Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 979

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2017/00979

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг Мандал пүүний 2 гудамж 26 тоотод оршин суух, Боржин овгийн Содномпилийн Отгонсүрэн  /УК65120209/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг 1-7 тоот хаягт орших, Төв урлан ХХК, захирал М.Цэрэнчулуун,

 

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг 2-19 тоот хаягт орших, Алтан хөшиг  ХХК, захирал Д.Эрдэнэчимэг нарт холбогдох,

 

Талийгаач М.Цэрэндоржийн оршуулгын зардал 4950200 төгрөг,

Төв урлан ХХК-д 6,7 дугаар сард ажилласан ажлын хөлс 900 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 300 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг,

Үйлдвэрийн осолд орсоны улмаас нас барсан тул 36 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 16200 000 төгрөг, нийт 22 350 200 төгрөгийг хариуцагч компаниудаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа ,

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг,  Төв-Урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуун, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг /0976/,

 

Хариуцагч Алтан хөшиг ХХК-ийг төлөөлж, Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг 2-19 тоотод оршин суух хаягтай, Алтан хөшиг ХХК-д ажил эрхэлдэггүй гэх Д.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Л.Даваа,

 

иргэдийн төлөөлөгч А.Түмэнбаяр, гэрч Д.Энхбаяр, Гүжирбаатар, Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Миний нөхөр М.Цэрэндорж нь “Төв Урлан” ХХК-д сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй тракторчнаар ажиллаж байгаа бөгөөд тус компанийн захирал М.Цэрэнчулууны төлөө нойр хоолгүй, хий гэсэн бүгдийг хийж ирсэн. 2016 оны 07 сарын 31-ний өглөө 5 цагийн үед захирал Н.Цэрэнчулуун нь залгаж “Алтан хөшиг” ХХК-ийн захирал Ц.Балдангомбын хашаанд очиж төмс ачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд  манай нөхөр төмсийг ачиж байгаад амиа алдсан байдаг. Захирал М.Цэрэнчулуунны даалгасаны дагуу ажлаа хийж яваад амиа алдсан байхад одоог хүртэл бидэнтэй уулзаж, ямар хүндрэл бэрхшээл байгаа талаар яриагүй, ямарч хамааралгүй хүн нас барсан юм шиг харьцдаг.

Хэдийгээр Алтанхөшиг ХХК-ийн захирал талийгаач Ц.Балдангомбын компаний ажлыг хийж байгаад осолдсон тул энэ байгууллгад ч гэсэн зохих ёсны хариуцлагыг хүлээх ёстой, түүний эхнэр Д.Эрдэнэчимэгтэй уулзсан ч энэ асуудлыг хүлээн аваагүй, хамааралгүй гэж хэлсэн байгаа.

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөлөөллийн улмаас нас барсан тохиолдолд ажил олгогч зохих нөхөн олговор өгөх үүрэгтэй.

Гэвч Төв-Урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуунтай удаа дараа уулзсан ч намайг  “Хүн” гэж тоож харьцаагүй, миний хань зүгээр гудамжид явж байгаад эндэж нас бараагүй, гэр бүл үр хүүхдээ тэжээхийн төлөө өдөр шөнөгүй Төв-Урлан ХХК-д ажиллаж ирсэн. 2016 оны 07 сарын 31-ний өдөр захиралын үүрэг болгосны дагуу захирлын даалгасан ажил үүргийг гүйцэтгэх явцдаа нас барсан.

Бид хоёр ханилж суугаад 27 жил хамт маьдарсан, манайх 5 хүүхэдтэй эдгээрээс 3 нь 18 насанд хүрээгүй, миний бие өрх толгойлсон ажилгүй, орлогогүй, хүүхдүүд маань тэжээгчээ алдасан гэх ангилалд орсон, нийгмийн эмзэг бүлэгт багтах болсон. Энэ өвлийг түлээ, модгүй маш хүнд  нөхцөлд давж байна. Төв-Урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуунд өөрийн нөхцөл байдлаа хэлж энэ өвлийн түлээний асуудлыг шийдэж өгөөч гэхэд олон хүмүүсийн дунд намайг элдвээр хэлж, чадал чинь хүрвэл цагдаа, шүүхээр яваад надаас аваарай гэж хэлсэн. Олон жил нэг нутаг усны хүн гэж хүндэтгэж явсан хүний амнаас ийм үг сонсоно гэж бодоогүй тул миний бие туйлын их гомдолтой байна.

Манай нөхрийг нас барсны дараа Төв аймгийн цагдаагийн газраас үхлийн шалтгааныг шалган үзэж зооринд ороход агаар дутагдсан, агууржуулагч байхгүй байсан учраас нас барсан гэж тогтоогдсон байгаа.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ./хх1-2/

 

Хариуцагч Алтан хөшиг ХХК-ийг төлөөлж Д.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Иргэн Д.Эрдэнэчимэг нь Алтанхөшиг ХХК-ийн албан ёсны гишүүн биш, тухайн компанид албан үүрэг гүйцэтгэж байгаагүй, тиймээс компанийн захирал биш, Миний бие нь 2008 оноос хойш Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд багшилж өнөөг хүртэл боловсролын байгууллагад 9 дэх жилдээ тэргүүлэх зэрэгтэй ажиллаж байна. Манай нөхөр Т.Балдангомбо нь 1998 оноос Алтанхөшиг ХХК-ийг үүсгэн байгуулж өөрийн нэр дээр үйл ажиллагаа явуулж хариуцан зохион байгуулж байсан. 2012 оны улсын аврага тариаланч болсон. Гэвч 2016 оны 07 сарын 31-ний өдөр харамсалтайгаар амь насаа алдаж гэр бүлийн хүний хувьд нэхэмжлэгч С.Отгонсүрэнгийн адил маш их гашуудалтай байна. Талийгаач Цэрэндорж нь Алтанхөшиг ХХК-ийн ажилтан биш байсан. Нэхэмжлэгч С.Отгонсүрэн нь тэр явдлаас хойш удаа дараа утасдаж, амьдрал хүнд байгаагаа ярьж мөнгө нэхэж, ажлын өрөөнд хүртэл орж ирж загнаж, сэтгэл санааны дарамт учруулж байсан. Гэвч энэ хүний нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж тусламж болгон оршуулгын зардал 500 000 төгрөг, буяны ном уншуулахад 60000 төгрөг, банкны зээл төлөхөд 250 000 төгрөг, өвлийн идэш 1 хонь /80000 төгрөг/, өөрийн тариалсан төмснөөс 1 га тус тус тусламж болгон өгсөн. Өөрийн сэтгэлээр тусламж болгон өгч байсан учраас баримт бүрдүүлээгүй. Иймд Д.Эрдэнэчимэг нь хариуцагч биш учир нөхцөл байдлыг үнэнээр тунгаан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ./хх44-55/

 

Хариуцагч Төв-Урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуун шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа ... “Талийгаач М.Цэрэндорж нь Төв-Урлан ХХК-ийн ажилтнаар сүүлийн 5 жил тасралгүй ажиллаж байгаагүй. Албан ёсоор 2011 оны 07 сарын сүүлээс 2012 оны 11 сар хүртэл ажиллаж байсан. 2012 оны 11 сараас ажлаа хаяж алтанд явсан мөн өөр газар тракторчин хийж байсан. 2015 оны 03 сараас 2016 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Манай компанийн хувьд газар тариалангийн үйлдвэр эрхэлдэг тул тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, улиралын чанартай байдаг. Хавар нь тариалалт хийж намар хураалт хийдэг. Цэрэндоржийг анх ажилдаа авахдаа харилцан тохиролцож хөлсөөр ажилуулах, ажил гарсан үед мөнгө өгөхөөр тохиролцсон.

2016 оны 07 сарын 31-ний өглөө үүрээр 5 цагийн үед талийгаачийг би дуудаагүй Төв –Урлан ХХК-д ачих төмс ч байхгүй.Тэр өглөө намайг талийгаач Балдангомбо утасдаж зүсэгчийг минь авчираад өгөөч гэхэд аваачиж өгөхөд Балдангомбо, Цэрэндорж, Баавай, Энхбаяр нар байсан. Би өөр компанийн төмс ачиж өг гэж даалгавар өгөөгүй. Тухайн өдөр манай компани тариалангийн талбайд хашаа барьж байсан, Цэрэндорж нь 2016 оны 07 сарын 09-нөөс 2016 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй, эхнэрээ эмнэлэгт үзүүлж байгаа гэсэн, манайх тариалангийн хашаа барих ажилд 10 гаруй хүнийг хөлсөөр ажиллуулсан. Энэ Цэрэндорж яагаад ирээгүй байгаа юм бэ гэж асууж байсныг олон хүмүүс мэднэ. Би өөрийн гэм буруугүй гэж огт үзэхгүй, оршуулганд нь хүний ёсоор, нэг нутгийн хүний хувьд, найз нөхөдийн хувьд,  бас манай ажиллаж байсны хувьд  хүн чанар гагаж тусалсан.  2016 оны 07 сарын 31-ны өдөр хүнээс зээлж 500 000 төгрөг, мөн талийгаач Баавгайд 500 000 төгрөг, 2017 оны 01 сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 625 000 төгрөгийн үхрийн мах Цэрэндоржийнд, 625 000 төгрөгийн мах, хүнсний ногоо, шатахуун зэргийг өгсөн. Үүнийг би хохирол төлж байна гэж огт бодоогүй.

Цэрэндоржийн гэр бүлд нь 2016 оны хавар 1.5 тонн төмс тариалж амьдрал ахуйдаа хэрэглэ гэж өгсөн. Намар нь бүх зардал шатахууныг гаргаж хураалгасан. Цэрэндоржийг амьд сэрүүн байхад 3 толгой гахай өгч тусалсан. Би олон хүний дунд Отгонсүрэнг элдвээр хэлж доромжилж байгаагүй, харин  ч Отгонсүрэн намайг олон нийтийн орон нутгийн сонгуулийн нээлтийн үеэр өөрөө согтуу байж намайг олон үгээр дайрч доромжилж байсныг олон хүн мэднэ. Хариуд нь би шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. Намайг нөхрийг нь алсан гэж элдэв үгээр доромжилдог. Үүнийг би тэсээд өнгөрүүлдэг байсан. Миний хувьд түүнийг өөр компаний төмс ач гэсэн даалгавар өгөөгүй. Би хариуцах ямар нэг үүрэг байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ./хх58-59/

 

Нэхэмжлэгч С.Отгонсүрэнгийн өмгөөлөгч Д.Содномдаржаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа...

Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутагт  2016 оны 07 сарын 31-ний өглөөний 5-6 цагийн хооронд С.Отгонсүрэнгийн хууль ёсны нөхөр М.Цэрэндорж Алтан хөшиг ХХК-ийн төмсийг зоориноос гаргах гэж байгаад Б.Баавгай, Алтан хөшиг ХХК-ийн захирал Т.Балдангомбо нарын хамт амьсгал бүтэж гурвуулаа нас барсан.  Энэ үйл баримтыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг гэж үзээгүй. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач М.Цэрэндорж, Б.Баавгай, Т.Балдангомбо нар агаар дутагдлын улмаас нас барсан гэж тогтоосон.

Төв урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуун, Алтан хөшиг ХХК-ийн захирал талийгаач Т.Балдангомбын эхнэр Д.Эрдэнэчимэг нарыг ямар үндэслэлээр С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татсан тухай  тайлбарлая.

1.Талийгаач М.Цэрэндорж нь Төв урлан ХХК-тай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулан ажиллаж байгаагүй боловч нэг сарын 450 000 төгрөгийн цалинтайгаар тракторын жолоочоор ажиллаж байсан. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй нь ажилтаны буруу биш юм. Иймд хариуцагч Төв урлан ХХК, талийгаач М.Цэрэндоржийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэж байна.

Төв урлан ХХК нь  тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компани энэ компани оршин тогтнож байгаа цагт байнгын ажлын байранд М.Цэрэндорж нэг сарын 450 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. 2016 оны 07 сарын 31-ний өглөө Төв урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулууны үүрэг даалгаврын дагуу Алтан хөшиг ХХК-ийн төмсийг ачиж байгаад буюу ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа оршуулгын зардалд 4950 000 төгрөг, 2016 оны 06,7 дугаар сарын цалин 900 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 300 000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсоны нөхөн төлбөр 16200 000 төгрөг, нийт 22 350 200 төгрөгийг хариуцагч 2 компаниудаас гаргуулна гэж бичсэн байгаа.

Одоо нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна... М.Цэрэндорж нь Төв урлан ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын цалингаа аваагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан тул 2016 оны 06 дугаар сарын цалин 450 000 төгрөг, 7 дугаар сарын цалин 450 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 300 000 төгрөг,

-оршуулгын зардал  4950 000 төгрөгийн тал хувь болох 2 475 000 төгрөг,

-үйлвэрлэлийн осолд орсоны нөхөн төлбөр 16200 000 төгрөгийн тал хувь болох  8 100 000 төгрөг, нийт 11 775 000 төгрөгийг Төв урлан ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

2.Хариуцагч Алтан хөшиг ХХК нь тухайн зоорийг түрээслэж, өөрийн компаний төмсөө хадгалдаг байсан. Алтан хөшиг ХХК, талийгаач М.Цэрэндорж нарын хооронд хөдөлмөрийн харилцаа байхгүй боловч хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах явцдаа аюулгүйн ажиллагааны журам зөрчсөн.

Алтан хөшиг ХХК-ийн захирал Т.Балдангомбо тухайн өдөр нас барсан тул түүний эхнэр Д.Эрдэнэчимэг өв залгамжлагч юм. Талийгаач Т.Балдангомбо нас барсан бөгөөд түүний өвийг эхнэр Д.Эрдэнэчимэг хүлээн авах ёстой тул Д.Эрдэнэчимэгийг хариуцагчаар татан оролцуулсан юм.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар ... өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсанд тооцно гэж заасан байгаа.

Д.Эрдэнэчимэг нь Алтан хөшиг ХХК-ийн  захирал Т.Балдангомбо талийгаачийн өвийг хүлээн авахаас татгалзсан тухай баримт ирүүлээгүй  тул түүний өвийг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй. Улсын бүртгэлийн хэлтсээс Алтан хөшиг ХХК-ийн талаар хөдөлгөөн хийгдээгүй гэж лавлагаа гарсан боловч энэ нь өвийг хүлээн аваагүй гэж үзэхгүй.

Иймд Алтан хөшиг ХХК-ийн өвийг хүлээн авсан Д.Эрдэнэчимэгээс оршуулгын зардлын 4950 000 төгрөгийн тал хувь болох  2475000 төгрөг,

-үйлдвэрлэлийн осолд орсоны нөхөн төлбөр 8100 000 төгрөг, нийт 10 575 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Төв урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ...Төв урлан ХХК нь төмс тариалдаг, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компани юм. М.Цэрэндорж нь манай компанид 2009 оноос 2011 онд тракторын жолоочоор ажиллаж байгаад цалин хөлсөө голоод алт руу явлаа гээд эзэмшиж байсан трактораа худаг дээр хаяад явсан. Ингээд жил гаран өнгөрсний дараа ирээд ажилд орно гэхээр нь би түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэдгээ хэлээд байгуулаагүй. Харин компанид ажил гарсан үед дуудаж ажиллуулж, тухайн үед нь тохирсон хөлсийг өгдөг байсан. Энэ дагуу хавар цагт төмс тариалах үеэр хэд хоног ажилладаг байсан.

2016 онд эхнэрийн бие муу, мөнгө төгрөг хэрэгтэй байна, банкнаас зээл авах гэхээр цалингийн тодорхойлолт хэрэгтэй гээд байна. Тодорхойлолт хийгээд өгөөч гэж М.Цэрэндорж өөрөө гуйхаар нь 450000 төгрөгийн цалинтай гэж тодорхойлолт бичиж өгсөн байгаа, энэ тодорхойлолтын дагуу зээлээ авсан гэж байсан.

М.Цэрэндорж нь мөнгө хэрэгтэй гэсэн үед нь би 20 000 төгрөгөөс эхлүүлээд өгч байсан, үүнийг би цалин гэж өгөөгүй харин хөлс гэж өгч байсан. 2016 оны хавар манай компани хашаагаа засаж сэлбэж байх үед М.Цэрэндорж ирээгүй, 6 сард ажил хийгээгүй, 7 сард сумын наадамд яваад ирээгүй.

Манай компани улирлын чанартай буюу хавар тариалалт болохоор тракторын жолооч нартай хөлс мөнгөө тохироод л газраа хагалуулдаг, жолооч нар хөлсөө аваад сайн дураар даатгалаа төлнө гэдэг. 

Хэрэг болсон өдөр би М.Цэрэндоржийг утсаар дуудаж, Алтан хөшиг ХХК-ийн төмс ач гэж огт хэлээгүй. Тухайн үед манай ангийн уулзалт болсон бөгөөд би 2016 оны 07 сарын 31-ний үүрээр 05-06 цагийн суманд ирэхэд талийгаач Т.Балдангомбо зүсэгч аваад ирээч гэхээр аваад очиход М.Цэрэндорж зоорин дээр байсан. Би төмс ач гэсэн даалгавар өгөөгүй, тэр зоорь болон төмс нь манай компаний эд хөрөнгө биш.

Алтан хөшиг ХХК-ийн захирал, талийгаач Т.Балдангомбо бид 1990 оноос хойш найз нөхдийн харилцаатай байсан. Алтан хөшиг ХХК нь будаа тариалдаг, манай компани төмс тариалдаг, уулын урд хойд талд байрладаг. Манай 2 компани техник хэрэгсэл хоорондоо таарахгүй, жолооч нарыг хооронд ажиллуулах зүйл байхгүй.

Энэ хэрэг гарсаны дараа би хүн ёсоор, найз нөхдийн ёсоор, нэг нутгийн хүний хувьд их тусалж дэмжиж, 2 айлын оршуулгын ажилд зэрэгцээд л явж байсан. 

М.Цэрэндорж нь манай компанид цалин хөлс тохирч ажиллаж байгаагүй тул 2016 оны 06, 07 сарын цалин, ээлжийн амралтын олговор ,нийт 1200 000 төгрөгийг, манай компаний буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдаагүй тул оршуулгын зардал 2475100 төгрөг мөн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 8100 000 төгрөг, нийт 11775 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч Алтан хөшиг ХХК, Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...2016 оны 07 сарын 31-ний өдөр миний нөхөр Т.Балдангомбо нь төмс хадгалсан зоориноос төмс гаргах гэж байгаад С.Отгонсүрэнгийн нөхөр М.Цэрэндорж болон Б.Баавгай нарын хамт агаар дутагдлын улмаас нас барсан. Алтан хөшиг ХХК-ийн захирал нь Т.Балдангомбо байсан бөгөөд тухайн компаний эрх үүрэг өөр этгээдэд одоог хүртэл шилжээгүй байгаа. 

Миний бие төрийн байгууллагад ажилладаг, энэ компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, тухайн өдөр М.Цэрэндоржийг дуудаж ажиллуулсан тухай би огт мэдэхгүй, мөн би ажил олгогч биш тул  С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Яагаад намайг хариуцагчаар мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Харин ч адилхан эр нөхрөө алдсан гэдэг утгаараа би С.Отгонсүрэнд 2 890 000 төгрөгийг мөнгө болон эд зүйлийг сэтгэлээрээ өгч тусалж байсан гэдгийг хэлмээр байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн хариуцагчаар Төв урлан ХХК, захирал М.Цэрэнчулуун, Алтан хөшиг ХХК, түүний өвийг хүлээн авсан гэх  Д.Эрдэнэчимэг нарыг сонгож,

Талийгаач М.Цэрэндоржийн оршуулгын зардал 4950200 төгрөг,

Төв урлан ХХК-д 6,7 дугаар сард ажилласан ажлын хөлс 900 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 300 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг,

Үйлдвэрийн осолд орсоны улмаас нас барсан тул 36 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 16200 000 төгрөг, нийт 22 350 200 төгрөгийг хариуцагч компаниудаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 04 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан байна./хх1-2/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Төв урлан ХХК ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй боловч талийгаач М.Цэрэндорж тухайн компанид ажиллаж байсан тул тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн.  Иймд 2016 оны 06, 7 дугаар сарын цалин, ээлжийн амралтын олговор нийт 1 200 000 төгрөгийг,

Компаний захирлын үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаад амь насаа алдсан тул оршуулгын зардал 4 950 200 төгрөгийн тал хувь 2 475 100 төгрөгийг,

Үйлдвэрлэлийн ослын орсон тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 16200 000 төгрөгийн тал хувь 8100 000 төгрөг, нийт 11 775 100 төгрөгийг Төв урлан ХХК-иас,

 

...Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар ... өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсанд тооцно гэж зааснаар Д.Эрдэнэчимэг нь Алтан хөшиг ХХК-ийн  захирал талийгаач Т.Балдангомбын өвийг хүлээн авахаас татгалзсан тухай баримт ирүүлээгүй  тул түүний өвийг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй.

Талийгаач М.Цэрэндорж нь Алтан хөшиг ХХК тай хөлсөөр ажиллаж байгаад амь насаа алдсан тул хуулийн этгээдийн өвийг хүлээн авсан Д.Эрдэнэчимэгээс оршуулгын зардлын 4950 000 төгрөгийн тал хувь болох  2475000 төгрөг,

-үйлдвэрлэлийн осолд орсоны нөхөн төлбөр 8100 000 төгрөг, нийт 10 575 000 төгрөгийг Алтан хөшиг ХХК, түүний өвийг хүлээн авсан Д.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэж тус тус тодорхойлж, энэ шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хариуцагч Төв урлан ХХК, захирал М.Цэрэнчулуун татгалзлын үндэслэлээ...манай компани нь М.Цэрэндоржтой  хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2016 оны 07 сарын 31-ний өдөр би үүрэг даалгавар өгөөгүй, Төв урлан ХХК-ийн ажлыг хийгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж,

 

Хариуцагч Алтан хөшиг ХХК, Д.Эрдэнэчимэг татгалзлын үндэслэлээ...Алтан хөшиг ХХК-ийн захирал Т.Балдангомбо 2016 оны 07 сарын 31-ний өдөр нас барсан, түүний өвийг Д.Эрдэнэчимэг би хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна./хх44-45/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлээс Төв урлан ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь, Алтан хөшиг ХХК, Д.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

1.Төв урлан ХХК-д холбогдох 11 775 100 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

2016 оны 07 сарын 31-ний өглөөний  05-06 цагийн үед  Төв аймгийн Борнуур сумын мандал 2 дугаар багийн Дэнжийн 19 тоот хашаанд М.Цэрэндорж /нэхэмжлэгч С.Отгонсүрэнгийн нөхөр/ , Б.Баавгай, Т.Балдангомбо /Алтан хөшиг ХХК-ийн захирал асан/ нар нь гадны нөлөөгүй буюу зооринд төмс хийхээр орж байгаад хүчин төрөгчийн дутагдалд орон, улмаар амьсгал бүтэж нас барсан  болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 104 тоот дүгнэлтээр, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201619000591 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 373 тоот Прокурорын тогтоолоор тус тус тогтоогдож байна.

/хх25-27/

 

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн нь талийгаач М.Цэрэндоржтой гэрлэлтийн бүртгэлтэй байгаа нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ. /хх4/

 

М.Цэрэндорж нь Төв урлан ХХК-д 2009 оны 09 дүгээр сараас 2011 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж, хөдөлмөрийн хөлснөөс шимтгэл төлж байсан болох нь Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 06 сарын 09-ний өдрийн лавлагаа гарчээ.  /хх73/

 

Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж хуульд тусгасан. Харин талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал М.Цэрэндорж, Төв урлан ХХК-ийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч тухайн компанид ажил үүрэг гүйцэтгэж байсан тул хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл үшаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн М.Цэрэндорж нэг сард 450 000 төгрөгийн цалин авч байсан гэж байгаа боловч талуудын хооронд цалин  хөлсийг 450 000 төгрөгөөр тогтоож, ажил олгогчоос ажилтанд өгч байсан үйл баримт нотлогдохгүй байна. /хх32/

2016 оны 07 сарын 31-ний өдөр Төв урлан ХХК-ийн захирал М.Цэрэнчулуун нь гар утсаараа М.Цэрэндоржийн гар утас руу ярьж Алтан хөшиг ХХК-ийн төмсийг ачуулах зорилгоор ажиллуулсан гэж үндэслэлээ тодорхойлж байгаа боловч нэхэмжлэгч талын хүсэлтээр асуусан гэрч Д.Энхбаярын ...2016 оны 07 сарын 31-ний өглөө Алтан хөшиг ХХК-ийн төмсийг зоорьноос машинд ачих гээд очсон. Тэгэхэд хүн хүч хүрэлцэхгүй байсан тул захирал Т.Балдангомбо М.Цэрэндоржийг дуудчих гэхээр нь би гэрээс нь очиж дуудаж, Алтан хөшиг ХХК-ний төмсийг зоорьноос гаргах гэж байгаад энэ үйл явдал болсон” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд /хуралдааны тэмдэглэл/ талуудын хүсэлтээр цуглуулсан баримтаар гар утсаар дуудаж ажилуулсан гэх байдал тогтоогдохгүй байна. /хх101,102/

 

-Нэхэмжлэгч тал М.Цэрэндоржийн амь насаа алдсан шалтгааныг Үйлдвэрлэлийн осол гэж тодорхойлж байна.

Үйлдвэрлэлийн осол гэдэг нь Ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтггах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртсөн, мөн ажилдаа ирэх болон ажлаас буцах замд, албан томилолтоор ажиллах үед, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгсэлээ эмхэлж цэгцлэх үед гэх мэт эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдахыг ойлгоно. 

   Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн

2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж,

3.2-д хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан /Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй/ комисс  тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно гэж, 

3.11-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана тус тус заажээ. 

 

Талийгаач М.Цэрэндорж нь 2016 оны 07 сарын 31-ний өдөр амь насаа алдсан шалтгааныг  үйлдвэрлэлийн ослын улмаас амь нас хохирсон тухай улсын байцаагчийн дүгнэлт гараагүй байх тул шүүхээс үйлдвэрлэлийн осол гэж тогтоох үндэслэлгүй болно.

Түүнчлэн М.Цэрэндоржийн амь насаа алдсан нь ажил олгогчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул оршуулгын зардлыг хариуцах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй Төв урлан ХХК-д холбогдох М.Цэрэндоржийн цалин, ээлжийн амралтын олговор, оршуулгын зардал, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Алтан хөшиг ХХК, түүний өвийг хүлээн авсан гэх Д.Эрдэнэчимэгт холбогдох шаардлагын тухайд:

Алтан хөшиг ХХК нь 2006 оны 02 сарын 10-ны өдөр үр тариа болон бусад ургамал тариалалт эрхлэх үйл ажиллагааны  чиглэлээр Д.Эрдэнэчимэг /26 хувь/, Т.Балдангомбо /74 хувь/ тус тус эзэмших, гүйцэтгэх захирал Т.Балдангомбо гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэжээ. /хх147/

 

Т.Балдангомбо нь 2016 оны 07 сарын 31-ний өдөр дээрх үйл явдал болох үед амь насаа алдсан болох нь шинжээчийн 105 тоот дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдож  байна.  /хх60/

Иргэний хуульд  өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байна. 

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ зааснаар

Алтан хөшиг ХХК-ийн захирал, талийгаач Т.Балдангомбын өвийг түүний эхнэр Д.Эрдэнэчимэг хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй тул өвийг хүлээн авсанд тооцож, оршуулгын зардал, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заажээ. 

 

Харин шүүх хуралдаанаар Алтан хөшиг ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Балдангомбын өвийг түүний эхнэр Д.Эрдэнэчимэг хүлээн авсан талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй бөгөөд

мөн тухайн хуулийн этгээдийн  мэдээлэлд 2006 оны 02 сарын 10-наас хойш ямар нэг өөрчлөлт орсон тухай бүртгэл бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байх тул зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хх146/

Иймд шүүх хуралдаанаар хлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар Алтан хөшиг ХХК, Д.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний х

уулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй Төв урлан ХХК, захирал М.Цэрэнчулуунд холбогдох М.Цэрэндоржийн 2016 оны 06, 7 дугаар сарын цалин, ээлжийн амралтын олговор 1200 000 төгрөг, оршуулгын зардал 2475100 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 8100 000 төгрөг, нийт 11 775 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй Алтан хөшиг ХХК, түүний өвийг хүлээн авсан гэх Д.Эрдэнэчимэгт холбогдох оршуулгын зардал 2475000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсоны нөхөн төлбөр 8100 000 төгрөг, нийт 10 575 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Төв аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 151/ШЗ2017/01391 тоот захирамжаар нэхэмжлэгч С.Отгонсүрэнг тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б. ЦОЛМОН

                                               

ШҮҮГЧИД                                         Л.МӨНХЦЭЦЭГ

                                               

                                                                                                            А.ЭНХТӨР