| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0396/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/320 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч Ж., түүний өмгөөлөгч Б.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........ овогт Жанчивын д холбогдох эрүүгийн 1703000010012 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: нь:
- 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бээжингийн гудамж Сэлбийн гүүрэн дээрх засмал замд өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн 70-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”… гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.Гансүхийн жолоодож явсан Yamaha F251000 улсын дугаартай мотоциклийг мөргөж улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Гэрэлчулууны эзэмшлийн мотоциклд нийт 1.422.140 мянган төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Гансүх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд найз ах Б.Гэрэлчулууны эзэмшлийн 87-39 УБ улсын дугаартай Ямаха маркийн цэнхэр өнгийн мотоциклийг жолоодоод зуун айлаас Нарантуул зах орохоор Хөгжим бүжгийн дээд сургуулийг өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 3 дугаар эгнээгээр Сэлбийн гүүрэн дээр 30 орчим км/цагийн хурдтай явж байхад миний урд 3 дугаар эгнээнд явсан цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин гэнэт дохио өгөлгүй зүүн гар тийшээгээ эргэх хөдөлгөөн хийсэн. Би тоормоз гишгээд мөргөхгүйн тулд зүүн гар тийшээгээ жолоогоо дараад Т.Приус маркийн автомашины зүүн хаалга орчимд мөргөөд мотоциклтойгоо эсрэг урсгалын машин зам дээр унасан. Нэг ухаан ороход баруун гар тахийсан байсан. Тэндээсээ замын машинд суугаад гэмтлийн эмнэлэг явсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / хх 18-19 /
Гэрч Б.Гэрэлчулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 25-ны орой дүү П.Гансүх манай гэрт ирээд миний эзэмшлийн 87-39 УБ дугаартай Yamaha маркийн мотоциклийг надаас аваад явсан. Би мотоциклийг зөвшөөрөөд өгсөн. П.Гансүх над руу залгаад “ Машинтай мөргөлдөж осолд орчихлоо. Хүрээд ирээч “ гэхээр нь осол болсон газарт явж очсон. Өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг харсан. Тэгээд үнэлгээ хийлгэсэн. Мөргөлдсөн машины жолоочтой уулзаж тохиролцсон. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 24-25 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9621 тоот дүгнэлтэнд:
1. П.Гансүхийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун мөр, өвдөлт няцарсан шарх зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 32 /
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.Приус маркийн 70-42 УБА дугаартай автомашины жолооч Ж. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно “ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Yamaha маркийн 87-39 УБ дугаартай мотоциклийн жолооч П.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэжээ. / хх 34 /
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-9 /
- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 10, 12 /
- “ Гэрэгэ эстимэйт “ ХХК-ний үнэлгээний тайлан / хх 28-30 /
Шүүгдэгч Ж.г 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 40 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 54 / зэрэг болно.
Шүүгдэгч Ж. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирлоо нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж. нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бээжингийн гудамж Сэлбийн гүүрэн дээрх засмал замд өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн 70-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”… гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.Гансүхийн жолоодож явсан Yamaha F251000 улсын дугаартай мотоциклийг мөргөж, П.Гансүхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Гэрэлчулууны эзэмшлийн мотоциклд нийт 1.422.140 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …3 дугаар эгнээгээр явж байтал миний урд явсан цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин гэнэт дохио өгөлгүйгээр зүүн гар тийшээгээ эргэх хөдөлгөөн хийсэн. Би тоормоз гишгээд зүүн гар тийшээгээ жолоогоо дараад уг машины зүүн хаалга орчимд мөргөөд мотоциклтойгоо эсрэг урсгалын машин зам дээр унасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Гансүхийн мэдүүлэг / хх 18-19 /, ... П.Гансүх над руу залгаад “ Машинтай мөргөлдөөд осолд орчихлоо “хүрээд ирээч гэхээр нь осол болсон газарт очсон. Өөрийнхөө мотоциклд үнэлгээ хийлгэсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Гэрэлчулууны мэдүүлэг / хх 24-25 /, ... П.Гансүхийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун мөр, өвдөгт няцарсан шарх зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9621 тоот дүгнэлт / хх 32 /, ...Ж. нь ЗХД зөрчсөн болохыг тогтоосон Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн дүгнэлт / хх 34 /, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-9 /, ...Гэрэгэ эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан / хх 28-30 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ж. нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй болсон зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ..... овогт ............-н ....-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Жанчивын г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавин / нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж. нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Ж.гийн жолоочийн 307749 дугаар үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ