Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0043

 

Иргэн А.Ж ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Б.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн А.Ж ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, намайг ажилд минь эргүүлэн томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Ж  нь 2009 оны Засгийн газрын 90 дугаар тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 2.1.1-т хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх заалтыг зөрчиж албан үүрэгтээ хайнга хандсан, 2013 о.ны 12 дугаар сарын 25-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гаргасан өргөдөлдөө үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. К  ТВ, Цахилгааны кабель утас, бутлуурын бул, гадар даавуу, дотор даавуу, гялгар уутны бэлдэц, хулдаас, хөрөөний суурь машин зэрэг 97 409 013,72 (Ерэн долоон сая дөрвөн зуун есөн мянга арван гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн татварын үнийн дүнтэй бараанд буюу 09-21 УНӨ дугаарын автомашинд ачигдсан бараанд Маягт №2-оор дөрвөн иргэний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж 1 300 000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгийн татварыг тушаасан, 41-62 УНП дугаарын автомашинд ачигдсан бараанд Маягт №2-оор хоёр иргэний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж 500 000 (таван зуун мянга) төгрөгийн татварыг тушаасан байдал нь 95 609 013, 72 (Ерэн таван сая зургаан зуун есөн мянга арван гурван төгрөг далан хоёр мөнгөний) дүнтэй барааны гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийгээгүй үйлдэлд А.Ж  гаалийн хяналт тавиагүй хайнга хандаж, улмаар татвараас зайлсхийх нөхцөл бүрдсэн юм. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 4.1.7-д гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгох гэсэн заалтыг А.Ж  зөрчсөн байна. Гаалийн ерөнхий газрын даргын Б/409 дүгээр тушаалын хувьд Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 6.1 дэх хэсэгт Энэхүү дүрмийн 2.1-д заасныг зөрчсөн гаалийн улсын байцаагчийн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуулийн 26.1, Гаалийн тухай хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан нь Гаалийн ерөнхий газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд иргэн А.Ж ийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрээр: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн Нэгийн 14, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2, 284.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг хүчингүй болгож,

2. А.Ж ийг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг шүүх гүйцэтгэнэ гэж заасан. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15 дугаар хуудсанд Гэсэн хэдий А.Ж т хорооны дарга н.Б гээс ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргийг тусгайлан хийхийг зааварчлаагүй, гаалийн улсын ахлах байцаагчийн албаны чиг үүрэг буюу ажлын байрны тодорхойлолттой албан ёсоор А.Ж  танилцаагүй, зөвхөн О.Ш ийн тээврийн хэрэгсэл бүртгэж, гаалийн улсын байцаагчдыг хуваарилах гэсэн зааварчилгааны дагуу түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоосон гэсэн дүгнэлт өгсөн атлаа 10 дугаар хуудас ... гэрч Ш ийн өгсөн мэдүүлэг дээр ажлын шаардлагаа өндөржүүл гэснийг шүүгч гээгдүүлэн нотлох баримтыг үнэлж байгаа нь үнэн зөв, эргэлзээгүй үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

Шүүх А.Ж  ёс зүйн хувьд алдаа гаргаж хайнга хандсаны улмаас хүнд даацын 09-21 УНӨ, 41-62 УНП дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан 95 609 013, 72 (Ерэн таван сая зургаан зуун есөн мянга арван гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн бараанаас нийтдээ 1 800 000 (Нэг сая найман зуун мянга) төгрөгийн татвар авч түүний эс үйлдэхүй нь татвараас зайлсхийх боломж олгосон нь эдийн засгийн үр дагавар үгсэж, татвараас зайлсхийх нөхцөл бүрдүүлсэн нь угаасаа хүндрүүлэн үзэх нөхцөл юм. Мөн А.Ж  гаалийн хяналт тавиагүй хайнга хандсанаа хүлээн зөвшөөрөөд байхад зөвхөн ёс зүйн хувьд л гэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэ үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт ... сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан учир хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэг. Маргаан бүхий захиргааны актаар Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.7, 6.1 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг баримтлан гаалийн улсын ахлах байцаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд зохих хяналтыг тавилгүй хайнга хандаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож, үгсэн хуйвалдсан гэх үндэслэлээр гаалийн улсын байцаагч А.Ж т гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хариуцагч тушаалдаа Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.7 /гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгох/, 6.1 /Энэхүү дүрмийн 2.1-д заасныг зөрчсөн гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуулийн 26.1, Гаалийн тухай хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/ дэх заалтуудыг баримталсан нь тэрээр А.Ж  гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн болон захиргааны хариуцлага бус сахилгын шийтгэл хүлээнэ гэж үзсэн байна. Мөрдөн байцаах байгууллагаас ч түүнийг гэмт хэрэгт холбогдуулж шалгаагүй бөгөөд эрүүгийн хэрэгт зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан нь цугларсан баримтуудаар тогтоогджээ.

 

Тиймээс шүүх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан А.Ж т эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн эсэхийг дүгнэхээс илүүтэйгээр хариуцагч байгууллага дотоодын хяналт шалгалтыг хэрхэн явуулж А.Ж ийг Гаалийн улсын байцаагчийн ёс зүй болон сахилгын дүрэм зөрчсөн гэж үзсэн, шийтгэл ногдуулахдаа Сахилгын дүрмийн 6.2-т заасан нөхцөл байдлыг буюу зөрчил үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагаврыг хэрхэн тогтоосныг буюу сахилгын шийтгэл ногдуулсан үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг тодруулах, үүний тулд Гаалийн ерөнхий газраас шалгалттай холбоотой баримтуудыг, түүний дотор Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралтай холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай байжээ.

 

Гэтэл шүүх дурьдсан баримтууд хэрэгт авагдаагүй байхад маргааны үйл баримт буюу захиргааны акт гаргасан хариуцагчийн үйл ажиллагаанд шууд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болно.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэд явуулаагүй атлаа Сүхбаатар аймгийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн хэргийг шалгах явцад бүрдүүлсэн материалуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж А.Ж ийн үгсэн хуйвалдсан, гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсонгүй гэх дүгнэлтийг хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалттай нийцэхгүй байна.

 

Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчаас зарим баримтуудыг гаргаж өгсөн, шүүх тэдгээрийг судалж, шаардлага хангуулах талаар тусгагдсан боловч хэрэгт тухайн баримтууд хавсаргагдаагүй байна.

 

Хоёр. Нэхэмжлэгч А.Ж  Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн эсэхийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан гомдол гаргах хугацааг сэргээх тухай хүсэлтэд ямар дүгнэлт өгсөн нь тодорхойгүй үлджээ.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Б.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР