбогдох 25 188 031 төгрөг гаргуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2 080 000 төгрөг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхатан, Б.Давааням, Г.Гантулга нар давж заалдах гомдолдоо “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, иргэн Б.Нарангэрэлээс Хорих 421 дүгээр ангид учруулсан /дотоод аудитын шалгалтаар илэрсэн / хохирол болох 25.188.031 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны 11 хавтас санхүүгийн баримт /эх хувиар/ болон холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.
Тус баримт материалд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90 дүгээр эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хариуцагчийн хүсэлтийн дагуу/-ээр "Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд өдрөөр ажилладаг албан хаагчдад 15 589 660 төгрөгийн хүнсний материал хоолны рапортоор зарлагадсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.4-т "Жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох" зэрэг заалтыг зөрчсөн бөгөөд ажилчдын хоолонд өгсөн нь баримттай байна. Хувь хүнээс бараа материал худалдан авахдаа 530 492 төгрөгийн татвар суутган аваагүй, 2 121 800 төгрөгийн шатахуун үр ашиггүй зарцуулсан зэрэг нийт 18 241 952 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажиллаж байсан байна. Мөн хүнсний материал үндэслэлгүйгээр зарлагадсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгууллагад 6 946 079 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дүгээр "Б.Нарангэрэлд холбогдох иргэний хэрэгт дахин шинжилгээ хийсэн тухай" эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хариуцагчийн хүсэлтийн дагуу/-ээр "Шинжилгээнд ирүүлсэн баримтаар хүнсний материалаас 17 827 762 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр зарцуулж хохирол учруулсан, мөн хувь хүнээс бараа материал суутган авахдаа хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй 2 121 968 төгрөгийн, төсөв норм хэтрүүлэн зарцуулсан 20 894 160 төгрөгийн, нийт 23 016 128 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажилласан нь тогтоогдож байна." гэж тус тус тогтоосон.
Гэтэл шүүхээс Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн баримтууд болох 11 хавтас /анхан шатны санхүүгийн эх баримт баримтууд/-ыг шинжлэн судлалгүйгээр, дотоод аудит нь ямар баримтыг үндэслэн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, төлбөрийг ямар үндэслэлээр Б.Нарангэрэлээр төлүүлэхээр шийдвэрлэсэн талаарх баримтгүй байгаа, энэ нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. /Иргэн Б.Нарангэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530 492 төгрөгийн суутгал хийгээгүй зөрчил, ангийн хүнсний материалд 6 946 079 төгрөг илүү зарцуулсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15 589 660 төгрөгийн хүнсний материал зарлагадсан нь Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн баримт №1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10-аар, шатахуунд 2 121 800 төгрөгийг илүү зарлагадсан нь тус ангийн №9, 11 дугаар түлш, шатах тослох материалын тайлангийн баримтаар тус тус тогтоогдож байгаа болно/
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй", Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна" гэж тусгайлан зохицуулсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталсан гэх боловч Б.Нарангэрэлд танилцуулан баталгаажуулсан нь тогтоогдоогүй тул түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх боломжгүй гэж шүүхээс түүний ажлын байрны тодорхойлолтой танилцсан гэж шүүх хурал дээр мэдүүлсэн тайлбарыг болон бусад хууль, журамд заасан эрх, үүргийн үнэлэлгүйгээр дүгнэсэн.
Иргэн Б.Нарангэрэлийн хувьд Хорих 421 дүгээр ангид ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно", 20 дугаар зүйлийн 20.1.4-т “хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих", 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг нягглан бодогчийн үйл ажиллагаанд хориглоно", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.4-т “жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох" зэрэг заалтуудыг зөрчиж, хуулиар олгоогүй эрхийг эдэлж, санхүүгийн сахилга батгүй ажилласанаас байгууллагад хохирол учруулсан.
Ахлах нягтлан бодогч нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу төсвийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулж, ангийн бүх төрлийн хөрөнгийн худалдан авалт болон зарцуулалтын анхан шатны баримтан дээр 2 дугаар гарын үсэг зурах, төрийн өмч, төсвийн хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх, холбогдох албан тушаалтны гаргасан санхүүгийн тайлан мэдээг хянах, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, томилох чөлөөлөх журам"-ын 4.1, 4.2, 4.3 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ"-ийг, ялтны хүнсэнд хүнсний материал зарцуулахдаа тус ангид хоригдож байгаа ялтны тоог үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 1994 оны 25 дугаар "Хоригдлын хоол, хувцас, ор дэр, хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл, хорих газраас суллагдсан хүмүүст хувцас норм, зааврыг батлах тухай" тушаалаар батлагдсан нормыг тус тус баримталдаг.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга Ш.Эрхэмбаярын аман шийдвэрээр албан тушаалын байдлыг харгалзан төлбөрийг хувьчилж тогтоосон, холбогдох этгээдийн баримтгүйгээр төлбөрийг тухайн үед ажиллаж байсан алба хаагчдад хуваарилсан гэж шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, санхүүгийн сахилга батгүй ажилласан үйлдлээр байгууллагад учруулсан нийт 25 188 031 төгрөг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дүгээр эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчдийн зардал болох 2 080 000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Нарангэрэлээс гаргуулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хариуцагч Б.Нарангэрэлд холбогдуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийгээгүй 530 492 төгрөг, ангийн хүнсний материалд илүү зарцуулсан 6 946 079 төгрөг, шатахуунд илүү зарлагдсан 2 212 800 төгрөг, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж хүнсний материалд илүү зарлагадсан 15 589 660 төгрөг, нийт 25 188 031 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Албаны шалгалт явуулах тухай” удирдамжийн дагуу Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний ахлах аудитор, ахлах дэслэгч Б.Бадамхатан, аудитор, дэслэгч Б.Давааням, санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Баттуяа нар хорих 421 дүгээр ангийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, уг шалгалтаар тус ангийн хэмжээнд хувь хүнээс 21.2 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 2 121 968 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй, ангийн хүнсний материалд 17 827 762 төгрөг илүү зарцуулсан, шатахуунд 5 304 500 төгрөгийг илүү зарлагадсан, өдрийн албан хаагчдад эрх хэмжээг хэтрүүлж 15 589 660 төгрөгийг хүнсний материалд илүү зарлагадсан, нийт 40 843 890 төгрөгийн зөрчил, дутагдал гаргасныг холбогдох албан тушаалтнуудад төлбөрийг хувь ногдуулан хариуцуулж, тус ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан хариуцагч Б.Нарангэрэлд холбогдуулан нийт 25 188 031 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Б.Нарангэрэл нь өөрт ногдох төлбөрийг хүлээн зөвшөөрсөн боловч барагдуулаагүй байх ба дотоод аудитын хяналт шалгалтыг эс зөвшөөрч эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2016/0215 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Хорих 421 дүгээр ангийн хүнсний материалын тайлан зарлагын журналтай анхан шатны баримтаар тулган шалгахад өдрөөр ажилдаг албан хаагчдад 15 589 660 төгрөгийн хүнсний материал хоолны рапортоор зарлагадсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.4-т “Жижүүргийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох” зэрэг заалтыг зөрчсөн бөгөөд ажилчдын хоолонд өгсөн нь баримттай байна. Хувь хүнээс бараа материал худалдан авахдаа 530 492 төгрөгийн татвар суутган аваагүй, ...2 121 800 төгрөгийн шатахуун үр ашигггүй зарцуулсан зэрэг нийт 18 241 952 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажиллаж байсан байна. Мөн хүнсний материал үндэслэлгүйгээр илүү зарлагадсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгууллагад 6 946 079 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна. Б.Нарангэрэл нь 25 188 031 төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоо нь илрүүлсэн зөрчлийн хувьд тооцоолол нь үнэн зөв хийгдсэн байна...ХХОАТатварт 530 492 төгрөг, хүнсний материал илүү зарлагадсан 6 946 079 төгрөг, нийт 7 476 571 төгрөгийг төлөхөөр байна” /хх 32-34, 97-99/,
мөн хариуцагчийн өмгөөлөгч нь уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШТ2016/00802 дугаартай шүүхийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хүнсний материалаас 17 827 762 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр зарцуулж хохирол учруулсан, мөн хувь хүнээс бараа материал суутган авахдаа ХХОАТатвар суутгаж төсөвт төлөөгүй 2 121 968 төгрөгийн, төсөв норм хэтрүүлэн зарцуулсан 20 894 160 төгрөгийн, нийт 23 016 128 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажилласан нь тогтоогдож байна...дотоод аудит нь ямар эрх зүйн үндэслэлээр ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав нарт хувь ноогдуулан төлбөр тогтоосон нь тодорхойгүй байх тул эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна” /хх 128, 139-141/ гэжээ.
Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШТ2016/00931, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШТ2017/00074 дугаартай шүүхийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, тус хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/5406, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04/1354 дугаартай албан бичгээр “...нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолд тавьсан асуултууд өмнө гаргасан 90, 181 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Харин зөрчил, дутагдлыг хэрхэн хуваасан талаарх холбогдох нэмэлт баримт ирүүлээгүй байна” гэж шинжилгээ хийлгэхээс татгалзсан хариуг ирүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх 173-177, 179, 191-195, 198/
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ.
Хариуцагч Б.Нарангэрэл нь хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд менежер /төсвийн шууд захирагч болох ангийн дарга/-тэйгээ үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.4-т заасан ялтны хувцас, хоол хүнсний хангалт болон ахуй нөхцлийг зохих журмын дагуу хангаж ажиллах үүргийг хүлээсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт “дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж өгөөгүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу уг ажил үүрэгтэй холбоотой байгууллагад учруулсан хохирлыг төлөх үндэслэлтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ хийхээс татгалзсан албан бичгийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Нарангэрэлд холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд болох 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заагдсан хорих ангийн хүнсний материалд илүү зарлагадсан 6 946 079 төгрөгийг хариуцагч Б.Нарангэрэлээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Б.Нарангэрэлээс шинжээчийн зардалд 574 000 төгрөгийг гаргуулж “Лэндс” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Нарангэрэлээс ангийн хүнсний материалд илүү зарцуулсан 6 946 079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 241 952 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 1 506 000 төгрөг, хариуцагч Б.Нарангэрэлээс 574 000 төгрөгийг тус тус гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЦОГТСАЙХАН