| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/08 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/08
2020 01 08 2020/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Дамдиндорж,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Уд холбогдох эрүүгийн 1934005560528 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийгмийн эрүүл мэндийн их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Д.У
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.У нь Төв аймгийн Борнуур сумын нутагт “Бяцхансүж” гэх газар 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан зам дээр 02-08 ДГА улсын дугаартай “Тоёота приус-30” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Бат-Очирын амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяагийн эл хөрөнгөнд 300,000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Г.Энхбаярын эд хөрөнгөнд 605,000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын эд хөрөнгөнд 5,243,500 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У:
... ,
... ... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005560528 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгмаа /хх-ийн 33 хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Баяржаргал /хх-ийн 35, 35 хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяа /хх-ийн 38 хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Энхбаяр /хх-ийн 40-43 хуудас/, гэрчээр Д.У /хх-ийн 44, 51 хуудас/, гэрч Ц.Батболд /хх-ийн 45-46 хуудас/, гэрч Д.Энхбаатар /хх-ийн 47-48 хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Аззаяа /хх-ийн 49-50 хуудас/, яллагдагч Д.У /хх-ийн 107-110 хуудас/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4141 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-98 хуудас/,
“Хан үлэмж” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19//58 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 62-64 хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 73-77 хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 83-85 хуудас/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-98 хуудас/
Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102 хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-26 хуудас/, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 27-31 хуудас/, 2019 он 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 111 хуудас/, Ц.Ганболдын гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 112 хуудас/, А.Цэцэгмаагийн гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 114 хуудас/, Г.Энхбаярын гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 115 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 хуудас/, А.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 119 хуудас/, 0208 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 123 хуудас/, иргэний хариуцагч Д.Баяржаргалын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 124 хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 126 хуудас/, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 127 хуудас/, Д.Уын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 128 хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 129 хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 130 хуудас/, шүүгдэгч Д.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131 хуудас/, төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 132 хуудас/, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 136-145 хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.У нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан замын Төв аймгийн Борнуур сумын нутагт “Бяцхан сүж” гэх газар “TOYOTA PRIUS-30” маркийн 02-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Бат-Очирын амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяагийн эд хөрөнгөд 300,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Энхбаярын эд хөрөнгөд 605,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын эд хөрөнгөд 5,243,500 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгмаагийн ...Талийгаач А.Бат-Очир нь ямар нэгэн суурь өвчин байхгүй байсан. Тамхи л татдаг байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... /хх-ийн 33 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын ...Манай ах дүү нар жил болгон аялал зугаалгаар явдаг. Тэр үед би ажилтай байсан. Тухайн үед манай дүү болох Д.У машинаа өгчих яваад ирье гэсэн. Гэтэл би өөр найдвартай жолоочид бол өгч явуулна гэсэн. Тэгтэл ах дүү нар хоорондоо яриад тийм хүн байна гэсэн. Тэгээд талийгаач А.Бат-Очирт өгч явуулахаар болсон. Тухайн осол болдог үед А.Бат-Очир архи уусан согтуу байсан болохоор манай дүү Д.У жолоо барьж яваад осол гаргасан... /хх-ийн 35 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Д.Баяржаргалын ...Энэ тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл мөн. 2018 оны 5 дугаар сард Баярхүү гэдэг хувь хүнээс 14 сая төгрөгөөр авч байсан... ...Надад нэмж ярих зүйл байхгүй. Санал гомдол байхгүй... /хх-ийн 36 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяагийн ...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр утсаар Ц.Батболд нь урдаас машин орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Ц.Батболд нь манай нөхөр юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Санал гомдол байхгүй... /хх-ийн 38 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Г.Энхбаярын ...Манай жолооч Д.Энхбаатар 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр утсаар машинаа ард юмаа янзлаад зогсож байсан чинь ард нь нэг тоормослох чимээ гартал эргэж харахын завдалгүй араас нь мөргөөд гараад явсан гэж хэлсэн. Д.Энхбаатар нь манай хадам аавын дүү бид хоёр нэг нутгийн хүмүүс. Надад нэмж ярих зүйлгүй. Санал гомдолгүй... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
гэрч Ц.Батболдын ...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум руу 22-ийн товчоонд байрлах өнчин цагааны хажуу талын Эрч хүч гэх төвөөс хаягдал төмөр ачиж аваад 12 цагийн үед гарч явсан. Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байхад урд нэг ачаатай тэрэг зогсож байгаа харагдсан. Араас нь нэг хар тэрэг маш хурдтай гарч ирээд зам дээр хоёр эргэхэд нь би тормос гишгээд зогсож амжихгүй мөргөхөд замын хажуу тал руу орсон. Тэгээд би хажуу талд нь зогссон... ..Миний хажуу талаар гүйцэж түрүүлэхдээ эсрэг урсгалын шорооны хөвөөн дээгүүр яваад замын шон мөргөлгүй миний урд замаас гараад зогсож байсан Маяти маркын тээврийн хэрэгслийн зүүн хойд буланг мөргөөд тэр эрчиндээ зам дээр хоёр эргэлдээд энэ үед нь би тормос гишгээд зогсож амжилгүй очиж мөргөсөн... /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
гэрч Г.Аззаяагийн ...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлд явж байсан. Талийгаач А.Бат-Очир жолоо барих байсан боловч согтуу байсан болохоор Уд жолоог шилжүүлсэн тус өдөр Уын урд Мягмаржав гэж хүн харерр маркын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Түүний араас нь У мөргөх гээд тулаад байна гээд урдаа гаргаж явуулсан. Би зүүрмэглэж байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан 2 удаа мөргөх чимээ гарсан. Нэг мэдэхэд манай машин зам дээр эргэлдэж байсан. Хажууд явж байсан машин манай машиныг мөргөн замаас гаргасан. Тэгээд би машинаас буух гэтэл хаалга онгойхгүй байсан. Түлхэж байгаад онгойлгоод буусан... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
яллагдагч Д.У ...Миний хувьд хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 7 дугаар сарын 07-ний өглөө намайг Улаанбаатар хот 10 дугаар хороололд байхад манай төрсөн ах Баяржаргалын 02-08 ДГА улсын дугаартай хар өнгийн приус-30 маркын тээврийн хэрэгсэл ирээд би өөрөө жолоодоод Идэр транс ороод түүнээс Найрамдал зуслан орж мөн 5-н шарын Оргил супермаркет орж Аззаяа талийгаач бид 3 хүнсээ цуглуулан Сэлэнгэ аймаг орж амархаар гарсан юм. Мөн надтай хамт манай хамаатан Мягмаржав машинтайгаа Жугнай гэдэг манай хамаатан өөрийнхөө машинтай гурван машин болоод явсан юм. Замдаа бензин колонк орж бензин авчихаад тэгээд явж байгаад Баянчандмань өнгөрөөд урд талд ачаатай том машин явж байхаар нь түүнийг гүйцэж түрүүлээд гараад иртэл зам дээр нэг ачааны машин зогсож байсан. Тэр үед сандараад хэтрүүлж дараад тухайн зогсож байсан машиныг араас нь мөргөөд замын хажуу руу орсон. Тухайн үйл явдлыг бүдэг бадаг санаж байна... /хх-ийн 107-110 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4141 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “Доржготов У 27/эм” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрэхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
“Хан үлэмж” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 19//58 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 62-66 дугаар хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны 09/270 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 73-77 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай... 1. Toyota Приус-30 маркийн 02-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 гэсэн заалтыг зөрчсөн...,
Х.Маяти 71-67 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Энхбаяр, Даевө 60-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Отгонзаяа нар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй... дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай ...1. А.Бат-Очирын биед гавал ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, бүсэлхийн 1-р нугалам үйрч бяцарсан хугарал, өвчүү яс, хоёр талын олон хавирганы хугарал, хуйх, нүүрэн шарх, биед зулгаралт бүхий амь насанд аюултай шинэ гэмтэл... ...А.Бат-Очир нь гавал ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, хоёр талын олон хавирганы хугаралт хавсарсан гэмтлийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Төв аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 160 дугаартай дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 дүгээр хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-26 дугаар хуудас/, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 27-31 дүгээр хуудас/, Ц.Ганболдын гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 112 дугаар хуудас/, А.Цэцэгмаагийн гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/, Г.Энхбаярын гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 115 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 136-145 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Уын “TOYOTA PRIUS-30” маркийн 02-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Бат-Очирын амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний амь нас хохирч, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.
Мөн шүүгдэгч Д.Уын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Д.Уыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Уын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн А.Бат-Очирын амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяа, иргэний нэхэмжлэгч Г.Энхбаяр, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргал нарын эд хөрөнгөд тус тус хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Уын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяад 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, Г.Энхбаярт 605,000 /зургаан зуун таван мянга/ төгрөг, Д.Баяржаргалд 5,243,500 төгрөг /таван сая хоёр зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгмаад бэлнээр 6,000,000 /зургаан зуун мянга/ төгрөг тус тус төлсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Уыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч А.Цэцэгмаа, иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяа, Г.Энхбаяр, Д.Баяржаргал нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Уд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Д.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Уын жолоочийн 1268497 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д.Уыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Д.У нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгмаад 6,000,000 /зургаан сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Энхбаярт 605.000 /зургаан зуун таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Отгонзаяад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалд 5,243,500 төгрөг /таван сая хоёр зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөг тус тус төлснийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний хариуцагч Д.Баяржаргалаас гаргуулах хохирол төлбөргүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Уын жолоочийн 1268497 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бичигт овогт Доржготовын Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бичигт овогт Доржготовын Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН