Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00743

 

МТ п ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 876 дугаар магадлалтай,

МТ п ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Ц”ХХК-д холбогдох

527 194 272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Т Ц”ХХК-тай 134/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 135/16 тоот Барьцааны гэрээг тус тус 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 8 удаагийн худалдан авалтаар 299 340 700 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авсан. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байснаас эрэн сурвалжлах нэхэмжлэл гарган, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж энэ оны 09 дүгээр сард оршин суугаа хаяг нь тогтоогдсон. 134/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу Худалдан авагч нь зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МТ П ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499088657 тоот данс, Хаан банк дахь 5028129620 тоот дансанд тус тус шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2016 оны 10 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 134/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 149 670 350 төгрөг, хүү 78 183 222 төгрөг, нийт 527 194 272 төгрөгийг “Т Ц”ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 135/16 тоот Барьцааны гэрээг байгуулсан тул тухайн гэрээний барьцааны зүйл Улсын бүртгэлийн Ү-0000000000, гэрчилгээний 0000000000 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 0000000000 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг гаргуулна гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т Ц”ХХК нь уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. МТ п ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шатахууныг зээлээр авч ашигласан боловч явуулж байсан үйл ажиллагаа нь тогтворгүй болсноос үр дүн гараагүй учир гэрээний төлбөрийг төлж чадаагүй байдаг.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2, 263.2.3-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээг тодорхой хугацаатай гэрээнд заасан байхыг хуульчилсан. Гэтэл маргаан бүхий гэрээний 5.2-т заасан нь нэг удаагийн шинжтэй юу эсхүл төлбөрийг төлөөгүй бол 2 хувийн хүү тооцох уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл тухайн гэрээний хугацаа дууссан байгаа, хүүг тухайн гэрээний хугацаагаар л тооцох ёстой байтал нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаагаар тооцсон байна. Иймд гэрээний дагуу үндсэн төлбөр 299 340 700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний 5.2-т зааснаар хүү гэж 78 183 222 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцож нэхэмжилсэн хирнээ давхар хүүг 2 хувиар тооцон шаардаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хүүг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д алдангийг хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх багасгаж болно гэж заасны дагуу алдангийн хэмжээнээс багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Ц”ХХК-аас нийт 462 348 678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ п ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 64 845 594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл Улсын бүртгэлийн Ү-0000000000, гэрчилгээний 0000000000 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000542178 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2 793 922+70 200/ нийт 2 864 122 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Т Ц”ХХК-аас 2 539 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ п ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 876 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Ц”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсэг, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч тал алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг багасгаж өгөхийг шүүхээс хүссэн боловч энэхүү хуульд заасан энэхүү хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тогтоосон талаар нотлох баримтыг хариуцагч тал гаргаж ирүүлээгүй тул түүний хүсэлтийг харгалзан үзэх боломжгүй байна гэж дүгнэлээ...” гэж үзсэн нь иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хууль тогтоогч нарын зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг тайлбарлахдаа үүрэг гүйцэтгэгч этгээдийн үүргээ зөрчсөн нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон шалтгаан, түүний гэм буруугийн хэлбэрийн хэр хэмжээ, төлбөр төлөх төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн хэмжээг багасгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагч талаас төлбөрийн чадваргүй болсонтой холбоотой баримтууд ирүүлээгүй нь тухайн хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь тухайн хуулийн заалтын хэрэгжих бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал хариуцагч “Түмэн цэгц” ХХК-ийн хувьд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16/16 тоот албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/13 тоот албан бичгүүдээр төлбөр төлөх боломжгүй байгаа шалтгаан нөхцөлөө тайлбарлан мэдэгдэж байсан, мөн энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч эвлэрэх саналыг удаа дараа гаргаж байсан зэрэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь зүйл заалтыг хэрэглэх үндэслэл болохоор байна. Хариуцагчийн зүгээс одоо үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг тодорхой хувиар багасгаж бидэнд боломж олговол 2019 онд багтан төлбөл зохих төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлт эрмэлзэлтэй байна. Иймд шийдвэрийн зарим хэсэгт, магадлалыг хүчингүй болгож хугацаа хэтрүүлсэн алданги 149 670 350 төгрөгөөс 50 000 000 төгрөгийн алдангийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бууруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч МТ п ХХК нь хариуцагч “Т Ц”ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 299 340 700 төгрөг, алданги 149 670 350 төгрөг, хүү 78 183 222 төгрөг, нийт 527 194 272 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч гэрээний үндсэн төлбөрийг зөвшөөрч, алданги, хүү төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 462 348 678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэсэн боловч гэрээний нөхцөлийг зөв тодорхойлж чадаагүйгээс хариуцагчийн үүргийн хэмжээг зөв тогтоогоогүй байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тохиролцоог  зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Гэрээний үүргийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-0000000000, гэрчилгээний 0000000000 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байрлах 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 0000000000 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байршилтай, 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. /хх 13/

Шүүх зээлээр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг гэрээний талууд маргаагүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 299 340 700 төгрөгийн шатахуун нийлүүлсэн талаар талууд тооцоо нийлсэн, гэрээний 3.2-д заасан “...худалдан авагч нь барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МТ п ХХК-ийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх” үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.

Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор зээлийн гэрээний 3.3-т талууд тохирсон, “Т Ц”ХХК-иас үндсэн төлбөр 299 340 700 төгрөг, алданги 149 670 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Харин хүүд 13 337 628 төгрөгийг гаргуулахдаа шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.3-т заасан хэм хэмжээг анхаараагүй, гэрээний нөхцөлийг тайлбарлаж чадаагүй нь буруу болжээ.

Талууд гэрээнд “төлбөл зохих хүү”-гийн хэмжээг заагаагүй, гэрээний хариуцлага гэх хэсэгт хамаарах гэрээний 5.2-т “Гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2%-ийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй” гэж заасан тохиролцоо нь хэсэгчлэн төлөх үед төлөх хүү бус, хариуцлага тооцох агуулгатай тул гэрээний үндсэн үүрэг гэж үзэхгүй. Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд төлөх хүүг хэлбэрийн хувьд заагаагүй боловч үнийн дүнд багтсан бол тусгайлан заагаагүй байж болно. Талууд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлбэл алданги тооцохоор гэрээнд заасан, нэхэмжлэгч нь алданги шаардсан, шүүх хангаж байгаа тул хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд 13 337 628 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 876 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...462 348 678...гэснийг 449 011 050...гэж, ...64 845 594...гэснийг 78 183 222 гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...2 539 893...гэснийг 2 403 005...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА